Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 507

 

 

 

Ж.Батсайханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах  даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогч С.Цэрэндулам,

Ялтан Ж.Батсайхан, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар  даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Цэрэндуламын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Батсайханд холбогдох 201624000225 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Жанцангийн Батсайхан, 1971 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, 117 дугаар цэцэрлэгт селасерь ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23 дугаар гудамжны 29 тоотод оршин суух,  

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УС71110313/,

Ж.Батсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 19 цаг 24 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны “City shop” автобусны буудлын хажуугийн замд “Toyota prius-11” загварын 34-45 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч, явган зорчигч С.Цэрэндуламыг мөргөж, биед нь “аарцаг ясны умдаг, суудал ясны далд хугарал, баруун түнхний үе орчмын зөөлөн эдийн няцрал, толгойн үстэй хэсэгт шарх, цээжинд зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 31 дүгээр гудамжны 31 тоот хашааны хайс төмөр салсан, хашааны суурь блок нь хагарч бутарсан, “Мана бэлдмэл” эмийн сангийн бүргэд хаалга эвдэрсэн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан Тээврийн прокурорын газраас Ж.Батсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Батсайханыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэн, хохирогч С.Цэрэндулам нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Ж.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар түүний эзэмшлийн “Toyota prius-11” загварын 34-45 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, Ж.Батсайханы В ангиллын 187556 дугаар жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар  Ж.Батсайханд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Ж.Батсайханд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Батсайханд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч С.Цэрэндулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2016 оны 3 дугаар сарын 11-ны орой 19 цаг 24 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны “City shop” автобусны буудлын ойролцоо “Toyota prius-11” загварын 3435 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ж.Батсайхан нь зам тээврийн осол гаргаж, ослын улмаас миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн. Ж.Батсайхан нь энэ хэрэг явдлаас хойш сэтгэл гаргаж тусалж дэмжээгүй. Миний зүгээс шаардаж шахуулж байж нэг удаа ирж уулзсан бөгөөд 2 сарын цалин, эмчилгээний баримттай зардалд 2.953.750 төгрөг төлсөн боловч эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй болно. Би түүнээс дааж давшгүй их хэмжээний мөнгө нэхэмжлээгүй бөгөөд одоогийн байдлаар өвдөгний орчимд мэдээгүй болсон, цаашид шинжилгээ эмчилгээ хийлгэх, өвчтэй байх хугацаанд байнга такси хөлсөлж эмнэлэг гэр хоёрын хооронд явж байсан. Мөн Булган аймгийн Баяннуур сумаас ээжийгээ дуудан ирүүлж асруулж байсан зэрэг зардлуудыг тооцож, гэм хорын хохиролд 2.096.300 төгрөг нэхэмжилснийг хангаагүй, эрүүл мэндээрээ урт хугацаанд хохирч байгаадаа гомдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “...хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд хорих ялыг тэнсэж, хянан харгалзах”-аар заасныг, Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт “...согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл гэж үзэх”-ээр заасныг тус тус зөрчиж, Ж.Батсайханд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлээгүйд гомдолтой байгаа бөгөөд гэм хорын хохирол арилгаагүй байгаа тул хорих ялыг биечлэн эдлүүлж өгнө үү…” гэв.

Ялтан Ж.Батсайханы өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх байр сууринаас оролцож байна. Ж.Батсайхан хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хохирогчийн эмчилгээний зардал 2.953.750 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд бэлнээр өгсөн. Мөн анхан шатны шүүх хуралдааны дараа 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хохирогчийг сувилалд хэвтмээр байна, мөнгө өгөөч гэж хэлсний дагуу 150.000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн. Ж.Батсайхан хохирогчийг хэвтэрт гэртээ байх үеэс нь эхлэн тусалж, бүх эмчилгээний зардлыг өөрийн санаачилгаараа хохирлыг барагдуулсан. Мөн түүний эхнэр нь хохирогчийн гэрт очиж, хүүхдийг нь цэцэрлэг сургуулиас нь авч, гэрийнх нь ажилд бүх зүйлээр тусалж байсан. Ж.Батсайхан нь 2013 онд зүрхний судасны бөглөрөл үүсч, судас тэлэгч гуурс тавиулсан, одоо группт байдаг. Уг гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгдээд хохирогчид гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ шинжээчийн дүгнэлтэд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж хэлсэн...” гэв.

Ялтан Ж.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчид гэмтэл учруулсан өдрөөс эхлэн түүнийг эргэж, түүний ар гэрт тусалж байсан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гаргасан гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан  ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн. Давж заалдах гомдлын хувьд анхан шатны шүүх хуралдаанд хохирогч 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүхээс хавтас хэрэгт цугларсан баримтад үндэслэн хохирлыг тооцсон...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн  284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх  хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Ж.Батсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 19 цаг 24 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны “City shop” автобусны буудлын хажуугийн замд “Toyota prius-11” загварын 34-45 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замаас гарч, дэлгүүрийн гадна зогсож байсан С.Цэрэндуламыг мөргөж, биед нь “аарцаг ясны умдаг, суудал ясны далд хугарал, баруун түнхний үе орчмын зөөлөн эдийн няцрал, толгойн үстэй хэсэгт шарх, цээжинд зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 31 дүгээр гудамжны 31 тоот хашааны хайс төмөр салсан, хашааны суурь блок нь хагарч бутарсан, “Мана бэлдмэл” эмийн сангийн бүргэд хаалга эвдэрсэн зэрэг хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоох талаар уг хэрэгт шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийгджээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй байна.

            Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй...” гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Учир нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хор бүрэн арилгаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан  “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг тэнсэж, ...хянан харгалзахаар тогтоож болно...” гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй байна.

            Иймд хохирогч С.Цэрэндуламын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Ж.Батсайханд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Батсайханд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Шүүх хуралдаан болтол Ж.Батсайханд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                Н.БАТСАЙХАН