Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 488

 

 

 

С.Ариунжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Мөнхцэцэг,

Ялтан С.Ариунжаргалын өмгөөлөгч Т.Баярбат,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр  даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын сарын 14-ний өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 17 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201626020167 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Далантай овогт Сэдийн Ариунжаргал, 1991 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсгийн Их Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 203 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НФ91110316/,

            С.Ариунжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “хамтран амьдрагч Д.Одгэрэлийг хардсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан гэрээсээ хутга авч ирэн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” зочид буудлын 303 тоот өрөөнд танил У.Мягмарсүрэн нарыг унтаж байхад нь дайрч орон, илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Б.Төгс-Эрдэнийг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хутгалж, биед нь “хэвлий, цээжинд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан,

            2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” зочид буудлын 303 тоот өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Б.Төгс-Эрдэнийг хутгалж танхайрсан үйлдлээ үргэлжлүүлэн, У.Мягмарсүрэнгийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь “баруун, зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Ариунжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3 дахь  хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас С.Ариунжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг болгон өөрчилж, С.Ариунжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь  хэсэгт зааснаар түүнийг 5 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Ариунжаргалаас 1.075.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Төгс-Эрдэнэд олгохоор шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Энхтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх С.Ариунжаргалд холбогдох хэргийг хянаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ.” гэж заасан. Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолын 1.5 дахь хэсэгт “...давтан үйлдэх” гэдэгт хулгайн гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг ойлгоно. Гэхдээ гэмт хэрэг үйлдэх санаа нь тус тусдаа үүссэн, тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх бөгөөд уг үйлдэлдээ ял шийтгүүлсэн буюу ял шийтгүүлээгүйн аль аль нь хамаарна.” гэж тодорхой тайлбарласан байдаг. Түүнчлэн давтан гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдэх санаа бодол тус тусдаа үүсч төгссөн, бие даасан бүрэлдэхүүнтэй үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл түүний хэсэгт заасан нэг төрлийн гэмт хэрэг байхыг шаарддаг. Гэтэл анхан шатны шүүх С.Ариунжаргал нь  хохирогч нарт санаатай хөнгөн гэмтэл учруулсан нь давтан гэмт хэрэг гэж дүгнэсэн атлаа уг гэмт хэргүүд нь тус тус бие даасан бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байгааг дүгнэлгүй орхигдуулсан. Түүнчлэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө С.Ариунжаргалын гэмт хэрэг үйлдсэн сэдэлтийг хардалтаас үүдэлтэй гэж дүгнэснээс үзвэл түүний хохирогч нарт учруулсан гэмт үйлдэл нь давтан бус үргэлжилсэн үйлдэл болох юм. Өөрөөр хэлбэл гэмт этгээд нэг зорилгод хүрэхийн тулд төсөөтэй буюу нэг төрлийн үйлдлүүдийг тасралтгүй хэрэгжүүлсэн нь нэгдмэл хор уршиг  бүхий нэг гэмт хэрэг болно. Үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг нь эхний үйлдлээ хэрэгжүүлснээр эхэлж сүүлчийн үйлдлээ хийсэн тэр мөчид төгссөнд тооцогдоно. Тиймээс С.Ариунжаргалын гэмт үйлдэл нь хамтран амьдрагч Д.Одгэрэлийг хардсанаас үүдэн “Таац” зочид буудалд очин У.Мягмарсүрэнтэй маргалдсанаар эхэлж, Б.Төгс-Эрдэнийн эмэгтэй хүнтэй буруу харьцаж байгаа талаар хэлж анхааруулсныг үл тоон урьд хамтран амьдрагч Д.Одгэрэлийг нисэх онгоцны буудлаас авахад хамт байсан эрэгтэй мөн болохыг таньж, хардалт нь улам ихээр төрж Б.Төгс-Эрдэнэтэй зодолдож, улмаар хутгаар хэвлий, цээж рүү нь хатгаж гэмтэл учруулсныг У.Мягмарсүрэн хараад түүний хойноос өшиглөх үйлдэл хийхээр завдахад зөрүүлэн нүүр лүү нь тохойгоороо цохиж гэмтэл учруулсан  үйлдлүүдийн шалтгаант холбоог анхаарч үзэн С.Ариунжаргалын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой байтал давтан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

            Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэснийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зэргээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйл, 321 дүгээр зүйлийн 321.1.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.  

Прокурор М.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж зүйлчлэлийг хүндрүүлж, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх С.Ариунжаргалыг хоёр хохирогчид гэмтэл учруулсан тул давтан үйлдэл гэж үзсэн. Улсын Дээд шүүхийн тайлбар болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт давтан үйлдэл гэдгийг тайлбарласан байдаг. Давтан үйлдлийн санаа сэдэлт тус тусдаа үүссэн, бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, нэг хэсэгт заасан гэмт хэрэг байдаг. Анхан шатны шүүх С.Ариунжаргалын 2 хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийн бүрэлдэхүүнийг нь тус бүр дүгнээгүй, гэмт хэрэг төгссөн эсэхийг бичилгүй орхигдуулсан. С.Ариунжаргал нь шийтгэх тогтоолд дурдсанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэхдээ С.Ариунжаргал нь эхлээд хохирогч У.Мягмарсүрэнтэй маргалдаад улмаар хохирогч Б.Төгс-Эрдэнэтэй зодолдож биед нь гэмтэл учруулаад гарахдаа хохирогч У.Мягмарсүрэнгийн биед гэмтэл учруулсан тул үргэлжилсэн үйлдэл гэж үзэхээр байна. С.Ариунжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хэрэгтэй. Тиймээс анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйл, 321 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Ялтан С.Ариунжаргалын өмгөөлөгч Т.Баярбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Гэмт хэргийн сэдэлтийн хувьд хардалтын улмаас маргаан үүссэн тул хувийн сэдэлттэй гэж үзэх нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд С.Ариунжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх байр суурьтай оролцсон. С.Ариунжаргал нь анхан шатны шүүх хуралдааны дараа шийтгэх тогтоолд заасан хохирлыг төлж барагдуулж, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, С.Ариунжаргалд холбогдох хэргийг хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын сарын 14-ний өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангажээ.

1. С.Ариунжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хамтран амьдрагч Д.Одгэрэлийг хардаж, улмаар Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” зочид буудлын 303 тоот өрөөнд Б.Төгс-Эрдэнийн биед  “хэвлий, цээжинд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Б.Төгс-Эрдэнийн “…2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн орчим Ишхүү, Тэгшбаяр нартай утсаар яриад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Таац” зочид буудлын 303 тоот өрөөнд очсон. Өрөөнд ороход Ишхүү, Тэгшбаяр, Эрхэмбаяр, Одгэрэл, Жэк нар хөзөр тоглоод сууж байсан. 23 цаг өнгөрч байхад Мягмарсүрэн ирээд бид нар хамт архи ууж, хөзөр тоглож байгаад 01 цагийн үед унтсан. …05 цагийн орчим сэрэхэд Ариунжаргал орж ирчихсэн байхаар нь “чи юун хүн бэ, гар” гэж хэлэхэд Ариунжаргал миний хувцаснаас зуураад барьцалдсан байхад тэрээр миний хоёр бөөр рүү цохиод байх шиг байсан ба нуруу руу халуу дүүгээд байхаар нь би хутгалуулчихлаа гэж бодоод түүнийг өөрөөсөө холдуулах гээд баруун талын орон дээр дарж унагаагаад холдуулахад миний өмсөж явсан хувцасны зүүн суганы доод талд цамцны баруун, зүүн бөөрөнд цус болчихсон байсан. Энэ үед Эрхэмбаяр босч ирээд “хүн хутгалчихлаа” гээд хашгирсан. ...Буудлын өрөөнд Мягмарсүрэн, Эрхэмбаяр, Тэгшбаяр бид нар хамт байсан. Ариунжаргалын гарт хутга ажиглагдаагүй, буудлын өрөөнд нэг ч хутга байгаагүй. …Ариунжаргал Одгэрэлийн найз залуу байсан ба Одгэрэлийг хардаад намайг хутгалсан юм шиг байна лээ...” /хх-15/,

Хохирогч У.Мягмарсүрэнгийн “…2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Одгэрэл залгаад Тэшжаргал, Эрхэмбаяр, Ишхүү, Жэк /Гансүх/ нарын хамт “Таац” зочид буудалд байна, хүрээд ирээч гэсэн. …23 цаг 50 минутын орчим гэрээсээ гараад “Таац” зочид буудлын 303 тоот өрөөнд очсон. …Ишхүү, Гансүх нар өөр өрөөнд орж унтана гээд гарсан. Одгэрэл гэр лүүгээ явна гэхэд Эрхэмбаяр, Одгэрэлийг “чи их согтчихсон байна, эндээ хоночихоод яв” гээд зууралдаад маргалдаад байхаар нь би Эрхэмбаярт хандаж “Одгэрэл найз залуутай, найз залуу нь гэртээ хүлээж байгаа, түүнийг  таксинд суулгаад зүгээр явуулаач” гэж хэлэхэд Эрхэмбаяр “чамд хамаагүй чи зүгээр наанаа сууж бай” гээд над руу уурлаад байсан. Энэ хооронд Одгэрэл өрөөнөөс гараад явсан. …Тэгээд унтаж байтал 06 цаг өнгөрч байхад Ариунжаргал өрөөнд орж ирэхээр нь “чи энд юу хийж байгаа юм бэ, Одгэрэл явчихсан шүү дээ, гэртээ очоогүй юм уу” гэхэд Ариунжаргал “Одгэрэл гэртээ ирсэн. Та нарыг ямархуу байдалтай байгааг харах гэж ирлээ, Мягаа чи гичий минь дандаа ингэж хүн уруу татаж шоудаж байдгаа болиорой, чи давраад байгаа ална шүү” гэхэд Төгс-Эрдэнэ сэрээд “чи өөрөө найз охиноо анхаарч явахад яадаг юм” гэсэн. Ариунжаргал “чам шиг бандид хамаагүй шүү, наанаа дуугай сууж бай” гээд түүнтэй маргалдаад ноцолдож байгаад Ариунжаргал Төгс-Эрдэнийн гэдэс рүү нь цохих шиг болоод салсан. ...Ариунжаргал найз охин Одгэрэлийг хардсаны улмаас Төгс-Эрдэнийг хутгалсан байх...” /хх-18-19/,

Гэрч А.Тэгшбаярын “…би Мягмарсүрэн, Төгс-Эрдэнэ хоёрын хажуугаар нь унтсан байсан. 06 цагийн үед Эрхэмбаяр “хутгалчихлаа шүү дээ босооч” гэхээр нь босоход өрөөний шалаар нил цус болчихсон, Төгс-Эрдэнэ “хутгалуулчихлаа” гээд хувцас нь цус болчихсон, ...Болсон хэргийг нүдээр хараагүй, Одгэрэлийн найз залуу ирээд Төгс-Эрдэнийг хутгалсан гэж ойлгосон…” /хх-29-30/,

Гэрч Г.Эрхэмбаярын “…унтаж байхад хүмүүс пижигнэх чимээнээр сэрээд харахад нэг танихгүй залуу өрөөнд ороод ирчихсэн баруун гартаа жижиг цайвар өнгийн хутга барьчихсан гараа доош унжуулчихсан зогсож байсан. Энэ үед Төгс-Эрдэнэ “хутгалчихлаа” гээд хашгирахаар нь би хутга бариад зогсож байсан залууг араас нь тэвэртэл миний гарыг хүчээр тавиулаад өрөөнөөс гарсан...” /хх-31-32/,

Гэрч Б.Одгэрэлийн “…“би явлаа, найз залуу уурлаад байна” гэхэд Эрхэмбаяр миний урд зогсчихоод явуулахгүй гээд зууралдаад байхаар нь Мягмарсүрэнд “ямар хэцүү юм бэ, чи Эрхэмбаярт хэл дээ” гэхэд Мягмарсүрэн босож ирээд Эрхэмбаярыг “болиоч наадах чинь найз залуутай” гэж хэлээд түүнтэй маргалдсан. Тэднийг маргалдаж байхад би хувцасаа өмсөөд коридор луу гарахад Эрхэмбаяр араас гарч ирээд явуулахгүй зуураад байх үед Ариунжаргал залгасан бөгөөд намайг “болиоч дээ” гэхийг сонсоод “наана чинь ямар эрэгтэй хүн байгаа юм бэ, чамайг зуураад байгаа юм уу” гэхээр нь “үгүй ээ манай найз намайг явуулахгүй гэхээр нь би боль гэж хэллээ” гээд зөвөөр ойлгуулахаар тайлбарлаад утсаа салгасан. …Нэг сэрэхэд гэртээ Ариунжаргалтай хэрэлдэж байсан. Ариунжаргал намайг алгадахаар нь хэрэлдэж байтал дахин миний хацар луу цохиод, хоолой боогоод өөдөөс нэг юм яриад байх шиг байсан. Тухайн үед юу яриад байгааг нь ойлгоогүй, зодуулаад байна гэдгээ мэдэж байсан. Хэрэлдэж байгаад Ариунжаргал “чи байж байгаарай” гээд гараад явсан. …хаалгаа онгойлгоход Ариунжаргал нүүрнийх нь баруун талаас цус урсчихсан, хоёр гар нь цус болсон байсан. Тэрээр нүүрээ угааж байснаа “чи намайг сая яасан гэж бодож байна” гэж асуухад нь “надад ямар хамаатай юм бэ” гэхэд “би Мягмарсүрэнгийн найз залууг хутгалчихаад ирлээ” гэж хэлсэн. Би тэр үед нь тоогоогүй. Ариунжаргал нүүр гараа угаачихаад гараад явсан. Өглөө нь Мягмарсүрэн цагдаа нартай манай гэрт ирсэн. Мягмарсүрэнгээс юу болсон талаар асуухад Ариунжаргал Төгс-Эрдэнийг хутгалаад намайг цохьсон гэж хэлсэн. Ариунжаргалын яриагаар өөрийнхөө аранзанд байсан хутгыг авсан гэж байсан. Би тэр хутгыг харж байгаагүй…” /хх-33-34/,

С.Ариунжаргалын сэжигтнээр өгсөн “…Одгэрэлийг орж ирэхээр нь би хардаад “хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ, цаана чинь ямар эрэгтэй хүн дуугараад юу болоод байгаа юм бэ” гэхэд Одгэрэл найзуудтайгаа айлд ууж байгаад ирлээ гэж хэлсэн. Бид хоёр маргалдаж байгаад би уур хүрээд Одгэрэлийн баруун шанаанд нь гараараа нэг удаа цохиод элэг рүү нь өвдөглөхөд газар унаад, “Таац” зочид буудалд байж байгаад ирлээ гэж хэлсэн. …би найз охиноо ямар хүмүүстэй ууж, идсэн талаар мэдэх гээд гэрээсээ 04 цагийн орчим гараад “Таац” зочид буудал руу очсон. Зочид буудлын үйлчлэгчээс асууж байгаад 303 тоот өрөөнд ороход Мягмарсүрэн хаалга онгойлгож өгсөн. Мягмарсүрэнг “чи яах гээд хүн уруу татаад байгаа юм бэ, чамайг хормой султайг чинь мэднэ шүү гичий минь” гэхэд Мягмарсүрэн “би уруу татаагүй, надад ямар хамаатай юм бэ” гээд биднийг маргалдаж байхад цонхны наана байх орон дээр унтаж байсан Төгс-Эрдэнэ гэх залуу босч ирээд “чи миний найз охиныг гичийгээр нь дууддаг хэн бэ, чи хаана ирсэн байгаагаа мэдэж байна уу” гэж хэлэхээр нь “чамтай харьцах гэж ирээгүй, чи дуугүй байж бай” гэхэд Төгс-Эрдэнэ “чи эхнэрээ маллаж чадахгүй байж чи юу хуцаад байгаа юм бэ” гээд гараараа намайг түлхээд бид маргалдаж байгаад би Төгс-Эрдэнийг түлхэхэд Төгс-Эрдэнэ орон дээр унасан. Түүн рүү очиход миний баруун хөмсөг рүү хөлөөрөө жийсэн. Орон дээр барьцалдаж байгаад өмднийхөө ар талын халаасанд байсан цагаан өнгийн төмөр эвхдэг хутгаа гаргаад Төгс-Эрдэнийн баруун талын хавирганы доор нэг удаа хутгалсан…” /хх-68-69/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 844 дүгээр шинжээчийн “Б.Төгс-Эрдэнийн биед хэвлий, цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-37/ гэх дүгнэлтээр,

2. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” зочид буудлын 303 тоот өрөөнд хамтран амьдрагч Д.Одгэрэлийг хардаж Б.Төгс-Эрднийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг зогсоох гэсэн У.Мягмарсүрэнгийн нүүрэн тус газар нь цохиж, биед “баруун, зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн нь:

Хохирогч Б.Төгс-Эрдэнийн “...Ариунжаргалыг өрөөнөөс гарах үед араас нь Мягмарсүрэн “чи хүн хутгалчихлаа шүү дээ” гэж хэлээд зулгаахад Ариунжаргал Мягмарсүрэнгийн хамар луу цохьчихоод явсан...” /хх-15/

Хохирогч У.Мягмарсүрэнгийн “…Төгс-Эрдэнэ “намайг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь Ариунжаргал руу очоод “хүн аллаа шүү дээ” гэж хэлээд араас нь өшиглөх гэтэл хөлийг нь шүргээд өнгөрсөн. Ариунжаргал эргэж хараад зүүн гарынхаа тохойгоороо нүүр лүү нэг удаа цохичихоод гараад явсан. Тэгээд би ухаан алдаад унасан...” /хх-18-19/,

Гэрч А.Тэгшбаярын “…би Мягмарсүрэн, Төгс-Эрдэнэ хоёрын хажуугаар нь унтсан байсан. ...Мягмарсүрэнгийн хамраас цус гараад хамраа дараад сууж байсан. Болсон хэргийг нүдээр хараагүй, ...Одгэрэлийн найз залуу ирээд Мягмарсүрэнг цохьсон гэж ойлгосон…” /хх-29-30/,

Гэрч Г.Эрхэмбаярын “…хутга бариад зогсож байсан залууг араас нь тэврэхэд тэр залуу миний гарыг хүчээр тавиулаад өрөөнөөс гарахдаа Мягмарсүрэнгийн хамар луу гараараа цохичихоод гараад явсан…” /хх-31-32/,

С.Ариунжаргалын сэжигтнээр өгсөн: “...өрөөнөөс гарах гэтэл Мягмарсүрэн босч ирээд миний нуруу руу жийхээр нь би эргэж хараад гараа атгаж байгаад нүүр лүү нь нэг удаа цохичихоод гарсан…” /хх-68-69/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 891 дүгээр шинжээчийн “Мягмарсүрэнгийн биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-41/ гэх дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/, шүүх сэтгэц эмгэг судлалын 157 дугаар дүгнэлт /хх-49-50/ болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгажээ.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, эдгээр нотлох баримтуудаар С.Ариужаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүхэд прокурор Н.Энхтуяагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн дагуу хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл:

Прокурор Н.Энхтуяагийн “...С.Ариунжаргалын хохирогч нарт учруулсан гэмт үйлдэл нь давтан бус үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн...” гэсэн утга агуулга бүхий улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй болно.

Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын бие махбодид тодорхой хэмжээний гэмтэл учруулснаар төгсдөг бөгөөд энэ хэргийн хувьд нэг санаа зорилгоор хохирогч нарт хөнгөн гэмтэл учруулж, сүүлчийн үйлдлээ хийснээр төгсөж, нэгдмэл хор уршиг учруулсан хэмээн дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Үргэлжилсэн гэмт хэрэг гэдэг нь нэг гэмт үйлдэл эхлүүлсэн нь дараагийн үйлдлээрээ үргэлжилж, улмаар гэм буруугийн нэгдмэл хэлбэрийн хүрээнд хэд хэдэн хор уршгийг бий болгодог онцлогтой. Өөрөөр хэлбэл нэг зорилгыг хангахад чиглэсэн нэгдмэл гэмт үйл явдал буюу хэд хэдэн удаагийн олон төрлийн үйлдлээр нэг объектод нэг санаагаар халдах, эсхүл нэг гэмт санаагаар зорилгодоо хүрэхийн тулд хэд хэдэн хор уршгийг бий болгохыг хэлнэ.

Харин энэ хэргийн хувьд С.Ариунжаргал нь хамтран амьдрагч Д.Одгэрэлийг хардасны улмаас Б.Төгс-Эрдэнэтэй барьцалдаж аван улмаар хутгалж гэмтэл учруулан гарч явах үед араас нь өшиглөсөн У.Мягмарсүрэнг нүүрэн тус газар нь цохиж, хөнгөн гэмтэл учруулж буй үйлдлүүд нь тус тусдаа бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, өөр өөр санаа зорилгоор үйлдэгдэж, нэгдмэл бус хор уршиг (прокурорын эсэргүүцэлд дурдсан) учруулсан нь нотлогдож байна.

Гэмт хэрэг давтан үйлдэх шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөр хоорондоо хамааралгүй тус тусдаа бие даасан эхлэл, төгсгөлтэй гэмт хэргүүдийг үйлдсэн байхыг шаарддаг.

Иймд анхан шатны шүүхээс С.Ариунжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 17 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын сарын 14-ний өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 17 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                           Б.ЗОРИГ

 

                                                                                                Н.БАТСАЙХАН