Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 464

 

                                                                                                                                                                                                                                                                           

                                                                    

 

 

 

 

 

 

           Д.Бямбасүрэнд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Уранчимэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Сэрээтөмөр, түүний өмгөөлөгч Г.Дашдамба,  

Ялтан Д.Бямбасүрэн /цахим сүлжээгээр хорих ангиас оролцсон/,

Ялтан Д.Бямбасүрэнгийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, Ц.Раашзэвэг,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Сэрээтөмөр, ялтан Д.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Бямбасүрэнд холбогдох эрүүгийн 201525030863 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Боржигон овогт Дамбын Бямбасүрэн, 1967 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 19 дүгээр гудамжны 996г тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: НЙ67122901/,   

 

          Д.Бямбасүрэн нь 2015 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 19 дүгээр гудамжны 996г тоотод нөхөр Я.Ариунбулагийг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж багалзуурдаж санаатайгаар алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Д.Бямбасүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос шүүгдэгч Д.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Д.Бямбасүрэнг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэнд 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэнд оногдуулсан 5 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн урьд цагдан хоригдсон 270 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Сэрээтөмөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, ялтан Д.Бямбасүрэнгийн эдлэх ялыг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж, Д.Бямбасүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.  

Ялтан Д.Бямбасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Архины мөнгө нэхэн хэл амаар доромжлон агсам тавихад нь би зугтаагаад гараад явдаг байсан. Тэр өдөр мөн л архины мөнгө нэхээд агсам тавьж хэл амаар доромжилж уяа боолт барин “чамайг боож ална” гээд дайрсан, яг л намайг алчихлаа гэж бодогдож байсан, айж сандран давчдаж аргагүй эрхэнд, гарцаагүй байдалд орж, өөрийгөө хамгаалсан тэрхэн зуурын үйлдэл минь хүний амь насанд хүрсэнд маш ихээр чин сэтгэлээсээ гэмшин харамсаж байна. Би энд амьдралынхаа багахан хэсгийг хэн нэгнийг гүтгэн доромжилж, хань нөхрөө муулж бичсэнгүй, байгаа байдлыг үнэн бодитоор нь бичлээ. Би 295 хоног хоригдох хугацаанд зүрх, бөөр, элэг, цөс, нойр булчирхай өвдөж, бүх бие минь янгинан өвдөж хүйтэн цэвдэг цементэн шалан дээр үр хүүхдүүдээ бодож энэлэн шаналж байна. Миний амьдралыг болон үр хүүхдүүдийн минь ирээдүйг шийдэх гэж байгаа учраас ар гэрийн минь ахуй амьдрал, миний биеийн байдлыг харгалзан үзэж маш олон талаас нь харж үзэн ялыг минь хөнгөрүүлж өгнө үү…” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Сэрээтөмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шийтгэх тогтоолд бид гомдолтой байна. Талийгаач ах Я.Ариунбулагийг маш ихээр худал хэлж өөр хоорондоо үгсэн тохирч санаатай алчихаад бөөлжсөндөө хахаад үхчихлээ гэж бид нарт худал хэлж байсныг шалгаж үзэх зүйл их байна. Талийгаач ахыг зодож боож, баас шээстэй нь хольж хаячихаад эмч болон цагдаа нарыг ирэхэд нь бүх эд мөрийн баримтыг устгаж хаясан байсан. 49 хоногийн ажил явдал дээр нь очиход манай эгч нарт би аавыг боогоод алчихсан юм гэж охин А.Энхмандах хэлсэн байсан. Бага охин А.Энхзул нь бид нарт аавыг өнгөрөхөд ээж байгаагүй, ээж ирээд эгч нарыг та нарын хэн нь ингэчихэв ээ гээд загнаад байсан. Охин А.Энхзулын ярьсныг нотлох баримт байгаа тул хүүхдүүдийг нь шалгаж өгнө үү.

Мөн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр болсон шүүх хуралд иргэдийн төлөөлөгч болох Янжмаа нь яллагдагч Бямбасүрэнгийн эгч дүүс болох нь тодорхой юм. Янжмаа нь 103-д түргэний дуудлагын эмч хийж байсан. …Ах Ариунбулаг нь Бямбасүрэнг дарамталж байгаагүй нь үнэн болно. Дарамтлах нь битгий хэл хашаа байшин авч өгч байсан. Мөн Бямбасүрэнгийн ах дүүс оршин сууж байсан засаг захиргааны ажилтантай хуйвалдаж анхны багийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолтыг өөрчилсөн нь хавтаст хэргээс тодорхой харагдана. …Үхсэн хүн үг хэлэх биш гэсний үндсэн дээр бүх зүйлийг талийгаач руу чихэж байна. Сүүлийн 2-3 жил гэртээ орж хонох нь ховор, байнга охидуудтайгаа нийлж зодож хөөж байсан. Том эгч Даваасүрэн дээр удаа дараалан цус нөжтэй нь хольж зодож авчирч өгдөг байсан. Энэ бүгдийг гэрчлэх хүн байгаа. Бид бүгд худал гүтгэж байгаа учир гомдолтой байна…” гэв.

Ялтан Д.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцаад Д.Бямбасүрэнгийн энэ хэрэгт холбогдсон байдал шалтаг, шалтгаан болон түүний ард үлдэж байгаа үр хүүхдүүдийнх нь амьдрал ахуй, цаашид амьдрах үнэхээр боломжгүй байдлуудыг нь харгалзан дор дурдсан үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх бидний үйлчлүүлэгч Д.Бямбасүрэнд холбогдох хэргийг бүх талаас хянаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дугаар зүйлийн 284.1, 284.2, 284.3 дахь хэсгүүдэд заасны дагуу хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргажээ.

2. Шүүх Д.Бямбасүрэн нөхрийнхөө хүчирхийлэл дарамтад байнга байсан ба санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчигдсан үедээ уг гэмт хэрэг үйлдсэнийг тогтоож, хэрэг учрал гарсан байдал, сэдэлт гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал шалтгаан нөхцөл байдлыг зөв үнэлжээ.

3. Д.Бямбасүрэнгийн ард талд нь 13-25 насны 4 охин түүний хоёр нь 1-6 насны хоёр хүүхэдтэй opон байр, эрхэлсэн тодорхой ажилгүй, авч байгаа цалин орлогогүй, амьжиргааны түвшин муу, туйлын хүнд амьдралтай айлын гэр хашаанд түр амьдардаг, 2 бага охин нь дээд болон дунд сургуульд суралцах нөхцөл байдал маш хүнд, нэн ядуу тул Д.Бямбасүрэн ял эдлээд явахад, эдгээр хүүхэд, зээ нар нь цаашид үнэхээр амьдрах боломжгүй болох нь хавтас хэргээс ойлгогдоно.

4. Шүүх дээрх байдлуудаас гадна Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4, 55.1.5, 55.1.6, 55.1.9 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх шалтгаануудыг харгалзан үзэж бидний үйлчлүүлэгч Д.Бямбасүрэнд оногдуулах ялыг хөнгөрүүлж 1 жилээс дээшгүй хугацаагаар хорих буюу ядаж оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан тэнсэж, нэг жилээс дээшгүй хугацаагаар хянан харгалзах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18А дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Бямбасүрэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх буюу тэнсэж хянан харгалзаж өгөхийг хүсэж байна…” гэв.

Ялтан Д.Бямбасүрэнгийн өмгөөлөгч С.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Бямбасүрэнгийн хэргийн асуудлыг өмнө анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсгээр зүйлчилж, давж заалдах шатны шүүхээс буцааж шийдвэрлэсэн. 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн 61 дугаартай магадлалаар буцаасан үндэслэлүүд байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Яагаад гэвэл мөрдөн байцаалтаар тогтоох ёстой асуудлуудыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй. Хамгийн гол нь хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлд заасан хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн хувьд 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулна гэсэн заалттай. Анхан шатны шүүх 5 жилийн хорих ял оногдуулсан. Ялтны хувийн байдал, гэр бүл, амьдралын хүнд нөхцөл байдлаас шалтгаалаад энэ ял шийтгэлийн хэмжээг багасгаж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Сэрээтөмөрийн өмгөөлөгч Г.Дашдамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй байна. Хэргийг тал бүрээс нь бүрэн судлах шаардлагатай байдаг. Улсын яллагчид мөрдөн байцаалтын шатанд гомдол хүсэлт гаргаж байсан. Харуул хамгаалалтын албаны дарга Энхболдоос талийгаачийн хувийн байдлыг тодруулаад өгөөч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ямар байсан бэ гэдгийг тодруулж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байсан. Мөн талийгаачийг тухайн нас бардаг өдрийн орой нь эхнэр Д.Бямбасүрэн нь хүүхдүүд нийлж зодоод, эгч Даваасүрэн гэрт хүргэж өгсөн. Тэр үйлдлийг харсан гэрч Саран гээд хүн байдаг. Гэрчээс энэ үйл явдлыг тодруулаад өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “шүүхийн хуралдааны иргэний төлөөлөгчөөр оролцсон Янжмаа гэх хүн Бямбасүрэнгийн нагац талын хүн” гэдэг нь тогтоогддог. Тухайн үед шүүх хуралдаанд энэ талаар яагаад хэлээгүй вэ гэж хэлж байна. Хууль ёсны төлөөлөгч тэр Янжмаа гэх хүнийг таниагүй, тэр хамаатан нь Д.Бямбасүрэнгийнхтэй ойр дотно байдаг болохоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ойр дотно биш байсан.Тэр хүн таниагүй, тэр хүнийг таньж хэлээгүй учраас бид нар хуульд заасан үндэслэлээр татгалзах боломжгүй байсан. Хэргийн материалд ганцхан талийгаачийг хүчирхийлж байсан гэдэг баримт авагдсан байдаг. Талийгаач өөрөө хүчирхийлэлд өртсөн баримт маш их байдаг. Тэр талаар хавтаст хэрэгт авагдаагүй. Удаа дараа хамаатнуудад нь зодоод гэрт аваачиж өгдөг. Талийгаачийн цалинг нь өгдөггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэр орондоо хонуулж, хувцас хунарыг нь сольж өгдөг байсан. Талийгаач гэр орондоо очиж хонох эрхгүй хүн байсан. Нас барсан хүн өөрөө үг хэлж чадахгүй учраас хамаг бурууг чихээд байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж харахгүй байна. Миний зүгээс тодорхой ажиллагаануудыг хийх шаардлагатай. 13 настай охины мэдүүлэгт “аавыг өнгөрөхөд ээж байгаагүй. Ээж ирээд эгч нарыг та нарын хэн нь ингэсэн бэ гээд загнаад байсан” гэдэг. Энэ охины бичлэг байдаг. Эдгээрийг тодорхой шалгах хэрэгтэй. 13 настай хүүхэд өөрөө субъект болж чадах уу. Ажиллагаа тодорхой болгох шаардлагатай. Эрүүгийн хуулийн дагуу бүрэн гүйцэд, тодорхой хийгдсэн, нотлох баримт нь шалгагдаад тогтоогдсон гэж үзэхгүй байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад  буцаах шаардлагатай байна” гэв.

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр анхан шүүх Д.Бямбасүрэнд холбогдох хэргийн шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Өмгөөлөгч нарын гаргасан тайлбаруудыг сонслоо. Мөрдөн байцаалтын шатанд Төв аймгийн Борнуур сумын тодорхойлолт гаргаж өгсөн хүмүүс болох Засаг даргын тамгын газрын ажилтнуудыг шалгасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төв аймагт хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг асуудал шалгагдаагүй. Үүнтэй өмгөөлөгч танилцаагүй юм шиг байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Сэрээтөмөр мөрдөн байцаалтын шатанд 13 настай хүүхэд мэдээлэл өгсөн учраас шалгах хэрэгтэй гэсэн хүсэлт өгсөн. Үүний дагуу 13 настай хүүхдээс мэдүүлэг авах гэсэн боловч гэр бүлийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн учраас мэдүүлэг авах боломжгүй болсон. Энэ нь бичгийн баримтаар тогтоогдсон. Гэмт хэрэг гарсан өдөр буюу 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө амь хохирогч нь бусдад зодуулсан гэсэн талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад иргэдийн төлөөлөгч Янжмаа шүүгдэгчийн хамаатан гэсэн баримтыг өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч гаргаж өгсөнгүй. Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлттэй холбогдуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтэд энэ хорих ялыг тэнсэх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл үндэслэл нь хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан тохиолдолд нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, байдлыг харгалзан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж болно гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 10-ны өдөр шилжих нэг хүний амь хохирсон, энэ тохиолдолд гэм хор арилсан гэж үзэх боломжгүй. Тийм болохоор хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжгүй гэж прокурорын зүгээс үзэж байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Д.Бямбасүрэн нь 2015 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 19 дүгээр гудамжны 996г тоотод санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ нөхөр Я.Ариунбулагийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Сэрээтөмөрийн “...талийгаачийн 49 хоног болсон өдөр манай эгч нарыг очиход талийгаачийн том охин Энхмандах нь “би аавыг боогоод алчихсан юм” гэж манай гурван эгчид хэлсэн байсан. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр талийгаачийн бага охин болох 13 настай Энхзул над руу залгаад “тантай уулзмаар байна” гэхээр нь би Дэнжийн Мянгад эгч Сүрэнхорлоогийн гэрт яваад очиход Энхзул нь надад “хэрэг болох үед ээж байгаагүй, дараа нь ээж ирээд хэн нь ийм болгочихов гэж эгч нарыг загнасан” гэж хэлсэн. Мөн Энхмандах нь манай том ах Нармандах руу утсаар залгаад “аавыг би боогоод алчихсан юм” гэж хэлээд уйлсан байсан. Энэ бүгдээс үзэхэд уг хэргийг Энхмандах үйлдсэн гэж бодож байгаа тул энэ талаар шалгуулах хүсэлтэй байна. Манай эгч Сүрэнхорлоогийнд өдөр би талийгаачийн бага охин Энхзулд чихэр авч ид, утсандаа нэгж авч хий гээд 2000 төгрөг өгсөн…” /хх-33-34-II/,

Гэрч А.Энх-Оюуны “…2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 14 цагийн үед байхаа Нарантуул зах дээр ээжийн лангууны хажууд хайрцаг зардаг Алтанчимэг гэдэг эгч над руу яриад “чи хүрээд ир, аав чинь ирчихээд ээжийг чинь зодоод байна” гэхээр нь би 15 цаг өнгөрөөгөөд дүү Энх-Амгалан болон охин Нандин-Учралын хамт зах дээр ээж дээр очтол аав ээжийн лангуун дээр оччихсон цээж нүцгэн ээжийг янз бүрээр хэлээд доромжлоод байж байсан. Тэгэхээр нь би ээжийг цааш нь явуулаад аавыг “та дандаа ингэж байх юм, одоо явж үз, нүдний булай боллоо” гээд явуулсан. Аав явчихаад 20 минут орчим болоод л буцаад хүрээд ирсэн. Тэгээд буцаж ирээд архины мөнгө нэхээд байхаар нь би аавд 6500 төгрөг өгөөд явуулсан. Аав тэр мөнгийг авч явчихаад 1 цаг орчим болоод бас л нэлээд их согтчихоод хоёр хуушуур барьж ирээд намайг ид гээд өгсөн. Тэгээд зах дээр байж байгаад 19 цаг 30 минутын үед аав ээж хоёрыг аваад ээж машинаа бариад зах дээрээс хөдөлсөн. Ингэж явж байхдаа аав ээжийн ард суучихаад “хурдлах юм бол би үсэрлээ” гээд ээжийн арын суудлын дэрийг нь цохиод байсан ба аав буух гээд байхаар нь Энх- Амгалан аавыг цээжээр нь тэврээд явсаар байгаад Дэнжийн Мянгад ирээд аавын эгч Мягмарсүрэнгийн гэрийн үүдээр өнгөртөл аав гэнэт машины хаалга онгойлгоод, ээж нэлээд хүчтэй тоормослоод зогстол аав буугаад “Бямбасүрэн намайг ах дүүд нь хаяад явж байна гэнээ” гээд орилсон. Тэгээд аав газраас чулуу аваад машины цонхыг хагална гээд байхаар нь би ээжид охиноо өгөөд машинаа бариад яв гэж хэлээд Энх-Амгалан бид хоёр аавыг аваад үлдсэн. Ингээд аавыг дагуулаад “Өлзийт” дэлгүүрийн өмнө иртэл аав архи уучихаад харина гэхээр нь аавыг орхиод Энх-Амгалан бид хоёр гэрлүүгээ явсан. Тэгээд би гэртээ нөхөр хүүхдийнхээ хамт байж байтал нэлээд орой болсон байсан, ямар ч байсан шөнийн 23:00-00:00 цагийн үед ээж над руу залгаад түргэн дуудъя, аавын чинь бие муу байна машинаа аваад хүрээд ир гэхээр нь би гэрээсээ гараад машинаа асаагаад угаасаа ойрхон болохоор 3-4 минутын дараа л ээжийн гэрт очиход гэрт аав дээшээ хараад гараа алдлаад толгой нь үүдрүү харчихсан газар хэвтэж байсан. Ээж гар хөлөө бариад нэлээд сандарсан байдалтай байсан ба “яасан бэ” гэж асуухад “аав чинь уначихлаа” гэж хэлсэн. Би тэр үед бодохдоо даралт нь ихсээд л унасан байх гэж бодсон. Түүнээс биш нас барсан гэж бодоогүй. Тэгээд ээж Энхмандах, Энх-Амгалан бид нар нийлээд аавыг өргөөд газар нь зассан орон дээр хэвтүүлсэн. Ингээд аавын дүү Сүрэнхорлоо эгч би очиж чадахгүй гэж хэлсэн. Мөн аавын дүү Сэрээтөмөр болон эгч Мягмарсүрэн рүү нь хэлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ гараад миний машинд суугаад аавын эгч Даваасүрэнг гэрээс нь очиж аваад замдаа түргэний машинтай болзоод зам заагаад гэртээ иртэл түргэний эмч аавыг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Манай аав архи сайн даадаг, манай аав согтохоороо бол хүн байж тэсэхийн аргагүй ааш авир гаргадаг байсан. Гэхдээ би аавыг үзэн ядаж байгаагүй, ээжийг болон мөн хүүхдүүдээ бүгдийг нь арай дэндүү харгис хэрцгий зоддог байсан. Мөн манай ээжийг бид нарын нүдэн дээр бараг хүчинддэг байсан…” /хх-25-I/,

Гэрч А.Энхмандахын “...2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 20 цаг өнгөрч байхад ээж, Энх-Оюун, Энх-Амгалан гурав талийгаач аавыг дагуулаад гэртээ ирсэн. Би аав ээжтэйгээ хамт нэг хашаанд тусдаа гэрт байдаг. Аав ирэхдээ согтуу байсан болохоор урдны адил ээжтэй хэрэлдээд орилж хашгираад байсан. Тухайн үед би гэртээ өөрийн 6 настай Урангоо, хамгийн бага дүү 13 настай Энхзул, Энх-Амгалан нартай хамт байсан. Нөгөө гэрт аав ээж хоёр хоорондоо муудалцаад хэрэлдэж байсан. Тухайн үед ээж хашгираагүй болохоор бид нар гэр лүү нь ороогүй. Аав ээжийг зодохоор ээж орилчихдог юм. Энэ удаа ээж чимээгүй байгаад байхаар нь зодоон болоогүй юм байна гэж бодоод гэрт ороогүй. Манай нөхөр Баянхүү “ажлаа тараад удахгүй очно. Хоол хийгээд байж байгаараа. Хоолоо идчихээд ээжийнхээ биеийг асарна гэхээр нь хоол хийж байсан. Нөхөр ирээд хоолоо идчихээд ээжийгээ асарна гээд Хайлааст руу явсан. Гэрт Энх-Амгалан, Энхзул, охин Урангоо бид 4 үлдсэн. Бид 4 гэртээ киногоо үзээд байж байтал ээж дүү бид нарыг дуудаад хурдан ороод ир гэсэн. Бид нар яваад ортол ээж аавын ар талаас нь тэвэрчихсэн, хахсан хүний хахааг нь гаргах гэж байгаа юм шиг барьчихсан байж байсан. Тухайн үед би аавыг цэрэндээ хахсан юм болов уу гэж бодоод аавын 2 талаас нь барьж байгаад нуруунд нь иллэг хийсэн. Тэгээд аавын том эгч Даваасүрэнг дуудаж гэрээс нь очиж аваад иртэл аав маань нас барчихсан байсан. Даваасүрэн эгч ирсний дараа бид нар 103 дуудсан. Аавыг нас барсан байна гэж хэлээд, цагдаа дуудчихаад яваад өгсөн…” /хх- 27-I/,

Гэрч А.Энх-Амгалангийн “...Би 2015 оны 7 дугаар сарын 9-ний өглөө 10 цагийн үед сэрэхэд гэрт манай дүү Энхзул байсан ээж ажилдаа явсан байсан. Тэгээд би гадагшаа гарч эгч Энх-Оюуны гэрт очиж гэр барилцахад нь тусалж өгөөд 15-16 цагийн үед гэртээ ирэхэд аавыг Нарантуул зах дээр ээж Бямбасүрэнд агсам тавиад байна гэж уг зах дээр хайрцаг зардаг Алтанчимэг эгч утсаар ярихаар нь эгч Энх-Оюуны хамт очиж ээж Бямбасүрэнг шуудай зарж байгаа газраас нь явуулсан. Би эгч болон аавын хамт үлдэж шуудайгаа хамт заралцаж 19 цагийн үед бид дөрөв 99-67 УНЭ дугаартай машиндаа суугаад гэрлүүгээ харьсан. Ээжийг машин барьж явахад аав машины арын суудал дээр суучихсан байхдаа ээжийг хөлөөрөө өшиглөж, жолоочийн хамгаалалтын бүсээр ээжийг боогоод байсан. Энэ үед би аавыг болиулж, бид 4 аавын дүү Сүрэнхорлоогийн гэрт очиж аавыг үлдээх гэхэд Сүрэнхорлоо эгч гэртээ байхгүй 2 хүүхэд нь байсан. Тэгээд эгч бид 2 ээжийг машинтай нь гэрлүүгээ явуулаад аавтай хамт Сүрэнхорлоо эгчийн хашааны гадаа үлдсэн чинь аав бид хоёр луу агсарч чулуу авч шидээд байхаар нь аавыг орхиж эгчтэй хамт зугтаагаад гэртээ ирсэн. Тэгээд би эгч Энхмандахын гэрт орж зурагтаар 22 цагийн кино үзэж байтал аав гэртээ ирчихсэн бололтой ээжтэй хэрүүл маргаан хийж эд зүйл авч шидээд байх шиг байсан. Энэ үед эгч Энхмандах охиноо дагуулан аавын гэрт ороход хүмүүсийн чанга ярих дуу чимээ хэсэг намжсанаа дахин аав, ээжийн орилох дуу гарч хоорондоо зодолдоод байх шиг дуу чимээ гарч ямар нэгэн эд зүйл шидэгдэх дуу чимээнүүд гарч байтал ээж чанга дуугаар Амгалан гэж дуудахаар нь би эгчийн гэрээс гарч аавын гэрт ортол аав гэрийн голд зуухны дээхэн талд газар дээшээ хараад хэвтсэн байдалтай байсан. Тухайн үед би бодохдоо аавыг тоглоод босохгүй хэвтээд байна гэж бодтол аав амьсгалахгүй байгаа юм шиг харагдахаар нь хүргэн ах Баянхүү, эгч Энх-Амгалан, эгч Энхмандах, ээж Бямбасүрэнгийн хамт аавыг 4 талаас нь өргөж зуухны доод хэсэгт аваачиж тавихад Баянхүү ах аавыг босгож нуруунд нь массаж хийж өгсөн. Тэгтэл аав сэрэхгүй болохоор нь бид нар аавын дүү нарлуу нь залгаж “аавыг хөдөлж амьсгалахгүй нэг л эвгүй болчихлоо хүрээд ир” гэхэд аавын дүү нараас хүмүүс ирэхгүй болохоор нь бид нар өөрсдөө аавын эгч Даваасүрэнг авчран гэртээ ирж түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн. Аав архи уусан үед гэртээ байнга агсам тавьж ээжийг хэл үгээр доромжилж, цохиж зоддог байсан. Бид нар аавыг архины эмчилгээ болон захиргааны журмаар баривчилж байсан…” /хх-32-33-I/,

Гэрч О.Алтанчимэгийн “...2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр буюу наадмаас 2 хоногийн өмнө бол Бямбасүрэн эгч бид 2 лангуун дээрээ зогсож байтал өдөр Бямбасүрэн эгчийн нөхөр нь согтуу, дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа өмд, гуталтай ирээд Бямбасүрэн эгчээс архины мөнгө нэхээд агсам тавиад лангууг нь тойруулаад элдэж хөөгөөд зодох гээд байхаар нь Бямбаа эгч надад манай охиныг дуудчих гэхээр нь би охин руу нь яриад дуудсан ба удалгүй 2 охин нь ирсэн. Тэгээд орой болоход аавыгаа ээжтэйгээ хамт аваад явсан. Ийм л асуудал болсон юм. Нөхөр нь гэх тэр хүн Бямбасүрэн эгчид агсам тавихдаа хэлэх хэлэхгүй үгээр хэлж хараагаад Бямбасүрэн эгчийг зодох гээд, мөн тамхиныхаа үнсээр түлэх гэж хөөгөөд Бямбасүрэн эгч тойрч зугтаагаад л байсан…” /хх-37-I/,

Гэрч Я.Мягмарсүрэнгийн “...Би 2015 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад манай талийгаач дүү Ариунбулагийн эхнэр Бямбасүрэн нь манай том эгч Даваасүрэнгийн гэрт нь хүүхдүүдтэйгээ хамт ирээд “Ариунбулаг нэг л хачин болчихоод байна, та очоод үзээдэх” гэж хэлсэн байсан. Тэгээд гэрт нь очтол талийгаач дүүг маань хажуу тийш нь харуулаад хэвтүүлчихсэн байсан ба манай дүү нас барчихсан байсан гэсэн…” /хх-38-I/,

Гэрч Д.Чогсомын “...Би 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ажлаасаа ирээд эхнэр А.Энх-Оюун болон охин Нандин-Учрал нарын хамт гэртээ амарч байтал шөнө 00 цагийн үед хадмын хойд гэрээс манай эхнэр лүү залгаад машинаа аваад хурдан хүрээд ир гэж дуудсан. Тухайн үед бол хадам аавыг нас барсан гэж хэлээгүй. Тэгээд манай эхнэр хадмын гэр лүү яваад би охиноо хараад гэртээ үлдсэн бөгөөд шөнө 03 цагийн үед манай эхнэр А.Энх-Оюун над руу залгаад уйлчихсан аав нас барчихлаа гэж хэлсэн…” /хх-39-40-I/,

Гэрч Я.Сүрэнхорлоогийн “...2015 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө би Төв аймгийн Эрдэнэ сум яваад хот луу орж ирж байхад 01 цагийн үед Бямбасүрэн эгч над руу яриад Ариунбулаг зүгээр байж байгаад уначихлаа гэсэн. Тэгээд би гэртээ ирээд удаагүй байж байтал манай том эгч Даваасүрэн над руу залгаад “Ариунбулаг өнгөрчихсөн байна, хүрээд ир” гэхээр нь дүү Сэрээтөмөрийг дагуулаад мөн нөхрийн хамт гэрт нь очиход талийгаач ах нас барчихсан хүүхдүүд нь гадаа хашаандаа байсан ба Бямбаа эгч цагдаа авч ирэх гээд зам руу гарчихсан байсан. Манай талийгаач ах бол их л зөөлөн зан ааштай уйланхай хүн байсан. Архи уухын хувьд уудаг л байсан, гэхдээ сүүлийн 8-9 жил архи уудаг болсон. Хааяа архи уугаад эхнэр, хүүхэдтэйгээ муудалцлаа гэхэд нь бид нар очоод буруутгаад л өнгөрдөг байсан…” /хх-45-I/,

Гэрч Г.Түвшинжаргалын “...2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн х329 тоот албан бичиг үнэн зөв юм. Дамба овогтой Бямбасүрэн гэх хүн 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манай төвд хандаж хуулийн зөвлөгөө авч дөрвөн хүүхдийнхээ хамт хамгаалах байранд 7 хоног байрлаж байсан. Энэ нь манайд байгаа архивын баримтаар тогтоогдож байгаа. 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн х39 тоот албан бичгийг Сэрээтөмөр гэх хүн ирээд “би Бямбасүрэнгйн төрсөн дүү нь байна, манай эгч Бямбасүрэн хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж байсан талаар баримт бичиг байхгүй бол хэрэг нь прокурорт шилжихгүй байна мөн манай эгчтэй уулзах зөвшөөрөл өгөхгүй байна” гэж хэлсний дагуу энэ бичгийг хийж өгсөн. Уг албан бичгийг би гаргаж өгөхдөө архив гүйцэд шалгаагүйн улмаас Д.Бямбасүрэнг манай төвд хандаж байгаагүй гэсэн буруу бичиг хийж өгсөн байна. Энэ албан бичгийг би Сэрээтөмөр гэж хүнд өөрт нь өгсөн…” /хх-35-36-II/,

Гэрч Т.Хоролсүрэнгийн “...энэ албан бичгийг үзлээ. Энэ 47 тоот албан бичигт дарсан тамга нь манай багийн буюу миний тамга мөн байна. Харин гарын үсэг нь бол 2 дугаар багийн Цэвэлсүрэнгийн гарын үсэг байна…” /хх-38-II/,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...талийгаачид хийсэн задлан шинжилгээний явцад нойр булчирхай их бие хэсгээр цус харвалттай, байсан ба эд эсийн шинжилгээнд нойр булчирхай өөхлөлт ихтэй, гадна өөхлөлт цус харвалттай байсан байна. Нойр булчирхайн цус харвах нь хэд хэдэн шалтгаантай байж болно. Гадны механик хүчин зүйлийн нөлөөгөөр болж судасны бүрэн бүтэн байдал алдагдсантай холбоотой үүсэж болно. Мөн архины хордлогын үед нойр булчирхайд цус харвалт үүсдэг. Талийгаач Я.Ариунбулагийн хувьд цусанд 3.3 промилли спирт илэрсэн буюу хүнд зэргийн согтолттой байсан. Мөн нойр булчирхайд цус харвалт үүссэн зэргээс үзэхэд архины хордлогын процесс тодорхой хэмжээнд явагдаж байсан. Гэхдээ нас барсан үндсэн шалтгаан нь архины хордлого биш амьсгалт бүтэлт байсан. Өөрөөр хэлбэл, амьсгал бүтэлтийн шинж тэмдэг илүү давамгай илэрсэн. Тархины 4 дүгээр ховдолд цэгчилсэн цус харвалт үүсэх нь амьсгал бүтэлтийн шинж юм. Тухайн хүний бие физилогийн асуудлаас хамаарч хүн хүнд харилцан адилгүй байдаг. 3.3 промилли спирт илэрсэн хүн зарим нь эрүүл хүн шиг байхад зарим нь согтоод унах ч тохиолдол байна. Энэ нь тухайн хүний биеийн физилогоос шалтгаална…” /хх-39-40-II/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1234 тоот акт, дүгнэлтэд “…1. Талийгаачийн биед хүзүүний баруун хажуу хэсгийн цус хуралт, 2 нүдний доод зовхины дотор салст, уруулын дотор салст, тархины 4-х ховдол, уушгины нялтан доорх цэгчилсэн цус харвалт, хүзүүний дотор гадаргуу, хүзүү хоолойн баруун талын зөөлөн эд буюу арьсан доорхи өөхөн эд, булчингийн цус хуралт үүссэн нь боолт, багалзуурдалтын улмаас үүссэн байх боломжтой байна. 2. Талийгаач нь багалзуурдалтаас амьсгал бүтэж нас баржээ. 3. Талийгаачид хийсэн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь АВО системээр О /I/ бүлгийн цустай байна. 5. Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 3.3 промилли процент этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэг болно…” /хх-53-54-I/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 774 тоот дүгнэлтэд “…Д.Бямбасүрэн нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Бямбасүрэн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна…” /хх-65-I/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн бүрэлдэхүүнтэй хийсэн 774 тоот /нэмэлт/ дүгнэлтэд “…а/ Д.Бямбасүрэн нь хэрэгт холбогдох үедээ санаа сэтгэл нь цочрон давчидсан эсэхийг тогтоох боломжтой байна. б/ Д.Бямбасүрэн нь хэрэгт холбогдох үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байх боломжтой байна. в/ Д.Бямбасүрэн нь хэрэгт холбогдох үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байх боломжтой байна. Хэргийн үйлдлийг манай шинжилгээгээр тогтоодоггүй болно…” /хх-48-49-II/ гэх дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6-I/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-13-I/, туршилт хийсэн тэмдэглэл /хх-15-18-I/, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тодорхойлолт /хх-51-52-II/, Төв аймгийн Борнуур сумын Мандал-4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-53-II/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Д.Бямбасүрэнд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан ял оноосон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Д.Бямбасүрэн “…Миний амьдралыг болон үр хүүхдүүдийн минь ирээдүйг шийдэх гэж байгаа учраас ар гэрийн минь ахуй амьдрал, миний биеийн байдлыг харгалзан үзэж маш олон талаас нь харж үзэн ялыг минь хөнгөрүүлж өгнө үү…” гэж,

түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг “…Д.Бямбасүрэнгийн ард талд нь 13-25 насны 4 охин түүний хоёр нь 1-6 насны хоёр хүүхэдтэй opон байр, эрхэлсэн тодорхой ажилгүй, авч байгаа цалин орлогогүй, амьжиргааны түвшин муу, туйлын хүнд амьдралтай айлын гэр хашаанд түр амьдардаг, 2 бага охин нь дээд болон дунд сургуульд суралцах нөхцөл байдал маш хүнд, нэн ядуу тул Д.Бямбасүрэн ял эдлээд явахад, эдгээр хүүхэд, зээ нар нь цаашид үнэхээр амьдрах боломжгүй. …Шүүх дээрх байдлуудаас гадна Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4, 55.1.5, 55.1.6, 55.1.9 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж бидний үйлчлүүлэгч Д.Бямбасүрэнд оногдуулах ялыг хөнгөрүүлж 1 жилээс дээшгүй хугацаагаар хорих буюу ядаж оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан тэнсэж, нэг жилээс дээшгүй хугацаагаар хянан харгалзах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Бямбасүрэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх буюу тэнсэж хянан харгалзаж өгөхийг хүсэж байна…” гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Сэрээтөмөр “…Охин А.Энхзулын ярьсныг нотлох баримт байгаа тул хүүхдүүдийг нь шалгаж өгнө үү. Мөн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр болсон шүүх хуралд иргэдийн төлөөлөгч болох Янжмаа нь яллагдагч Бямбасүрэнгийн эгч дүүс болох нь тодорхой юм. …Үхсэн хүн үг хэлэх биш гэсний үндсэн дээр бүх зүйлийг талийгаач руу чихэж байна. Д.Бямбасүрэн нь талийгаачийг охидуудтайгаа нийлж байнга зодож хөөж байсан. Талийгаачийг бүгд худал гүтгэж байгаа учир гомдолтой байна…” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө өөрийн гэртээ талийгаач Я.Ариунбулаг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуугаар шүүгдэгч Д.Бямбасүрэнд агсам тавьж, хэл амаар доромжилж, бие, эрх чөлөөнд нь халдсан байна. Энэхүү хэрэг учрал болох үед шүүгдэгч, талийгаач нараас өөр хүн байгаагүй ба шүүгдэгчийн “...Намайг ороход гичий, янхан минь чи хаагуур тэнээд ирэв гээд гүйгээд ирэхээр нь зугатаахад миний араас хоолойгоор уяа оруулаад татсан. Тухайн үед би яг өөрийгөө алах нь гэж бодсон ...Тухайн үед би бачимдаад яаж талийгаачийг боосныг мэдэхгүй, нэг мэдэхэд хөргөгчний хажууд сууж байсан…”, гэрч А.Энх-Оюуны “…Ээж гар хөлөө бариад нэлээд сандарсан байдалтай байсан ба “яасан бэ” гэж асуухад “аав чинь уначихлаа” гэж хэлсэн. …Манай аав архи сайн даадаг, манай аав согтохоороо бол хүн байж тэсэхийн аргагүй ааш авир гаргадаг байсан …ээжийг болон мөн хүүхдүүдээ бүгдийг нь арай дэндүү харгис хэрцгий зоддог байсан. Мөн манай ээжийг бид нарын нүдэн дээр бараг хүчинддэг байсан…”, гэрч С.Аззаяагийн “...Ариунбулаг ах эрүүл байх үе гэж байхгүй дандаа архи уусан согтуу явж байдаг, уухаараа маш их агсам тавьдаг, хэлэх хэлэхгүй үг хэлж агсардаг, бүх хараалыг урсгаж байдаг маш хэцүү хүн байгаа юм. ...Д.Бямбасүрэн эгч бол байнга л Я.Ариунбулаг ахад зодуулсан гээд гар хөл нь хөхөрч няцарсан, нүүр ам нь хавдсан, уруул нь язарсан явж байх нь энгийн үзэгдэл болсон байсан. ...Бямбаа эгч бол дээд зэргээр гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байсан ...Талийгаач архинд нэвтэрхий орсон хүн байсан…”, гэрч Г.Гантулгын “...Ариунбулаг бол шулуухан хэлэхэд улаан архичин хүн байгаа юм. Ариунбулагтай тааралдахад үргэлж л архины мөнгө нэхдэг гудамжны архичин хүн байгаа юм. Манай эхнэрийн ярьж байгаагаар Ариунбулаг нь үргэлж эхнэрээ зодож байдаг хэрцгий харгис догшин хүн байгаа юм…”, гэрч Х.Наранчимэгийн “...Я.Ариунбулаг бол маш их архи уудаг эхнэрээ үргэлж зодож тарчлааж зовоож байдаг их хэрцгий догшин авиртай хүн. Ариунбулаг жинхэнэ утгаараа гэр бүлийн хүчирхийлэгч чимээгүйгээр хүн тамлагч байсан…” гэх мэдүүлгүүд болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 774 тоот /нэмэлт бүрэлдэхүүнтэй/ хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар Д.Бямбасүрэнгийн амь хохирогч Я.Ариунбулагт хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсоноос санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байх нөхцөл байдал бүрджээ.

Мөн урьд амь хохирогч Я.Ариунбулаг нь байнга эхнэр Д.Бямбасүрэн болон гэр бүлийн бусад гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, жижгээр танхайрсан олон зөрчил гаргаж, цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан ба түүний зүй бус үйлдлийн улмаас Д.Бямбасүрэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж, хамгаалалт авч байсан зэргээс үзэхэд гэмт хэрэг гарахад амь хохирогчийн зүй бус харилцаа хандлага, үйлдэл шууд нөлөөлсөн байна. Иймд Д.Бямбасүрэнд холбогдох хэргийг Прокуророос Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидснаас өөрийн нөхөр Я.Ариунбулагийг санаатай алсан” гэж үзэн Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.       

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Сэрээтөмөрийн давж заалдах гомдолдоо дурдсан “талийгаач Я.Ариунбулагийг охин А.Энхмандах нь алсан гэж дүү А.Энхзул хэлсэн, мөн анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Янжмаа нь ялтан Д.Бямбасүрэнгийн төрөл садангийн хүн” гэх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэхүү хэрэгт А.Энхмандахыг холбогдуулан шалгуулах шаардлагагүй.    

Түүнчлэн ялтан Д.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан гомдолд дурдсан Д.Бямбасүрэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, улмаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Д.Бямбасүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн 55, 61 дүгээр зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хорих ялыг тэнсэж, хянан харгалзах нөхцөл байдал хангагдахгүй байх ба энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хүнд хор уршиг учирсан байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Сэрээтөмөр, ялтан Д.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Сэрээтөмөр, ялтан Д.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

           ШҮҮГЧИД                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                     Д.МЯГМАРЖАВ