Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 010

 

У.Бямбасанд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2016/0051/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Сувдаа

           Ялтан                                                        У.Бямбасан

           Ялтны өмгөөлөгч                                     П.Ган-Очир

           Нарийн бичгийн дарга                             И.Буманбаяр нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолтой У.Бямбасанд холбогдох 201206000069 дугаартай эрүүгийн хэргийг ялтан У.Бямбасангийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Боржигон овогт Ууганмандахын Бямбасан, 1995 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Зүүн түрүүний 6-03 тоотод оршин суух,

урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар,

 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Булган аймгийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаар магадлалаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэхээр өөрчлөгдсөн,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 12 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн /ГЮ95081257 регистрийн дугаартай/.

             У.Бямбасан нь 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 7 удаагийн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан иргэдэд нийт 3.683.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч У.Бямбасанд холбогдох Ч.Шижирбаатар /Д.Сэмжид/-ийн гэрээс эд зүйл хулгайлж 285.000 төгрөгийн, С.Олонбаярын байшингаас эд зүйл хулгайлж 490.000 төгрөгийн, “Дэвшилт” сонины газарт нэвтэрч Р.Эрдэнэбулганы өрөөнөөс 278.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгож,

       Боржигон овогт Ууганмандахын Бямбасанг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч У.Бямбасангаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан У.Бямбасанд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч У.Бямбасангийн цагдан хоригдсон 126 /нэг зуун хорин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.Бямбасангаас нийт 1.207.000 /нэг сая хоёр зуун долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Нямсүрэнд 597.000 /таван зуун ерэн долоон мянга/ төгрөгийг, Д.Мягмарсүрэнд 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг, З.Болдоод 160.000 /зуун жаран мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.Сэмжидийн 285.000 /хоёр зуун наян таван мянга/ төгрөгийн, хохирогч С.Олонбаярын 490.000 /дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийн, хохирогч Р.Эрдэнэбулганы 278.000 /хоёр зуун далан найман мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бямбасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

     Ялтан У.Бямбасан давж заалдах гомдолдоо: “... хохирогч Нямсүрэнгийн өгсөн мэдүүлэг дээр байдаг бурханы урд байсан их гарын мөнгөн аягийг авсан нь үнэн. Харин эрэгтэй хүний урт хүрмийг авсан гэж үндэслэлгүй, хаана байснаа тодорхой заадаггүй. Хохирогч Мягмарсүрэнгийн гэрээс чулуун толгойтой мөнгөн бүс, З.Болдоогийн гэрээс алтан гинж, IPhonе-4 гар утас авсан, миний бие хийсэн хэрэг үйлдсэн үйлдлээ үнэн зөвөөр хүлээсэн. Хохирогч Нямсүрэнгийн гэрээс хар хөх өнгийн эрэгтэй хүний хүрмийг аваагүй. Аваагүй, мэдэхгүй зүйлийг авсан гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг хөнгөлж өгнө үү” гэжээ. 

     Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд

У.Бямбасан нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооллын В-19 тоотод байрлах иргэн Х.Нямсүрэнгийн байшингийн цонхыг хагалан орж их гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний хүрэм зэргийг хулгайлж 597.000 төгрөгийн хохирол,

2015 оны 11 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 28-08 тоотод байрлах иргэн Д.Мягмарсүрэнгийн байшингийн цонхыг хагалан орж мөнгөн тоногтой бүсийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол,

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын 2-102 тоотод байрлах иргэн З.Болдоогийн байшингийн цонхоор орж IРhоnе-4 маркийн гар утас, эрэгтэй хүний алтан гинж зэргийг хулгайлж 1.160.000 төгрөгийн хохирол,

2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн задгайд байрлах иргэн Д.Адъяахүүгийн байшингийн цонхыг хагалан орж мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс зэргийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн У.Бямбасанд холбогдох Д.Сэмжид, С.Олонбаяр, Р.Эрдэнэбулган нарын эд хөрөнгийг хулгайлсан гэх хэргийг хангалттай нотлогдоогүй, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийг 13.2 дахь заалтыг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Ялтан У.Бямбасан нь “…Хохирогч Нямсүрэнгийн гэрээс хар хөх өнгийн эрэгтэй хүний хүрмийг аваагүй ...” гэх давж заалдах гомдлыг гаргасан боловч түүний дээрх гомдол нь

хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Нямсүрэн, гэрч Б.Хишиг-Эрдэнэ нарын мэдүүлэг /хх 195-197/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар үгүйсгэгдэж байна.  

Түүнд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

У.Бямбасан нь хулгайн гэмт хэргийг давтан үйлдэж иргэдэд 2.657.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд тодорхойлсноор бага бус хэмжээнд хамаарах бөгөөд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх тул ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ялтан У.Бямбасангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН

                             ШҮҮГЧИД                                                С.ЦЭЦЭГМАА

                                                                                             С.УРАНЧИМЭГ