Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 444

 

 

                                                                                                                                                        

 

 

 

 

 

 

 

        Д.Александр, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт

           холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Соёлмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Буянтогтох,   

Ялтан Д.Александрын өмгөөлөгч Ц.Ганчимэг,  

Ялтан Г.Оюунболдын өмгөөлөгч Д.Энхбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Оюунгэрэл нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч А.Алтанхуяг, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцэл болон ялтан Д.Александр, түүний өмгөөлөгч Т.Энхмандах нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Александр, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт холбогдох эрүүгийн 201526030102 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигин овогт Доржийн Александр, 1964 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, вагон найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 17-598 тоотод оршин суух бүртгэлтэй,

 

Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 125 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168б, 171 дүгээр зүйлд зааснаар нийт 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 186 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 67 тоот захирамжаар өвчний учир хугацааны өмнө хорих ялаас чөлөөлөгдөж байсан, /РД: ЧЗ64081432/,

 

2. Буурлынхан овогт Ганболдын Оюунболд, 1979 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 19 дүгээр гудамжны 670 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ШЕ79031010/,

 

3. Хярын тайжууд овогт Чойжилсүрэнгийн Баттүшиг, 1979 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр багийн Шандын 67-12 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, нийтийн байранд түр оршин суух,

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 197 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ШЕ79051813/,

 

4. Жаран овогт Намхайн Бүрэн, 1968 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 8-122 тоотод оршин суух бүртгэлтэй,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 272 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 209 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ЧО68112212/,

 

Д.Александр нь урьд хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгүүлж, өвчний учир ялаас чөлөөлөгдөж ялгүйд тооцох хугацаа арилаагүй байхдаа буюу давтан үйлдлээр 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 10 дугаар гудамжинд согтуугаар иргэн Н.Энхтөрийг “эхнэртэйгээ хардсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан өөрийн суга таягаар түүний тархи, толгой руу цохиж, зодон баруун зулайн хатуу хальс доорх цус харвалт, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт бүхий гавал тархины битүү гэмтэл учруулж санаатай алсан,

 

Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нар бүлэглэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 10 дугаар гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн “тахир дутуу хүнийг дээрэлхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Н.Энхтөрийн толгой, цээж рүү өшиглөж биед нь нүүрний зулгаралтууд, цус хуралтууд бүхий хөнгөн, 5-6 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Д.Александрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт зааснаар, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Д.Александрын хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Александрыг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар Д.Александрыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Александрын эдлэх 16 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарын эдлэх 3 жил 6 сарын хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Александрын цагдан хоригдсон 408 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ч.Баттүшиг, Н.Бүрэн, Г.Оюунболд нарт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас тус бүр 2 жилийг өршөөн хасч, тэдгээрийн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Александраас 3.518.300 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-899 тоотод оршин суух П.Буянтогтоход олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялуудыг тэнсэж, тус бүрийг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, Д.Александрын 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 186 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хэргийн ялтайд тооцох хугацааг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Александр, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нар бусдад төлөх төлбөргүй, Г.Оюунболд 184 хоног, Н.Бүрэн 60 хоног, Ч.Баттүшиг 60 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Н.Энхтөрийн өмсөж явсан хувцас болох хөх саарал өнгөтэй, зүүн энгэр дээрээ “Sox” гэсэн бор шаргал өнгийн бичигтэй, үслэг ногоон юүдэнтэй цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн ярлик дээрээ 37 размер гэсэн бичигтэй ногоон өнгийн хилэн өмд 1 ширхэг, хар өнгийн суран тэлээ 1 ширхэг, цагаан шаргал өнгийн нимгэн дотуур ноосон өмд 1 ширхэг, 38 размерын “Босс” брэндийн хагас түрийтэй үстэй дотортой гутал 1 хос, шаргал өнгийн хөндлөн бор судалтай оймс 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Буянтогтоход буцаан олгож, …тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Александрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Оюунболд Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Александр шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Бүрэн, Оюунболд, Бүрэн, талийгаач Энхтөр нар ахин нэг шил архи авч уухад би архи уухгүй болохоор хадмынх руугаа явахаар явах гэхэд бүгд намайг “Алагаа ах аа хүрээд ир, хэлэх юм байна” гээд дуудсан. …Талийгаач Энхтөр нь намайг очиход миний хажуугаар өнгөрөхдөө үгийн зөрүүгүй шууд л заамдаад авахад нь би боолтонд орж Энхтөрийн гарыг салгах гээд оролдож байтал таяг маань унан би тогтвор байхгүй болж арай хийж салаад бид хоёр тийшээ унасан. Гэтэл Баттүшиг миний куртикний ар захан дээрээс чирч 5 метр хэрийн газар явахад миний төвөнх чихэгдээд дуу гарахгүй болсныг Баттүшиг мэдээд намайг дээш харуулаад гэдэс хэвлий рүү дэвсэхэд миний төвөнх гарсан. Гэтэл Баттүшиг миний куртикний халаасыг уудлан хэтэвч авахад хэн нэг нь миний гарыг ар талд барьчихсан байсан. Нэг харахад тэд нар бужигнаад л байсан. Миний хэтэвчинд мөнгө байгаагүй болохоор чи би авсан гээд л маргасан байх. Бүрэн над руу нэг харахад нь би дохио зангаагаар таягаа аваад өг гэхэд авч өгсөн. Би дуугарч чадахгүй хэцүү байсан. Намайг таягаа тулан арай гэж босон зогсож байхад усанд явж байгаа болов уу гэмээр 2 хүүхдээ дагуулсан хүн явж өнгөрсөн. Төд удалгүй байхад цагдаагийн алаг машин ирээд бид гурвыг авч явахад Баттүшиг надад миний хэтэвчийг авч өгөхдөө газар уначихсан байсан гэж хэлэхэд цагдаа жолооч харж байсан. Энэ хүмүүс анх баригдаад явахад Энхтөр нас бараагүй байхад өөр мэдүүлэг өгч байснаа нас барахад нь мэдүүлэг нь өөрчлөгдөж бүр батлан даалтад гараад үгсэн хуйвалдаж намайг энэ хэргийг хийсэн болгоод байна. Гэрч Батболд нь хундагатай архи уух гэж байхдаа тэд дундаас “Алагаа ахаа бие чинь гайгүй юу” гээд хашгирдаг намайг хол зогсож байсныг харсан хүн. Гэрч Батсум нь тэр хүмүүс дунд зогсож байгаад надаас автобусны мөнгө гуйж авчихаад шал өөрөөр надтай автобусны эцсийн буудал дээр таарсан гэдэг. Гэрч Д.Эрдэнэчимэг /хх-140-1хх/-т гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэсэн байхад миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн байдаг. Гэрч Батчулуун нь таягтай хүний хажууд байсан 2-3 хүн зодож байсан гэж хэлдэг. Гэрч Дарамбазар нь таягтай хүний таягаар ондоо хүн цохисон гэсэн мэдүүлэг байдаг. Гэрч Цэцэгдарь охин таягтай ахын таягаар өөр хүн цохисон гэсэн мэдүүлэг /хх-126-127-1хх/ байдаг.    

Хэрэг боогоод гарын үсэг зуруулахад би харааны шилгүй байсан болохоор Оюунболд уншиж өгөөд би сонссон. Мөн мөрдөн байцаагч урьд өгсөн мэдүүлэгтээ гарын үсэг зур гэсэн ба уншиж үзье гэхэд би ажилтай байна хурдан зур гэж уурлаад гарын үсэг зуруулсан. Би прокурорт би архи уугаагүй байсан гэж хэлэхэд ийм мөч богинотой хүний архи хурдан гарчихдаг байхгүй юу гэж хэлсэн. Прокурор яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэсэн байхад харин ч эсрэгээр нь яллах талыг барин яллаж байгаад гомдолтой байна. Миний хэргийг үнэн зөвийг шүүж дахин анхан шатны байцаалтад буцааж өгнө гэдэгт итгэж найдаж байна…” гэжээ.

Ялтан Д.Александрын өмгөөлөгч Т.Энхмандах давж заалдах гомдолдоо: “…Өмгөөлөгч Т.Энхмандах миний бие, эрүүгийн 201526030102 дугаартай “ялтан Д.Александр нь 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 10 дугаар гудамжинд согтуугаар иргэн Н.Энхтөрийг эхнэртэйгээ хардан үл ялих зүйлээр шалтаглан өөрийн суга таягаар түүний тархи толгой руу цохиж, зодон баруун зулайн хатуу хальс доорх цус харвалт, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт бүхий гавал тархины битүү гэмтэл учруулж санаатай алсан” гэх хэрэгт ялтан Д.Александрын өмгөөлөгчөөр оролцож байна.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Гэрч Б.Батчулуун мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...хэвтэж байсан хүний Нисэхийн эцсийн буудал талд буюу дэргэд нь хашааны хажууд төмөр хос суга таягтай шаргалдуу богино куртик өмссөн, 165 см орчим нуруутай, таргандуу, улаан шаргал царайтай, дөч гарам насны хүн зогссон. Хэвтэж байсан хүнээс нарийн гудамж талд толгойн хажууд цэнхэр жинсэн өмдтэй, богино бараандуу куртиктэй, туранхайдуу, дунд зэргийн нуруутай, дөч орчим насны хүн байсан. Энэ хүний зүсийг анзаараагүй. Суга таягтай хүний хажууд костюм өмд шиг бараан өнгийн даавуун өмд өмссөн, богинодуу бараан куртиктэй, дунд зэргийн биетэй 165-170 орчим насны эрэгтэй хүн байсан. ...Цэнхэр жинсэн өмдтэй залуу хэвтэж байсан хүний толгой руу баруун нударгаараа хоёр гурван удаа цохисон. ...Таягтай хүн цохисныг би хараагүй…” /хх-122-125/ гэж мэдүүлдэг.

Мөн насанд хүрээгүй гэрч Б.Цэцэгдарь “...Таягтай хүн нь зогсож байсан. Хоёр хүн зодож байсан...” /хх-126-127/ гэж мэдүүлдэг. Дээрх мэдүүлэгт дүгнэлт хийхэд талийгаач Н.Энхтөрийн биед учирсан тархи толгой руу цохиж, зодон баруун зулайн хатуу хальс доорх цус харвалт, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт бүхий гавал тархины битүү гэмтлийг Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн, Д.Александр нарын хэн нь учруулсан нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу байна.

Насанд хүрээгүй гэрч Б.Цэцэгдариар холбогдогч Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн, Д.Александр нарыг таньж олуулах ажиллагаа хийлгэх, уг ажиллагааны үр дүнгээс хамааран түүний мэдүүлгийг газар дээр нь шалгах зэрэг ажиллагааг хийлгүүлэх шаардлагатай байна.

Иймд гомдолд дурдагдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ялтан Д.Александр нарт холбогдох эрүүгийн 201526030102 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү…” гэжээ.

Прокурор Б.Соёлмаа эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүхэд ялтан Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, ялтан Д.Александрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ ялтан Д.Александрыг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь зүйл ангийг нь “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд, ялтан Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарыг бүлэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Прокурорын зүгээс ялтан Д.Александрыг өмнө 2008 оны 10 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж 15 жилийн хорих ялаар шийтгүүлээд 5 жилийн хорих ялыг биечлэн эдлээд үлдсэн 10 жилийн хорих ялаас өвчний учир чөлөөлөгдсөн байдаг. Энэ байдалд нь прокурорын зүгээс ялтан Д.Александрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь хэсэгт зааснаар ялласан байсан. “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл хамрагдахгүй тул ялтан Д.Александрын ялтай байдал арилаагүй. Анхан шатны шүүхээс ялтан Д.Александрын үйлдсэн гэмт хэргийг ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь заалтыг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцээгүй. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Д.Александрын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь хэсэгт заасан үйлдэлтэй “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар эсхүл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хэргийг хоёр янзаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн. Ялтан Д.Александр, түүний өмгөөлөгч Энхмандах нарын гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлье. Анх энэ хэрэгт ялтан Д.Александр, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 912.10, 91.2.11 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байсан. Гэтэл тухайн үед анхан шатны шүүхээс талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийг хэн учруулсныг нарийн тогтоох гэсэн үндэслэлээр хэрэг мөрдөн байцаалтад буцаж байсан. Ингээд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар яллагдагч нарыг болон гэрчүүдийг дахин байцаах ажиллагаа хийгээд талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийг ялтан Д.Александр таягаараа цохиж учруулсан. Харин ялтан Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нар нь талийгаач үхэлд хүрсэн гэмтлийг авсны дараа талийгаачийг зодсон болох нь тогтоогдсон. Иймд ялтан Д.Александрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт зааснаар, ялтан Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарыг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ялласан. Мөн насанд хүрээгүй гэрч Цэцэгдарь нь мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлэг өгөхдөө “...тухайн этгээдүүдийн нүүр царайг хараад танихгүй. Аавтайгаа хажуугаар нь өнгөрөхдөө 4-5 уулаа байсан..” гэж хэлдэг. Иймээс насанд хүрээгүй гэрчээр таниулах ажиллагааг хийх боломжгүй юм. Иймд одоо хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Ялтан Д.Александрын биед хэрэг болсны маргааш үзлэг хийхэд ямар нэг гэмтэл тогтоогдоогүй. Мөн Д.Александрын мэдүүлэг хэрэг авагдсан бусад нотлох баримтаар тогтоогддоггүй. Иймд ялтан Д.Александр болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгсэхгүй болгож, зөвтгөж өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Буянтогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүний амь нас хохироосон хүнийг хуулийн дагуу шийтгэх байх гэж найдаж байна” гэв.

Ялтан Д.Александрын өмгөөлөгч Ц.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хэрэгт урьд мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчөөр оролцож байсан. Прокурорын эсэргүүцэлд тайлбар хэлье. Хэргийн нөхцөл байдал бол энэ дөрвөн ялтан талийгаачтай нийлээд тавуулаа тухайн хэрэг болдог өдөр гудамжинд архи уусан. Маргаан болох үед ялтан Н.Бүрэн хэрэг болсон газраас 10 орчим метрийн цаана тамхи авахаар холдоод явсан байсан. Үүнээс хойш Н.Бүрэнг эргээд хартал талийгаач, Д.Александр хоёр заамдалцаж талийгаач нь Д.Александрыг цохиж хоёулаа газар унасан байдаг. Энэ нь ялтан Д.Александр хоёр хөлгүй, суга таяагтай учраас тэнцвэр алдаад унасан байх магадлалтай. Унахдаа талийгаач аль талаараа унасан нь тогтоогдоогүй. Гэхдээ шинжээч эмчийн дүгнэлтээр талийгаачийн толгойд учирсан гэмтэл баруун талаас үүссэн хүчний үйлчлэлээр учирсан байх боломжтой гэсэн байдаг. Иймд талийгаач унахдаа гэмтэл авсан байх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэрчүүд болон ялтнууд талийгаачийг унахад Д.Александрыг таягаараа цохисон гэж мэдүүлснийг бодит байдалд боломжгүй гэж үзэж байна. Мөн хавтаст хэргийн 35-37 дугаар талд ялтан Ч.Баттүшигийн мэдүүлэгт “...газар унасны дараа харилцан бие биенээ гараараа цохиод байсан. Голдуу нүүр рүүгээ цохилцоод байсан” гэдэг. Дээрх мэдүүлгүүдийн зөрүүг гаргаагүй. Эргэлзээтэй нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад улсын яллагч “ялтан Д.Александр нь талийгаачийг таягаараа цохисноос болж үхэлд хүргэх гэмтэл учруулсан” гэж дүгнэсэн. Ялтан Н.Бүрэн тэр хоёрыг зодолдож байхад 10 метрийн цаанаас ирж салгасан. Хэргийн газар ялтан Г.Оюунболд, Ч.Баттүшиг нар байж байсан. Энэ үед ялтан Ч.Баттүшиг мэдүүлэхдээ “...Д.Александрыг Н.Бүрэн татаж салгаж байсан. Талийгаач нь Д.Александрын өмсөж явсан хүрэмний хормойноос зуураад гараа тавихгүй байсан тул би талийгаачийн гар луу жийгээд гарыг нь тавиулсан...” гэжээ. Үүнээс үзэхэд таягаар цохиулсан гээд байгаа үйлдлийн дараа хохирогч эсэргүүцэл үзүүлэх үйлдэл хийж байжээ. Мөн ялтан Ч.Баттүшиг зодоон болсны дараа талийгаач өндийгөөд сууж байсан талаар мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Ялтан Н.Бүрэн нь ялтан Д.Александрыг зодооноос салгаад зохицуулж байх хооронд нь ард үлдсэн ялтан Г.Оюунболд, Ч.Баттүшиг нар талийгаачийг тархи толгой, хөл гар луу нь өшиглөж зодож байсныг гэрч Батчулуун түүний охин, насанд хүрээгүй гэрч Цэцэгдарь нар мэдүүлсэн байдаг. Үүнийг улсын яллагч харгалзаж үзэлгүй зөвхөн ялтан Д.Александрын цохисон үйлдлээс болж талийгаач үхэлд хүрсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэргийн оролцогчдын үйлдэл оролцоог нарийн тогтоогоогүй атлаа ялгамжтай байдлаар зүйлчилж, шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Хавтаст хэргийн 122-127 дугаар талд авагдсан гэрчийн мэдүүлэгт “гурван хүн газарт хэвтэж байгаа хүнээ нийлээд толгой тархи, гэдэс рүү нь өшиглөж зодоод байхаар нь наанаас нь “болиоч ээ, нэгийгээ аллаа шүү дээ” гэхэд “алсан ч яадаг юм, чамд хамаагүй гээд бүүр зодоод байсан” гэжээ. Үүнээс талийгаачийг гурван хүн нийлээд тархи толгой руу нь өшиглөх зэргээр зодож байсан асуудал яригдсан байхад улсын яллагч ялтан Д.Александрыг үйлдэл талийгаачийг үхэлд хүргэсэн гэж дүгнэж ялгамжтай зүйлчилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хэрэгт хүмүүсийн хувцасны зөрүүтэй байдал яригддаг. Гэрчийн мэдүүлгээр “...жинсэн өмдтэй хүн талийгаачийн толгойн талд нь зогсож байгаад толгой руу нь нэг удаа дэвсээд авсан мөн дараа нь гараараа толгой руу нь хүчтэй цохисон” гэдэг. Мөн гэрч Батчулуун 10 дугаар сарын 7-ны өдрийн мэдүүлэгтээ “..жинсэн өмдтэй залуу талийгаачийн толгой руу гараараа хоёр удаа хүчтэй цохисон. Пид, чад гэх дуу сонсогдож байсан тул их хүчтэй цохисон” гэжээ. Гэтэл энэ жинсэн өмдтэй хүнийг олж тогтоох, шалгах ажиллагаа хийгдээгүй. Тухайн хэрэг болсон өдрөө ялтан Н.Бүрэн, Ч.Баттүшиг нар хэргийн газар дээрээс Цагдаагийн байгууллагад баригдаад явсан байдаг тул өмсөж явсан хувцас нь хэргийн материалд бэхжигдсэн. Харин ялтан Г.Оюунболд баригдаагүй тэр өдрөө хэргийн газраас алга болоод сүүлд 2 сарын дараа олдож байцаагдсан. Ингэхдээ ялтан Г.Оюунболд эхлээд жинсэн өмдтэй байсан гэж мэдүүлж байгаад сүүлд мэдүүлгээ өөрчилсөн. Иймд магадгүй жинсэн өмдтэй хүн нь ялтан Г.Оюунболд байсан байх боломжтой. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хэргийн нөхцөл байдлыг нарийн шалгах тогтоох ажиллагаа хийгдээгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Ялтан Г.Оюунболдын өмгөөлөгч Д.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, ялтан Д.Александр болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.  

                                                         ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Д.Александр, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Д.Александр, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих асуудлаас гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, хүнийг танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт Д.Александр, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарын тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, сэдэлт, хүсэл зоригийн хэлбэр тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчлийн шинжийг агуулж байна.

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг агуулгын хамт шийтгэх тогтоолд жагсаан бичсэн байх боловч тэдгээрт тулгуурлан ямар үйл баримт тогтоож буй нь ойлгомжгүй байх бөгөөд харилцан бие биеэ илчилсэн гэх Д.Александр, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарын мэдүүлгийг үнэлэхдээ тэдгээрийн харилцан зөрүүтэй байдлыг анхаарч хэний мэдүүлгийн аль хэсэг нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэж, аль нь хэрхэн няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нарын мэдүүлгийг тал бүрээс нь хооронд нь болон бусад баримт сэлттэй шинжлэн судалсны үндсэн дээр Д.Александр, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарын мэдүүлгээс хэний аль мэдүүлгийг авч бусдыг үгүйсгэсэн үндэслэлээ зааж өгөх нь зүйтэй. Тухайлбал, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарын мэдүүлгээр Д.Александрын хүнийг алах гэмт хэргийн оролцоо нотлогдож байна гэж үзэж буй бол Д.Александрын өөрийгөө хэргийн газар байсан боловч оролцоогүй гэсэн нь хэрхэн яаж няцаагдаж буйг болон хэрхэн үгүйсгэж буйг тогтоох шаардлагатай.

Д.Александр, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт холбогдох хэргийг урьд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байх бөгөөд уг тогтоолд дурдсан ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд хийгээгүй байгааг анхаарах нь зүйтэй.

Иймд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар дараах зүйлүүдийг шалгаж тогтоох шаардлагатай. Үүнд:

1. Талийгаач Н.Энхтөрийн нас барсан шалтгаан болон түүнд учирсан “баруун зулайн хатуу хальс доорх цус харвалт, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт бүхий гавал тархины битүү гэмтэл”-ийг шүүгдэгч Д.Александр, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарын хэн нь учруулсан болохыг нарийвчлан тогтоох, 

2. Гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэрийг тогтоох, тухайлбал, талийгаачийг гараар цохих, хөлөөр өшиглөх болон таягаар цохих зэргийн алинаар нь дээрх гэмтэл үүсэх боломжтой эсэх, 

3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгаж, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог ялган зааглаж, тухайн үед болсон үйл баримтыг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай байна. 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Александрын урьд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан “ялгүйд тооцох хугацаа”-г Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Александрын ялгүйд тооцох хугацаа нь Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд хамаарч байхад мөн хуулийн 6 дугаар зүйлд хамааруулж хууль буруу хэрэглэснээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар “хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн” гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож давхардуулан дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.      

          Иймд ялтан Д.Александр, түүний өмгөөлөгч Т.Энхмандах нарын гаргасан “…хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэх давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, дээр дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Александр, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очих хүртэл Д.Александрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Г.Оюунболд, Ч.Баттүшиг, Н.Бүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ПҮРЭВСҮРЭН

 

                                      ШҮҮГЧИД                                                    Д.ОЧМАНДАХ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ