Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 416

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

                                                                    

 

 

 

 

 

 

 

           С.Энхшинэд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Мөнхгэрэл,

Хохирогч Э.Нарандаваа, түүний өмгөөлөгч С.Санжаажамц,

Шүүгдэгч С.Энхшинийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 359 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч С.Мөнхгэрэлийн бичсэн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр С.Энхшинэд холбогдох эрүүгийн 201525022591 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Баян овогт Сэр-Одын Энхшинэ, 1991 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүдо, самбо бөхийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Төрийн тусгай хамгаалалтын газрын шалган нэвтрүүлэх албанд хамгаалалтын ажилтан ажилтай байсан, ам бүл 1, Төв аймгийн Баянчандмань сум, 1 дүгээр баг, Фермийн 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: НХ91030814/,   

          С.Энхшинэ нь 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “We” бааранд Э.Нарандавааг бүжиглэж байхад нь өөрийг нь мангасдлаа гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрч тус баарны гадна түүнийг зодож бие махбодод нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: С.Энхшинэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “…Шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, дараах зүйлүүдийг тодруулах шаардлагатай байна. Үүнд: 1. Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэм буруугийн сэдэлт бүрэн тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан гэрч Б.Хангай, О.Батцэнд, шүүгдэгч С.Энхшинэ нарын мэдүүлгээр xoxирогч нь эхэлж шүүгдэгчийг удаа дараа цохиж, маргааныг эхлүүлсэн байх бөгөөд гэрч Д.Оюунсүрэн, Г.Бямбасүрэн, Х.Уранцэцэг нарын чухам хэн нь шүүгдэгчтэй бүжиглэсэн эсэх, шүүгдэгчийг цохих болсон шалтгааныг бүрэн тогтоогоогүй байж шүүгдэгчийг танхайн сэдэлтээр хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Иймд гэрч нарын мэдүүлгийн зөрүүг гаргаж, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоох шаардлагатай байна.

2. Хохирогч Э.Нарандаваад учирсан гэмтлийг тогтоолгохоор 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаагч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг томилсон /хх-46/, дээрх тогтоолтой шүүгдэгч, хохирогч нар танилцаж гарын үсэг зурсан байна.

Гэтэл хэрэгт гэрчээр байцаагдсан хохирогчийн ах Э.Наранбаатар болон түүний эх, эцэг нар нь гэрчээр байцаагдахдаа “Хохирогч Э.Нарандаваа нь ухаангүй, юм ярих чадваргүй гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа талаар мэдүүлсний гадна, цагдаагийн байгууллагад удаа дараа ухаангүй байгаа тухай өргөдөл гаргасан байна. Шинжээчийн дүгнэлт гарах үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн ах Э.Наранбаатарыг тогтоосон атлаа түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасан эрхийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулаагүй, ухаангүй хүнд танилцуулж, санал хүсэлтгүй гэж гарын үсэг зуруулсан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 164 дүгээр зүйлд зааснаар дүгнэлтийг сэжигтэн, яллагдагч, хохирогч нарт танилцуулаагүй нь /хх-47/ тэдгээрийн эрхийг зөрчсөн байна.

3. Хохирогч Э.Нарандаваа нь гэмтлийн эмнэлэгт 15 хоног ухаангүй байсан, ой санамжаа алдсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд хэрэгт өвчний түүхийг хуулбарлан хавсаргаагүй нь түүний ярьсан үнэн зөв эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

4. Энэ хэрэг гарсны дараа цагдаагийн илтгэх хуудсанд “Цагаан өнгийн Королла маркийн таксины жолооч Б.Батсайхантай уулзахад охидууд “Манай найз гайгүй байна” гээд Гандангийн тэндэх буудалд буусан /хх-17/ гэж тэмдэглэсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Оюунсүрэн, Г.Бямбасүрэн нар мэдүүлэхдээ таксины жолоочийн хэлснээр буудалд авч очсон гэж мэдүүлсний гадна хохирогч өөрөө хөлөөрөө яваад орсон, таксины жолооч өргөж оруулсан гэж зөрүүтэй мэдүүлсэн тул түүнийг гэрчээр байцааж, хохирогч Э.Нарандавааг хэний шийдвэрээр буудалд аваачих болсон, буудал хүртэл ямар байдалтай явсан, буудалд яаж орсон зэргийг тодруулах,

5. Дээрхтэй холбоотойгоор хохирогч Э.Нарандаваа нь буудалд ямар байдалтай очсон, тэнд очсоноос хойш маргаан, зодоон болсон эсэхийг буудлын ажилтнаас тодруулах,

6. Эдгээрийг тодруулсны дараа шинжээчийг байцааж, нэг удаагийн цохилтоос хохирогчид учирсан гэмтлүүд үүсэх боломжтой эсэх, дээрх гэмтлийг авсан хүн өөрөө явах, утасны дугаар болон пин кодоо хэлэх зэргээр бусадтай харилцах боломжтой эсэхийг тодруулах,

7. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Энхшинэ “хохирогчийг Б.Сэргэлэн цохисон болохыг хамгаалагч Мяга надад хэлсэн” гэж мэдүүлсэн тул тэдгээрийг байцаах нь зүйтэй байна. Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Энхшинэ нь хүнд гэмт хэрэгт холбогдсон, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй байх тул түүнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч…” шийдвэрлэжээ.

Улсын яллагч С.Мөнхгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Шүүх гэрч Б.Хангай, О.Батцэнд, шүүгдэгч С.Энхшинэ нарын мэдүүлгээр хохирогч нь эхэлж шүүгдэгчийг удаа дараа цохиж, маргааныг эхлүүлсэн гэж дүгнэсэн байдаг. Хэрэв шүүх уг гэмт хэрэг танхайн сэдэлтээр үйлдээгүй, хувийн сэдэлттэй үйлдэгдсэн гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасны дагуу сонсгосон ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой байна.

2. Тухайн хэрэг прокурорын хяналтанд байх үед Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын тогтоолоор Энхбаатар овогтой Нарандавааг хохирогчоор тогтоож хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар татгалзах, зайлсхийх, эсхүл зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээхийг сануулсан байна. Үүний дагуу хохирогч Э.Нарандаваад хуульд заасан эрхийг эдлүүлж, хэргийн материалыг танилцуулж, шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлттэй танилцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн авсан гэмтэлд авсан талаар ямар нэгэн гомдол мэдүүлээгүй байдаг.

3. Хохирогч Э.Нарандаваа нь эмнэлэгт ухаангүй байсан. Өвчитний түүхийг хэрэгт хавсаргаагүй. Энэ нь түүний ярьж байгаа үнэн зөв эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна гээд буцаасан. Хохирогч Э.Нарандаваа хяналтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ тухайн өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “We” бааранд орох хүртэл үйл явдлаа санаад, яаж гэмтэл авснаа санахгүй байгаа ба С.Энхшинэ надтай уулзаад би чамайг нэг л цохисон гэж хэлсэн, мөн хэргийн материалтай танилцаад С.Энхшинэ надад гэмтэл учруулсан гэдгийг мэдсэн талаар мэдүүлдэг бөгөөд түүний ой санамжаа алдсан эсэх нь гэмтлийн зэрэг, хэргийн зүйлчлэл болон хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй гэж үзэж байна.

4. 5. Гэтэл гэрч Д.Оюунсүрэн, Г.Бямбасүрэн нар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт “Э.Нарандавааг түшээд явсан, тэр хөлөөрөө явж орсон, буудалд ямар нэгэн зодоон болоогүй” талаар мэдүүлдэг ба С.Энхшинийн гэм буруугийн асуудал болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул таксины жолооч болон буудлын ажилтанг гэрчээр байцаах шаардлагагүй байна.

6. Хохирогч Э.Нарандаваа нь уг гэмтлийг авснаас хойш ямар нэгэн үйлдэл хийх боломжтой эсэхийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийг оролцуулан тодруулах буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

7. Шүүхийн хэлэлцүүлэгт Сэргэлэн цохисон гэдгийг би дараа нь бааранд очиж хүмүүстэй уулзахад тэр Мягаа гэдэг хүн надад хэлсэн. Тийм учраас энэ гэмтлийг С.Энхшинэ учруулсан байх боломжтой гэж мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл яллагдагчийн мэдүүлгээр нотлох баримтын хэмжээнд үнэн, бурууг нотлох үүрэг хүлээхгүй. Энэ нөхцөл байдлыг шүүх хуралдаанд тухайн үед бааранд ажиллаж байсан ажилтныг гэрчээр байцааж, нөхцөл байдлыг тодруулсан. Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Батцэнд “хар өнгийн костюм өмссөн залуу хохирогчийг цохисон”, энэ асуудал болоод дууссаны дараа Мягаа юу болчихов оо гээд араас гарч ирсэн гэдэг. Тэгэхээр Мягаа ямар нэгэн байдлаар хохирогчийг зодсон асуудлыг хараагүй гэсэн байдлаар мэдүүлэг өгдөг. Ийм учраас С.Энхшинэд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн” гэв.

Хохирогч Э.Нарандаваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний эрүүл мэндийн талаас асуудалтай байна. Энэ талаар туслалцаа үзүүлвэл ямар нэгэн гомдол байхгүй” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Санжаажамц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийн 7 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэргэлэн гэдэг хүнийг шалгуулах зайлшгүй шаардлагатай. Энэ хэрэг дээр гэрчээр байцаасан зүйл байхгүй. Тухайн бааранд ажилладаг гэж яриад байгаа. Тийм учраас шалгуулах шаардлагатай ёстой гэж бодож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч С.Энхшинийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцэл нь анхан шатны шүүхийн шийдвэрийг няцааж чадсангүй гэж үзэж байна. Мягаа гэдэг хүнийг прокурор ойлгоогүй юм шиг байна. Мягаа зодсон гэж ярьж байна. Энэ хэрэгт хоёр Мягаа гэж байгаа, нэг нь менежер, нөгөө нь хамгаалалтын ажилтан байгаа. Хамгаалалтын ажилтан Мягаа нь хэргийг анх харсан гэж байдаг. Энэ талаар Мягаагаас асуугаагүй. Гэрч Батбаяр “хавсарч унагаасан”, гэрч Бямбасүрэн бол “хохирогчийг өөрөө унасан гэж ярьдаг” гэж мэдүүлдэг. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байдаг. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна” гэв. 

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.Энхшинэд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн тогтоолын дүгнэлт нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд С.Энхшинэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

Иймд шүүх яллах дүгнэлтийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, С.Энхшинэд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 359 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, С.Энхшинэд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл С.Энхшинэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУУЛ

 

                                      ШҮҮГЧИД                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ