Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 415

 

                                                                                                                                                                                        

                                                                    

 

 

 

 

 

 

 

         Н.Пүрэвжавд холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Хатанцэцэг,

Хохирогч А.Сааралдайн өмгөөлөгч Э.Болорчимэг,

Ялтан Н.Пүрэвжавын өмгөөлөгч Б.Солонго,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Д.Батсуурь, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Пүрэвжав, хохирогч А.Сааралдайн өмгөөлөгч Э.Болорчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Пүрэвжавд холбогдох эрүүгийн 201626020294 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Боржигон овогт Нармандахын Пүрэвжав, 1993 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн онцгой байдлын газарт багаж, тоног төхөөрөмж хариуцсан нярав ажилтай байсан, ам бүл 2, эгчийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 35 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЙР93070812/,   

 

          Н.Пүрэвжав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 66 тоотын үүдэнд шалтгаангүйгээр буюу танхайн сэдэлтээр иргэн А.Сааралдайн баруун нүдэн тус газарт цохиж бие махбодод нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Баянгол дүүргийн Прокурорын газраас: Н.Пүрэвжавд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Н.Пүрэвжавыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Пүрэвжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Пүрэвжавд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Н.Пүрэвжаваас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс болох 7.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч А.Сааралдай цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, Н.Пүрэвжав цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Н.Пүрэвжавд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Н.Пүрэвжав шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…шийтгэх тогтоолоор надад оногдуулсан ял нь миний гэм буруугийн байдал болон хэргийн бодит байдалд тохироогүй гэж үзэж байна. Би хохирогчийг ямар ч шалтгаангүйгээр буюу танхайн сэдэлтээр цохиогүй, хаалга андуурч улмаар гэрт танихгүй хүн орчихсон байна, түүнийг барьж авъя гэж бодоод гараа далайтал хохирогч Сааралдай гуайн нүдэн тус газарт таарч цохигдсон байсан. Ямар ч шалтгаангүйгээр хохирогчийг цохиогүй гэдгийг нотлох өөр нэг асуудал бол тухайн хэрэг гарсны маргааш би өөрийгөө толинд харахад миний нүүрэнд зулгаралт, шалбаралт үүссэн зэрэг нь хохирогч бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан үүссэн болохыг нотолж байгаа юм. Миний бие Сааралдай гуайг цохиж гэмтээсэндээ маш их харамсаж гэмшиж байна. Хохирол төлбөрт гарсан зардал болох 2.6 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас санамсар болгоомжгүйгээр хэрэг үйлдсэндээ үнэхээр их харамсаж байгаа энэ байдлыг маань шүүх харгалзан үзнэ үү.

Нөгөө талаас Сааралдай гуайн баруун нүд урьд нь гэмтэл авч байсан эсэх болон ганцхан миний цохилтоос болж бүрэн хараагүйдэлт үүссэн эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд энэ байдлыг эцэслэн тогтоолгох гэхээр нүдний агууламж нь бүрэн гоожсон тул дахин дүгнэлт гаргах ямар ч боломжгүй гэсэн юм. Мөн Сааралдай гуайг анх үзсэн 1 дүгээр эмнэлгийн эмч дан гараар цохиход ийм гэмтэл учрахгүй гэж хэлсэн байгааг анхаарч үзнэ үү. Иймээс надад шүүхээс ял оногдуулсан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасныг өөрчилж 96.1 болгон хөнгөрүүлж өгнө үү. Мөн миний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж ялыг Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү. Цаашид би гэм буруугаа ухамсарлан хүмүүжиж хохирогчид гарах зардлыг төлөх болно…” гэжээ.

Хохирогч А.Сааралдайн өмгөөлөгч Э.Болорчимэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох ажиллагаа хангалтгүй хийгдсэн. Хохирогч А.Сааралдай хохирогчид уужуу хандаж, залуу хүн алдаж, эндээ байлгүй гэж цагдан хорих хүсэлт гаргалгүй шүүхийн шатанд хүрсэн. Н.Пүрэвжав нь хохирогчид хүнд гэмтэл учруулсан хэрнээ биеийн байдлыг нь огт асууж байгаагүй бөгөөд хэргийг өөртөө ашигтай шийдвэрлүүлэхинй тулд өөртөө гэмтэл авсан мэтээр ярьж байсан. Түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд тогтворгүй байсан. А.Сааралдай нь гэмтлийн улмаас 65 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болсон байхад Н.Пүрэвжав ердөө 2.600.000 төгрөг төлж, хохирол бүрэн барагдуулсан мэтээр ярьж байна. Хэргийг шалгах явцад шүүгдэгчийн мэдүүлэг бүрэн үндэслэлтэй эсэхийг шалгаж тогтоогоогүй. Хэрэгт нотлогдвол зохих ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзэж байна. Тухайлбал, гэрч Лхагвасүрэнгийн мэдүүлгийн дагуу шалгалт хийгээгүй. Н.Пүрэвжавын шүүхийн шатанд өгсөн “гэрээ андуурсан” гэсэн мэдүүлэгт нь үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Шүүгдэгчийн “гэрээ андуурсан” гэх мэдүүлгийн цаана хулгайн эсвэл дээрмийн гэмт хэргийн сэдэлт, зорилго агуулагдаж байх магадлалтай гэж би харж байна. Хаалга онгойж хүн гарч ирэхэд цохисон гэх хэргийн үйл баримтыг нарийвчлан шалгах ажиллагаа хийгдээгүй. Хүний 1 нүд бүрэн хараагүй болсон байхад 2.600.000 төгрөг л төлсөн. Мөрдөн байцаалтын шатанд 12.974.000 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн. Үүнээс 10.376.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хохирогч хэн намайг ирээд гэмтээчих бол гэж бодож хадгаламж бүрдүүлнэ гэж байхгүй. Гэнэтийн осол гэмтлийг даатгах даатгалын систем Монголд муу байдаг учраас энэ гэнэтийн зүйлд гаргах мөнгө А.Сааралдайд байгаагүй. Иймд гэм буруутай этгээдээс эмчилгээний зардлыг нэхэмжилсэн. А.Сааралдай нүдэндээ суулгац хийлгэх тухай асуудал яригддаг. Тэрээр өмнө хийлгэсэн эмчилгээ, шинжилгээний бичгийг Тайланд улсын Бумрунград эмнэлэг рүү явуулахад 15.220-16.910 ам.долларын эмчилгээ, суулгац хийгдэнэ гэсэн хариу ирсэн бөгөөд эмчилгээ хийлгэх хүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эмчилгээний зардал нэмэгдэнэ. Эмчлүүлэх хүний биеийн байдлыг үзээгүй учраас нарийн хариу өгөх боломжгүй гэсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс уг нотлох баримтыг бүрдүүлж өгсөн. Хэдийгээр А.Сааралдай нь тэтгэвэрт гарсан боловч өөрийн мэргэжлийн дагуу иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны угсралтын ажлыг хийж өгч орлого олдог байсан. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаа хийж чадахаа больсон. Биеийн байдал нь муу байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанд ирээгүй. Гэмтэл авахаасаа өмнө өөрийн хүүхдийн хүүхдүүдийг машинаараа цэцэрлэг, сургуульд нь зөөдөг байсан бол одоо энэ боломж нь хязгаарлагдсан. Хөдөлмөрийн чадвар 65 хувь алдсан учраас үүнээс үүдэн эрүүл мэнд, сэтгэл санааны байдал ямар байгаа нь ойлгомжтой. Н.Пүрэвжав нь “Хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлсөн. Хохирлыг насаараа барагдуулна” гэж байгаа. Монгол хүний дундаж наслалтын хэмжээ хэд билээ. Шүүгдэгч 23 настай, хохирогч 68 настай. Хохирогч хэдий удаан амьдрах вэ. Шүүгдэгч насаараа хохирол барагдуулахыг хүлээх боломж А.Сааралдайд байхгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж буюу чангаруулан өөрчилж болно...” гэж заасан байхад шүүх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтан, түүнчлэн онц хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэнээс болон онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоноос бусад эмэгтэй ялтны хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ”, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан” гэж заасан байхад дэглэмийг хөнгөрүүлсэн зэрэг нөхцөл байдлууд байгааг та бүхэн харгалзан үзнэ үү” гэв.

Ялтны өмгөөлөгч Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтны өмгөөлөгчийн зүгээс өмгөөллийн хөлс 7.500.000 төгрөгийг төлсөнгүй гэж давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд ч гэсэн энэ талаар ярьж байсан. Хавтаст хэргийн 100 дугаар талд хохирогчийн нэхэмжилсэн зардлын задаргаа авагдсан. Хохирогчоос 12.800.000 орчим төгрөгийн баримт өгснийг 7.500.000 төгрөг нь өмгөөлөгчид төлсөн зардал, 2.600.000 төгрөг нь эмийн сангаас эм, дусаалга авсны зардал, үлдэх 2.800.000 төгрөг нь Бумрунград эмнэлэг рүү явах онгоцны тийзийн үнийн санал юм. Ялтны зүгээс нотлох баримтын хэмжээнд 2.600.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Давж заалдах гомдолдоо “хэргийн бүрдэл хангагдаагүй, сэдэлт зорилго тогтоогдоогүй. Хулгай дээрэм хийх зорилготой байж болзошгүй тул хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаая” гэсэн. Үүнийг тогтоох нь хэрэгт ямар ач холбогдолтой вэ. Н.Пүрэвжав өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, нотлох баримтын хүрээнд учруулсан хохирлоо төлж, өөрт оногдуулсан ялыг эдэлж байна. Хэргийг энэ үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь ач холбогдолгүй юм. А.Сааралдай нь баруун нүдэндээ гэмтэл авахад зүүн нүдний хараанд нөлөөлдөг юм байна. Иймд эхлээд хоёр нүдний харааг салгуулах мэс засал хийлгэнэ. Үүний дараа хараагүй болсон нүдэндээ суулгац /протез/ суулгуулна. Авагддаггүй суулгацыг Монголд хийдэггүй юм байна. Гадаадад хийлгэхэд 31.000.000-32.000.000 төгрөгийн үнэтэй гэсэн. Анхан шатны шүүх хуралдааны дараа ялтны зүгээс учруулсан хохирлоо бодит боломждоо тулгуурлан төлье гэж судалж үзэхэд А.Сааралдайн хүсэж байгаа хагалгааг “Инфинити” эмнэлэгт Мөнхтуул эмч гардан хийдэг юм байна. Үнийн хувьд 7.000.000 төгрөгт хийж болно гэсэн. Энэ хэргийн хохирогч А.Сааралдай, буруутан нь Н.Пүрэвжав. Гэтэл хохирогчийн хүүхдүүд удаа дараа хохирол нэхэмжилж, Н.Пүрэвжавын аавын эзэмшилд байдаг 8 хувийн зээлээр авсан орон сууцыг хохиролд тооцож авна гэсэн ёс зүйгүй үйлдлийг гаргаж байсан. 31.000.000-34.000.000 төгрөг гэсэн үнийн санал ирүүлсэн хэрнээ одоо 20.000.000 төгрөг гэж байна. Гадаад улсын эмнэлэг 31.000.000-34.000.000 төгрөг гэж хэлсэн үнээ 20.000.000 төгрөг гэж бууруулахгүй байх гэж бодож байна. Хохирол, төлбөр бүрэн төлөгдсөн, гэм буруудаа үнэлэлт дүгнэлт өгөөд явж байгаа, хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэж байна. Нөгөө талаас хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бол жирийн дэглэмд эдлүүлнэ гэж заасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт “шүүх …хөнгөрүүлж болно” гэж заасан. Ялыг шүүгдэгчийн хувийн байдалд тааруулж оногдуулсан гэж үзэж байна. Нөгөө талаар хэрэг гарсны маргааш шүүгдэгчийн нүүрэнд урагдал, зурагдал гарсан байсан. Шүүгдэгчээс “Шинжээчийн дүгнэлт гаргуулах уу” гэж асуухад “хүний нүд ийм болгочихоод хэрэггүй биз” гэж хэлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар Н.Пүрэвдоржийн үйлдлийг зүйлчилсэн нь үндэслэлтэй бөгөөд танхайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хохирогч өмгөөлөгч авах эсэх нь өөрийнх нь асуудал юм. Анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн зардлыг гаргуулж бусад зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэв.

Прокурор Г.Хатанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэргийн тухайд хэлэхэд хохирогч, шүүгдэгч нарын хооронд үг сөрж маргалдсан асуудал гараагүй, хаалга нээнгүүт нүүр лүү нь цохисон асуудал болсон.  Иймд хэргийн зүйчлэлтэй маргах зүйлгүй, зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Хохирлын хувьд эмчилгээ бодитой хийгдсэн нотлох баримтын хэмжээнд шүүх дүгнэж, хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн гэж  дүгнэсэн нь үндэслэлтэй. Хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд авагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурсан боловч гэрээний үнинй дүн хэдэн төгрөг болохыг тусгаагүй. 7.500.000 төгрөгийг хохирогчоос өмггөөлөгчийн данс руу хийсэн баримт байсан бол уг нэхэмжлэлийг хангах боломж байсан болов уу. Анхан шатны шүүх өмгөөллий хөлсийг гаргуулалгүй шийдвэрлэсэнд санал нэг байна. Ялтан Н.Пүрэвжавыг өөрөө цохиулсан, зодуулсан тухай ярьж байна. Хэргийн нөхцөл байдлаас харахад хохирогч А.Сааралдай цохиулсныхаа дараа ялтанг дарж унагаад хөдөлгөөнгүй байлгаж байсан. Хохирогч Н.Пүрэвжавыг дарж байх хугацаанд “би шийдвэр гүйцэтгэлд ажилладаг” гэж хэлээд толгойгоороо хана руу саваад байсан гэж хөндлөнгийн гэрч Батжаргал мэдүүлсэн. Мөн цагдаагийн байгууллагын албан хаагч ирж түүнийг машинд суулгах гэхэд эсэргүүцэж, хашгирч, орохгүй гэж зууралдан ноцолдож байсан асуудал байдаг. Энэ явцдаа шүүгдэгч гэмтэл авсан байх магадлалтай. Н.Пүрэвжавыг эрүүлжүүлэх байранд аваачихад 2.95 бүхэл согтолттой, дух хэсэг шалбарсан, нүдний дээд талд улайсан гэж үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан. Эрүүл мэндэд нөлөөлөхүйц хэмжээний гэмтэлтэй бол эрүүлжүүлэх байр хүлээж авдаггүй. Шүүгдэгчид учирсан гэмтлүүд түүний өөрийнх нь үйлдлийн улмаас үүссэн гэж үзэхээр нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Шүүгдэгчид оногдуулсан ял болон дэглэмд миний хувьд эсэргүүцэх зүйл байхгүй. Хохирогч өөрт учирсан хохирлыг нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Н.Пүрэвжав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 66 тоотын үүдэнд шалтгаангүйгээр буюу танхайн сэдэлтээр иргэн А.Сааралдайн баруун нүдэн тус газарт цохиж бие махбодод нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Сааралдайн “…2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн орой гэртээ...үүднийхээ коридорт мах янзалж байхад хаалга нүдсэн. Тэгэхээр нь би шууд хаалгаа онгойлгосон чинь хар куртиктэй 25-30 орчим насны залуу шууд миний баруун нүд рүү гараараа ганцхан удаа цохисон. Тэгээд би “юу болов, яав” гэхэд намайг ална шүү гэсэн ...би шууд үүдний коридорт тэр залууг дарж унагаад хөгшинөө дуудсан. Хөгшин гарч ирээд хүүхдүүдээ утсаар дуудсан. Би тэр залууг 20 гаруй минут дарсан. Тэр залуу босох гээд тийчлээд орилж чарлаад байсан. Манай хөгшин хажуу талын айлын 65 тоотын хүнийг бас дуудсан. Манай хажуу айлын хүмүүс бараг манай хүүхдүүдийг ирэхэд цуг шахам гэрээсээ гарч ирсэн. Хүүхдүүд ирээд цагдаа дуудсан. 2 цагдаа ирээд тэр залууг авч явсан ...Цохисны хэсэг хугацааны дараа нүднээс цус урсаж гарсан ...миний баруун нүдний цөцгий гоожиж хараагүй болсон учир гомдолтой байна ...Тэр залуу надаас ямар нэг зүйл асуугаагүй, юм ч яриагүй шууд л цохисон ...хаалга онгойлгож өгтөл баруун нүдэнд гараараа цохисон, цохингуутаа тэр залуу өөрийнхөө биеэр түрээд гэрт ороод ирсэн...” /хх-15-18, 123/,

Гэрч Т.Бадамын “2016 оны 1 дүгээр сарын 24-ний орой нөхөр бид 2 гэртээ хоёулаа байсан ...би хаалга тогшсоныг мэдээгүй ...коридорт гартал манай өвгөн нэг залууг газар дарчихсан энэ хулгайч нүд сэт цохьчихлоо гэхээр нь сандраад хүүхдүүд рүүгээ утасдаж дуудсан…” /хх-22/,

Гэрч С.Наранбаатарын “...хүргэн ах Төгсбаатарын хамт бараг 5 минутын дараа аавынд очиход аавын хөрш айлын 65 тоотын залуу хүүхэн 2 гараад ирчихсэн аавынд ороход үүдний коридорт аав Пүрэвжав гэх залууг дээрээс нь дарчихсан, нүднээс нь маш их цус гарсан хавдсан байдалтай байсан...” /хх-24-26/,

Гэрч М.Лхагвасүрэнгийн “…2016 оны 1 дүгээр сарын 24-ний ...орой 20 цагийн үед зааланд тоглож дуусаад хорооллын “Tse” бааранд ангийнхантайгаа орж нэг нэг пиво авч уусан. Баарнаас 21 цагийн үед гараад манай ангийнхан яваад, Бямбасүрэн, Сугарцэрэн, Пүрэвжав бид 4 үлдэж дэлгүүрээс 1 шил 0.5 литр хэмжээтэй хараа архи, 1 том пиво авч ...Пүрэвжавын байрны орц руу дөрвүүлээ ороод 4 билүү 5 давхарт авсан архи, пивоо хувааж уусан. Пүрэвжав орлоо гээд дээшээ шатаар алхаад явсан. Бид 3 гараад явсан…” /хх-27-30/,

Гэрч Ч.Батжаргалын “...ороход Сааралдай гуай тэр залууг дээрээс нь дарчихсан байдалтай баруун нүднээс нь цус гарчихсан байсан ...хүү нь “аав бос бос, юу болж байна” гэхэд Сааралдай гуай “энэ залууг тавьж болохгүй шүү, хаалга онгойлгонгуут энэ залуу нүүр рүү цохьчихлоо” гээд салгалчихсан байдалтай байсан ...тэр залуу өөрийгөө онцгой байдлын дэслэгч цолтой хүн шүү гээд хана руу толгойгоороо саваад байх шиг байсан ...Тэр залуу орилж чарлаад “та нар намайг яаж ч чадахгүй шүү” гээд байсан…” /хх-34/,

Гэрч Г.Зоригтбаатарын “...Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 21 цаг 10 минутын орчим дуудлага ирсний дагуу Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 30 дугаар байрны 66 тоот айлд очиход аав нь нүдээ барьчихсан гэрийнхээ коридорт, Пүрэвжав гэдэг залууг давхар хаалганы коридорт хүүхдүүд нь барьчихсан зогсож байсан. Би тэр Пүрэвжаваас “чи энэ айлыг таньдаг юм уу” гэхэд “танихгүй, хаалга андуурсан байна” гэж хэлсэн ...машинд суулгаад Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд хүлээлгэн өгсөн…” /хх-37/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1623 тоот акт, дүгнэлтэд “…1. Сааралдайн биед баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний салстын урагдал, нүдний агууламжийг гоожилт, баруун нүдний бүрэн хараагүйдэл, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” /хх-42/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 374 тоот акт, дүгнэлтэд “…1. А.Сааралдайн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний битүү гэмтэл, баруун нүдний салстын урагдал, нүдний агууламжийг гоожилт, баруун нүдний бүрэн хараагүйдэл, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. А.Сааралдайн урьд өмнө нь баруун нүдэнд гэмтэл авсан нь тогтоогдохгүй байна. 6. А.Сааралдайн 2016.01.26-нд авахуулсан компьютер томографийн зургаар гавал ясанд гэмтэл тогтоогдсонгүй. 7. Шүүх эмнэлгийн №1623 тоот дүгнэлт үндэслэлтэй байна…” /хх-130/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхээс Н.Пүрэвжавд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан ял оноосон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Н.Пүрэвжав “…надад шүүхээс ял оногдуулсан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасныг өөрчилж 96.1 болгон хөнгөрүүлж өгнө үү. Мөн миний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж ялыг Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү. Цаашид би гэм буруугаа ухамсарлан хүмүүжиж хохирогчид гарах зардлыг төлөх болно...” гэж,

хохирогч А.Сааралдайгийн өмгөөлөгч Э.Болорчимэг “…шүүгдэгч Н.Пүрэвжавын “гэрээ андуурсан” гэх үйлдлийн цаана дээрмийн болон хулгайн гэмт хэргийн сэдэлт, зорилго агуулагдаж байх магадлалтай. Хаалга нээгдэж, хүн байхад сандарсандаа эрх чөлөөнд нь халдсан байж болох үйл баримт хавтаст хэрэгт байгааг нарийвчлан шалгах ажиллагаа хийгдээгүй. Хохирогч гэмтлээсээ шалтгаалан 12.976.000 төгрөгийн зардлыг баримтаар хавсаргасан ч эдгээр зардлаас 2.6 сая төгрөг л төлөгдөж бусад зардал болох 10.376.000 төгрөгийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна …Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтан ...хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ” гэж зааснаар Н.Пүрэвжавд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоол гаргасанд гомдолтой байна …Баруун нүдний бүрэн хараагүйдлийн улмаас учирсан хохирлыг 2.600.000 төгрөгөөр үнэлж байгаа, мөн уг гэмт хэрэгт хохирогчийн хууль зүйн туслалцаа авсны хөлс болох 7.500.000 төгрөгийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь хохирол нөхөн төлөгдсөн, гэм хор арилсан гэж үзэхэд учир дутагдалтай юм …хохирогч эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсны дээр давхар давхар эд хөрөнгийн хохирол амсаж байгааг шүүх анхаарч үзэлгүй хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж, эрх ашгийг хамгаалаагүйд хохирогчийн зүгээс маш их гомдолтой байна …Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.Пүрэвжав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн амьдардаг байрныхаа орц, давхарыг андууран “хулгайч орсон байна” гэж үзэж, хохирогч А.Сааралдайн баруун нүдэнд нэг удаа цохиж, баруун нүдний бүрэн хараагүйдэлт буюу хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх ба хохирогч, шүүгдэгч нар бие биеэ таньдаггүй ба тэдний хооронд ямар нэгэн хувийн таарамжгүй байдал, холбоо харилцаа үүсч байгаагүй байна. Түүнчлэн хохирогчийг хаалгаа тайлах мөчид нь ямар нэгэн үгийн зөрүүгүй шууд цохиж, түүний хууль бус үйлдлийг таслан зогсоосны дараа ч хүртэл орилж хашгиран, хана мөргөж, бусдын амгалан тайван байдлыг нь алдагдуулж, цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж буй нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Н.Пүрэвжавын үйлдэл нь танхайн сэдэлтээр, бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Иймд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.   

Мөн Н.Пүрэвжав нь Эрүүгийн хуульд заасан хүнд төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, баримтаар тогтоогдсон гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн ч түүний үйлдсэн гэмт хэргийн гэм хор арилахгүй зэрэг нь түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй байна.      

Түүнчлэн шүүгдэгч Н.Пүрэвжавын гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго нь танхайн сэдэлт болох нь тогтоогдсон, мөн тэрээр тодорхой эрхэлсэн ажилтай, байнгын тогтмол орлоготой, урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй зэрэг байдлуудаас дүгнэхэд түүнийг хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэх зорилготой байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс Н.Пүрэвжавд оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг тогтоохдоо ялтны урьд гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байгаагүй түүний хувийн байдлыг нь харгалзан үзэж дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж 2.584.600 төгрөгийн бодит хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд 2.600.000 төгрөг төлсөн байх тул түүнийг шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.     

Хавтаст хэргийн 106-111 дүгээр хуудсанд хохирогч А.Сааралдайн өмгөөлөгч Э.Болорчимэг нь бодит хохиролд 12.976.000 төгрөг, цаашид Тайланд улс руу явж эмчилгээ хийлгэхэд 31.155.340-34.625.005 төгрөгийн гарах зардлуудаа нэхэмжилсэн байна.  

Хохирогчийн шүүх хуралдаан дээр нэхэмжилсэн төлбөрүүдээс 2.584.600 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, бусад баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтыг дахин бүрдүүлж шаардлага хангасан тохиолдолд жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй гэж шийтгэх тогтоолд заасныг буруутгах үндэслэлгүй.

 

Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

 

Өмгөөлөгч авах эсэх нь хохирогч А.Сааралдайн эрхийн асуудал бөгөөд хуульд заасан үндэслэлээр заавал өмгөөлөгч авах нөхцөл байдалд хамаарахгүй тул шүүхийн зардалд тооцохгүй ба өмгөөллийн хөлсийг хэргийн болон эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлсэн байдал зэргийг харгалзан нөхөн гаргуулах асуудлыг жич шийдвэрлүүлэх нь зохимжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Пүрэвжав, хохирогч А.Сааралдайн өмгөөлөгч Э.Болорчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Пүрэвжав, хохирогч А.Сааралдайн өмгөөлөгч Э.Болорчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

 

               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНХТУУЛ

 

           ШҮҮГЧИД                                                         М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                     Д.МЯГМАРЖАВ