Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 483

 

                                                                                                                                                                                                                                                                                       

                                                                    

 

 

 

 

 

 

 

         Р.Дарханбаатарт холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Тогтох,

Хохирогч М.Хүсэл-Од,

Ялтан Р.Дарханбаатарын өмгөөлөгч А.Батмандах,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, Ц.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Хүсэл-Од, ялтан Р.Дарханбаатарын өмгөөлөгч А.Батмандах нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Р.Дарханбаатарт холбогдох эрүүгийн 201501080518 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Оорцог овогт Рэнцэнгийн Дарханбаатар, 1986 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн 22 дугаар гудамжны 10 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ТА86111174/,   

 

          Р.Дарханбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хохирогч М.Хүсэл-Одтой хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан хоолойн тус газар хутгалж, бие махбодод хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Р.Дарханбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Р.Дарханбаатарыг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Р.Дарханбаатарт 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Р.Дарханбаатарт оногдуулсан 5 жил 1 хоног хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Р.Дарханбаатарын 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч М.Хүсэл-Одод 965.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч М.Хүсэл-Од нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Р.Дарханбаатарын өмгөөлөгч А.Батмандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байхад шүүх буруу дүгнэж, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Шинжээчийн дүгнэлтэд “үзлэгээр 9 см сорвитой” гэсэн боловч хохирогчийн сувилалд үзүүлж, оёдол тавиулсан тэмдэглэлд “11 см зүсэгдэлтэй” гэж бичсэн байдаг. Хохирогчийн сувилалд хэвтэн эмчлүүлсэн гэх баримтыг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан. Гэтэл сувилал нь зүсэгдэл, шарханд оёдол тавьж, эмчилгээ хийх эрх бүхий байгууллага мөн эсэх нь эргэлзээтэй. Тиймээс анх оёдол тавьсан Энхтөр эмчийг, шинжээчийн дүгнэлт гаргасан Төгсбуян эмчийг байцааж, дахин шинжээч томилон дүгнэлт гаргуулах хэрэгтэй. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн артерийн буюу гүрээний судас нь тасарсан гэж бичсэн байдаг. Гэтэл анагаах ухаанд артерийн судас тасарснаар хүний бүх цус 5 минутын дотор юүлэгдэж, 7 минутын дотор амь насаа алддаг гэсэн байдаг. Тус хэрэг 2015 оны 10 дугаар сарын 25-ны шөнө гарсан боловч хохирогч 2015 оны 10 дугаар сарын 27-ны 15 цагийн орчим эмнэлэгт хүргэгдсэн байдаг тул үнэхээр артерийн судас нь гэмтсэн эсэхэд эргэлзээ төрж байна. Мөрдөн байцаалтын шатанд яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг хангалттай цуглуулаагүй, шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн анхан шатны шүүхийн 30 дугаар тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Р.Дарханбаатар нь М.Хүсэл-Од, Баасандорж нараар гэртээ хүргүүлэх үедээ” гэж бичсэн байдаг. Гэтэл гэрч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээс үзэхэд хохирогч шөнийн 03 цагийн орчим Р.Дарханбаатарын гэрт очиж хамт архи уусан байдаг тул шүүх үйл баримтыг буруу дүгнэсэн. Шүүгдэгч, хохирогч нарыг хамт архи ууж байхдаа хувийн таарамжгүй харьцаанаас болж маргасан гэж дүгнэх ёстой байтал хохирогч нь шүүгдэгчийг гэрт нь хүргэж өгөөд буцах гэж байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. М.Хүсэл-Од, Р.Дарханбаатар нарын хэргийн үйл баримтын  талаар өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Р.Дарханбаатар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Харин хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан байтал гэрч Цацралтуяа, Бат-Очир, цагдаагийн байгууллагын ажилтан Алтансүх нарын мэдүүлгээс зөрүүтэй байдаг. Гэрч Бат-Очир “Р.Дарханбаатар, М.Хүсэл-Од нар нь уурхай ярьж гэнэт муудалцаж эхэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл хохирогч “Р.Дарханбаатар эхнэртэйгээ маргалдаад хутга бариад дайраад байхаар нь би эхнэрийг нь өмөөрсөн” гэж мэдүүлдэг. Цагдаагийн байгууллагын ажилтан Алтансүх “эхнэр нь намайг алгадсан тул энэ хүнийг эрүүлжүүлж өгнө үү гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Р.Дарханбаатар, М.Хүсэл-Од нарыг маргалдаад, зодолдоход гэрт байсан эхнэр Цацралтуяа, дүү Бат-Очир нар нь зугтаж гарсан тул гэмт хэрэг гарах үед гэрч байгаагүй. Тиймээс гэрч, шүүгдэгч, хохирогч нараас дахин байцаалт авч мэдүүлгийн зөрүүг гаргах хэрэгтэй. Р.Дарханбаатар нь бичиг үсэг мэдэхгүй. Өмгөөлөгчийн зүгээс сүүлд уулзахад “надад шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй. Байцаалт өгөхөд байлцсан өмгөөлөгч миний мэдүүлгийг уншиж өгөлгүйгээр шууд л гарын үсгээ зур гээд зуруулж байсан. Миний сүүлд өгсөн мэдүүлгүүд өөрөөр бичигдсэн байна” гэж хэлсэн. Урьд өмгөөлж байсан өмгөөлөгч нар нь улсын өмгөөлөгч байсан тул Р.Дарханбаатарыг гомдол гаргах эрхтэй болохыг нь тайлбарлаж өгөөгүй байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хохирогч М.Хүсэл-Од давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Дарханбаатар нь намайг хүнд гэмтэлтэй, хэцүү байхад алга болчихсон. Манай ахын уурхайд ажиллаж байгаад ахыг минь дарамталсан гэж гүтгэсэн. Миний ах дүүгийнх нь хоолойг хэрчсэн хүнтэй уулзаж болсон хэргийн талаар ярилцсан болохоос дарамталсан асуудал байхгүй. Одоог хүртэл хохирол бүрэн төлөгдөөгүй. Би эмнэлэгт бичиг баримтаа барьцаалаад эмчилгээ хийлгэсэн. Р.Дарханбаатар нь эхнэрээрээ дамжуулан миний хохирлын мөнгийг өгөх гэсэн боловч эхнэр нь үрчихсэн. Үүнээс болж Р.Дарханбаатар эхнэртэйгээ зодолдож, эхнэр нь цагдаад мэдэгдсэн байсан. Тиймээс би Р.Дарханбаатарт биш эхнэрт нь гомдолтой байна” гэв.

Прокурор Б.Тогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Давж заалдах гомдлууд үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Р.Дарханбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хохирогч М.Хүсэл-Одтой хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан хоолойг нь зүсэж, бие махбодод хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Хүсэл-Одын “...2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гурван ковш нүүрс гаргаж зараад мөнгөөр нь орой 23 цаг өнгөрөөж “Визон” бааранд орж Дарханбаатар, Баасандорж бид гурав архи уусан. ...баарнаас 02 цаг өнгөрч байхад гараад ордны урд талаас таксинд суугаад Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 22-1 тоот гэрийнх нь гадаа очсон чинь Дарханбаатар дахиж “архи ууна” гээд Нисэхийн хороонд байх жижигхэн дэлгүүрийн цонхыг тогшиж байгаад настай хүнээс нэг шил архи, ундаа зэргийг аваад буцаад гэртээ очсон. Гэртээ очингуутаа нөгөө архинаасаа уусан зүйлгүй, надад нэг хийж өгснөө эхнэртэйгээ хэрэлдсэн. Тэр “чамд урьд нь 800.000 төгрөг олоод өгөнгүүт намайг ажилд яваад ирэхэд архи уугаад тасарчихсан хэвтэж байсан биз дээ” гэх мэтийн бөгс бөөрний асуудлаас болж эхнэртэйгээ хэрэлдсэн. Эхнэр нь ч гэсэн өөдөөс нь хэрэлдсэн. Тэгтэл Дарханбаатарын эхнэр “наадахаа аваад гар” гэж надад хэлсэн. Дарханбаатар гарахгүй гэсэн. Дарханбаатар гэрийнхээ зүүн талд байх ширээн дээр байсан хутгыг аваад эхнэр лүүгээ дайрсан чинь эхнэр нь хүүхдүүдээ орхиод зугтаагаад гараад гүйсэн. Гараад явангуут нь Дарханбаатар “одоо наад гичий чинь цагдаа дууддаг байхгүй юу” гэхэд унтаж байсан Цацралтуяагийн төрсөн дүү нь “та нар болиоч” гээд босоод ирсэн. Тэгтэл Дарханбаатар “чамайг ална” гээд дүү рүү нь дайрсан чинь тэр бас зугтаагаад гараад явсан. ...би урдуур нь орж болиулсан чинь “чамайг насаар чинь тэжээнэ” гээд гартаа барьж байсан хутгаараа миний хоолойг зүссэн. ...миний хоолойноос цус гараад тогтохгүй байсан чинь Дарханбаатар “ахыгаа уучлаач, би юу хийчихэв ээ” гээд надаас уучлалт гуйгаад байсан. Би тэнд хэсэг сууж байгаад гэрээс нь гараад өвөөгийндөө очих гээд явахдаа замдаа нэг ухаан алдаад өвөөгийндөө мөлхөж орж хоноод маргааш нь эмнэлэгт очсон. Надад учирсан уг гэмтлийг Дарханбаатар эхнэртэйгээ муудалцахад нь би Дарханбаатарыг түлхтэл эхнэр нь “цагдаа дуудна” гээд гараад гүйсэн, тэгэхэд нь намайг салгасан чинь Дарханбаатар надад уурлаад “чамайг алчихна шүү” гэхээр нь би “чадах уу” гэтэл “чамайг насаар чинь тэжээж чадна” гээд баруун гартаа цэнхэр иштэй жижиг хутга барьчихаад миний хүзүү рүү хажуу талаас нэг удаа далайгаад цохих шиг болсон тэгэхэд нь би “чи намайг цохиж байгаа юм уу тээ” гээд хэлтэл хүзүүнээс цус садраад гарсан. Тэгэхэд Дарханбаатар шууд уйлаад “миний дүү намайг нэг удаа бодооч, битгий цагдаад хэлээч” гээд гуйгаад байхаар нь би “за, за” гээд гэрээс нь гараад явсан…” /хх-18-19/,

Гэрч Н.Бат-Очирын “…2015 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн үед байх би Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 22-1 тоотод ...Дарханбаатар ах, Хүсэл-Од хоёр гаднаас орж ирсэн, тэгээд нэг шил архи, нэг ундаа барьж орж байгаа харагдсан. Би хаалга нүдэхэд нь сэрсэн юм. Тэгээд орондоо унтаж чадалгүй хэвтэж байтал манай эгч Дарханбаатарыг “унт” гэсэн чинь “унтахгүй 1 шил архиа уучихаад унтана” гэхээр нь эгч тэр хоёрыг хаяад хэвтчихсэн. Тэгээд хэвтэж байтал нөгөө хоёр чинь архиа ууж байгаад уурхай ярьж байснаа гэнэт маргалдаад эхэлсэн. Хүсэл-Од нь “би чамайг манай уурхайд ажил гэсэн үү банди минь” гээд тэр хоёр маргалдаад зодолдчих гээд байхаар нь эгч бид хоёр босож ирээд салгаад Хүсэл-Одыг нь гэрээс түлхэж гаргачихаад хаалга түгжчихсэн. Тэгсэн чинь Хүсэл-Од нь гэрийн гадаа Дарханбаатар ахыг “Дархаа бандиа гараад ир, чи Дархан аварга гэл үү” гээд согтуурхаад чанга дуудаад байсан. Тэгэхээр нь Дарханбаатар ах гэрээс гарах гэтэл эгч Цацралтуяа гарахыг нь хориглосон чинь Дарханбаатар ах манай эгч Цацралтуяаг алгадаад авсан, тэгэхээр нь би Дарханбаатар ахыг очоод бариад автал Цацралтуяа эгч гэрээс гараад гүйчихсэн. Тэгэхээр нь би Дарханбаатар ахыг сандал дээр суулгачихаад гараад явсан, тэр хооронд Хүсэл-Од нь хашаан дотор сууж байсан. Тэгээд эгчийг гудамжинд хайгаад ололгүй хаана байна гээд хайж байгаад найзынх нь гэрт яваад ортол Цацралтуяа эгч цагдаа дуудчихсан гэсэн найзындаа байж байсан. Тэгээд би эгчтэйгээ буцаад гэртээ очтол цагдаа ирчихсэн Дарханбаатар ахыг дөнгөж аваад хашаанаас гарч байсан. Тэгээд би гэртээ ороод эгч бид нар амарцгаасан. Маргааш өглөө нь Дарханбаатар ах ирсэн, тэгэхэд нь Хүсэл-Одын эгч гэж хүн залгаад Хүсэл-Одын хоолойг зүсчихсэн гэдгийг хэлж байсан. Уурхай ярьж байгаад л хоорондоо маргалдсан, бас Дарханбаатар ахыг архи уулаа гэж манай эгч Цацралтуяа уурлаад байсан. Хүсэл-Од нь Дарханбаатар ахыг “би чамайг миний уурхайд ажиллаад өг гээгүй шүү” гэх утгатай юм яриад байснаа л маргалдаж эхэлсэн…” /хх-32-33/,

Гэрч Н.Цацралтуяагийн “...2015 оны 10 дугаар сарын 25-ны өглөө манай нөхөр Дарханбаатар, манай нөхөртэй хамт ажилладаг Хүсэл-Од нар манай найзын гар утсыг надаар барьцаанд тавиулаад уурхайдаа хэрэглэнэ гээд аваад явсан. Орой 23 цагийн үед хашааны гадаа машин ирээд явангуут нь гараад харсан чинь хашаанд нүүрс буулгаад явсан байсан. Тэгэхээр нь нөхрийгөө нүүрс буулгаад явж гэж бодоод хэсэг байж байгаад нөхрийгөө ирэхгүй болохоор нь хүүхдүүдээ унтуулж дүүтэйгээ үлдээгээд нөхрийнхөө хойноос яваад шууд “Визон” бааранд орсон чинь Хүсэл-Од үүдний хэсэгт зогсож байхаар нь нөхрийгөө тэнд байгааг мэдэлгүй Хүсэл-Одыг цохиж аваад “та нар болиоч Дархаа хаана байна” гэсэн чинь “Дархаа ах байхгүй, би яаж мэддэг юм бэ, та одоо намайг цохидог хэн бэ, би эцэг эхдээ хүртэл цохиулж үзээгүй хүн шүү” гэж надтай маргалдсан. Тэгээд би баарны заал руу оронгуут үүдний хажуугийн сандал дээр Дарханбаатар манай хүргэн Баасандоржийн хамтаар сууж байсан. Тэгэнгүүт нь би нөхөр, хүргэн хоёрыгоо цохиж аваад “хүний утас тавиулчихаад ингэж явахдаа яадаг юм бэ” гэж уурласан. Тэгтэл манай нөхөр надтай маргалдаж уйлсан. Тэгэхээр нь би ширээн дээр нь байсан архинаас хундаганд хийж уучихаад гарч яваад шууд гэртээ харьсан. Тэгээд би гэртээ хариад унтаж байхад шөнө 04 цагийн үед манай нөхөр Хүсэл-Одын хамтаар гэртээ ирсэн. Тэр хоёр орж ирэхдээ нэг шил 0.75 литрийн “Хараа” архи, ундаа зэргийг барьж орж ирээд Дарханбаатар, Хүсэл-Од хоёр уурхайн асуудлаас болж хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би босож ирээд Хүсэл-Одыг “гарчих тэгэх үү” гэсэн чинь гарахгүй байхаар нь Хүсэл-Одыг түлхээд гэрээс гаргасан. Түүнийг гарсны дараа би нөхөртөө уурлаад “чи яах гэж ингэж явдаг юм бэ хүүхэд хүртэл айлгаад байх юм” гэсэн чинь Дарханбаатар “чамд хамаагүй” гээд намайг алгадаад авахаар нь би зугтаагаад гараад явсан. Тэгээд би найзындаа байж байгаад цагдаа дуудсан. Удалгүй хоёр цагдаа ирээд Дарханбаатарыг аваад явах үед би гэрлүүгээ орсон. Маргааш нь Дарханбаатар Хүсэл-Одыг хоолойг хутгаар зүссэн гэдгийг Хүсэл-Одын ээж надад хэлсэн. Миний хувьд бол яг хоолойг нь хутгаар зүсэж байхыг хараагүй. ...гэрээс гарсан хойноо Хүсэл-Од “Дарханбаатараа Дархан аваргаа чи гараад ир” гээд орилоод байхаар нь манай нөхөр Дарханбаатар гарах гэхээр нь би хориглосон чинь намайг шууд алгадчихаар нь би шууд гараад зугтаачихсан. Тэгээд хажууханд байдаг найзындаа ороод цагдаа дуудсан. Манай гэрт ямар нэгэн цус нөж болсон зүйл байгаагүй…” /хх-23, 26/,

Гэрч Ж.Батбаярын “...2015 оны 10 дугаар сарын 25-ны орой хэдэн цагийн үед гэдгийг нь сайн санахгүй байна Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 22-1 тоотод агсан согтуу тавиад байна гэх дуудлага жижүүр дээр ирсний дагуу уг хаяганд дээр очиход Дарханбаатар гэх залуу өөрөө гэрийнхээ гадаа хаалган дээр тосоод хашаан дотроо гараад ирсэн, тэгэхээр нь дуудлага өгсөн эсэх талаар асуухад дуудлага өгөөгүй гэж Дарханбаатар гэх залуу хэлсэн, тэгэхээр нь би Цагдаагийн хэлтсийн жижүүр лүү холбогдож дуудлага өгсөн хүний утасны дугаарыг авч залгаад ярихад уг залуугийн эхнэр нь “намайг зодоод байна, намайг алгадсан, аваад яв” гэж хэлсэн. Тэгээд би уг залуугаас нэрийг нь асуугаад Дарханбаатар гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр авчирч хүлээлгэж өгсөн. Тухайн үед намайг уг тоот хаяганд очиход байшингийн ард нэг юм дуугарах шиг болохоор нь би “юу вэ, хүн байгаа юм уу” гэж асуутал Дарханбаатар “мэдэхгүй, юм байхгүй, надаас өөр хүн байхгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед Дарханбаатар гэх залуугийн гэрлүү шагайхад гэрт нь ямар нэгэн хүн байгаагүй, гэр нь эмх замбараагүй заваан байсан. Тэгээд би Дарханбаатарын эхнэр лүү нь залгаад би “танай нөхөр Дарханбаатарыг авч явлаа, гэрт чинь хүн байхгүй байна шүү” гэж хэлтэл “би хажууханд байна, одоо орлоо” гэж байсан. Гэрт нь ямар нэгэн сэжигтэй зүйл анзаарагдаагүй…” /хх-28/,

Гэрч Ц.Оюунчимэгийн “...Дарханбаатар эхнэр лүүгээ дайраад эхнэртэйгээ хэрэлдтэл эхнэр нь гараад явтал манай хүү Хүсэл-Од эхнэрийнх нь араас гаргахгүй гээд зууралдаад бариад авснаас болж Дарханбаатар манай хүүтэй муудалцаад хоолойг нь хутгаар зүссэн гэж манай хүү Хүсэл-Од надад ярьсан, би дэргэд нь байгаагүй болохоор яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна…” /хх-33/,

Гэрч Г.Баатаржавын “...2015 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цагийн үед би Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 8-1 тоотод байрлах гэртээ шөнө унтаад амарч байтал манай ач хүү Хүсэл-Од ганцаараа гаднаас хувцас хунар нь цус болчихсон, хүзүү ам нь цус болчихсон гаднаас орж ирсэн, тэгээд орж ирээд л ухаан алдаад уначихсан. Тэгэхээр нь би “юу болов, яав ийв” гэж сандраад манай хөгшин бид хоёр анхны тусламж үзүүлээд цусыг нь тогтоох арга хэмжээ авсан, тэгээд Хүсэл-Одын аав ээжийг, бас түргэн тусламж дуудсан. ...Дарханбаатар гэх залуу хоолойг нь хутгаар зүссэн гэж хэлсэн байсан. Манай хүүхдүүдийн ярьж байгааг ойлгосноор Дарханбаатар гэх залуу эхнэрээ зодох гээд дайрахаар нь Хүсэл-Одыг салгахад нь хоолойг нь хутгаар зүссэн юм байна гэж ойлгосон…” /хх-37/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 08ШЭ/574 тоот “…1. М.Хүсэл-Одын биед хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 болон хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна…” гэх дүгнэлт /хх-39/, эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд /хх-143-151/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Р.Дарханбаатарт түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан ял оноосон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Хохирогч М.Хүсэл-Од “…Дарханбаатар нь эмчилгээний зардал гомдол болон бусад хохирлыг эхнэртэйгээ цуг барагдуулна гэж хэлчихээд зугтсан. …Эхнэр Цацралтуяа болон эгч дүү нар нь “гомдолгүй гээд хэлчих бид нар бүх хохирлыг барагдуулна” гэж хэлчихээд ял авсны дараа “одоо өгч чадахгүй” гэсэн. Иймд би гомдолтой байна…” гэж,

ялтан Р.Дарханбаатарын өмгөөлөгч А.Батмандах “…сэжигтэн Дарханбаатараас мэдүүлэг авахдаа өмгөөлөгч заавал оролцуулах шаардлагатай байсан. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн сэжигтнээр байцаасан тэмдэглэлд өмгөөлөгч Г.Наранбаатар гэж хүн гарын үсэг зурсан байх бөгөөд уг мэдүүлгийн агуулгаас харахад нөхөн зурсан нь харагдаж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 08ШЭ/574 дугаар шинжээчийн дүгнэлтээр Р.Дарханбаатар нь хохирогчид учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд цаг хугацаа алдаж шинжилгээ хийж дүгнэлтийг үндэслэлгүй гаргасан. Амь насанд хэрхэн аюултай байдал бий болох талаар шинжээчийг байцаагаагүй, шүүгдэгч нь эрх зүйн туслалцаа авч чадаагүйн улмаас дахин шинжээч томилуулах, мөн хэргийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх боломжоор хангагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Р.Дарханбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хохирогч М.Хүсэл-Одтой хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан хүзүү хоолойд нь хутга тулгаж улмаар зүсэж, бие махбодод нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан байна. Энэхүү хэрэг учрал болох үед Р.Дарханбаатар нь эхнэр Н.Цацралтуяа, хадам дүү Н.Бат-Очир нар руу дайрч давшлан гэрээс хөөж гаргасан байх ба шүүгдэгч, хохирогч нараас өөр хүн байгаагүй, хохирогч, шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хоолойг нь зүсэж, учрах үедээ амь биед аюултай хүнд зэргийг гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогджээ.

Хохирогч М.Хүсэл-Од нь хохирол төлбөрөө бүрэн аваагүй гэж гомдол гаргасан ба анхан шатны шүүхээс хохирогчийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Мөн ялтны өмгөөлөгч А.Батмандахын гаргасан давж заалдах гомдолд дурдсан мөрдөн байцаалтын шатанд Р.Дарханбаатарыг сэжигтэн, яллагдагчаар байцаахдаа өмгөөлөгчгүй байцаасан гэх үндэслэл нь баримтаар тогтоогдохгүй байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 08ШЭ/574 дугаар шинжээчийн дүгнэлт нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн, тодорхой ойлгомжтой байна. Иймд хохирогчид учирсан гэмтлийн талаар эргэлзээтэй зүйл тогтоогдохгүй байх ба дээрх үндэслэлүүдээр Р.Дарханбаатарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй байна. Мөн Р.Дарханбаатар нь Эрүүгийн хуульд заасан хүнд төрлийн гэмт хэрэг үйлдсэн, баримтаар тогтоогдсон гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн ч түүний үйлдсэн гэмт хэргийн гэм хор арилаагүй байгаа зэрэг нь түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй байна.      

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Хүсэл-Од, ялтан Р.Дарханбаатарын өмгөөлөгч А.Батмандах нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Хүсэл-Од, ялтан Р.Дарханбаатарын өмгөөлөгч А.Батмандах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

           ШҮҮГЧИД                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                     Д.МЯГМАРЖАВ