Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 388

 

 

 

Б.Дэлгэрхангайд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор О.Мөнхцэцэг,

            ялтан Б.Дэлгэрхангайн өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Г.Алтанцэцэгийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Дэлгэрхангай, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Дэлгэрхангайд холбогдох 2016 2601 0024 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тугчин овогт Балжирын Дэлгэрхангай, 1976 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 15 дугаар гудамжны 475 тоотод оршин суух,

1.1996 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорьж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан,

2.1996 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон,

3.1997 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 11 сарын хугацаагаар тогтоосон,

4.1998 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 11 сар 2 хоногийн хугацаагаар тогтоосон,

5.2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр түүний эдлээгүй үлдсэн 5 жил 4 сар 29 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,

6.2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2009 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

7.2011 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 8 сар хорих ялаар,

8.2013 оны 3 дугаар сарын 19 өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг журамлан өмнөх 217 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялын зарим болох 10 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоосон,

9.2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, /РД:ТБ76092816/,

Б.Дэлгэрхангай нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын 2-75 тоотод оршин суух Я.Оюунтуяагийн гэрийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн торцов, отвёрка багаж зэвсэг хэрэглэн эвдэж бусдын орон байранд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, цагаан өнгийн чулуун хөөрөг нэг ширхэг, түрийтэй гутал нэг ширхэг, адууны мах 30 кг, үсний индүү нэг ширхэг, гар утас гурван ширхэг эд зүйлсийг хулгайлан бусдад 445.000 /дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Дэлгэрхангайд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх: Тугчин овогт Балжирын Дэлгэрхангайг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Дэлгэрхангайг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 (хоёр) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх 2 (хоёр) жил 5 (тав) сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Дэлгэрхангайн цагдан хоригдсон 16 (арван зургаа) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түрийний дээд хэсэгтээ “Yellow Stone” гэсэн бичигтэй үдээстэй шар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, нийллэг материалаар хийгдсэн ногоон өнгийн үүргэвч 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Дэлгэрхангайд буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Дэлгэрхангай тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Б.Дэлгэрхангай би эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гагнуурчин мэргэжилтэй, тусгай дунд боловсролтой. 2000 онд Багануурт ял эдлэж байхдаа Гүнгалуут нуурын цүнхээлд 2 залуу живхэд 6 метрийн гүнээс амийг нь аварч байсан. Тухайн үед Багануурын хорих ангийн дарга Пүрэвсүрэн, ахлах төлөөлөгч Бадрал, төлөөлөгч Батбаяр нар миний гавъяаг батална. Одоо тэр 2 залуугийн нэг нь Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхтөр, нөгөө нь Налайхад амьдардаг Т.Мөнхсайхан. 2014 онд судасны бүдүүрлийн, 2015 онд эвэрхийн хагалгаанд тус тус орж байсан. Гагнуураас болоод хараа муудсан учир барилгад засал чимэглэлийн ажил хийж амьдралаа залгуулдаг энгийн хүн юм.

 Миний бие хулгай хийсэн гэм буруутай гэдгээ ойлгож, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа учир …миний ар гэр, ирээдүйн амьдралыг бодож хийсэн хэргийг маань нэг талаас нь бус, өөр талаас нь дүгнэж үзнэ үү. Эхнэр Л.Бат-Амгалангийн эх Дагийсүрэн нь савны хорт хавдар тусч саваа авахуулсан боловч хавдар нь үсэрхийлж элэг болон бусад эрхтэндээ халдварлаж одоо 4 дүгээр зэрэгт орж бие нь муу байгаа тул эхнэр минь эхийгээ асарч ажил хийх боломж муу. Охин минь 6 настай бөгөөд сургуульд орох гэж байгаа. Манайх амьдралын боломж бололцоогоор нэн ядуу, эмзэг бүлгийн түвшингийн  тодорхойлолттой айл юм.

Иймд…миний энэхүү нөхцөл байдлыг олон талаас нь дүгнэн үзэж, шинээр гарч байгаа Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтүүдэд тулгуурлаж, иргэнээ гэсэн хүнлэг сэтгэл гаргаж, эхнэр, хүүхдийн ирээдүйн амьдралыг сайнаар харж 2 жил 5 сарын хорих ялыг чанга дэглэмийн хорих ангид эдлүүлэхээр заасныг хөнгөрүүлэн ялаас бага ч болов хасч өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Б.Дэлгэрхангайд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Б.Дэлгэрхангай нь үйлдсэн хэргийнхээ нийгмийн хор аюулыг ухамсарлаж, өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд хохирогчдын хохирлыг нөхөн төлсөн, шийтгэх тогтоолд дурдсанаар хохирогчид төлөх төлбөргүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул анхан шатны шүүхийн 446 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Ялтан Б.Дэлгэрхангайн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийн тал дээр маргахгүй. Б.Дэлгэрхангай өмнө удаа дараа хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан. Энэ бүхэн нь хүүхэд ахуй насны алдаа байсан. Өөрийн хийсэн хэргээ ухамсарлан нийгэмд зохицож амьдаръя, хүний ёсоор амьдрах санаа төрөөд сайхан амьдрах талаараа хэлж байсан. Гэр бүлтэй, улмаар хүүхэдтэй болж хадмын талын санхүү болон бусад асуудлыг үүрээд явдаг. Барилга дээр цагийн ажил хийдэг байхдаа сүүлд хэрэгт холбогдсон. Хохирлыг бүгдийг нь барагдуулсан. Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээж, энэ талаар мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн. Чинь сэтгэлээсээ гэмшиж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулахыг хүсч байна. Дэглэмийн хувьд чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Б.Дэлгэрхангай тархи толгойны гэмтэлтэй учраас агаар салхинд гарч хорих газраа ажил хөдөлмөр эрхлэн ялын хоногоо багасгах хүсэлтэй байдаг талаар надтай уулзахдаа хэлж байсан. Б.Дэлгэрхангай нь эхнэрийн талын санхүүгийн байдлыг авч явдаг учраас Б.Дэлгэрхангайн дэглэмийг жирийн дэглэм болгон өөрчилж өгнө үү гэв.

Прокурор О.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Дэлгэрхангай нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хулгайн гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар өмнө удаа дараа гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байсан учраас чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Дэлгэрхангайн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Өмнө энэ төрлийн гэмт хэргийг 9 удаа үйлдэж байсныг шинжлэн судлахад ялтан Б.Дэлгэрхангай “…үйлдсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй…” гэсэн мэдүүлгийг удаа дараа өгсөн байдаг. Сүүлд өгсөн мэдүүлэг дээр эхнэр Бат-Амгалан хэлэхдээ “манай нөхөр яагаад хулгай хийгээд байгааг нь ойлгохгүй байна. Бид 2 барилгын ажил хийгээд амьдрах боломжтой байдаг” гэж мэдүүлдэг. Гэвч Б.Дэлгэрхангай гарч яваад хулгай хийгээд яваад байдаг. Б.Дэлгэрхангай би бага насны хүүхэдтэй гээд мэдүүлэг өгөөд байгаа. Хүүхэд нь одоо 6 настай. 2009 онд төрсөн хүүхэд байгаа. Б.Дэлгэрхангай гэмшвэл гэмшхээр хугацаа болсон. Гэтэл 2009 оноос 2015 оныг хүртэл давтан 3 удаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ хүн үйлдсэн гэмт хэрэгтээ огт гэмшихгүй байна гэж үзэж байна. Тийм учраас ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Б.Дэлгэрхангай нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын 2-75 тоотод оршин суух Я.Оюунтуяагийн гэрийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн торцов, отвёртка зэрэг багаж зэвсэг хэрэглэн эвдэж бусдын орон байранд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, цагаан өнгийн чулуун хөөрөг нэг ширхэг, түрийтэй гутал нэг ширхэг, адууны мах 30 кг, үсний индүү нэг ширхэг, гар утас гурван ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан бусдад 445.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Б.Дэлгэрхангайгийн мэдүүлэгүүд /хх-56, 59, 157/, мөрдөн байцаалтад өгсөн хохирогч Я.Оюунтуяа, гэрч Л.Бат-Амгалан, С.Хүрэлбаатар /хх-28, 30, 33/, насанд хүрээгүй гэрч А.Мөнгөнзул /хх-32/ нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-4-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-18/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-19/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-25/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Б.Дэлгэрхангайн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу болон хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Ялтан Б.Дэлгэрхангайн гаргасан: “…2014 онд судасны бүдүүрлийн хагалгаанд, 2015 онд эвэрхийний хагалгаанд орж байсан. Гагнуураас болоод хараа муудсан. Миний бие хулгай хийсэн гэм буруутай гэдгээ ойлгож, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Миний ар гэр, ирээдүйн амьдралыг бодож, …шинээр гарч байгаа Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтүүдэд тулгуурлаж, иргэнээ гэсэн хүнлэг сэтгэл гаргаж, эхнэр хүүхдийн минь ирээдүйн амьдралыг сайхнаар харж 2 жил 5 сарын хорих ялыг чанга дэглэмийн хорих ангид эдлүүлэхээр заасныг хөнгөрүүлэн ялаас бага ч болов хасч өгнө үү…”,

Ялтны өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан: “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул …шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, ялтан Б.Дэлгэрхангай нь урд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  бусдын өмчлөх эрхийн эсрэг, хулгайн гэмт хэрэгт шүүхээр 9 /есөн/ удаа ял шийтгүүлсэн боловч засрал хүмүүжил олоогүй, ялтай байхдаа хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн болон хувийн байдлыг харьцуулан дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт: “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн … бол тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох…” гэж заасан шаардлагыг хангахгүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тухайн зүйл, хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх хуулийн үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Дэлгэрхангай, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.