Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 414

 

 

 

 

 

 

 

 

 

       Ж.Төгөлдөр, Б.Очирбат нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор М.Чинбат,

            ялтан Ж.Төгөлдөрийн өмгөөлөгч А.Нацагдорж,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Төгөлдөр, түүний өмгөөлөгч А.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Төгөлдөр, Б.Очирбат нарт холбогдох 201526020537 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Бодонгууд овгийн Жаргалсайханы Төгөлдөр, 1985 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр баг, “Дэлгэр” гэх газарт оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороо, 7-9 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЖН85090171/

 

2. Бахтар хуасай овгийн Баатарын Очирбат, 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хилийн харуулын дарга мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын 1 дүгээр баг, “Дэлгэр” гэх газарт оршин суух албан ёсны хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЖН86061874/

Ж.Төгөлдөр, Б.Очирбат нар 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим согтуурсан үедээ бүлэглэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Гандантэгчинлэн” хийдийн зүүн талын замаар автомашинтай хөдөлгөөнд оролцож явсан иргэн Х.Батсайханы “зам чөлөөлөх” талаар тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн, Б.Очирбат автомашиных нь хаалгыг савж, хохирогчийг заамдан эрх чөлөөнд нь халдаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, Ж.Төгөлдөр хохирогчийн нуруун тус газарт модоор 2-3 удаа цохиж хөнгөн гэмтэл учруулж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Очирбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Ж.Төгөлдөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Ж.Төгөлдөрийг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан, Б.Очирбатыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Ж.Төгөлдөрт 3 жил 5 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5. дахь хэсэгт зааснаар Б.Очирбатад 3 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж,

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ж.Төгөлдөрт, Б.Очирбат нарт оногдуулсан хорих ялаас тус бүр 2 жилийг өршөөн хасч, Ж.Төгөлдөрийн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сар, Б.Очирбатын нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Төгөлдөрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Очирбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Ж.Төгөлдөрийн цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүйг, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг, Б.Очирбат цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Очирбатад оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Ж.Төгөлдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хурлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх болсон шийдвэрийг дахин хянаж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Ж.Төгөлдөрийн өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.Төгөлдөр мөрдөн байцаалтад өгсөн “хоёул замаар явж байхад автомашинтай хүн “зам тавихгүй байна” гэж хэрүүл болсон. Улмаар автомашинаасаа бууж Б.Очирбаттай барьцалдаж хоолойг нь боосон. Тэр хоёрыг салгах гээд дийлээгүй, Б.Очирбат хоолойгоо боолгосноос болж нүүр нь улайсан байхаар нь модоор хохирогчийн нуруу руу цохиод зугтаасан” талаарх мэдүүлэг /хх-3, 15, 70/, хохирогч Х.Баярсайханы “Баруун талын хаалга савахаар нь би автомашинаас буусан. Намайг заамдаад авсан. Би ч заамдсан. Тэгээд Б.Очирбатыг хавсараад унагасан” /хх-10/, гэрч Ж.Мөнхчимэгийн “Дуут дохио өгөхөд холдохгүй, нөхөртэй маань хэрүүл хийж автомашины хойд тал руу цохиж байхад нөгөө залуу нь модоор цохисон” /хх-62/ зэрэг мэдүүлгээс үзэхэд анх цагдаагийн газарт гаргасан гомдолдоо автомашины араас гүйж жолоочийг цонхоор татаж заамдалцаад банзаар нуруу, бөөр рүү хүчтэй цохисон гэх гомдол нь үндэслэл муутай байна.

Гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээс үзэхэд хохирогч Х.Баярсайхан нь “зам тавьсангүй” гэж маргалдан автомашинаас бууж Б.Очирбаттай барьцалдаж, зууралдаад хавсарч унагасан. Ж.Төгөлдөрийн хувьд энэ хоёрыг салгах гээд дийлээгүй, Б.Очирбатыг боолгосноос болоод нүүр нь улайсан байхыг хараад банзаар Х.Баярсайханы нуруу руу цохисон үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас үүссэн маргаан байна. Мөн автомашины хаалга савж хаасан гэж Баярсайхан мэдүүлдэг ч эхнэр Ж.Мөнхчимэг нь автомашины ар тал руу цохиод маргаан үүссэн гэх зөрүүтэй мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн. Хувийн сэдэлттэй үүссэн санаа зорилго байгаа нь Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж, зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар” 41 дүгээр тогтоолд “Танхайрах гэмт хэрэг нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ. Харин тодорхой сэдэлттэй, тухайлбал, хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодид нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тайлбарласантай нийцэж байна.

Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм хор арилгасан сайн дураар эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан. Танхайрах үйлдэл нь хэлбэрийн төдий шинжтэй. Мөн хохирогч Х.Баярсайханы “гомдол саналгүй, хэргийг хааж өгнө үү” /хх-87/ гэсэн хүсэлт, №6455 тоот шинжээчийн дүгнэлтэд эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэлтэй, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй зэрэг хөнгөрүүлэн үзэх байдал болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасныг үндэслэн Ж.Төгөлдөрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Прокурор М.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн мэдүүлснээр “Ганданд ном уншуулаад харих гээд явж байхад нь хоёр согтуу хүн зам чөлөөлөхгүй байхаар нь сигнал өгөхөд уурлаж маргаан үүсгэж, доромжилсон, автомашины хаалгыг савсан. Ингээд буугаад очиход нэг залуу нь муухай хараад, бариад авахад хажуу талаас модоор цохисон” гэдэг. Шүүгдэгч нарын үйлдлийг танхайрах гэмт хэргээр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Ж.Төгөлдөр, Б.Очирбат нарт холбогдох хэрэгт нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу явагдаагүй байх тул шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

 

Хавтаст хэргийн материалд хохирогч Х.Батсайханы биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-11-р талд/ авагдсан байна. Энэ дүгнэлтийг хэн, хэрхэн гаргуулсан тухай эрх бүхий этгээдийн тогтоол, шийдвэр байхгүй байгаа нь шүүхээс нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, түүнийг шалгаж үнэлсэн гэж дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоох нь шүүгдэгч Ж.Төгөлдөрийн гэм буруу, гэм буруугийн хэлбэрийг тогтооход ач холбогдолтойн гадна энэ тухай шинжээчийн дүгнэлт нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт болох юм.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан “Ж.Төгөлдөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх” талаар ялтан Ж.Төгөлдөр, түүний өмгөөлөгч А.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.

 

Анхан шатны шүүх хуулийн нэр, зүйл, хэсгийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэг...” гэж буруу бичсэн алдаа гаргаснаа цаашид анхаарвал зохино.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Төгөлдөр, Б.Очирбат нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэрэг прокурорт очтол Ж.Төгөлдөрт урьд авсан цагдан хорих, Б.Очирбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай. 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХТУУЛ

 

                           ШҮҮГЧИД                                            Д.МЯГМАРЖАВ

 

                                                                                       М.ПҮРЭВСҮРЭН