Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 369

 

 

 

 

 

 

 

 

 

      Ү.Түвшинтөгс, Д.Мөнхбат нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                               

            прокурор Ц.Сүхбат,

            яллагдагч Ү.Түвшинтөгс, түүний өмгөөлөгч Д.Очирваань,                                          

            яллагдагч Д.Мөнхбат, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах,

            нарийн бичгийн дарга А.Ханджамц нарыг оролцуулан,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаярын гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 14ий өдрийн 802 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сүхбатын бичсэн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 06 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ү.Түвшинтөгс, Д.Мөнхбат нарт холбогдох 201525022502 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 16ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Дамба овгийн Үүрийнтуяагийн Түвшинтөгс, 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Төрийн банкны “Хараа” тооцооны төвд теллер ажилтай байсан, ам бүл 1; Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 10а байрны 47 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УШ89032097/,

2. Харуул овгийн Даваасүрэнгийн Мөнхбат, 1989 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, дүүгийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Наран” хорооллын 2 дугаар байрны 3 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 9-9 тоотод түр орших суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УЮ89060136/,  

            Д.Мөнхбат, Ү.Түвшинтөгс нар нь шунахай сэдэлтээр, урьдчилан үгсэн тохирч 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 11 цаг 40 минутад иргэн Б.Пүрэвцэцэгийн Төрийн банкны 103200469957 дугаартай хадгаламжийн дансны мэдээллийг хууль бусаар олж авч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны АТМ-аас 10 удаагийн гүйлгээгээр нийт 3.000.000 төгрөг авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар, Ү.Түвшинтөгсийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Ү.Түвшинтөгс нь Төрийн банкны “Хараа” тооцооны төвд теллер ажилтай байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон бөгөөд тэрээр найз Д.Мөнхбатын хамт иргэн Д.Пүрэвцэцэгийн данснаас 10 удаагийн үйлдлээр нийт 3.000.000 төгрөгийг хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150, 156 дугаар зүйлд заасан, эсхүл өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхэд байцаан шийтгэх ажиллагаа явуулж зүйлчлэлийг зөвтгөх.

Өөрөөр хэлбэл Ү.Түвшинтөгс нь банкны хууль тогтоомж зөрчсөн эсэх, Банкны дотоод дүрэм, журам буюу банкны харилцагчийн мэдээллийн нууцыг хэрхэн хадгалах талаар түүний ажил байдлын тодорхойлолтод байсан эсэх. Мөн түүнд өөр нийлмэл гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх талаар мөрдөн байцаалт явуулах нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан, яллагдагч Д.Мөнхбат, Ү.Түвшинтөгс нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Сүхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжид “найз Д.Мөнхбатын хамт Д.Пүрэвцэцэгийн дансаас 10 удаагийн үйлдлээр нийт 3.000.000 төгрөгийг хууль бусаар авсан бөгөөд” гэж гэмт үйлдлийн талаар тодорхой дүгнэлт хийсэн атлаа хэргийн зүйлчлэлийг ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг биш гэж үзэж байгаа нь тодорхой бус байна.

Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын Хяналт шинжилгээ, статистикийн хэлтсийн мэргэжилтэн Э.Шижирбаярын 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Б.Пүрэвцэцэгийн интернет банкны мэдээлэл нь Төрийн банкны үйлчилгээний үндсэн серверт хадгалагдаж байгаа тул компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээлэлд хамаарна. Компьютер, мэдээллийн сүлжээнд байгаа аливаа мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр олж авч, ашиглах нь мэдээллийг хууль бусаар олж авсан үйлдэл болох ба хохирогч Б.Пүрэвцэцэгийн зөвшөөрөлгүйгээр интернет банкны нэвтрэх нэр, нууц дугаарыг ашигласан нь дээрх үйлдэлд хамаарна” гэж дүгнэсэн байхад шүүх тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй, дээрх шинжээчийн дүгнэлтийг няцаасан баримтгүй дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект нь аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд байдаг. Ү.Түвшинтөгс нь иргэн Б.Пүрэвцэцэгийн хадгаламжийн дансанд хадгалагдаж байсан 3.000.000 төгрөгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлд “мөнгөн хадгаламжийн гэрээний үндсэн дээр банк нь хадгалагч” байхаар заасан. Төрийн банкнаас Б.Пүрэвцэцэгийн 3.000.000 төгрөгийн мөнгөн хадгамжийг тусгайлан теллер Ү.Түвшинтөгсөд хадгалуулахаар итгэмжлэн хариуцуулаагүй. Харин компьютер, мэдээллийн сүлжээнд байгаа мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр олж авч, ашиглах замаар дээрх 3.000.000 төгрөгийг олж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйл буюу банкны хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг нь их буюу онц их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг. Иргэн Б.Пүрэвцэцэгт 3.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан нь хохирлын хэмжээнд хүрэхгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг хууль бусаар олж авсан гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Энэ хэргийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан Ү.Түвшинтөгс, Д.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон шалгасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт шунахайн сэдэлтээр гэж хүндрүүлэх нөхцөлийг хуульчилсан нь Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгтэй давхар зүйлчлэхгүйгээр тус зүйл ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болгож оруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт “энэ хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн” нь иргэн Б.Пүрэвцэцэгийн хадгаламжийн дансны мэдээллийг хууль бусаар олж авч, ашиглах замаар данснаас нь 3.000.000 төгрөгийг авснаар тогтоогдож байна.

Шүүгч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.2, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгосон боловч 230 дугаар зүйлд заасан 4 үндэслэлийн алинаар буцаасан талаар тодорхой тусгаагүй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 802 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив...” гэв.  

 

            Яллагдагч Ү.Түвшинтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

                     

            Яллагдагч Д.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч нууц кодоо хийж байхыг нь хараад би цээжилсэн. Ү.Түвшинтөгст ямар ч буруу байхгүй. Шүүгчийн захирамжийг зөв гэж үзэж байна.” гэв.

 

            Яллагдагч Ү.Түвшинтөгсийн өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж харагдаж байна. Хохирогчийн мөнгийг Д.Мөнхбат авсан болохыг нь Ү.Түвшинтөгс мэдсэн байдаг. Энэ үйлдлийг нь гэмт хэргийг нуун дарагдуулсан үйлдэл мөн эсэх талаар ажиллагаа хийх ёстой.” гэв.    

 

            Яллагдагч Д.Мөнхбатын өмгөөлөгч Г.Ганбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг бүхэлд нь дэмжиж байна. Д.Мөнхбат нь үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг баримталж байгаа нь зөв эсэхийг тогтоох шаардлагатай. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн ямар зүйл, заалтыг баримтлаад байгааг нь тодруулах шаардлагатай.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Ү.Түвшинтөгс, Д.Мөнхбат нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн хэмээн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ү.Түвшинтөгс, Д.Мөнхбат нар хохирогч Б.Пүрэвцэцэгийн Төрийн банк дахь дансны мэдээллийг хууль бусаар олж авсан арга нь ямар шинжээр “Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг” гэмт хэрэг болох нь тодорхойгүй байх тул энэ талаар байцаан шийтгэх ажиллагаа явуулж, өмчийн эсрэг бусад гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай. 

 

Компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг хууль бусаар олж авсан үйлдэл болгон Эрүүгийн хуулийн Хорин тавдугаар бүлэгт заасан Компьютер, мэдээллийн аюулгүй байдлыг эсрэг гэмт хэрэг болохгүй бөгөөд гагцхүү компьютерийн технологийг ашиглан дээрх нууцлал бүхий мэдээллийг олж авсан нөхцөлд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үздэг.

 

Үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус, эсхүл хууль ёсны эсэх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдох учиртай /хэргийн үйл баримт/ бөгөөд эцсийн хууль зүйн дүгнэлтийг шүүх хийнэ. 

 

Гэтэл шинжээчийн дүгнэлтэд “... сүлжээнд байгаа аливаа мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр олж авч, ашиглах нь мэдээллийг хууль бусаар олж авсан үйлдэлд хамааруулах ба сэжигтэн Д.Мөнхбат нь Б.Пүрэвцэцэгийн зөвшөөрөлгүйгээр интернет банкны нэвтрэх нэр, нууц дугаарыг ашигласан нь дээрх үйлдэлд хамаарна ...” гэж шинжээч өөрт байхгүй эрхийг эдэлж, хэргийн үйл баримтыг дүгнэж шинжээчийн дүгнэлт гаргасан нь хууль бус болжээ. 

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14ий өдрийн 802 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Сүхбатын бичсэн 2016 оны 5 дугаар сарын 2ы өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                           ШҮҮГЧИД                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                        М.ПҮРЭВСҮРЭН