Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 005

 

Н.Баяр-Эрдэнэ нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2016/0047/Э

Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                   Ц.Идэрмөнх

            Шүүгдэгч                   Н.Баяр-Эрдэнэ, Ч.Оюунгэрэл, Д.Цогзолмаа,       

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч                   П.Ган-Очир, О.Сарантуул,

                                                                                Б.Оюунбилэг  

            Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч      Д.Наранхүү,

           Хохирогч                                                     Ч.Туяа

            Хохирогч нарын өмгөөлөгч                      Х.Оюунбат                           

           Нарийн бичгийн дарга                             И.Буманбаяр нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолтой Н. Баяр-Эрдэнэ, Н.Алтанцэцэг, Ц.Бямбасүрэн, Ч.Оюунгэрэл, Д. Цогзолмаа нарт холбогдох 20925059 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Д.Оюунчимэг, хохирогч Ч.Туяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Боржигон овогт Нямаагийн Баяр-Эрдэнэ, 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаан, тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 15-08 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, ФА85070476 регистрын дугаартай.

Монгол улсын иргэн, Боржигон овогт Норовсамбуугийн Алтанцэцэг, 1962 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 54 настай,  эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнжийн 16-19 тоотод оршин суух, "Даниста" ХК-нд нягтлан бодогч ажилтай, “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”, “Санхүү эдийн засгийн тэргүүний ажилтан” шагналтай, ял шийтгэлгүй, МК62040108 регистрын дугаартай,

Монгол улсын иргэн, Харад овогт Цэдэвсүрэнгийн Бямбасүрэн, 1958 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шандын 38-02 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, ФА58111200 регистрын дугаартай,

Монгол улсын иргэн, Монгол овогт Чадраабалын Оюунгэрэл, 1966 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, нөхөр, хүүхэд, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-12-46 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ФА66031163 регистрийн дугаартай.

Монгол улсын иргэн, Өндөр овогт Даваажавын Цогзолмаа, 1964 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-19-44 тоотод оршин суух, Орхон аймгийн Төмөр замын холбоонд механикч ажилтай, “Холбоо мэдээллийн тэргүүний ажилтан”, “Улаанбаатар төмөр замын тэргүүний төмөр замч” шагналтай, ял шийтгэлгүй, ФД63053002 регистрийн дугаартай.

    

Шүүгдэгч Н.Баяр-Эрдэнэ нь

-2006 оны 6 дугаар сард иргэн Ц.Пүрэвдэлгэрийн мөнгийг өсгөж өгнө гэж хуурч мэхлэн 2.400.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

-2006 оны 9 дүгээр сард хамтарч худалдаа наймаа хийхдээ зээлээр бараа авч
зарах гэрээний харилцаагаар олж авсан итгэлийг нь эвдэж хохирогч С.Бат-Эрдэмээс 7,000,000 төгрөг залилан мэхлэж авсан,

-2006 оны 11 дүгээр сард иргэн Л.Баянтогтохын эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын 3-38 тоот 2 өрөө байрны гэрчилгээг барьцаалж зээл өгнө гэж хууран мэхэлж, бэлэглэлийн гэрээ байгуулах замаар өмчлөх эрхийг шилжүүлэн авч залилан мэхэлж 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2006 оны 12 дугаар сард иргэн Д.Цэцэгмаагийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-13-40 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг хэрэглээд өгье гэж хууран мэхэлж, гэрээний  харилцааг  ашиглан  итгэл  эвдэж  бусдаас  авсан  зээлийн  барьцаанд өмчлөх эрхийг шилжүүлэн залилан мэхэлж 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2007 оны 01 дүгээр сарын 16-нд иргэн Ч.Баяндалай, Л.Баянтогтох нарын эзэмшлийн 2 өрөө байрыг "Пенни-100" ХЗХ-д зээлийн барьцаанд тавьж авсан мөнгөө төлөөгүй 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2007 оны 1 дүгээр сард иргэн Р.Ганболдын эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Тосгоны 45 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг хэрэглээд өгнө гэж хөлс шагнал өгч хууран мэхэлж, бэлэглэлийн гэрээ байгуулах замаар өмчлөх эрхийг шилжүүлэн авч залилан мэхэлж 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2007 оны 1 дүгээр сард иргэн Л.Батчимэгийг байрны гэрчилгээ ашиглаж шагнал өгнө гэж хуурч мэхлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-20-3 тоот байрны гэрчилгээг бэлэглэлийн гэрээ байгуулж өөрийн нэр дээр шилжүүлэн залилан мэхэлж, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээг ‘’Пенни-100’’ ХЗХ-д зээлийн барьцаанд тавьж 6.000.000  төгрөгийн хохирол учруулсан,

-2007 оны 1 дүгээр сард иргэн  Г.Цэрмааг 3 хоногийн хугацаатай эргүүлж төлнө гэж хуурч мэхлэн 2.500.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

-2007 оны 1 дүгээр сард иргэн Б.Сайнбилэгт байр худалдана гэж хуурч мэхлэн 9.000.000 төгрөг залилан мэхлэж авсан,

-2007 оны 3 дугаар сард иргэн Ц.Эрдэнэбилэгийг зээл авч эргэж төлнө гэж итгэл эвдэх аргаар залилан мэхэлж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-25-26 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг банкны барьцаанд тавьж 7.000.000 төгрөг авч, буцааж төлөлгүй 6.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2007 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Ж.Бүрэнжаргалаас зээл чөлөөлүүлнэ гэж залилан мэхэлж улмаар 3.700.000 төгрөгийг авч эргүүлж төлөхгүй залилан мэхэлж 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

 шүүгдэгч Н.Баяр-Эрдэнэ, Ч.Оюунгэрэл нар нь бүлэглэн

-2006 оны 10 дугаар сард иргэн Ч.Баяндалайн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-18-49 тоот 3 өрөө байрны гэрчилгээг түр хэрэглээд өгнө гэж хуурч мэхлэж, бэлэглэлийн гэрээ байгуулах замаар өмчлөх эрхийг шилжүүлэн авч залилан мэхлэж 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2007 оны 06 дугаар сард орон сууц худалдаж, 2 өрөө байр авч өгнө гэж хууран мэхэлж иргэн Ц.Одончимэгийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот баг 6-19-49 тоот 3 өрөө орон сууцыг бусдад худалдах замаар иргэний эрх зүйн харилцаагаар халхавчлан итгэл эвдэж өмчлөх эрхийг шилжүүлэн залилан мэхэлж 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Баяр-Эрдэнэ, Д.Цогзолмаа нар нь бүлэглэж 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдөр орон сууц худалдаж авна гэсэн итгэлийг ашиглан бэлэглэлийн гэрээгээр халхавчлан бодит байдлыг гуйвуулж төөрөгдүүлэн иргэн Ч.Туяагаас түүний өмчлөлд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-19-2 тоот орон сууц болон түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авч залилан мэхэлж аван 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ц.Бямбасүрэн нь Н.Баяр-Эрдэнэ, Ч.Оюунгэрэл нарыг 2007 онд Ц.Одончимэгийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-19-49 тоот 3 өрөө орон сууцыг иргэний эрх зүйн харилцаагаар халхавчлан итгэл эвдэж өмчлөх эрхийг шилжүүлэн, залилан мэхлэж 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг мэдсээр байж С.Алтантуяад 25.000.000 төгрөгөөр худалдсан,

шүүгдэгч Н.Алтанцэцэг, Н.Баяр-Эрдэнэ, Д.Цогзолмаа нар нь бүлэглэж Ч.Туяагийн өмчлөлд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-19-2 тоот орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авч залилан мэхэлж аван 15.000.000 төгрөгийн хохирол учруулан гэмт хэргийн замаар олж авсан гэдгийг мэдсээр байж бусдад худалдаж борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан Орхон аймгийн прокурорын газраас Чадраабалын Оюунгэрэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

Даваажавын Цогзолмаад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

Норовсамбуугийн Алтанцэцэг, Цэдэвсүрэнгийн Бямбасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Ч.Оюунгэрэл, Д.Цогзолмаа, Ц.Бямбасүрэн, Н.Алтанцэцэг нарыг тус тус цагаатгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Баяр-Эрдэнийг хохирогч Ц.Пүрэвдэлгэрийн 2.400.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, хамтран худалдаа наймаа хийхдээ зээлээр бараа авч зарах гэрээний харилцаагаар олж авсан итгэлийг эвдэж 2006 оны 9 дүгээр сард хохирогч С.Бат-Эрдэмээс 7.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Н.Баяр-Эрдэнийг бусдын эд хөрөнгө болон өмчлөх эрхийг залилан мэхлэж авсаны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг журамлан шүүгдэгч Н.Баяр-Эрдэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Баяр-Эрдэнийг 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж,

 Энэ хэрэгт шүүгдэгч Н.Баяр-Эрдэнэ 870 /найман зуун дал/ хоног, цагаатгагдсан этгээд Ч.Оюунгэрэл 2 /хоёр/ хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Ч.Баяндалай, Ч.Оюунгэрэл нарын, 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ч.Оюунгэрэл Н.Баяр-Эрдэнэ нарын хооронд тус тус байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-18-49 тоот 3 өрөө байрны бэлэглэлийн, 2006 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Л.Баянтогтох, Н.Баяр-Эрдэнэ нарын хооронд байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын 3-38 тоот 1 өрөө байрны бэлэглэлийн, 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Р.Ганболд, Н.Баяр-Эрдэнэ нарын хооронд байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Тосгоны 45 тоот 1 өрөө байрны бэлэглэлийн, 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Г.Амаржаргал, Д.Цэцэгмаа нарын хооронд байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13-40 тоот байрыг захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл, 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Г.Амаржаргал, Г.Цэцэнбилэг нарын хооронд байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13-40 тоот байрны орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Н.Баяр-Эрдэнэ, Г.Цэцэнбилэг нарын нэр дээрхи улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, байрны хууль ёсны өмчлөгч Ч.Баяндалай, Л.Баянтогтох, Р.Ганболд, Д.Цэцэгмаа нарын өмчлөх эрхийг сэргээж, Улсын бүртгэлд Ч.Баяндалай, Л.Баянтогтох, Р.Ганболд, Д.Цэцэгмаа нарын нэр дээр шинэчлэн бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Баяр-Эрдэнээс нийт 58300000 /тавин найман сая гурван зуун/ төгрөг гаргуулж, 5.650.000 /таван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Ч.Туяад, 16.000.000 / арван зургаан сая/ төгрөгийг хохирогч Ц.Одонцэцэг, Ц.Одончимэг нарт, 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг хохирогч Л.Батчимэгт, 6.400.000 /зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хохирогч Ц.Эрдэнэбилэгт, 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг хохирогч Б.Сайнбилэгт, 2.350.000 /хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч С.Сэндмаад, 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийг хохирогч Ж.Бүрэнжаргалд, 12.700.000 /арван хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг “Пени-100” хадгаламж зээлийн хоршоонд тус тус олгож, хохирогч Ц.Одончимэг, Ц.Одонцэцэг нараас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг болон түүний эзэмшилд шилжүүлсэн өгсөн хашаа, дутуу барьсан байшинг Ч.Оюунгэрэлд буцаан олгуулж,

Хэрэгт иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч Н.Баяр-Эрдэнээс битүүмжилсэн будаа агшаагч, 21 инчийн телевизор тус бүр 1 ширхэгийг Орхон аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шүүгдэгч Ч.Оюунгэрэлээс битүүмжилсэн 21 инчийн “Сони” маркийн телевизор, Sharp маркийн угаалгын машиныг битүүмжилсэн тогтоол, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-19-49 тоот 3 өрөө орон сууц, Зэст багийн 1-19-02 тоот 2 өрөө орон сууц хураан авах тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өмчлөх эрхийн 000207785 дугаартай гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлж, Ч.Оюунгэрэлийн гадаад паспортыг түүнд буцаан олгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Баяр-Эрдэнийн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.Оюунгэрэл, Д.Цогзолмаа, Н.Алтанцэцэг, Ч.Бямбасүрэн нарын таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдолдoo: 

“... хохирогч Ц.Оюунчимэг нь өөрийн өмчлөлийн байрыг Н.Баяр-Эрдэнээр зуучлуулж байраа зарсан гэж дүгнэсэн. Н.Баяр-Эрдэнийн байрыг зуучлан зарж өгөх гэсэн хүсэл сонирхол байсан уу гэдэгт шүүх дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох  баримтад зөвхөн өөрийн өр төлбөрөөсөө салах гэсэн сонирхлоор хохирогчид амлалт өгч итгэлийг нь олж байрны өмчлөх эрхийг авах гэсэн Ч.Оюунгэрэлийн идэвхитэй үйлдэлд хамтран оролцсон. Түүнд байр зуучлах гэсэн сонирхол байгаагүй. Энэ нотлох баримтаар нотлогдоно. /хх-ийн 280, 284, 310, 383, 578 хуудас/.

Байрны өмчлөх эрхийг шилжүүлж авах гэсэн хүсэл сонирхол Ч.Оюунгэрэл, Н.Баяр-Эрдэнэ нарт байсан нь хэрэгт нотлогдсон. Дээрх 2 хүний үйлдлийг тус тусад нь ялган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм…Энэ байдлаа хохирогчийг мэдэж байсан гэж зүтгэдэг…Оюунчимэгт Оюунгэрэл нь 18000000 төгрөгөөр байрыг нь авч байгаа этгээд шиг итгэл төрүүлсэн атлаа 10000000 төгрөгийг  өгч дутууг өгөөгүй. Н.Баяр-Эрдэнэ төлнө гэдэг. Гэсэн атлаа Н.Баяр-Эрдэнэ бид нарын хоорондын өр төлбөр барагдуулсан, дууссан гэж тайлбарладаг. Хэн энэ байрны мөнгийг өгөх итгэл төрүүлснийг шүүх анхааран дүгнээгүй. Н.Баяр-Эрдэнэ зуучлагч байсан юм бол Оюунгэрэл, эсвэл Бямбасүрэн нар төлөх нь тодорхой байсан.

…Хэрэв анхан шатны шүүх Н.Баяр-Эрдэнийг зуучилсан байна гэж үзэж байгаа бол түүнээс хохирол гэж 16.000.000 төгрөгийг гаргуулах шаардлага байхгүй. Зуучлах гэдэг гэмт хэрэг биш. Н.Баяр-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэн. Энэ хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийгээгүй байгаа нь дээрх хоёрдмол утгатай дүгнэлтээс харагдаж байна. Н.Баяр-Эрдэнийг залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа атлаа түүнийг анхнаас нь мэдэж нэгдэж оролцсон Оюунгэрэл гэмт хэрэгт оролцоогүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй дүгнэлт болсон.

Ц.Одончимэгийн 10.000.000 төгрөг тэр дор нь авсан байна гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон… Н.Баяр-Эрдэнэ, Оюунгэрэл нар өмлөх эрхийг нь хуурч мэхлэн авахын тул түүнийг худалдан авах итгэл үнэмшүүлж байрыг барьцаанд тавьж мөнгө өгч байгаа дүр үзүүлж буцаан авч хөлсний байранд хохирогчийг оруулсан үйлдэл...

Тэднийг хөлсний байранд оруулж байсныг мэдэж хөлсийг төлж байгаа үйлдэл…хохирогчийн байрыг авахын тулд байрыг худалдан авах гэж байгаа итгэл төрүүлсэн атлаа хохирогчид мэдэгдэлгүй байрыг барьцаанд тавьж, хохирогчид мэдэгдэлгүй өр тооцсон зэрэг түүний буруутай үйлдэл нотлогдсоор байхад түүнийг буруугүй гэж үзсэн…Н.Баяр-Эрдэнэ, Оюунчимэг нарын өөрсдийн хоорондох тооцоо гэх өр төлбөртөө хохирогчийн байрны өмчлөх эрхийг авсан үйлдэл нь залилан мэхэлсэн хууль бус үйлдэл гэж үзэж байх тул … шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Ц.Одончимэг, Ц.Одонтунгалаг, Ц.Одонцэцэг, Ц.Пүрэвдэлгэр нарын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-19-49 тоот байрны өмчлөх эрхийг сэргээж, өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

  Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолдoo: 

“… яллах дүгнэлтэнд яллагдагч Н.Баяр-Эрдэнэ, Д.Цогзолмаатай бүлэглэн 2007 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Туяагийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-19-2 тоот 2 өрөө орон сууцыг болон түүний өмчлөх эрхийг орон сууцаа худалдана гэсэн итгэлийг нь ашиглан бэлэглэлийн гэрээгээр халхавчлан залилан мэхэлж авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирсэн.

Гэтэл анхан шатны шүүх Н.Баяр-Эрдэнийг хохирогч Туяагийн орон сууцыг худалдаж аваад үлдсэн мөнгө болох 5.650.000 төгрөгийг өгөлгүй залилсан гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэсэн заалтыг зөрчсөн.

Анхан шатны шүүх Н.Баяр-Эрдэнэ, Д.Цогзолмаа, Н.Алтанцэцэг нарыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өгч байсан мэдүүлгүүдтэй энэ удаагийн шүүх хуралд өгч байгаа мэдүүлгийг харьцуулан судлалгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1...95 дугаар зүйлд заасан … заалтыг зөрчсөн байна…Шүүх Н.Баяр-Эрдэнийн Ч.Туяагийн орон сууцыг залилан мэхэлсэн үйлдлийг дүгнэхдээ хохирогчийн орон сууцыг бусдад зуучлан худалдсан гэж мөрдөн байцаалтын явцад огт яригдаагүй шаардлагагүй, нотлогдоогүй үндэслэлийг заасан. Жинхэнэ бодит байдал дээр Н.Баяр-Эрдэнэ, Н.Алтанцэцэг нарт орон сууц огт хэрэггүй байсан. Д.Цогзолмаа нь Н.Баяр-Эрдэнээс, Алтанцэцэг нь Цогзолмаагаас авлага авахын тулд орон сууцаа зарах хүсэл зорилготой байсан Ч.Туяагийн итгэл үнэмшил дээр дөрөөлөн хэн аль нь жинхэнэ цаад учир буюу Н.Баяр-Эрдэнэ хэзээ ч байр авах чадваргүй, үлдэгдэл мөнгийг хэзээ ч төлж чадахгүй гэдгийг мэдсээр байж хийсэн залилан мэхэлсэн үйлдэл мөн. Захиалагч нь Цогзолмаа, хамжигч нь Н.Алтанцэцэг, гүйцэтгэгч нь Н.Баяр-Эрдэнэ.

Хохирогч Туяа нь Н.Баяр-Эрдэнээр орон сууцаа зуучлуулан худалдахаар тохироогүй. Н.Алтанцэцэгт орон сууц худалдан авах хүсэл зорилго байгаагүй. Тэр зөвхөн Цогзолмаагийн гар хөл болсон. Хамгийн гол нь Цогзолмаад ямар нэг байрыг шударгаар эзэмшиж байгаа Болортуяа “Цогзолмаа гэдэг хүн байр зарах зар өгөөд нөхөртэйгөө хамт үзүүлсэн. Төмөр замаас 2 байр хувьчилж аваад нэгийг нь зарж байгаа юм гэж ярьж байсан гэх мэдүүлэг. Тийм учраас Цогзолмаа энэ бүгдийг зохион байгуулсан. Н.Баяр-Эрдэнээс мөнгө авахын тулд гэдэг нь нэгэнт нотлогдож тогтоогдсон байдаг. Тийм учраас хэргийг хянаж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу” гэжээ.

Хохирогч Ч.Туяа давж заалдах гомдолдоо:

“…  Н.Баяр-Эрдэнэ энэ манай эгч Алтанцэцэг. Таны байрыг эгчийнхээ нэр дээр авч танд банкнаас мөнгө гаргаж өгнө гэсэн. Наториат дээр очоод худалдах, худалдан авах гэрээ хийе гэхэд Н.Баяр-Эрдэнэ бэлэглэлийн гэрээ хийнэ гэсэн. Алтанцэцэг мөнгө төлөөд гэрээ хийсэн…Алтанцэцэг, Н.Баяр-Эрдэнэ нарын мэдүүлэг зөрөөтэй худал мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна. Энэ олон жилийн хугацаанд би сэтгэл санаа, эдийн засгийн байдлаар маш их хохиролтой байна. Булган аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэг талыг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд 2007 оны 05 дугаар сарын 18-нд Алтанцэцэгтэй хийсэн бэлэглэлийн гэрээ, Алтанцэцэг Болортуяа нарын хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү. Зэст багийн 1-19-02 тоот байрны өмчлөлийн эрхийг минь сэргээж өгнө үү” гэжээ.

 Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичээгүй боловч давж заалдах гомдлуудыг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх давж заалдсан гомдолд дурдсан зүйлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл:

шүүгдэгч Н.Баяр-Эрдэнэ нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат нь “…гэм буруутай үйлдлүүд нотлогдсоор байхад Ч.Оюунгэрэлийг буруугүй гэж үзсэн…Н.Баяр-Эрдэнэ, Оюунчимэг нарын өөрсдийн хоорондох тооцоо гэх өр төлбөртөө хохирогчийн байрны өмчлөх эрхийг авсан үйлдэл нь залилан мэхэлсэн хууль бус үйлдэл тул … шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Ц.Одончимэг, Ц.Одонтунгалаг, Ц.Одонцэцэг, Ц.Пүрэвдэлгэр нарын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-19-49 тоот байрны өмчлөх эрхийг сэргээж, өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “…анхан шатны шүүх Н.Баяр-Эрдэнийг хохирогч Туяагийн орон сууцыг худалдаж аваад үлдсэн мөнгө болох 5.650.000 төгрөгийг өгөлгүй залилсан гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасныг зөрчсөн, …зөвхөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үндэслэсэн … шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу” гэх,

хохирогч Ч.Туяа “…Иймд 2007 оны 05 дугаар сарын 18-нд Алтанцэцэгтэй хийсэн бэлэглэлийн гэрээ, Алтанцэцэг, Болортуяа нарын хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү. Зэст багийн 1-19-02 тоот байрны өмчлөлийн эрхийг минь сэргээж өгнө үү” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

Залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө болон өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхитэй үйлдлээр илэрдэг бөгөөд

хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Одончимэг, Ц.Одонцэцэг, Ч.Баяндалай нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Ч.Оюунгэрэлийн  гэм буруутай үйлдэл үгүйсгэгдэж байх бөгөөд түүний үйлдэлд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинж хангалттай тогтоогдохгүй байна.

Хохирогч гэх Ц.Одончимэг нь өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-19-49 тоот байраа Ц.Бямбасүрэнд 18.000.000 төгрөгөөр худалдсан байх ба

анхан шатны шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр Ч.Оюунгэрэл, Д.Цогзолмаа, Н.Алтанцэцэг, Ц.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүхийн “…шүүгдэгч Н.Баяр-Эрдэнэ нь Ц.Одонцэцэг, Ч.Туяа нарын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авч залилан мэхлээгүй, харин зуучлан борлуулах явцдаа санхүүгийн хувьд төлбөрийн чадваргүй байдлаа нуун дарагдуулж зээлийн гэрээгээр халхавчлан итгэл эвдэх замаар Ч.Туяагаас 5.650.000 төгрөг, Ц.Одонцэцэг /Ц.Одончимэг/ нарт 2 өрөө байр авч өгнө гэж 16.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь тогтоогдож байна” гэх дүгнэлт нь ойлгомжгүй болжээ.

Учир нь дээр дурьдсанчлан хохирогч гэх Ц.Одончимэг, Ч.Туяа нар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдаж, харилцан хүсэл сонирхлоо илэрхийлэн Иргэний хууль тогтоомжийн дагуу орон сууц худалдах худалдан авах, орон сууц бэлэглэлийн гэрээг тус тус байгуулжээ.

Гэрээ байгуулсан даруйдаа Ц.Одончимэг нь 10.000.000 төгрөг, Ч.Туяа нь 9.350.000 төгрөгийг хүлээн авсан ба харин үлдэх төлбөр төлөгдөөгүйн улмаас талуудын хооронд маргаан үүссэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд гэрээний харилцаанаас үүссэн эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй юм.

Иймд Н.Баяр-Эрдэнэд холбогдох “Ч.Туяагаас 5.650.000 төгрөг, Ц.Одонцэцэг /Ц.Одончимэг/ нарт 2 өрөө байр авч өгнө гэж 16.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай.

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “…зээлийн гэрээгээр халхавчлан итгэл эвдэх замаар Ч.Туяагаас 5.650.000 төгрөг, Ц.Одонцэцэг /Ц.Одончимэг/ нарт 2 өрөө байр авч өгнө гэж 16.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдлийг…” гэж нэмж,  

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын “…58.300.000 …” гэснийг “…36.650.000…” гэж өөрчилж, “…5.650.000 төгрөгийг хохирогч Ч.Туяад, 16.000.000 төгрөгийг Ц.Одонцэцэг, Ц.Одончимэг нарт…” гэснийг хасч,

в/ “Ц.Одонцэцэг, Ц.Одончимэг, Ч.Туяа нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Д.Оюунчимэг, хохирогч Ч.Туяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ё.БЯМБАЦЭРЭН

                                       ШҮҮГЧИД                                               С.ЦЭЦЭГМАА        

                                                                                                        С.УРАНЧИМЭГ