Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 508

 

 

Г.Саналбатад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах  даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Ширэндэв,

Хохирогч Ж.Туяа,

Ялтан Г.Саналбат,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр  даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Саналбатын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201625011028 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Дархан овогт Ганболдын Саналбат, 1979 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 1 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух, /РД:ХМ79070270/,

Г.Саналбат нь 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны 178 тоотод Ж.Туяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, биед нь “тархи доргилт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх  дүүргийн прокурорын газраас Г.Саналбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Саналбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Г.Саналбатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,920,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэлх  хугацаагаар хорих ялаар сольж, болохыг шүүгдэгч Г.Саналбатад сануулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Туяа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Г.Саналбатад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Г.Саналбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Туяатай 2014 оноос хамтран амьдарсан бөгөөд Туяа нь охин Есүй-Үжинг олон удаа хоолны хордлогонд оруулсны улмаас 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байхад  Туяа нь миний эцэг, эхийг алуурчин, Мүүний толгойлогч, намайг хятад гэж доромжлон, тахил шүтээнийг маань харанхуй шөнөөр гаргаж хаяхыг шаардаж, миний найз нөхдийг маань “хүний мууд дурлагсад” гэж эргэлтээр ирсэн хоол цайг нь асгаж ухаангүй, өвчтэй хүүхдийнхээ дэргэд тэвчишгүй ааш авир гарган хэрүүл өдөж, доромжлон хэрүүл шуугиан дэгдээж байсан. Энэ өдрөөс хойш 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүртэл Туяагийн гүтгэлэг, доромжлолыг тэвчиж, хүүхдээсээ алхам ч холдолгүй асарч халамжилсан. Охиноо асарч байхдаа ажлаа орхин, найз нөхөд, ах, дүү нараасаа эмчилгээнд нь зориулан 2.500.000 төгрөгийн зээл авч эмчилгээ, эм тарианы төлбөрийг төлж байсан. Одоо ч охиноо асран халамжилж байгаа. Гэтэл төрсөн эх Туяа нь охиныг асран халамжлах нь бүү хэл эмчилгээнд нэг ч төгрөг зарцуулаагүй, байнга худал хэлж шалтаглаж байсан. Биднийг танилцаад удаагүй байхад миний эцэг гэр авч Архангай аймгийн Булган суманд барьж өгч байсан боловч сар орчим болоод “хөдөө амьдрахаа болилоо” гээд гэрийг маань зарсан. Одоо Туяа нь хоёр өрөө байр аваад “чамд мууг чинь үзүүлнэ” гэж ярьж байгаа. Анхан шатны шүүх хурлын дараа охиноо өмссөн хувцастай нь миний эхэд тэврүүлж үлдээгээд зугтаасан байхаар нь цагдаад дуудлага өгөхөд цагдаагийн ажилтан “хүүхдийнхээ асрамжийн асуудлыг Иргэний шүүхээр шийдвэрлүүл” гэсэн. Би охиныхоо эмчилгээнд бусдаас их хэмжээний зээл авч эмчилгээнд зарцуулсан, мөн одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа тул торгох ялыг баривчлах ялаар сольж өгнө үү. Түүнчлэн хохирогчийн хувийн байдлыг бүрэн тогтоож чадаагүй. Туяа нь өмнөх нөхөр Пүрэвхүүтэй хамтран амьдарч байх үедээ өөрийгөө санаатай гэмтээж, цагдаад нөхрөө шалгуулж байсан бөгөөд нөхөр нь шоронд орохоос айгаад салсан гэдэг боловч одоог хүртэл гэрлэлтийн баталгаагаа цуцлуулаагүй байдаг. Мөн амиа хорлох гэж их хэмжээгээр эм ууж байсан зэргийг тодруулаагүйд гомдолтой байна. Хэрэг бүртгэлтийн шатанд охиноосоо болж маргалдсан, Туяаг хана мөргүүлээгүй, цохиж зодоогүй гэдгээ мэдүүлсээр байтал бүрэн гүйцэт шалгаагүй. Туяа гэрч Усникатай үгсэн хуйвалдсан мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлттэй зөрж байгааг анхаарч үзнэ үү. Тухайн үед эмчилгээ асаргааг хэн гардан хариуцаж байсан, Туяа нь охиноо сахиж байгаагүй шалтгааныг шалгаж тогтоогоогүй, хүүхдийн төрсний гэрчилгээг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, охин Есүй-Үжинтэй холбогдох бичиг баримтыг эх Туяа нь өгөхгүй байгаагаас төрөөс авах нийгмийн халамжинд хамруулж чадахгүй байгаа зэргээс дүгнэхэд хэргийг тал бүрээс нь нягтлан шалгасан гэхэд эргэлзээтэй байгааг шүүхээс харгалзан үзээгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгох ялыг баривчлах ялаар сольж өгнө үү...” гэв.

Хохирогч Ж.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд санал гомдол байхгүй. Шүүх хуралдаан болсноос хойш намайг гүтгэн доромжлоод, хүүхдээ гудамжинд хаяж явсан гэдэгт гомдолтой байна. Яагаад гэвэл би биеэ эмчлүүлэхийн тулд Г.Саналбатын ээжид нь орхиод сарын дараа ирж авна гэж хэлсэн. Маргааш би хүүхдээ аваад рашаан, сувилалд явна...” гэв.

Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан 1.920.000 төгрөгийн торгуулийн ялыг хорих ялыг шилжүүлэхдээ хувилж шилжүүлнэ. Түүнээс шууд 3 жилийн ял өгөхгүй. Тэр талаар хуульд заасан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоод нь үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Г.Саналбат нь 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны 178 тоотод Ж.Туяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, биед нь “тархи доргилт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Ж.Туяагийн “…Би хамтран амьдарч Г.Саналбат болон хүүхдийнхээ хамтаар 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрны 178 тоотод өрөө хөлслөн орсон бөгөөд 21-ээс 22 цагийн хооронд үлдэгдэл тавилгаа авахаар ахынх руугаа яваад ирсэн. Тэгэхэд Г.Саналбат дуугаа хураачихаад нэг л ууртай байсан. …шөнө 01 цагийн үед Г.Саналбатыг гарах гэхээр нь би түүнийг харанхуй шөнө хаашаа явах гээд байгаа юм бэ гэж асуухад “гарч хоол идмээр байна” гэсэн. Тэгэхээр нь би түүнд “хоол эргүүлээд байгаа хүн хаана байгаа юм бэ” гэхэд тэрээр “би гэртээ харьж хувцсаа угааж ажил хөөцөлдмөөр байна” гээд уурласан. Би түүнийг “чи хүүхдээсээ зугтаад байгаа юм байна, хүүхдээ хөл дээр нь бостол эцэг, эх шиг байх хэрэгтэй байна” гэж хэлээд аргадаж гуйсан. Гэтэл “тийм юм байхгүй, одоо болоо, чи намайг хорьж цагдах гэж авчирсан байна” гээд дахин уурласан. Тэгээд хажуу талд айл байна, хэрүүл шуугиан тарьж байхаар би орцонд хоноё, чи нэг шөнө охиныхоо дэргэд унт гээд гараад 05 цаг хүртэл орцондоо байж байгаад гэртээ ороход хажуу айлын эгч намайг миний хажуугаар ороод хэвтэж амар гэхээр нь хажууд нь унтсан. Нэг сэрэхэд өглөө 09 цаг болсон байсан. Гэртээ ороход Г.Саналбат сэрсэн байсан бөгөөд “охиндоо эмийг нь өгсөн үү” гэхэд юу ч дуугарахгүй байсан. Тэр хооронд гараа угааж байтал Г.Саналбат гарах гэж байхаар нь түүний хувцаснаас татаж оруулж ирээд “чи бид хоёрын шийдэх асуудал биш, ах, дүү нараа дуудаж шийдье” гэтэл Г.Саналбат намайг цээж рүү хойш нь түлхтэл би хана мөргөн унасан. Тэгээд босоод иртэл дахин түлхэж хана руу хавсраад унагаасан бөгөөд газар унахад гараа атгаад толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Мөн миний хоолойг багалзуурдаж, газар унасан байхад элэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд охиноо айчих байх гэж бодоод дуугүй болсон…” /хх-13-14/,

Г.Саналбатын сэжигтнээр өгсөн “…2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр эхнэр, хүүхэдтэйгээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 38 дугаар байрны 178 тоотод байрлах Туяагийн найзын хажуу өрөөг хөлслөхөөр орсон. Өдөржин нүүдэл хийгээд 17 цагийн орчим Туяа гэрээсээ өөрийнхөө юмыг авчирна гээд гараад явсан. Туяа 22-23 цагийн орчим ирсэн. Би өдөр нь хүүхдээ хараад хоол идээгүй байсан учир “гарч хоол идье” гэхэд Туяа намайг явуулахгүй гэсэн. Ингэж маргалдсаар байгаад шөнийн тал болоод өглөө хүүхдээ сэрэхэд би хүүхдийнхээ дэргэд байсан. Туяа хажуугийн өрөөнд унтаж байсан. 2016 оны 3 дугаар сарын 6-ны өглөө Туяа унтаж байсан учраас сэрээгээгүй, хүүхдийнхээ хоол, ундыг бэлдэж өгөөд хүүхдээ эргээд унтахаар нь гарах гэхэд Туяа гаргахгүй хувцаснаас татаад байхаар нь гарыг нь тавиулах гээд цааш нь түлхсэн. Гэтэл хажуу айлын эмэгтэйтэй хуйвалдан хаалга түгжих гэж оролдож байсан. Туяаг араас гарч ирэхээр нь “чи дандаа ингэж араас зууралддаг, би ирэх үедээ ирнэ, гарах үедээ гарна” гэж хэлэхэд гайгүй болоод үлдсэн. ...гаргахгүй гээд гараас зуураад байхаар нь гарыг нь мушгисан. Түүнээс санаатай цохиж зодоогүй...” /хх-20/,

гэрч Ц.Усникагийн “...2016 оны 3 дугаар сард охин Даваажавын гэрт хань болохоор хамт амьдарч байсан. 2016 оны 3 дугаар сарын 6-нд охины найз Туяа нөхөртэйгээ хамт хажуу өрөөнд нь түр амьдарахаар нүүж ирсэн. Туяа үлдсэн зүйлээ 24 цагийн үед авчирсан. Би хажуу өрөөнд амарч байтал тэд маргалдаж хэрэлдээд байх шиг байсан. Туяа гадагшаа гарч яваад 04 цагийн үед хаалга нүдээд орж ирээд “таны хажууд амрая” гээд миний хажуугаар хэвтэж байгаад 07 цагийн орчим өрөөндөө орсон. Удалгүй нөхөртэйгээ дахиад хэрэлдээд эхэлсэн. Үүдний коридорт Саналбат Туяаг 2-3 удаа хана мөргүүлээд, түүнийг унахаар нь цээжин дээр нь дэвсээд чирч гаргаад байсан. Намайг боль гэхэд үгэнд орохгүй байсан. Удалгүй цагдаа ирсэн...” /хх-40-42/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 3272 дугаар шинжээчийн “Ж.Туяагийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-16/, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай дуудлага өгсөн иргэнд хууль тайлбалаж өгсөн тэмдэглэл /хх-8/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд цугларсан нотлох баримтуудын хүрэлцээ хангалттай, эдгээр хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар Г.Саналбат нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, зүйлчлэл зөв, шүүхээс түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна.

Анхан шатны шүүх Г.Саналбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,920,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн төдийгүй ял оногдуулах нийтлэг зарчимд үндэслэгдсэн байх бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Гэвч ялтан Г.Саналбат нь давж заалдах шатны шүүхэд “шүүхээс оногдуулсан торгох ялыг төлөх төлбөрийн чадваргүй тул торгох ялыг баривчлах ялаар сольж” өгөхийг хүссэн хүсэлтээ ирүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан Г.Саналбатын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүх ялтан Г.Саналбатын гаргасан “анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг баривчлах ял болгон өөрчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын дагуу түүнд оногдуулсан торгох ялыг баривчлах ял болгон хүндрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон этгээдэд ялыг хуульд заасан төрөл, хэмжээ, хязгаарын дотор оногдуулдаг бөгөөд давж заалдах шатны шүүх ялтны эрх зүйн байдлыг нь дордуулсан хууль хэрэглэж, ял шийтгэл оногдуулах эрхгүй тул ялтан Г.Саналбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ц.Усникагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасан “худал мэдүүлэг өгөх” тухай хууль сануулан байцаалт авсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана.” гэж заасан байх тул ялтан Г.Саналбатын “хохирогч өмнө нь амиа хорлох гэж их хэмжээгээр эм ууж байсан, гэрч Ц.Усникатай үгсэн хуйвалдаж мэдүүлэг өгсөн зэргийг тодруулаагүй” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн:

 

            2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Г.Саналбатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,920,000 (нэг сая есөн зуун хорин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг,

           “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Г.Саналбатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 (есөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Г.Саналбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                Н.БАТСАЙХАН