Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 368

 

 

 

 

 

 

 

 

 

     С.Номинд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Нархажид,

ялтан С.Номин /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

ялтан С.Номингийн өмгөөлөгч А.Ганбат,

хохирогч Э.Оюунтунгалаг,

нарийн бичгийн дарга А.Ханджамц нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 4ий өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Номин, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Номинд холбогдох 2014250006841 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 9ий өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Сумъяахүүгийн Номин, 1990 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хорооллын 31 дүгээр байрны 30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УЗ90022665/,

 

С.Номин нь “ХААН” банкны зээлийн барьцаанд тавигдсан өөрийн өмч болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамжны 194 тоот хашаа, байшинг 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлээс чөлөөлүүлнэ гэж иргэн Э.Оюунтунгалагаас 7 хоногийн хугацаатай 48,000,000 төгрөгийн зээл авч, чөлөөлүүлээд улмаар 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр уг хашаа, байшинг “Ану Маргад” Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж 35,000,000 төгрөг авсан атлаа Э.Оюунтунгалагийн зээлийг төлөхгүйгээр 48,000,000 төгрөгийг залилан авсан,

 “Гаалийн татварын мөнгө дутаад байна” гэж хуурч мэхлэн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Б.Оюусондороос 3,000,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Б.Мөнхжаргалаас 2,000,000 төгрөгийг залилан авсан,

2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “ХААН” банкны эзэмшилд байсан “Toyota Vanguard” загварын автомашиныг барьцаанд тавьж иргэн П.Нямдоржоос 10 хоногийн хугацаатай 3,000 доллар буюу 5,954,070 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр “Эрээн дээр ирсэн бараагаа оруулж ирэх гэтэл мөнгө дутаад байна” гэж 800,000 төгрөг, нийт 6,754,070 төгрөгийг залилан авч, бусдад 59,754,070 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Номингийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Номинг бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгийн эд хөрөнгө хураан, 11 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.Номинд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Номингоос 52,854,070 төгрөг гаргуулан хохирогч Э.Оюунтунгалагт 42,500,000 төгрөг, Б.Оюусондорт 1,600,000 төгрөг, Б.Мөнхжаргалд 2,000,000 төгрөг, Б.Нямдоржид 6,754,070 төгрөг тус тус олгож, хохирогч Э.Оюунтунгалагийн нэхэмжлэлээс 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 37-72 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээ, түлхүүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн С.Номингийн нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамжны 194 тоотод байрлах амины орон сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 5б байрны 13 тоот орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, ХД-41 дүгээр байрны 190 тоот орон сууцыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч нарын хохирлыг барагдуулахаар Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтан С.Номин гаргасан давж заалдах гомдолдоо: “... 2014 оны 9 дүгээр сард Оюунтунгалаг гэх хүний “С.Номин өөрөөс нь 60,000,000 төгрөг 3 хоногийн хугацаатай зээлээд зугтсан” гэсэн гомдлыг шалгахдаа зөвхөн хохирогч талын ашиг сонирхлыг харгалзан шийдвэр гаргаж байсанд гомдолтой байна.

Би 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Төгсжаргал гэх хүнд мөнгө зээлж, “зээл хаалгуулах хүсэлттэй байна” гэдгээ илэрхийлж 48,000,000 төгрөг авч зээлээ хаасан. Ингээд Төгсжаргалтай нотариат орж зээлийн гэрээ, зээлсэн мөнгөнийхөө барьцаанд өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж барьцааны гэрээ хийсэн. Зээлийн гэрээ хийх явцад зээлсэн 48,000,000 төгрөг дээрээ 7 хоногийн хүү болох 2,500,000 төгрөгийг нэмээд шууд 50,500,000 төгрөг зээлсэн, цаашлаад хүү алданги байхгүй гэсэн гэрээ хийсэн. Мөн барьцааны гэрээгээ үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлээгүй учир нь дараа нь дахин зээл авна гэж тохирсон.

Үүнээс хойш манай байрыг авна гэж байсан Жаргалсайхан гэх хүний зээл удааширч Төгсжаргалын мөнгийг хугацаанд нь төлж чадаагүй. Тиймээс Төгсжаргалд хүүний мөнгө болох 2,500,000 төгрөгийг өгч, барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөө Банк бус санхүүгийн байгууллагын газар дахин 35,000,000 төгрөгт барьцаанд тавиад зээл авсан. Үүний 7,100,000 төгрөгийг нь Төгсжаргалд өгч, 7,000,000 төгрөгийг Банк бус санхүүгийн байгууллагад буцаан төлсөн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг ээждээ наймаанд нэмэрлээд өгсөн. Би бодохдоо үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ байгаа тохиолдолд давхар барьцаалж болдог болохоор Жаргалсайхан манай байшинг авах юм чинь Төгсжаргалын мөнгийг өгнө гэж бодоод зээл авсан. Гэтэл Жаргалсайхан миний байрыг авах нь улам удааширч, утсаа авахгүй алга болсон. Ийм байдалд орчихоод Төгсжаргалд “мөнгийг бүгдийг нь өгч чадахгүй байна та 15,000,000 төгрөг авч бай” гэж түүний найз Оюунтунгалаг гэх хүнээр дамжуулан хэлүүлсэн боловч “тийм юм байхгүй мөнгөө авна”, Оюунтунгалаг “би чиний өмнөөс Төгсжаргалд мөнгийг чинь өгсөн, одоо чи надад мөнгө өг” гээд нотариат орж гэрээ хийхээр болсон. Оюунтунгалаг бид хоёр уулзахад Оюунтунгалаг намайг өөрийн хүргэн ах гэх нэг цагдаа хүний хамт баруун 4 замын Хэрэг бүртгэх газрын хажууд автомашинтай хүлээж байсан. Намайг уулзахад цагдаа гэх ах нь “чи одоо Оюунтунгалаг миний дүүд байраа нэр дээр нь болгож өг, эсвэл 60,000,000 төгрөг өгнө гэсэн бичиг хийж өг” гэж айлгаж байгаад Оюунтунгалагт 60,000,000 төгрөг өгнө гэсэн бичиг хийлгүүлж авсан. Ингээд Оюунтунгалаг надаас 60,000,000 төгрөг нэхэх болсон. Би Төгсжаргалын мөнгө гэж Оюунтунгалаг, Цолмон хоёрт бэлнээр 2,500,000, 2,000,000 төгрөг, мөн Оюунтунгалагийн “Голомт” банкны дансанд 1,800,000 төгрөг, Оюунтунгалаг, Цолмон хоёрын хэлснээр түүний найз гэх хүний дансанд 800,000 төгрөг буюу нийт 7,100,000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг Төгсжаргалд өгсөн эсэх тодорхойгүй. Энэ тухай олон удаа цагдаа, прокурорын газар гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Би Оюунтунгалаг гэх хүнээс нэг ч төгрөг аваагүй, энэ хүнд ямар ч хохирол учруулаагүй байхад яг ямар нотолгоон дээр үндэслэн Оюунтунгалагийг хохироосон гэж тооцон гэмт хэрэгтэн болгож байгаа юм бэ. Оюунтунгалаг гэх хүн надад мөнгө өгсөн гэх нэг ч нотлох баримт байхгүй байхад зөвхөн түүний зөрүүтэй мэдүүлэг хэргийн гол нотлох баримт болж байгаад гомдолтой байна. Би 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Төгсжаргал гэх хүнээс 48,000,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээгээ нотариатаар баталгаажуулсан. Гэтэл нотариатаар батлуулсан гэрээ хуулийн өмнө баримт нотолгоо болж чадахгүй байгаа бол нотариатаар үйлчлүүлэх ямар шаардлага байгаа юм бэ. Мөн энэ хэргийн гол гэрч болох Төгсжаргал, Цолмон нараас хэдэн төгрөг өгсөн ямар гэрээ хийсэн талаар асуухад байгаагүй, мэдэхгүй гэсэн байдаг. Гэтэл энэ хоёр хүн хэргийн гол гэрч болж байгаад гомдолтой байна.

Төгсжаргал мэдүүлэгтээ хэдэн төгрөг зээлсэн, ямар гэрээ хийснээ мэдэхгүй гэсэн байгаа. Төгсжаргал нь нягтлан бодогч мэргэжилтэй, Даатгалын газар олон жил ажилласан мэргэжлийн санхүүч, дээд боловсролтой хүн байж ийм мэдүүлэг өгч байгаад гайхаж байна. Нотариатын газар хийж буй гэрээ болон гэрээнд хүлээх хариуцлага үр дагаврыг хангалттай тайлбарлаж өгсний дараа гарын үсэг зуруулдаг. Гэтэл эдгээр хүмүүсийн мэдэхгүй гэсэн мэдүүлэг нь анхнаасаа учир дутагдалтай байгаа тул баримт нотолгоо гаргуулах хүсэлттэй байна. Үүнд:

- Оюунтунгалаг, Төгсжаргал нар надад яг хэдэн төгрөг хаанаас гаргаж өгсөн болохыг нотлох баримтаар баталгаажуулах.

- Оюунтунгалаг Төгсжаргалд хэдэн төгрөг хаанаас гаргаж өгснөө батлах.

- Хохирлын эргэн төлөлтийн талаар албан албан ёсны санхүүгийн шинжээч оруулах.

- Ямар нотлох баримт тулгуурлан Оюунтунгалагийн 48,000,000 төгрөгийг хохироосон гэж үзэж байгааг нарийн нотолгоон дээр тулгуурлан гаргаж өгөхийг хүсэж байна.

Энэ бүхний эцэст би өөрийгөө ямар ч буруугүй, хэнд ч хохирол мөнгө төлөхгүй, хэнийг ч хохироогоогүй гэж хэлэх гэсэнгүй. Төгсжаргал гэдэг хүнээс 48,000,000 төгрөг зээлээд, зээлийн гэрээний хугацаанд мөнгө төлж чадаагүй нь миний буруу. Жаргалсайхан гэдэг хүн манай байрыг авах нь гэж бодоод ийм хөнгөн хуумгай алхам хийсэндээ одоог хүртэл харамсаж байна. Би Төгсжаргал гэх хүнийг залилах ямар ч санаа бодол агуулаагүй. Тухайн үед Оюунтунгалаг гэх хүн Төгсжаргал бид хоёрын дундуур орж илүү мөнгө буюу 60,000,000 төгрөг нэхэлгүй гэрээний дагуу мөнгөө нэхэмжилсэн бол, хохирлоо төлөх боломжтой байсан. Одоо ч миний нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг зараад хохирлоо төлөх бүрэн боломж байна. Би хууль гэдэг зүйл хэнд ч эрх тэгш үйлчлэх ёстой гэж бодож байна. Өнөөдөр хохирогч гэх Оюунтунгалаг намайг олон янзаар гүтгэж Цолмон, Төгсжаргал хоёртой нийлж анхнаасаа залилан мэхлэх зорилготой болгон харагдуулах гэж мэдүүлэг өгсөн. Мөн Оюунтунгалаг мэдүүлэг болгондоо хохирлын хэмжээгээ өөрөөр, болсон явдлыг гуйвуулж хэлдэг. Гэтэл өнөөдөр цагдаа, прокурорын газар хохирогчийн юу ч хамаагүй зохиож, хүнийг гэмт хэрэгт гүтгэж, цагдаа хүнээр сүрдүүлж байхад түүний мэдүүлгийг үнэн зөвийг нь тогтоож баримт нотолгоо гаргахаас илүү намайг гэмт хэрэгтэн болгож байгаад үнэхээр гомдолтой байна.

Хууль гэдэг хүнийг гэмт хэрэгтэн болгохдоо биш болсон явдлын үнэн зөвийг олоход оршино гэж би боддог. Иймд бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож, хохирол төлөх боломж олгож, гаргасан алдаагаа засах боломж олгоно уу...” гэжээ.

 

Ялтан С.Номин тус шүүх хуралдаанд цахимаар оролцож гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

 

            Ялтан С.Номингийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

С.Номинд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын явцад хууль хэрэглээний талаар мэргэжлийн зүгээс ноцтой алдаа гаргаж, шалгавал зохих зарим асуудлуудыг нарийвчлан шалгалгүй орхигдуулж байцаан шийтгэх ажиллагаа дутуу явагдсан байна. Үүнд:

1. С.Номин нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ж.Төгсжаргалтай 50,500,000 төгрөгийн “Зээлийн гэрээ” байгуулснаас үзэхэд уг зээлийн асуудал эргэн төлөгдөхгүй удсаны улмаас хуулийн байгууллагад ханджээ. Энэ нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийн асуудлаар иргэний журмаар шийдвэрлэгдэх асуудлыг “залилан мэхлэх” гэмт хэрэг мэтээр цагдаагийн байгууллага тэр тусмаа мөрдөн байцаах байгууллагаар шалгуулж шүүхээр шийдвэрлэсэн байна.

2. Онолын хувьд залилан мэхлэх гэмт хэрэг нь анхнаасаа гэмт хэргийн сэдэлтийн хувьд “Э.Оюунтунгалаг гэдэг хүнийг залилан мэхлэж өөртөө ашиг хонжоо олох” гэсэн санаа зорилго агуулсан байх ёстой. Гэтэл С.Номин зүгээр л зээлийн барьцаанд байсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамжны 194 тоот хашаа байшинг чөлөөлүүлэхээр иргэн Ж.Төгсжаргалтай зээлийн гэрээ хийсэн.

Харин Э.Оюунтунгалаг гэдэг хүн мөнгөтэй хүн олж өгч өөрөө зээлийн хүүний ашиг олох нөхцөлийг бүрдүүлсэн гэрээ хийлгэхээр С.Номин, Ж.Төгсжаргал нарыг ятгаж гэрээ хийлгэсэн байдаг. С.Номингийн өртэй хүнд байдлыг далимдуулан Ж.Төгсжаргалын зээлийн хүү 2,500,000 төгрөг, дараа нь 2,000,000 төгрөг мөн хэд хоногийн дараа “Голомт” банкны дансаар 1,800,000 төгрөг, “ХААН” банкны дансаар 800,000 төгрөг шилжүүлэн Э.Оюунтунгалаг өөртөө аван ашиг хонжоо олсон байхад энэ талаар мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй, тогтоохийг ч хүсээгүй, тэр ч бүү хэл хохирлын тооцоонд ч оруулаагүй байгаа нь хачирхалтай. Э.Оюунтунгалагийн энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд нүдээ аниад өнгөрсөн нь нөгөө “иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” гэж заасан Үндсэн хуулийн зарчим алдагдаж яллах нотлох баримтууд зөвхөн С.Номинд үйлчлээд байгаа нь байцаан шийтгэх ажиллагаа хэт яллах талыг барьсан нь харагдаж байна.

3. 2015 оны 12 дугаар сард хохирогч П.Нямдорж нь С.Номинг 10 дугаар хороололд “Номин” дэлгүүрийн орчим гудамжинд явж байхад нь “чи миний хохирлыг одоо төл, төлөхгүй бол шоронд хийлгэнэ” гэж айлган дарамталж ямар ч баримт үйлдэлгүй “Самсунг” загварын гар утас, халаасанд нь байсан 300,000 төгрөгийг булааж авсан байдаг бөгөөд энэ талаар хохирол төлсөн гэх баримт хавтаст хэрэгт мөрдөн байцаагч Гантулгад хэлсээр байтал тусгагдаагүй орхигдуулсан.

4. Ш.Жаргалсайхан гэдэг хүн 2014 оны 6 дугаар сарын үед С.Номинтой уулзаж Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутыч 9 дүгээр гудамжны 194 тоот хашаа байшинг худалдаж авахаар тохиролцож зээлээ чөлөөлөх шаардлага тавиад амьд сэрүүн явж байсан хүн яахаараа 3 жилийн өмнө нас барсан гэж прокурорын шатанд тогтоогоод байгаа юм. Ор үндэсгүй худлаа болох нь тогтоогдож байна. Энэхүү тогтоосон нотлох баримтаа сайтар шалгаж мухарлаагүй дутуу орхигдуулсан байдаг.

5. Хохирогч Э.Оюунтунгалаг нь С.Номинг 2014 оны 7 дугаар сард айлган сүрдүүлж “Одоо чамайг хориулна, эсвэл чи 60,000,000 төгрөг надаас зээлж авсан гэдэг бичиг хийж өг” гэж баруун 4 замд байдаг “Элба” дэлгүүрийн хажууд байх хэрэг бүртгэх газрын гадна автомашин дотор 60,000,000 төгрөг зээлсэн гэсэн бичиг хүчээр хийлгэж авсан энэхүү хууль бус ажиллагаанд Цагдаагийн байгууллагын нэр нөлөө бүхий ажилтан хувийн сонирхлоор оролцсон нь харамсалтай байна.

6. С.Номинд ял оногдуулах нь зүйтэй гэж үзвэл 0-3 настай 2 хүүхэдтэй, одоо 6 сартай жирэмсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгээр шийдвэрлэгдэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээр дурьдсан зүйлүүдийг нарийвчлан шалгаж тогтоох зорилгоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд нэг ч худал зүйл мэдүүлээгүй. С.Номин нь ээж, дүүтэйгээ хамт ирж надтай уулзан мөнгө зээлсэн. Нийт надтай 16 удаа уулзсан. С.Номинг байраа миний нэр дээр шилжүүлнэ гэж бодоод явж байтал Цэрэнгийн нэр дээр байсан байрыг зээлийн хугацаа дуусаагүй байхад 3 сарын дараа надад өгсөн. Би С.Номинд итгээд л байрны гэрчилгээг нь аваагүй. Энэ нь миний алдаа байсан. Би С.Номинг 3 сар тэсвэртэй хүлээсэн. С.Номин нь банкны зээл хөөцөлдөж байсан боловч аваагүй байдаг. Яагаад аваагүй талаар нь судлаад үзэхэд ББСБ-ын барьцаанд байраа тавьсан байсан. Мөн С.Номинтой холбоотой дөрвөн ч иргэний хэрэг үүсээд шийдэгдээгүй байсан. Энэ хэргийн ар тал С.Номингийн ээж нь байгаа. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсч байна. Би С.Номинд өдөр бүр гар утсаар захиа илгээж байсан. Хэдхэн төгрөгийн төлөө хорих ял авч байгаад харамсаж байна. Надтай цуг С.Номин дээр очсон Сайнаа гэх цагдааг гүтгэж болохгүй. Тухайн өдөр гэрээ хийгдээгүй. Баянзүрх дүүргийн урд гэрээг хийсэн. Энэ мөнгө бол миний мөнгө. Хохирлоо барагдуулмаар байна.” гэв.

 

Прокурор П.Нархажид тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.Номин болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дараах дүгнэлтийг гаргаж байна. Ялтны өмгөөлөгчийн зүгээс зээлийн гэрээ хийсэн, иргэний эрх зүйн харилцаа гэж байна. 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр С.Номин, Ж.Төгсжаргалтай зээлийн гэрээ хийсэн байдаг боловч Э.Оюунтунгалаг, Цолмон хоёр нь ярилцаж тохиролцсоны үндсэн дээр зээл чөлөөлөх үйл ажиллагаа явуулахаар болж зар тавьсан байдаг. Уг зарын дагуу С.Номин холбогдсон. С.Номин 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа би “Хас” банкинд зээл хөөцөлдөж байгаа. Тиймээс 7 хоногийн дараа зээлээ төлнө гэсэн байдаг. Мөн зээл чөлөөлөх үйл ажиллагаа “ХААН” банкны тусгай өрөөнд явагдсан байхад ялтны өмгөөлөгч “Голомт” банкны тусгай өрөөний камерын бичлэгийг шалгах ёстой байсан гэж байгаа нь хавтаст хэрэгтээ бүрэн танилцсан эсэх нь эргэлзээтэй гэж үзэхээр байна. 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр банкны зээлээс чөлөөлүүлсэн байраа барьцаанд тавьж “Ану Маргад” ББСБ-аас 35,000,000 төгрөг авсан. Үүнээс С.Номин ямар санаа, зорилготой байсан нь харагдаж байна. С.Номин Э.Оюунтунгалагт болохоор одоо банкнаас зээл авахаар хөөцөлдөж байна гэж хэлсээр байгаад 5 сар өнгөрсөн. Ингээд Э.Оюунтунгалаг цагдаад хандаж, эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгуулсан. С.Номин нь иргэний гэрээгээр халхавч хийж, залилан хийсэн болох нь нотлогддог.

П.Нямдорж нь 300,000 төгрөг авсан гэж байна. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд огт гомдол гаргаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 236 дугаар зүйлд зааснаар нотлох баримтын хүрээнд хэрэг шийдвэрлэгдсэн. Үнэхээр тийм асуудал байсан бол жич гомдол гаргах эрх нь нээлттэй.

Жаргалсайхан гэж хүний нэр гарч ирсэн. Жаргалсайхан миний байрыг худалдаж авна гэсэн учир эд хөрөнгөө чөлөөлүүлсэн гэдэг. Энэ бол огт худлаа. Жаргалсайханы талаар хангалттай судалсан. Хамгийн сүүлд Жаргалсайханы оршин сууж байсан газар нь очиход хажуу айлын хүн нь нас барсан, одоо хүүхдүүд нь амьдарч байгаа гэсэн. Жаргалсайханы талаар мөрдөн байцаах ажиллагаа хийсэн. Жаргалсайхан нь С.Номингийн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх сэдэлт санаа зорилгод нь огт хамаагүй.

Хохирогч Э.Оюунтунгалаг цагдаа авчирч С.Номинг дарамтлан 60,000,000 төгрөгийн гэрээг хийлгүүлсэн гэсэн гомдол гаргасан. Гомдолтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг хийгдсэн. Гэхдээ 60,000,000 төгрөг нь энэ хэргийн бодит хохирол биш. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрдэл буюу ял шийтгэл оногдуулахад 60,000,000 төгрөг нь ямар ч хамааралгүй юм.

Мөн ялтны өмгөөлөгч хоёр салаа утгаар гомдол гаргасан. Нэг болохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйл, заалтыг хэрэглэж өгнө үү гэж байгаа нь ойлгомжгүй байна. Үнэхээр гэмт хэрэг нь хийсэн болох нь нотлогдоогүй юм бол энэ талаараа нотлох баримт, үндэслэл гаргаж ирэх хэрэгтэй.

С.Номин Ж.Төгсжаргалтай зээлийн гэрээ хийсэн гэж байна. С.Номин нь байраа чөлөөлүүлж аваад л алга болсон. Олж очоод зээлийн гэрээгээ хийе гэхээр нь иргэний үнэмлэх байхгүй гэдэг. Ингээд зээлийн гэрээ байгуулах болоход хохирогчийн иргэний үнэмлэх нь байхгүй байсан учир Ж.Төгсжаргал нь С.Номинтой зээлийн гэрээ хийсэн. С.Номингийн “ХААН” банктай хийсэн зээлийн гэрээний үлдэгдэл нь 47,000,000 төгрөг байсан. Э.Оюунтунгалаг нь огт хүү тооцохгүй гээд 50,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Иймээс нийт хохирлын дүнг 48,000,000 төгрөг гэж үзсэн. С.Номин 48,000,000 төгрөгөөр зээлээ чөлөөлүүлсэн. 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ дээр 50,500,000 гэж хэдийгээр байгаа боловч огт хүү тооцохгүй гэж гэрээндээ зааж өгсөн байсан тул хохирлын хэмжээг 48,000,000 төгрөгөөр тооцсон. С.Номин Э.Оюунтунгалагтай зээлийн гэрээ хийгээгүй Ж.Төгсжаргалтай зээлийн гэрээ хийсэн гэдэг боловч Ж.Төгсжаргалтай ямар ч хамааралгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд хангалттай тогтоогдсон. Ж.Төгсжаргалыг хохирогчоор тогтоох гэсэн боловч Ж.Төгсжаргал нь надад хохирсон зүйл байхгүй, С.Номинг огт мэдэхгүй гэж хэлсэн байдаг.

Мөн ямар баримтад тулгуурлаж Э.Оюунтунгалагийг хохирогчоор тогтоосон юм бэ. Мөнгөний эх сурвалжийг тогтоож өгөөч гэсэн байна. Хохирогчийн мөнгөний эх сурвалжийг тогтоох шаардлага байхгүй. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон боловч шүүх хуралдааны дэгийг зөрчсөн учир шүүх хуралдааны танхимаас гарсан. Хохирогчийн зүгээс зөвхөн хохирлоо барагдуулмаар байна гэж байна. Хохирогч хуулийн байгууллагад маш олон удаа хандсан. С.Номингийн нэр дээр байх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. С.Номинд хохирлыг барагдуулах боломж байсан. С.Номин мөрдөн байцаалтын шатанд батлан даалтад байсан боловч тухайн хугацаандаа 3 хүнийг залилан мэхэлсэн. Үнэхээр хохирогч П.Нямдорж нь С.Номинг дарамталж, сүрдүүлсэн бол гомдол гаргах эрх нь нээлттэй. Иймд С.Номингийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоохын зэрэгцээ зөвхөн гомдолд дурдсан зүйлээр хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

С.Номин нь “ХААН” банкны зээлийн барьцаанд тавигдсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамжны 194 тоот хашаа, байшинг барьцаанаас чөлөөлүүлэхээр 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэн Э.Оюунтунгалагаас 7 хоногийн хугацаатай 2,500,000 төгрөгийн хүүтэй 48,000,000 төгрөгийн зээл авч, уг хөрөнгийг 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Ану Маргад” Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж 35,000,000 төгрөгийн зээл авсан атлаа хохирогч Э.Оюунтунгалагийн зээлийг төлөлгүй, “банкны зээл хөөцөлдөж байна, удахгүй бүтнэ” гэх зэргээр хуурч мэхлэн 48,000,000 төгрөг залилан авсан,

- Дээрх хэрэгт шалгагдаж байхдаа “Гаалийн татварын мөнгө дутаад байна” гэж хуурч мэхлэн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Б.Оюусондороос 3,000,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Б.Мөнхжаргалаас 2,000,000 төгрөг залилан авсан,

- “Хил дээр ирсэн бараагаа оруулж ирэх гэтэл мөнгө дутаад байна” гэж хуурч мэхлэн 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “ХААН” банкны эзэмшилд байсан “Toyota Vanguard” загварын автомашиныг П.Нямдоржид барьцаалан 10 хоногийн хугацаатай 3000 доллар буюу 5,954,070 төгрөг, мөн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 800,000 төгрөг нийт 6,754,070 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 59,754,070 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Хохирогч Э.Оюунтунгалагийн “… 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Цолмонгоор дамжуулаад Номин болон эх Цэрэн, ах нар нь миний ажил дээр ирээд “манай хашаа, байшин “ХААН” банкны зээлэнд байгаа, чөлөөлж өгөөч” гэхээр нь “надад 50,000,000 төгрөг байхгүй, 20,000,000 төгрөг байгаа” гэж хэлсэн... Номин “хашаа, байшингаа 100,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ газар, байшингаа зээлээс чөлөөлмөгцөө “Жигүүр гранд”-ын байранд байрлах “Хас” банкны зээлийн эдийн засагч Ганхуяг гэдэг хүнтэй ярьчихсан байгаа. Зээлээ аваад гурван хоногийн дараа буцаагаад өгнө” гэж хэлсэн... Ингээд маргааш өглөөнөөс нь Номин олон удаа утсаар яриад “та надад зээл гаргаад өгөөч. Би удаахгүй, гурав хоногийн дотор гаргаж өгнө” гээд байхаар нь найз Ж.Төгсжаргалаас 40,000,000 төгрөг зээлэхээр болсон. Ж.Төгсжаргал, С.Номинд хандан “би та нарыг танихгүй. Оюунтунгалаг би чамд 40,000,000 төгрөг хүүтэй зээлүүлж байгаа шүү” гэсэн. Ж.Төгсжаргалаас 40,000,000 төгрөг аваад, өөрт байсан 10,500,000 төгрөг нэмээд 50,500,000 төгрөгийг “ХААН” банк дотор С.Номинд хүлээлгэн өгч, Хан-Уул дүүргийн нотариат дээр Ж.Төгсжаргалын нэр дээр 50,500,000 төгрөг авсан гэсэн гэрээ хийсэн. Ингээд үл хөдлөх явах гэсэн боловч ажлын цаг өнгөрсөн байсан... 5 хоногийн дараа Д.Цолмон руу утасдаад “Зээлийн хугацаа болсон, яасан бэ” гэхэд Д.Цолмон “энэ хүмүүсийн зээл шалгагдаад байна. Чамд 5 хоногийн хүү 2,500,000 төгрөг өгсөн” гэхээр нь “Төгсжаргалд аваачаад өгчих” гэж хэлээд явуулсан... 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Ж.Төгсжаргал “найз нь явах болчихлоо, мөнгөө авъя” гэхээр нь би Д.Цолмон руу уурлаад “нөгөө хүмүүс чинь яачихсан юм бэ” гэж хэлэхэд Д.Цолмон “зээл хөөцөлдөж байгаа” гэж хэлсэн. Ингээд 7 дугаар сарын 6-ны өдөр Ж.Төгсжаргалд зээлийн хүү 2,000,000 төгрөг, нөхөрийн хадгалуулсан мөнгөнөөс 40,000,000 төгрөгийг өгч С.Номинд зээлүүлсэн Ж.Төгсжаргалын өрийг дарсан. Үлдэгдэл хүү 2,500,000 төгрөгийг Ж.Төгсжаргалыг наадамд явсаных нь дараа дансаар шилжүүлсэн. 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр... С.Номингийн ордерийг нь нэхээд зээл авч нөхрийнхөө хадгалуулсан мөнгийг гаргаж өгөх гэхэд “эгчээ би банкинд өгчихсөн байгаа” гээд хойшлуулаад байхаар нь өөрийн нэр дээрх бичил хорооллын 4 өрөө байрыг тавьж өдрийн 1 хувийн хүүтэйгээр 40,000,000 төгрөгийг зээлээд нөхөртөө өгсөн. С.Номин хүүг нь төлнө гэж амласан. Ингээд наадам өнгөрөөд 7 дугаар сарын 18-ны өдөр нөгөө хүмүүс надаас зээлсэн мөнгөө нэхэхээр нь би Цолмонгийн хамт уулзахад Цэрэн эгч “хүүг нь өгье” гээд миний мөнгө зээлсэн хүмүүст зээлийн хүүг өгсөн. Ингээд надад хэлэхдээ “би өөрийнхөө байрыг хоёр давхар болгож байгаа. Зээл бараг гарах гээд байна. Та тав хоног хүлээчих” гэж хэлэхээр нь би итгээд тав хоног хүлээсэн боловч надад мөнгө өгөөгүй... С.Номин, Д.Цолмонтой уулзаж мөнгө асуухад “Жуков”-ын музейн хажуу талын “ХААН” банкинд өгсөн байгаа гэхээр нь би тэр хүмүүст 10 хоногийн хугацаа өгсөн... Удаа дараа утсаар холбогдоход банкинд хүлээгдээд байна гэж хэлсээр байгаад 8 дугаар сарын 5-ны өдөр би амралтаар гадаад руу явсан ба буцаж ирэхэд бас бүтээгүй байсан. Тэрнээс хойш байнга л банкинд болж бүтэхгүй байна гэж хэлсээр 8 дугаар сарын 15-ны өдөр Солонгос явах шаардлага гараад Д.Цолмонгийн автомашиныг барьцаанд тавьж 2,000,000 төгрөг аваад, С.Номингоор “8 дугаар сарын 25-нд 60,000,000 төгрөг өгнө” гэсэн бичиг хийлгүүлж авсан... С.Номинтой утсаар холбогдоход Их дэлгүүрийн урд талын “Голомт” банкинд тавьчихсан байгаа удахгүй бүтнэ. Та итгэхгүй байвал асуугаарай, Ганзаяа гэдэг зээлийн эдийн засагч байгаа” гэхээр нь би бас л итгээд “Голомт” банкинд таньдаг хүнээрээ асуухад Номингийн нэр дээр “Голомт” банкны зээлийн түүх үүсчихсэн байсан. Ингээд би таньдаг хүндээ “зээл нь гарахаар бол надад хэлээрэй” гэж хэлж байсан. Удалгүй таньдаг хүн маань яриад “С.Номингийн зээл нь бүтсэн боловч өөрөө материалаа аваад явчихсан байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш С.Номин надаас зугтаасан. Хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан ба ах болон ээж нь хүрч ирээд надаас гуйж, загнаад байхаар нь би Ж.Төгсжаргалтай утсаар холбогдон гэрээг нь олж аваад үл хөдлөх дээр шалгуулахад “Ану Маргад” Банк бус санхүүгийн байгууллагад 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр буюу надаас мөнгө авсны маргааш нь зээлийн барьцаанд тавьсан байсан... Маш их гомдолтой, хохиролтой байна...” /1-р хх-13-16, 151, 165, 2-р хх-140/,

- Гэрч Д.Цолмонгийн “... 2014 оны 6 дугаар сарын эхээр Э.Оюунтунгалагтай утсаар ярихад “хэдэн төгрөгийн зээл гаргая, чи хамтарч ажиллаач” гэхээр нь зөвшөөрч “Шуурхай зар” сонинд зээл чөлөөлөх зар тавьсан. Ингээд С.Номин гэх эмэгтэй залгаад “зээл чөлөөлүүлэх гэсэн юм. Банктайгаа ярьсан” гэхээр нь Э.Оюунтунгалаг руу залгаад “зээл чөлөөлүүлэх гээд хүн орж ирж байна” гэхэд Оюунтунгалаг ажил дээр дуудчих гэсэн... С.Номин ээж, ах нарын хамт хүрч ирээд Э.Оюунтунгалагтай уулзсан... 7 орчим хоногийн дараа С.Номингийн зээл гарахгүй удаад байхаар нь Э.Оюунтунгалаг бид хоёр С.Номин болон Номингийн ээж рүү нь утсаар ярихад “7 хоногоор сунгая, зээл арай гарч амжихгүй байна” гээд 7 хоногийн төлбөр болгож 2,500,000 төгрөгийг өгөхөөр нь Э.Оюунтунгалагт  өгсөн... 10 хоногийн дараа Э.Оюунтунгалаг бид хоёр С.Номингоос юу болж байгаа талаар асуухад “Хас” банкнаас зээл авах ажил бүтэхгүй болсон. Өөр банкнаас авахаар боллоо гэж хэлсэн. Тэрнээс хойш залгахад “ХААН”, “Голомт” банкинд зээлийн материалаа өгсөн, банк бус санхүүгийн байгууллагад материалаа өгсөн гээд цаг хугацаа аваад утсаар яриад байсан. Сүүлдээ аргаа бараад Э.Оюунтунгалаг бид хоёр С.Номинд “гэрчилгээгээ авчраад өгөөч, бид нар болохоо болилоо” гэж шаардаж эхлэхэд С.Номин “банкинд өгчихсөн. Удахгүй зээл гарна. Байж бай” гээд хойшлуулаад байсан. Тухайн үед Э.Оюунтунгалагт мөнгө зээлсэн хүн нь мөнгөө нэхээд байхаар нь би өөрийн таньдаг Цэцэгмаа гэдэг мөнгө зээлдэг хүнийг Э.Оюунтунгалагтай уулзуулаад Э.Оюунтунгалаг байрныхаа гэрчилгээг барьцаалж 50.000.000 төгрөг зээлж авсан хүндээ өгсөн... С.Номин, Номингийн ээж нараас мөнгөний хүү болгож мөнгө авахаараа Цэцэгмаагаас зээлсэн мөнгөнийхөө хүүнд өгч байсан. Бүүр сүүлдээ аргаа бараад Номингоос мөнгө авч чадахгүй, ордер нэхэхээр банкинд байгаа, зээлэнд өгчихсөн гээд хойшлуулаад байхаар нь Э.Оюунтунгалаг цагдаад өргөдөл гаргаж өгсөн...” /1-р хх-17-18/,  

- Гэрч М.Баянсангийн “... 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ байхад Сумъяахүү овогтой Номин нь ээжийн хамт хүрч ирээд 35,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн юм. Барьцаанд нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамжны 194 тоот, 128 м2 талбайтай орон сууцыг газрын хамт барьцаалж гэрээ хийж зээл авсан. Түүнээс хойш 2 сарын хүү өгсөн ба одоо зээлээ эргүүлэн төлөөгүй байгаа...” /1-р хх-19/,  

- Гэрч Ж.Төгсжаргалын “... 2014 оны 6 дугаар сард өмнө зээл өгч, авдаг байсан найзын харьцаатай Э.Оюунтунгалаг утсаар яриад “40,000,000 төгрөг байвал 7 хоногийн хугацаатай зээлээч” гэхээр нь би зөвшөөрсөн. 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Э.Оюунтунгалагтай уулзаж мөнгө авч өгөөд 13 дугаар хороолол, зүүн дөрвөн замын баруун урд талын “ХААН” банкны гадаа С.Номинтой уулзсан... Би Оюунтунгалагт мөнгөө өгсөн... Тухайн үед Оюунтунгалаг 50,500,000 төгрөгөөр гэрээ хийчих гэхэд С.Номин ч зөвшөөрөөд бид хоёр гэрээ хийсэн. Гэрээ хийсний дараа нотариатч “үл хөдлөх дээр очиж бүртгүүлээрэй” гэж хэлсэн ба тухайн өдөр ажил тарах болсон байсан... Оюунтунгалагт үл хөдлөхөд бүртгүүлээрэй гэж байна лээ гэхэд С.Номин үл хөдлөх дээр бүртгүүлвэл зээл гарахгүй, мөнгийг нь долоохон хоноод өгөх юм чинь асуудалгүй гэж хэлсэн... Үл хөдлөхийн гэрчилгээг С.Номин өөрөө авч явсан... 7 дугаар сар гаргаад би Э.Оюунтунгалагаас мөнгөө нэхэхэд “за ойлголоо” гээд 2, 3 хоногийн дараа миний мөнгийг өгсөн... Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” /1-р хх-20-22/ гэх мэдүүлгүүд,

- С.Номингийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамжны 194 тоот хашаа байшинг “Ану Маргад” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж хийсэн зээлийн гэрээний хуулбар /1-р хх-86-92/,  

- С.Номин, Ж.Төгсжаргал нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /1-р хх-127-129/

- С.Номингийн “ХААН” банкны зээлийг 47,774,794.37 төгрөг төлж хаасан тухай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-117/,  

- Хохирогч Б.Мөнхжаргалын “... 10 жилийн ангийн охин С.Номин 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 94733333 гэсэн дугаараас залгаж “гаалийн татварын мөнгө дутаад байна, 2,000,000 төгрөг 7 хоногийн хугацаатай, хүүтэй зээлүүлээч” гэхээр нь зөвшөөрч, данс руу нь мобайл банкаар 2,000,000 төгрөг шилжүүлсэн. 7 хоногийн дараа С.Номин руу залгахад “одоо удахгүй өгнө”, “мөнгийг чинь хийж байна”, “банкин дээр байна” гэж хойшлуулж худал ярьсаар өдийг хүрлээ...” /2-р хх-58-59, 80-81/,

- Хохирогч Б.Оюусондорын “... С.Номин бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд юм. 2015 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр С.Номин “мөнгө зээлээч, “Вьетнам” засварт урдаас сэлбэг оруулж ирж байгаа. Яаралтай 3,000,000 төгрөгийн хэрэг гараад байна, гаалийн төлбөрт хэрэгтэй байна” гэсэн. Надад мөнгө байхгүй байсан... Тэгээд хамт ажилладаг Одонцэцэгээс гуйж байгаад аваад өгчихсөн. Тэр үедээ С.Номин 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлнэ гэж ярьсан... Д.Одонцэцэг 2015 оны 4 дүгээр сарын 15-нд мөнгө шилжүүлсэн. Тэр үед гаалийн хүний данс гээд, манай ахын данс гээд төрийн банкны 105200281029 гэсэн дугаар өгч байснаа болиод өөр дугаар өгье гээд “ХААН” банкны 5007684055 гэсэн Отгон гэдэг хүний данс шүү гээд өгсөн... Одонцэцэгт 3,000,000 төгрөгийг С.Номингийн өмнөөс өгсөн... С.Номин 1,100,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 1,900,000 төгрөг өгөх ёстой...” / 2-р хх-87/,  

- Хохирогч П.Нямдоржийн “... 2015 оны 3 дугаар сарын 29, 30-ны үеэр миний таньдаг Түмээ залгаад “энд нэг хүн мөнгө зээлэх гэнэ... гар утасны ченж ээж, охин 2 байгаа юм” гэж хэлсэн... Тэгээд 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Ард кино” театрын автомашины зогсоол дээр уулзахад С.Номин “автомашин барьцаанд тавьж 6,000,000 төгрөг зээлмээр байна” гэхээр нь би зөвшөөрсөн. С.Номин гэдэг эмэгтэйгээр бичиг бичүүлж аваад 10 хоногийн хугацаатай 3,000 ам.доллар өгсөн. С.Номин өөрөө 3,000 ам.доллар аваад 3,500 ам.доллар болгож өгнө гэж хэлээд тэр бичиг хийж өгөөд “Toyota Vanguard” загварын автомашинаа надад бичиг баримтын хамт үлдээгээд явсан. Одоо болтол бичиг баримт нь надад байгаа... “автомашин “ХААН” банкны нэр дээр байна шүү дээ” гэхэд С.Номин найдвартай асуудалгүй “Гонконгоос гар утаснууд орж ирж байгаа ямар ч асуудалгүй, 10 хоногтоо багтаагаад автомашинаа авчихна” гэсэн. ...2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр С.Номин утсаар яриад “надад 1,000,000 төгрөг нэмээд өгчих, нөгөө утаснууд Эрээн дээр ирсэн байна. Ачаагаа оруулж ирэх гэсэн чинь мөнгө байхгүй байна” гэхээр нь тэр өдөр 800,000 төгрөг дансанд хийж өгсөн... 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болоод түүний гар утас руу олон удаа залгасан боловч нэг ч удаа утсаа аваагүй... Нийт 6,800,000 төгрөгийн хохиролтой, гомдолтой байна... 2015 оны 10 дугаар сарын үед тэр автомашиныг унаад төмөр зам вокзалын ард явж байсан чинь 2 эмэгтэй ирээд “бид нар “ХААН” банкны ажилчид байна. Наадах автомашин чинь манай банкны нэр дээр байдаг юм. Зээлээ төлөөгүй удсан учраас одоо энэ автомашиныг хурааж авлаа” гээд надтай хэрүүл маргаан хийж байгаад аваад үлдсэн...” /2-р хх-136-137, 191-193/,  

- Гэрч Д.Одонцэцэгийн “... 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажил дээрээ байхад найз Б.Оюусондор 3,000,000 төрөг зээлээч манай найзад мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь өөрийнхөө данснаас “ХААН” банкны интернэт банкаар шилжүүлсэн... Би тэр өдөр “ХААН” банкны 5007684055 гэх дансанд нь мөнгө шилжүүлсэн... Би мөнгөө Б.Оюусондороос 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр авсан санагдаж байна...” /2-р хх-114/,  

- Гэрч Ц.Отгоны “... Би 5007684055 дугаартай “ХААН” банкны дансыг эзэмшдэг, өөрийн данс байгаа юм. 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр намайг гар утас зардаг “Монтел” төв дээр байж байхад С.Номингийн ээж Цэрэн гэдэг эгч “ХААН” банкны данс байна уу, хүнээс мөнгө хийлгэж авах гэж байгаа юм” гэсэн. Тэр үед охин нь болох С.Номин байсан. Би “ХААН” банкны дансаа өгөөд тэр хоёртой цуг “Ард кино” театрын хажуугийн АТМ-ээс 3,000,000 төгрөг авч өгч байсан...” /2-р хх-206-207/,  

- Гэрч Б.Гантөмөрийн “... 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Монтел” дээр Цэрэн эгч тааралдаад “эгч нь гар утасны наймаа хийх гэсэн юм, урагшаа явах гэж байгаа 10 хоногийн дотор эргээд ирнэ, мөнгө зээлэх хүн байна уу” гэж асуусан. Би найз П.Нямдоржоос асууж өгсөн. Цэрэн эгч “6,000,000 төгрөгийн хэрэг байна, барьцаанд нь “Toyota Vanguard” загварын автомашин тавина” гэж үзүүлж байсан... “Ард кино” театрын хажуудах автомашины зогсоол дээр П.Нямдорж, С.Номин бид 3 уулзаад П.Нямдорж С.Номинд 3,000 ам.доллар, 100-тын дэвсгэртээр тоолж өгсөн... Тухайн үед С.Номин “ХААН” банкны нэр дээр байгаа миний автомашин байгаа юм. Би таны мөнгийг 10 хоногийн дотор буцаагаад өгнө гэсэн...” /2-р хх-146-147/ гэх мэдүүлгүүд,

- С.Номин, Б.Оюусондор нарын хоорондоо харилцсан гар утасны зурвасууд /2-р хх-97-113/,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 37-72 УНК улсын дугаартай, “Toyota Vanguard” загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, уг автомашины албан татвар төлөгчийн гэрчилгээ /2-р хх-185, 186/,

- С.Номингийн “Пүрэвдорж овогтой Нямдоржоос 37-72 УНК улсын дугаартай автомашин барьцаалж 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 3,500 ам.долларыг зээлж 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр буцаан өгөх болно” гэх бичгийн баримт /2-р хх-144/

- П.Нямдоржоос С.Номинд 800.000 төгрөг шилжүүлсэн “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-143/,

- Ц.Отгоны 5007684055 дугаартай дансанд Д.Одонцэцэгээс 3,000,000 төгрөг шилжүүлсэн “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-175/,

- “Toyota Vanguard” загварын автомашины талаар “ХААН” банкны 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 48/83 дугаартай албан бичиг /2-р хх-214/,  

- С.Номингийн үйлдсэн хэргийн талаар өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгажээ.

Анхан шатны шүүх, С.Номинг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан талаар хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулсан. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Ялтан С.Номин, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл:

С.Номин нь “ХААН” банкны зээлийн барьцаанд тавигдсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамжны 194 тоот хашаа, байшинг барьцаанаас чөлөөлүүлэх зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “зээл чөлөөлнө” гэсэн сонингийн зарын дагуу хохирогч Э.Оюунтунгалагатай уулзаж, 48,000,000 төгрөгийг 7 хоногийн 2,500,000 төгрөгийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож зээл авсан. Тэрээр уг хөрөнгөө дахин барьцаалж хохирогч Э.Оюунтунгалагийн зээлийг барагдуулахаар хэлэлцэн тохиролцсон боловч 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Ану Маргад Эрдэнэ” Банк бус санхүүгийн байгууллагад уг үл хөдлөх хөрөнгийг 35,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан атлаа уг мөнгөөр хохирогч Э.Оюунтунгалагт төлөх ёстой өрөө барагдуулалгүй, өөр бусад зүйлд зарцуулж, үүнийг хохирогчоос нуун “ХААН”, “Хас”, “Голомт” зэрэг банкуудад барьцаанд тавьж зээл авахаар хөөцөлдөж байгаа, удахгүй бүтнэ” гэх мэтээр удаа дараа хуурч байсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байх тул С.Номингийн үйлдлийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэрээнээс үүссэн иргэний эрх зүйн маргаанд талуудын тохиролцоо болон гэрээний биелэлтийг дүгнэх явцад харилцан үнэн бодит мэдээллээр хангасан байдал нь залилан мэхлэх гэмт хэргээс ялгаж үзэх онцлог шинжүүдийн нэг болдог.

С.Номин нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамжны 194 тоот хашаа, байшинг банкны барьцаанаас чөлөөлүүлсний маргааш нь банк бус санхүүгийн байгууллагад дахин барьцаалж зээл авч хувьдаа захиран зарцуулсан атлаа хөрөнгөө барьцаалах асуудлыг уйгагүй хөөцөлдөж байгаа мэтээр хохирогчийг төөрөгдүүлсэн нь анхнаасаа залилан мэхлэх санаа зорилготой байсан гэж дүгнэхэд хүргэв.  

 Түүнчлэн “Жаргалсайхан” гэгч дээрх хашаа, байшинг худалдаж авахаар хөөцөлдөж байсан гэх боловч энэ талаар хохирогч Э.Оюунтунгалагт хэлж байгаагүй, “Жаргалсайхан” гэгчийг олж тогтоох ажиллагаа хийсэн боловч олдоогүй, гэрч, “ХААН” банкны ахлах эдийн засагч Н.Бат-Эрдэнийн мэдүүлгээр тус банкны Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Цайз” бизнесийн зээлийн төвд “Жаргалсайхан” гэгч хүн 2014 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 194 тоот хашаа, байшинг худалдаж авахаар зээлийн бичиг баримт бүрдүүлж байгаагүй нь тогтоогдсон тул С.Номингийн “Жаргалсайхан гэдэг хүн хашаа, байшинг худалдаж авахаар зээл хөөцөлдөж байсанд нь итгэж Э.Оюунтунгалагаас зээл авсан” гэх гомдол үндэслэлгүй гэж үзэв.

 

Хохирогч Э.Оюунтунгалаг, С.Номинд мөнгө зээлдүүлэхдээ өөрийн найз Ж.Төгсжаргалаас авч, одоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Э.Оюунтунгалагийг хохирогчоор тогтоосон нь зөв байна.

Хохирогч Э.Оюунтунгалаг 50,500,000 төгрөг зээлдүүлсэн гэдэг боловч С.Номингийн “ХААН” банкнаас авсан зээлийг 47,774,794 төгрөгөөр хаасан дансны дэлгэрэнгүй хуулга, анх зээл чөлөөлөх сонингийн зарын дагуу С.Номинтой холбогдож, зээл олгохоор харилцан тохиролцсон атлаа 50,500,000 төгрөгийг хүү, алданги тооцохгүй зээлдүүлэхээр гэрээ байгуулсан зэрэг нөхцөл байдал нь С.Номин 48,000,000 төгрөг зээлж авсан болохыг нотолж байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаас үзвэл жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, түүнчлэн ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болох боловч хүндэвтэр, хүнд гэмт хэрэгт үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр тодорхой заасан байх тул энэ хуулийн заалтыг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн С.Номинд хэрэглэх боломжгүй юм.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “хэргийг мөрдөн байцаалтад буцаах”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” талаар ялтан С.Номин, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Номин, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

         2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                     ШҮҮГЧИД                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                        М.ПҮРЭВСҮРЭН