Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 484

 

                                                                                                                                                                            

 

                                                                    

 

 

 

 

 

 

             Д.Ганзориг, Б.Доржхорлоо нарт

             холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Цолмон,

Ялтан Б.Доржхорлоогийн өмгөөлөгч Т.Баярцэнгэл,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Доржхорлоо, түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ганзориг, Б.Доржхорлоо нарт холбогдох эрүүгийн 201525013047 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Боржигон овогт Даваадоржийн Ганзориг, 1989 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10-624А тоотод оршин суух бүртгэлтэй,

         

          Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 4 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД: УХ89120173/,   

 

          Сартуул овогт Батхоролын Доржхорлоо, 1992 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 2-96 тоотод оршин суух бүртгэлтэй,

         

          Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

         

          Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 563 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: УУ92012334/,

 

          Д.Ганзориг, Б.Доржхорлоо нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” их дэлгүүрийн урд талын талбай дээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтаг шалтгаангүйгээр иргэн Г.Тэмүүлэнгийн эрх чөлөөнд халдаж, бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Ганзориг, Б.Доржхорлоо нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Д.Ганзориг, Б.Доржхорлоо нарыг догшин авирлаж, бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Доржхорлоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Ганзоригт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Д.Ганзоригт хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгаж, ялтан Д.Ганзоригт урьд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан Б.Доржхорлоод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялтан Д.Ганзориг, Б.Доржхорлоо нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

Ялтан Б.Доржхорлоо шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Б.Доржхорлоо би Баянзүрх дүүргийн шүүхээр 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн.

Б.Доржхорлоо би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд ар гэрт маань 6 сартайгаас 7 насны 3 хүүхэд байдаг. Эхнэр ажилгүй, эрүүл мэндээр эмчийн хяналтанд байдаг ба ар гэрийн байдал хүнд билээ. Миний амьдралын байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж өгөхийг хүсье…” гэжээ.

Ялтан Б.Доржхорлоогийн өмгөөлөгч Т.Баярцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Доржхорлоо нь өөрийн холбогдсон хэргийн талаар болон тухайн үед болж өрнөсөн асуудлаар гэрчээр мэдүүлэг, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүддээ тогтвортой мэдүүлсэн байдаг. Харин анхан шатны шүүх хурал дээр дээрх мэдүүлгүүдээ хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн. Харин шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагчийн тавьсан асуултыг ташаа ойлгож хохирогч Г.Тэмүүлэнг өөрийгөө цохиогүй мэт буруу хариулт өгсөн нь түүнийг өөрийнхөө гэм бурууг ойлгоогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй байгаа мэт сэтгэгдлийг бусдад төрүүлсэн хариуцлагагүй асуудал болсон.

Гэхдээ шүүх хурал даргалагчаас шүүгдэгч нарт хандан шүүхэд эцсийн болгож хэлэх үг байна уу гэсэн асуултанд шүүгдэгч Б.Доржхорлоо нь гэмт хэрэгт холбогдсондоо болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж буйгаа хэлсэн ба энэ бүгд шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдэн үлдсэн байгаа. Тэрээр хохирогчид төлөх эмчилгээний зардал төлбөрийг бүрэн төлсөн хохиролгүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар өдгөө бүрэн арилсан байгаа. Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. Харин өөрийн өмгөөлүүлэгчид минь шүүхээс оногдуулсан хорих ял шийтгэлийг нь хөнгөрүүлж тэнсэн харгалзах ял болгон өөрчилж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна” гэв.

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Б.Доржхорлоогийн үйлдэл, гэм буруу, хувийн байдалд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Д.Ганзориг, Б.Доржхорлоо нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” их дэлгүүрийн урд талын талбай дээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтаг шалтгаангүйгээр иргэн Г.Тэмүүлэнгийн эрх чөлөөнд халдаж, бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Тэмүүлэнгийн “...Даваасүрэнгийн хамт “Sky” их дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талын талбай дээр ирсэн. Даваасүрэнгийн уулзах гэж байсан хүн нь тэнд байсан бөгөөд Даваасүрэн миний машиныг барин нөгөө хүмүүс дээрээ очсон. Очтол Даваасүрэнгийн найз 4 хүн байсан ба Даваасүрэн бууж гар барин мэндэлсэн. Би автомашинаасаа буусан чинь Даваасүрэн миний машинд буцаж суугаад нэг удаа эргэсэн. Тэгэхээр нь би явж очоод “чи болио, би баръя” гээд хажуу талд нь суусан. Тэгсэн цаанаас нэг ах ирээд Даваасүрэнг машинаас татаж гаргахаар нь би машинаас буусан чинь намайг нэг намхан биетэй залуу “чи хэн юм бэ” гэж асуухаар нь “би найз нь байна” гэсэн чинь “би ч гэсэн найз нь байна” гэж хэлсэн. Тухайн үед миний машины хаалга онгорхой байсан бөгөөд нөгөө залуу миний явах замыг хаачихсан байсан. Тэгсэн хажуу талаас өөр нэг танихгүй залуу цохиод авсан. Тэгтэл эхэлж надаас юм асуугаад байсан залуу шууд миний ам руу нэг удаа гараараа цохисон. Даваасүрэн муудалцаад байсан залуутайгаа цаанаас ирээд 2 найзыгаа цаашаа авсан. Уг хоёр залуу хоёулаа намайг цохисон. Найз охинтойгоо явж байсан өндөр биетэй залуу нь баруун талын шанаа руу нэг удаа цохисон. Харин намхан биетэй, урт үстэй, саравчтай малгайтай залуу нь миний шүд рүү нэг удаа гараараа цохисон. Тэр хоёр залуу болон түүний найз надаас уучлал гуйсан. ...Миний биед учирсан баруун дээд 1 дүгээр шүдний хугарал гэмтлийг миний ам руу цохисон Даашка гэх залуу учруулсан. Харин баруун шанаа руу Ганзориг цохисон. ...Би Даашка гэх залууг урьд нь огт харж байгаагүй тэр өдөр анх таарсан. Бид хоёрын дунд ямар нэгэн таарамжгүй харьцаа, өр авлага, өс хонзонгийн харьцаа байхгүй…” /хх-80-81/,

Гэрч Г.Баасанжавын “...2015 оны 11 дүгээр сарын 30-ны орой ажил дээрээ байхад найз Ганзориг ярин миний төрсөн өдөр чи ирэх үү гэж асуусан. Би 22 цагт Ганзоригийн байгаа газар очсон. Ганзориг “Оффис” нэртэй караокед эхнэр, Даашка, Тэмүүжин нарын хамт байсан. Намайг ороход 0.75 литр “Болор” архийг талд нь ортол уусан байсан. Би ороод 5-10 минут хамт сууж байгаад бүгдээрээ гарсан. Ганзоригийн эхнэр утсаар нэг хүнтэй яриад байсан. Караокенээс гарсны дараа Тэмүүжин бүгдийг нь хүргэж өгий гэтэл Ганзориг дрифт хийе гээд “Sky” их дэлгүүрийн гадаа очсон. Ганзоригийн эхнэрийн найз болох Даавка гэх залуу хажуудаа нэг залуу суулган талбай руу орж ирсэн. Даавка ганцаараа бууж ирснээ Ганзориг руу орилоод байсан. Би машиндаа бусад гадаа байсан. Тэгсэн гэнэт Даавкатай Тэмүүжин заамдалцаад авахаар нь Ганзориг бид 2 салгасан. Тэр хооронд Даавкатай цугтаа ирсэн залуу автомашинаас буугаад ирсэн чинь манай найз Даашка согтуу цаанаас ирээд нөгөө залуугийн нүүр лүү нэг удаа цохисон. Даашкаг Тэмүүжин бид 2 автомашинд нь суулгачихаад буцаад нөгөө цохиулсан залуу дээр очсон. Уг залуу тэр үед автомашиндаа суучихсан байсан. Тэмүүжин бид 2 очоод манай найзыг уучлаарай гэхэд тэр уучлах яах вэ, миний шүдийг хугалаад хаячихсан байна гэсэн. Тэгэхээр манай найзыг уучлаарай гээд маргааш эрүүл болохоороо учраа олохгүй юу даа гэж хэлсэн. Удалгүй бид нар салж, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй…” /хх-34-36/,

Гэрч Б.Даваасүрэнгийн “...2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой найз Тэмүүлэнтэй цуг гэрт нь байсан. Учир нь би эхнэртэйгээ жоохон муудсан байсан юм. Эхнэрийн найз Тука гэх эмэгтэй рүү залгасан чинь “Sky” дэлгүүр дээр байна гэхээр нь найзынхаа машинаар хүргүүлээд очсон. Би Тэмүүлэнгийн гэрт байхдаа түүний найз охинтой хоёулахнаа нэг шил 0.5 литр, 2.5 литрийн пиво хувааж уусан. Пивыг бараг би ганцаараа уусан. “Sky” дэлгүүрийн гадаа Тука нөхөртэйгээ, Даашка, нэг танихгүй залуу байсан. Би бууж гар барьж мэндлээд юм ярьсан. Буцаад Тэмүүлэнгийн авто машинд суутал танихгүй бүдүүн залуу “яагаад байгаа юм бэ” гээд шууд дайраад машинаас татаад буулгасан. Би тэр үед тасарчихсан байсан болохоор юу ярьснаа санахгүй байна. Миний бодлоор найз Бааска салгасан юм шиг байна лээ. Нэг мэдсэн Тэмүүлэнгээр гэртээ хүргүүлж байсан бөгөөд Тэмүүлэн танай найз чинь шүд рүү цохьчихлоо гэхээр нь харсан чинь үүдэн шүд нь хугарчихсан байсан…” /хх-9-10/,

Гэрч Д.Баасандуламын “...Тухайн үед намайг харахад манай нөхөр Ганзориг нь хохирогч Тэмүүлэнг нэг удаа гараараа цохисон. Тэрийг би харсан. Тэмүүлэнтэй Доржхорлоо маргалдаж байхад хажуунаас нь манай нөхөр цохисон. Би яг хаашаа цохихыг хараагүй ч баруун талаас нүүр лүү нь цохих шиг болсон. Манай нөхөр Тэмүүлэнтэй ямар ч маргалдах маргаан байгаагүй бөгөөд согтуудаа шууд очоод нэг удаа цохисон. Доржхорлоо цохиж байхыг хараагүй. Гэвч Доржхорлоог цохисон гэж Баасанжав хэлж байгаа. Тэгэхээр манай нөхөр, Доржхорлоо нар Тэмүүлэнг нэг удаа цохиод авсан юм шиг байгаа юм. Богино хугацаанд болсон болохоор сайн мэдэхгүй байна хохирогч л сайн мэдэх байх. Би нөхрийгөө цохисныг харсан. Тэр залуу шүд уначихлаа гэхээр нь тухайн үед нөхрийгөө шүдийг нь хугалчихлаа гэж бодсон. Уг асуудал болсны дараа машин дотор Доржхорлоо, манай нөхөр, Даваасүрэн бид 4 байхдаа би нөхрийг тэр залууг цохисон гэж хэлсэн. Доржхорлоог дахиж Тэмүүлэнг цохисон гэдгийг сүүлд Тэмүүлэнгээс өөрөөс нь мэдсэн ба Баасанжав ч хэлсэн…” /хх-89-90/,

Д.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “...Би 2015 оны 11 дүгээр сарын 30-ны орой өөрийн найзууд болох Тэмүүлэн, Доржхорлоо, эхнэр Баасандулам нарын хамт гэрээсээ гараад миний төрсөн өдрийг тэмдэглэхээр явсан юм. Улмаар бид 4 гандангийн тэнд нэг караокед орсон. Ингээд уг караокед ороод нэг шил 0.75 литрийн “Болор” нэртэй архи, 3 шил пиво авсан. Үүнийгээ уугаад юм яриад сууж байхад манай өөр нэг найз болох Баасанжав орж ирсэн. Бид нар Баасанжавыг ирсний дараа удалгүй гарсан. Уг караокеноос гарсны дараа манай эхнэр лүү түүний найзынх нь нөхөр болох Даваасүрэн гэж залуу залгаад байсан бөгөөд “амжиж ирээд уулзвал уулз, амжихгүй бол явлаа” гэж манай эхнэр хэлсэн юм. Тэгтэл Даваасүрэн ирэхгүй удаад байсан бөгөөд бид нар “Скай” их дэлгүүрийн талбай орж Баасанжавын автомашинаар дрифт хийхээр очсон. Ингээд тэнд очоод юм яриад байж байтал Даваасүрэн, нэг залуутай цугтаа автомашинтай ирсэн. Тэгэхдээ автомашиныг Даваасүрэн согтуу барьчихсан орж ирээд бид нарыг хажууд зогссоноо бууж ирээд надад төрсөн өдрийн мэнд хүргэснээ манай найзуудад янз бүрийн зүйл хэлээд байсан. Даваасүрэнг автомашинаас нь манай найз Тэмүүлэн буулгах гэж оролдож байгаад хоорондоо жоохон маргалдаад цаашаа явсан юм. Тэгтэл уг автомашины нөгөө талын хаалганаас өөр нэг залуу бууж ирсэн бөгөөд уг залуутай манай найз Доржхорлоо явж очоод маргалдаад унасан. Уг 2 залуу бие биенийхээ өдөөс хараад автомашины хаалга, кабин 2-ын завсарт нэг нэгнийгээ түлхсэн байдалтай зогсож байхаар нь би хажуунаас нь явж очоод тэр залуугийн баруун хацар луу нэг удаа цохисон юм. Тэр 2 намайг очиход бие биенийгээ гараараа түлхсэн маягтай зууралдаад байж байсан. Гэхдээ бол нэг нэгнийгээ цохиогүй. Тэр үед би явж очоод эхлээд цохисон юм. Тэгсэн чинь ардаас манай эхнэр намайг татаад авсан бөгөөд тэр 2 тэндээ маргалдаад үлдсэн. Тэгсэн чинь Доржхорлоо уг залууг дахиад нэг удаа цохисон юм шиг байна лээ. Гэвч уг асуудал маш хурдан болж өнгөрсөн. Би Доржхорлоог бол цохиж байхыг хараагүй. Харин өөрийнхөө цохисныг мэдэж байгаа. Тухайн үед би согтуудаа тэнэг зүйл хийсэн байна лээ…” /хх-102-103/,

Б.Доржхорлоогийн яллагдагчаар өгсөн “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sky” их дэлгүүрийн урд талын талбай дээр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн үед иргэн Г.Тэмүүлэнг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтлийг учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би тухайн үед яг өөрийнхөө цохисныг бол мэдэхгүй байгаа юм. Ямар ч байсан шүдийг нь цохисон гээд байгаа залуутай маргалдаад юм ярьж байснаа бол санаж байна. Мөн уг залуу нь тухайн үед намайг түлхэж байсан. Өөр юу болсныг сайн санахгүй байна. Харин тухайн үед надтай цуг явж байсан манай найзууд чи цохисон гэж хэлсэн. Тэгээд би дээрх хүмүусийн хэлснийг сонсоод тухайн үед уг залууг цохисноо ойлгосон…” /хх-66-67/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 17234 дугаар дүгнэлтийн “1. Тэмүүлэнгийн биед баруун дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөхгүй…” гэх дүгнэлт /хх-51/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Д.Ганзориг, Б.Доржхорлоо нарт тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан ял оноосон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Б.Доржхорлоо “…Б.Доржхорлоо би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд ар гэрт маань 6 сартайгаас 7 насны 3 хүүхэд байдаг. Эхнэр ажилгүй, эрүүл мэндээр эмчийн хяналтанд байдаг ба ар гэрийн байдал хүнд билээ. Миний амьдралын байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж өгөхийг хүсье…” гэж,

түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл “…шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагчийн тавьсан асуултыг ташаа ойлгож хохирогч Г.Тэмүүлэнг өөрийгөө цохиогүй мэт буруу хариулт өгсөн нь түүнийг өөрийнхөө гэм бурууг ойлгоогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй байгаа мэт сэтгэгдлийг бусдад төрүүлсэн хариуцлагагүй асуудал болсон. Тэрээр хохирогчид төлөх эмчилгээний зардал төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар өдгөө бүрэн арилсан байгаа. Б.Доржхорлоод шүүхээс оногдуулсан хорих ял шийтгэлийг нь хөнгөрүүлж тэнсэн харгалзах ял болгон өөрчилж өгнө үү…” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Доржхорлоо нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6, 10 дугаар зүйлийн 10.5-д тус тус зааснаар “ялгүйд тооцогдсон” хэдий ч түүнд урьд 2 удаа шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тус тус тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэжээ. Үүнээс үзэхэд ялтан Б.Доржхорлоо нь өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, ухамсарлаагүй, засарч хүмүүжээгүй гэж үзэх үндэслэлтэй, хувийн байдлын хувьд тэрээр өмнө нь Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн байсан тул энэ хэрэгт шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.  

Харин ялтан Д.Ганзоригийг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй гэж түүнд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь хуулийн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Доржхорлоо, түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Доржхорлоо, түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

           ШҮҮГЧИД                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                     Д.МЯГМАРЖАВ