Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 313/ШШ2025/00140

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 01 өдөр Дугаар 313/ШШ2025/00140 Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг

 

Хариуцагч:*******, Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4-р баг, Урт

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд 8 626 336.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* /цахимаар/, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гурвантэс тооцооны төвийн зээлдэгч ******* /ЧР77030113/ нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 12 500 000 төгрөгийн онлайн цалингийн зээл авсан. ХҮГ байхгүй. Үндсэн зээлдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зуурдаар нас барсан. Хамтран амьдрагч *******ийн хүсэлтийн дагуу хуримтлагдсан хүүгээс чөлөөлүүлж, зээлийн хүүг зогсоож, үндсэн зээлийн үлдэгдэл 9 000 000 төгрөгийг үлдсэн хугацаанд буюу 23 сард тэнцүү хувааж сар бүрийн 02-ны өдөр 392 000 төгрөгөөр төлөхөөр 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр *******тэй төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. X.Оюунцэцэг нь төлбөр барагдуулах гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 325 хоногоор хэтэрч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлбөр төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн ч, төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр барагдуулах гэрээний төлбөрөө төлөөгүй байна.

Иймд банк 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №01 дугаартай төлбөр барагдуулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтуудыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 23-ний өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №01 дугаартай төлбөр барагдуулах гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 8 612 836.30 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13 500 төгрөг нийт 8 626 336.30 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банк ХК *******ээс 8 626 336 төгрөгийг нэхэмжилсэн. Тус нэхэмжлэлийг ямар үндэслэлээр нэхэмжилсэн гэхээр манай банкнаас цалингийн зээл авсан Галбаатарын 12 500 000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээг хамтран амьдарч байсан *******ийн хүсэлтийн дагуу төлбөр барагдуулах гэрээг 2024 оны 01 сарын 17-ны өдөр хийсэн. Тус төлбөр барагдуулах гэрээний дагуу 8 623 336 төгрөгийг Хаан банк ХК нэхэмжилж байна. ******* нь тайлбар хүсэлт дээрээ би сайн дураараа ирээгүй гэж бичсэн байна лээ. Тэр болохоор ******* өөрөө биечлэн Хаан банк ХК дээр ирж хүсэлт гаргаж, түүний дагуу зээлийн хүүг зогсоож, хуримтлагдсан хүүг төв банкны зээлийн хороогоор шийдүүлэн зогсоож, шийдвэр гарсны үндсэн дээр байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа. Эвлэрэх боломжгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн зээл авах процессын тухайд харилцагч Галбаатар 2023 оны 03 сард банканд цалингийн зээл авах хүсэлт гаргасан. Тухайн үед би тэр зээлийг гардаж олгож, зөвлөгөө өгч байсан хүн нь байгаа. Тэгээд Галбаатар нь тухайн үед интернет банканд Чухамжаргалан гээд манайхтай хамтран ажиллах гэрээтэй байгууллагад ажилладаг байсан. Зээл авах хүсэлт гарангуут хамтран зээлдэгч нь ямар хүн байна гээд ******* эгчийг дуудаж авчирч, цуг банк дээр ирж энэ хоёр маань зээлийн хүсэлтээ гаргаж байсан. Тухайн үед ямар зориулалтаар зээл авч байгаа вэ гэдэг талаар бид нар хоорондоо ярилцахад бид хоёр машин авах гэж байгаа, машин авах гээд зээл авах гэж байгаа гэдэг тайлбарыг өгсөн. Тэгээд онлайн зээлийн хүсэлт илгээх боломж байна, онлайнаар зээлийн хүсэлт илгээгээд үзье гээд тухайн харилцагчид би туслалцаа үзүүлээд, онлайн зээлийн хүсэлт илгээж үзэхэд 12 500 000 төгрөгийн зээлийн эрх тогтсон. Тийм учраас онлайнаар зээлийг нь олгоод, хамтран зээлдэгчээр ******* эгчийг аваагүй олгосон. Тухайн үед би ******* эгчийг хамтран зээлдэгчээр аваагүй, ингээд зээл маань цахимд шилжчихсэн учраас таны зээлийг онлайнаар гаргаж байгаа, энэ дээр хамтран зээлдэгч бүртгэх боломжгүй байдаг учраас хамтрангүй олголоо шүү, та энэ зээл дээр хяналт тавьж, зээл төлөх бүх процесс дээр хамтарч ажиллана шүү гэдгийг ******* эгчид, маш анхааралтайгаар хоёуланд нь зөвлөгөө өгч олгосон байдаг. Тухайн үед харилцагч 08 сард компани дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа нас барсан байдаг. Түүнээс хойш ******* эгч зээлийн төлөлтийг эгч нь төлнө гээд хийгээд явж байсан. Хийж явж байгаад эгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас зээл төлөхөд хүндрэл үүсэж байна, тийм учраас энэ зээлийн хүүг зогсоох, төлөлт дээр хөнгөлөлт үзүүлэх ямар боломж байна гэж хүссэний дагуу бид нар хоорондоо ярилцсан. Тэгээд ******* эгчид та хэд машин авна гээд зээл авсан шүү дээ гэдэг байдлаар ерөнхийдөө энэ зээлийг төлөх талаас нь ярилцаад, ******* эгч маань би энэ зээлийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд, хүү зогсоох арга байдаг бол тэгээд эгч нь үлдсэн хугацаанд нь тэнцүү төлөлтөө хувааж төлье гэдэг хүсэлтийг бид ярьж, зөвлөлдөж би хүсэлтийг нь төв банкны зээлийн хороогоор оруулж төлбөр барагдуулах гэрээг албан ёсоор хийсэн байгаа. Төлбөр барагдуулах гэрээг байгуулахын өмнө харилцагчийн хүсэлтийг ******* эгч маань өөрөө банк дээр өөрийн биеэр ирж гараараа 2024 оны 01 сарын 17-ны өдөр өргөдөл гаргасан байдаг. Тухайн үед тэтгэврийн зээл хугацаа тулсан тул цэвэр үлдэж байгаа 9 000 000 төгрөгийг үлдсэн 23 сард нь хүү зогсоож, тэнцүү төлөх байдлаар төлөх хүсэлтэй байна гэсэн хүсэлт гаргасны дагуу энэхүү нэхэмжлэлийг банкны зүгээс гаргаад байна. Тухайн үедээ харилцагчдаа зээл төлөх процесс, зээлээ төлөх ямар боломж бололцоо байна, зээлээ яагаад төлөхгүй байна, зээл төлөхгүй бол ийм ийм дараалалтай явах ёстой гэдэг мэдээллийг тухай бүр өгч байсан. ******* эгч маань уг нь зээлээ төлөхгүй гэж ер нь хэлдэггүй байсан. Надтай харилцах хугацаандаа ямар ч байсан зээлээ төлнө, эгч нь ингэж төлнө гэж ярьдаг байсан. Яг төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас хойш эрүүл мэндийн шалтгааны улмаас төлж чадахгүй байна гэдэг зүйл яриад байгаа. Тэгээд зээлээр худалдаж авсан хөрөнгө нь бол надад байгаа гэсэн зүйлийг өөрөө хэлж байдаг. Тэгэхээр бид хэд банкны зүгээс бол тухайн харилцагчийн өөрийнх нь хүсэл зоригийн хүрээнд гаргасан хүсэлтийн дагуу төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Хүчин төгөлдөр төлбөр барагдуулах гэрээний дагуу нэхэмжлэлээ гаргасан...Машиныг авах боломжгүй, эвлэрэх боломжгүй гэж үзэж байна. Өөрийнх нь хүсэл зоригийн хүрээнд гаргасан хүсэлтийн дагуу, нэхэмжлэлийнхээ дагуу л шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хаан банк ХК-д нотариатаар батлуулаагүй өргөдөл өгсөн. Тэрийг яагаад батлуулчихсан юм бэ гэдгийг асуух гэсэн юм. ...Би энэ зээлийг авахад нь өөрийн биеэр очиж зөвлөгөө аваагүй. Манай хүн шууд гэрээ хийгээд машин аваад авчирч өгсөн. Тэр үед би зээл хийлээ гэдгийг мэдсэн. Би түүнээс өмнө зээл хийнэ, юм авмаар байна гэхээр нь би ерөөсөө зээлд дургүй шүү гээд машин хүчээр өгсөн хүнд нь ч гэсэн хэлж байсан. Би зээлд дургүй шүү та нар битгий тийм хачин юм хийгээрэй гэж би гуйж л байсан. Ганцэцэг намайг хамт ирж зөвлөгөө авсан гэж байна. Би ерөөсөө очоогүй шүү. Нэг айлын ажил давхцаад, би тэр айлын ажилд оролцчихоод мал хуйгаа эзгүй хаячихсан болохоор шууд гэртээ давхиад явчихсан. Тэгсэн манай тэр хүн найз нөхөдтэйгөө нийлж байгаад л нэг машин аваад хүрээд ирсэн байсан. Өөр тайлбар байхгүй. Гэхдээ сүүлийн гэрээг Ганцэцэгийн утсаар ярьсны улмаас би очиж гэрээ хийсэн. Утсаар яриагүй бол би ажлаа хийгээд л гэмгүй явж байх байсан. Тэгээд би 02 сарын 20 хэдэнд автомашины аваарт ороод, төлбөрийн чадвараа алдаад зээл төлөх тийм ямар ч боломжгүй болоод, би машинаа ав гэсэн үг хэлсэн. Тэгээд машин ч аваагүй, ямар ч байсан хөрөнгө асуугаад л байсан. Тэгээд төлбөрийн чадвар одоо надад байхгүй. Тэтгэврийн зээл ихтэй байгаа...******* зээлээ төл, тэгээд Хаан банк дээр очиж гэрээ хий гэсэн үүрэг өгөөд утсаар ярьсан. Би тэр үүргийн дагуу очиж гэрээ хийсэн... Би утасныхаа хуулбарыг авахаар бол байгаа... Би утсаар ярьж биеийн байдлаас болоод ажил хийх чадваргүй болчихлоо, тэгээд гэрээгээ ядаж хүүг нь барагдуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан... Би нотариатаар батлуулах гээд очиход нотариатын байцаагч намайг энэ таны төлөх ёсгүй юм байна, тэгэхээр энэ гэрээн дээр чинь баталгаа хийж өгөхгүй, та бол энэ зээлийг төлөх ёсгүй юм байна гэсэн. Тэгээд баталгаа хийж өгөөгүй юм. Тэгэхээр нь би түүнээс хойш биеийн байдал ч муу, ажил төрөл хийхгүй, мөнгө цаасны орлогогүй болчхоод, төлөхөө больчихсон. Тэгээд би машиныг нь ав гэсэн юм хэлчхээд, зээл төлөхгүй суугаад байсан... Би ингэж хий, тэгж хий гэсэн зөвлөгөөнийх нь дагуу л бичсэн. Надад өөрөө яаж бичих ойлголт ерөөсөө байхгүй байсан... Одоо төлж чадахгүй, би машиныг нь л өгнө... Тэр машиныг өгч тэгж л зээлээ хаая гэж бодож байна гэв. Мөнгөөр төлж чадахгүй, хөрөнгөөр төлнө... Тэр хөрөнгийг тийм үнээр л авсан. Тэр хөрөнгийг л би өгнө, өөр ямар ч арга байхгүй... Би очоогүй шүү дээ, Ганцэцэг ээ...Тэр биш.******* андуурч байх шиг байна. Би тэрний урд сард нь Галбаатарын цахим үнэмлэхээр мөнгө авах гээд очсон. Түүнийг андуураад байх шиг байна...Чухамжаргалангаас 8 000 000 төгрөгийн тэтгэмж ирсэн. 8 000 000 төгрөг дээр хүн амьтны өгсөн мөнгөтэй нийлээд 9 000 000 гаруй төгрөгийн ирсэн. Түүгээр оршуулгынхаа зардлыг л арай гэж нөхсөн. Оршуулгын зардал гэж мөнгө олдоогүй. Улсаас оршуулгын тэтгэмж гэж мөнгө олдоогүй...Тэр хүний эдэлж хэрэглэж байсан машин, 4 ханатай гэр байгаа. Түүнийг өгнө, тийм л төлбөрийн чадвар байна. Өөр хэлэх юм байхгүй... гэжээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Анх 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *******т зээл олгохдоо *******ийг дуудаж уулзаж байсан. Онлайн зээл судалж 12 500 000 төгрөгийн зээлийн эрх тогтсон тул хамтран зээлдэгчээр *******ийг аваагүй. Зээлдэгчийг нас барснаас хойш ******* банк дээр өөрийн биеэр ирж 2024-1-17-нд зээлийг төлнө гэсэн өргөдөл гаргасан. Харилцагчийн өөрийнх нь хүсэл зоригийн хүрээнд төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, талийгаачийн машин шаардлага хангахгүй авахгүй гэдэг.

5. Хариуцагч ******* татгалзлын үндэслэлээ Долгорсүрэн овогтой Галбаатар нь манайд амьдарч байгаад 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ зуурдаар нас барсан. Хаан банкны Гурвантэс суман дахь салбараас дуудаж талийгаач 2023 оны 06 сард цалингийн зээл цахимаар 12 500 000 төгрөг авсан тул та төл гэдэг үүрэг өгсөн. Тус зээлийг 2024 оны 03 сар хүртэл 900 000 төгрөгийн илүү төлөлтэйгөөр төлж байгаад 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр авто машины аваарт орж хөдөлмөрийн чадвараа алдсан. Ганцэцэгийг утсаар ярьсны улмаас би очиж гэрээ хийсэн. Миний өргөдөл, гэрээ хоёр ямар ч баталгаагүй хүчин төгөлдөр бус зүйл байгаа. Талийгаачийн худалдаж авсан гэх машин, 5 ханатай гэр байгаа түүгээр нь зээлийг нь төлж болно тайлбарлан маргадаг.

6. Хаан банк ХК, ******* нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 12 500 000 төгрөгийг жилийн 18,60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай ЗГ/51844202 дугаартай Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулагдсан байна.

7. Хаан банк ХК, ******* нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалсан БГ/51844202 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байна.

8. Зээлдэгч Тэс овогтой Долгорсүрэнгийн Галбаатар 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нас барсан байна.

9. Хаан банк ХК, ******* нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 01 дугаартай төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болохоор заажээ. *******ын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг нь зээл авсан *******т холбогдолтой өөрөөр хэлбэл ******* нь ирээдүйд авах цалингаа барьцаалсан нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

******* нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №ЗГ/51844202 дугаартай зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй байна.

10. Зээлдэгч ******* нас барснаар түүнд холбогдолтой зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

11. Хуульд зааснаар үүрэг дуусгавар болсон байхад Зээлдүүлэгч тал тухайн дуусгавар болсон үүргийг гуравдагч этгээдтэй төлбөр барагдуулах гэрээ нэртэйгээр үүргийг хариуцуулахаар тохиролцсон нь хуульд нийцэхгүй.

 12. *******ын зээлийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэх талаар Хаан банк ХК нь нас барагчтай хамт амьдарч байсан гэх *******тэй 2024-01-17-ны өдөр өөрөө банкин дээр ирж зээлийг төлнө гэсэн хүсэлт гаргасны дагуу төлбөр барагдуулах гэрээг 2024-02-01-ны өдөр хийсэн. Хүчин төгөлдөр гэрээ гэсэн тайлбарыг гаргадаг.

Хариуцагч ******* ...гэрээг Ганцэцэгийн утсаар ярьсны улмаас би очиж гэрээ байгуулсан. Ганцэцэг зээлээ төл тэгээд Хаан банк дээр очиж гэрээ хий гэсэн үүрэг өгөөд би тэр үүргийн дагуу очиж гэрээ хийсэн гэсэн тайлбарладаг.

13.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэжээ.

*******ийн 2024-01-17-ны өдөр гаргасан өргөдлийн агуулгаас харвал *******ын зээлийг ямар хэлбэрээр төлж барагдуулах талаар хүсэлтээ илэрхийлсэн байх ба үүнийг төлбөр барагдуулах гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

14.Түүнчлэн гэрээ байгуулахаас өмнө *******ын зээлийн үлдэгдлийг ******* сайн дураараа төлж байсан үйлдлийг төлбөр барагдуулах гэрээг үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр бус байх тул хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

15. Хаан банк ХК нь нас барсан *******ын зээлийн төлбөрийн үлдэгдлийг *******ээс Төлбөр барагдуулах гэрээний үндсэн дээр шаардах эрхгүй байна.

 

16. ******* нь *******тай холбоотой зээлийг төлж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогддог бөгөөд хариуцагч ******* нь сайн дураараа төлөгдсөн төлбөртэй холбоотой маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 752.1 дэх хэсэгт Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж заасны дагуу тус хэргийг нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.1-дэх хэсэг, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлийн 39.1, 40.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хаан банк ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хаан банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 971 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ