Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 008

 

Д.Өлзийбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2016/0045/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Б.Эрхэмбаатар

           Ялтан                                                        Д.Өлзийбат

           Ялтны өмгөөлөгч                                     Д.Оюунчимэг   

           Нарийн бичгийн дарга                             И.Буманбаяр нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолтой Д.Өлзийбатад холбогдох 201606000002 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Шомбоон овогт Даваанямын Өлзийбат, 1996 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Булган аймгийн Могод сумын 5 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ГЭ96080212 регистрийн дугаартай.

Д.Өлзийбат нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутагт орших өөрийн гэрт төрсөн эцэг Дэмчигийн Даваанямтай маргалдаж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж толгойн тус газарт нь сүхээр цохиж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор:

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Өлзийбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж,   

Шүүгдэгч Шомбоон овогт Даваанямын Өлзийбатыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Д.Өлзийбатыг 6 /зургаа/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Өлзийбатад оногдуулсан 6 /зургаа/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Өлзийбатын цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,

Энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн медаль 2 ширхэг,  “Sirinler” гэх бичилт бүхий хавтастай 17 хуудастай дэвтэр, эмнэлгийн магадлагаа, Р.Оюунцэцэгийн рентген зураг тус бүр 1 ширхэгийг шүүгдэгч Д.Өлзийбатад буцаан олгож, цагаан шаргал өнгийн цамц, хар өнгийн даавуун өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн дотуур өмд, хар өнгийн тэлээ, цагаан цэнхэр өнгийн дотоож, бор шаргал модон иштэй сүх тус бүр нэг ширхэгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Өлзийбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

     Улсын яллагч Б.Эрхэмбаатар эсэргүүцэлдээ: “... анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн, өөрөөр хэлбэл шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжлээгүйгээс эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Өлзийбат … хохирогчийн бие хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж толгойн тус газар нь сүхээр цохиж санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад авагдсан ... хохирогч Д.Төмөрбаатарын  “миний төрсөн дүү Д.Давааням нь... 2 билүү, 3 дугаар ангидаа ясны өвчтэй болоод одоог хүртэл байнга эмчийн хяналтанд байж группт орсон”, гэрч Д.Батбаярын “2015 оны 12 дугаар 30-ны орой 19 цаг өнгөрч байхад миний төрсөн дүү Д.Өлзийбат өөрийнхөө 95674003 дугаарын утаснаас над руу залгаад эцэг Д.Давааням агсан тавиад ээжийг өмөөрөөд салгах гэсэн чинь хэд хэдэн удаа цохисон талаар хэлэхээр нь дүүгээ огцом ууртайг нь мэдэж болохоор тайвшруулах талаар үг хэлээд утсаа салгасан. Түүнээс хойш санаа зовоод би нэг хэсэг байж байгаад утсаар дүү Д.Өлзийбат руу залгасан чинь охин дүүг аав айлгахаар нь дүүгээ хойд талын айлд оруулж орхиод буцаад гэртээ орж ирсэн. Аав зодох гэж дайрахаар нь дэмий юм хийчихлээ, би хойд өрөөндөө сууж байна гэж хэлсэн...та хэдийг сайхан амьдруулах гэж ийм юм хийлээ шүү гэж хэлэн утсаа салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

гэрч Ж.Оюунболдын “ 2015 оны 12 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчим Могод сумын Соёлын төв дотор сумын шинэ жил эхлэх гэж байтал хэсгийн төлөөлөгч Э.Энхболд Д.Даваанямын гэрт дуудлага гараад байна гэрт нь очоод ир гэж хэлэхээр нь хэсгийн төлөөлөгч Энхболдтой хамт Даваанямын гэр лүү явсан. Замдаа Өлзийбаттай таараад машинд суулгаад гэрлүү нь очиход гэрийнхээ том өрөөнд матрасан дээр доошоо харсан толгойн хэсэгтээ сүхээр зоолгосон, гадна талаараа бараан өнгийн дээл нөмрүүлсэн эрэгтэй хүн амьсгал хураагаагүй байсан болохоор Энхболд төлөөлөгч тусламж дуудсан. Тэгээд эмнэлэгт хүргэж өгөх замд нас барсан гэх мэдүүлэг. /хх-ийн 22/

гэрч Энхболдын “... очоод үзтэл амьсгал хураагаагүй, хоолой нь хоржигнож дуугарах чимээ сонсогдохоор нь түргэн тусламж дуудах гээд утсаар ярих гэтэл Өлзийбат хаалганы хажууд зогсож байхаар нь юу болсон талаар асуухад би цохисон гэснээс өөр үг хэлээгүй” гэх мэдүүлэг зэргээр нотлогджээ.

Хохирогч Д.Давааням нь халдлаганд өртөх үедээ удаан хугацааны турш өвчин эмгэгтэй байсан болох нь хэрэгт авагдсан өвчний учир хөдөлмөр алдалтын хувь тогтоосон баримтууд болон нотлох баримтуудаар нотлогдсон байна .

Хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг Монгол улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 14 тоот тогтоолоор тайлбарлахдаа “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ.

Биеэ хамгаалж чадахгүй хүнд бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй... хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн судлалгүйгээр “хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд амь хохирогч Д.Даваанямын нэг хөлнөөс бусад эрхтний үйл ажиллагаа хэвийн бөгөөд түүний гэр бүлийн гишүүддээ үзүүлж байгаа бие махбодын хүчирхийллийн хэлбэр зэргээс үзэхэд хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан нь хөгжлийн бэрхшээлтэй гэж зөвхөн хөдөлмөрийн чадвараа алдсанаар нь амь хохирогч Д.Даваанямыг өөрийгөө хамгаалах чадваргүй гэж хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэлийг өөрчилсөн нь хуулийг буруу хэрэглэсэн байна.

Дээд шүүх нь хохирогч гэмт халдлагад өртөх үедээ биеэ хамгаалж чадахгүй хүнийг өргөн ойлголтоор тайлбарласан байхад шүүх зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэх хэсгийг тайлбарлан, нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолын тодорхой хэсэгт дурьдалгүйгээр зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцлийг бичив” гэжээ. 

Хуралдаанд оролцсон прокурор: “...Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэх саналтай байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн Прокурорын газраас Д.Өлзийбатыг “...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж амь насыг нь хохироосон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Д.Өлзийбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч улсын яллагч “...зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх эсэргүүцэл бичжээ.

Давж заалдах шатны шүүх улсын яллагчийн эсэргүүцэлд дурьдсан зүйлээр  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл

Д.Өлзийбат нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн орчим Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутагт байрлах гэртээ өөрийн төрсөн эцэг Д.Даваанямтай …эхийгээ өмөөрч…маргалдах явцдаа түүний толгойн тус газарт сүхдэж, гавал ясны ил гэмтэл /бяцарсан хугарал, тархины эдийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, хатуу хальсны урагдал бүхий/ учруулан, санаатай алсан болох нь

хэрэг учралын газарт болон хувцас, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Амь хохирогч Д.Давааням нь шилбэний ясны хугарал өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актуудаар тогтоогдож байх боловч

хэрэг учрал болохоос өмнө тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ... агсам тавьж, гэр бүлийн гишүүдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулсан... эхнэр Оюунцэцэгийг зодох гэж дайрсан ... дундуур нь орж салгах гэсэн хүү Өлзийбатын нүүрэн тус газарт нь 2 удаа цохисон ... Өлзийбат дүү Анужинг хажуу айлд оруулсан ... үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Д.Баярбат, Р.Оюунцэцэг, Д.Оюунцэцэг, насанд хүрээгүй гэрч Д.Анужин нарын мэдүүлгүүд хавтаст хэрэг /хх 20, 24, 29, 46/-т авагджээ.

Мөн шинжээч О.Нансалмаа нь “...талийгаач нь нэг хөлнөөс бусад эрхтний үйл ажиллагаа хэвийн тул бие махбодио хамгаалах чадвартай...” гэж /хх 176/ мэдүүлсэн бөгөөд

Д.Өлзийбат нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт “...дүүгээ айх байх гээд хажуу айл руу оруулчихаад гаднаас орж ирэхэд аав над руу сүх далайсан ... би айгаад түлхэж унагаагаад сүхээр толгой руу нь цохисон...” гэж удаа дараа тогтвортой мэдүүлсэн зэргээс дүгнэхэд Д.Өлзийбатыг амь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Насны болон эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй зэргээс тухайн гэмт үйлдлийг ойлгох, эсэргүүцэх чадвар дутагдалтай байгааг нь гэмт этгээд мэдэж, түүнийг нь далимдуулж гэмт хэрэг үйлдсэнийг “...биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж...” гэх ба амь хохирогч Д.Даваанямыг удаан хугацааны турш өвчин эмгэгтэй байсны улмаас биеэ хамгаалж чадахгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Д.Өлзийбатад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх бөгөөд Д.Өлзийбатад ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур  хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн “...зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй...” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ё.БЯМБАЦЭРЭН

                      ШҮҮГЧИД                                           С.ЦЭЦЭГМАА        

                                                                                  С.УРАНЧИМЭГ