Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 485

 

                                                                                                                                                                               

                                                                    

 

 

 

 

 

 

           Б.Лхагважаргал, Б.Баттөмөр нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Мөнгөнтуяа,

Хохирогч М.Пүрэвдоржийн өмгөөлөгч Н.Болормаа,  

Ялтан Б.Баттөмөрийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Оюунгэрэл, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Баттөмөр, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, ялтан Б.Лхагважаргалын өмгөөлөгч Д.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Лхагважаргал, Б.Баттөмөр нарт холбогдох эрүүгийн 201525012421 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Бор Адууныхан овогт Батбаярын Лхагважаргал, 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 30 дугаар гудамжны 504 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мянган оюутны байрны 402 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ИГ93102018/,   

 

          Тариачин овогт Балдангийн Баттөмөр, 1963 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Их засаг” их сургуульд харуул ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сум, 6 дугаар багийн “Буянт” гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Монел” худалдааны төвийн хашаанд түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ВГ63121613/,

 

          Б.Баттөмөр нь Б.Лхагважаргалтай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн, технологийн дээд сургуулийн хашаанд хохирогч М.Пүрэвдоржийг хувийн сэдэлтээр зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

          мөн зодох явцдаа хохирогч М.Пүрэвдоржийн төмсгөн тус газар өшиглөж бие махбодод нь хүнд гэмтэл учруулсан,

         

          Б.Лхагважаргал нь Баттөмөртэй бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн, технологийн дээд сургуулийн хашаанд хохирогч М.Пүрэвдоржийг зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Баттөмөрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.2, Б.Лхагважаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Б.Баттөмөрийг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Баттөмөр, Б.Лхагважаргал нарыг бүлэглэн бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Баттөмөрийг 6 жил 6 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Лхагважаргалыг 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Баттөмөрт оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сар баривчлах ялын хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэхийг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Баттөмөрт оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Лхагважаргалд оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттөмөрийн цагдан хоригдсон 39 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Баттөмөрөөс 3.208.640 төгрөг гаргуулж, хохирогч М.Пүрэвдорж /РД:МВ87081813/-д олгож, хохирогч М.Пүрэвдорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Баттөмөр гаргасан давж заалдах гомдолдоо: “…Б.Баттөмөр би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргаж байна.

1. Шүүхээс надад ял оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо гэсэн байна. Тэр үед би эрүүл байсныг гэрчлэх хүн байгаа би Дүрслэх урлаг, дизайн, технологийн дээд сургуулийн захирлын компьютерын цахилгааны холболт хийж өгсөн юм.

2. Анхан шатны шүүх хурал дээр шинжээч оролцуулах хүсэлтэй байсан боловч шинжээч эмч нар ирээгүй гэснээр оролцуулаагүй. Энэ давж заалдах шатны шүүх хурлаар шинжээч оролцуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.

3. Камерын бичлэгийг дахин нягталж үзмээр байна. Бичлэг дээр надтай зодолдож байгаад салж явахдаа цүнхээ үүрээд явж байгаа тэндээс 40-50 метр яваад Хадаа буюу Ц.Наранхүүтэй зодолдож байгааг манай хүргэн Б.Лхагважаргал харсан байдаг юм. Тэр үед 15 цаг 40 минут болж байсан. Би өөрөө 2015 оны 10 дугаар сарын 10-нд камерын бичлэгийг утсан дээрээ хуулж цагдаагийн байгууллагад өгсөн юм.

4. Хохирогч Пүрэвдорж мэдүүлэхдээ гэрт байхдаа миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон гэж байна. Гэрт цохион зодоон болсон юм ер байхгүй. Хадаагаас 20.000 төгрөг өгөөдөх гэснээр хэрүүл болж магадгүй болохоор нь би гадаа гарч маргалд гэж хэлээд гаргасан. Хашааны үүдэнд гараад Хадааг өдөөн хатгаж, халаасыг нь нэгжиж байгаа үйлдэл камерын бичлэг дээр байгаа. Хадааг цохиж унагааснаас энэ хэргийн гол эх үүсвэр болсон.

5. Энэ байдлыг шүүх хурал дээр бичлэг үзүүлэх байсан боловч техникийн шаардлага хангахгүй гэснээр үзүүлж амжаагүй.

6. Би энэ хэрэгт санамсар болгоомжгүй байдлаас болж ар гэр, амьдрал ахуйгаа хүндрүүлж байгаадаа маш их харамсаж байна. Урьд нь би ямар ч хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. Үнэхээр надад маш хэцүү байна. Хохирогч хүүхдийн нэхэмжилсэн эмчилгээний болон бусад зардал болох мөнгөн төлбөрийг бүгдийг нөхөн төлж дуусгасан байгаа.

7. Миний энэ байдлыг харгалзан үзэж зөв шийдвэр гаргаж өгөөч гэж маш их хүсэж байна. Миний биеийн байдал тийм сайн биш, хэвлийн хагалгаанд удаа дараа орж байсан. Та бүхэн энэ байдлыг харгалзан үзэж энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж маш их хүсэж байна…” гэжээ.

Ялтан Б.Лхагважаргалын өмгөөлөгч Д.Чулуунбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “…Б.Лхагважаргалд 5 сар баривчлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 10 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл зэргийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй болоход хууль ёсны байж чадсангүй гэж үзэж байна.

Хэргийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагаа бүхэлдээ хэт нэг талыг барьсан, хөтөлж болон тулгаж байцаалт авсан, мөн хорьж цагдана гэж сүрдүүлж байсан зэрэг нь хэргийн материал, үйлчлүүлэгчийн минь ярианаас тодорхой харагддаг. Хэргийн үнэн мөнийг олж тогтооход чухал ач холбогдол бүхий хэрүүл маргаан, зодооныг анх гаргагч, оролцогч, гэрч Хадаа буюу Наранхүүг олж байцаагаагүй, энэ талаар прокуророос өгсөн даалгаварыг биелүүлээгүй, хохирогчийг авч яваад замд буулгасан гэх 2 цагдааг шалгаж байцаагаагүй зэрэг нь хэргийг дутуу шалгасан гэж үзэхээр байна.

Хэргийн гол эд мөрийн баримт гэх бичлэг гэгч нь нотлох баримтын шаардлага хангахгүй, камерын бичлэгт хийсэн тэмдэглэлд байцаагч зарим зүйлийг санаанаасаа зохиож бичсэн. Жишээ нь: зориуд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь зүйл анги болгох гэж …хэн гэдэг нь мэдэгдэхгүй хүн ирснээ Пүрэвдоржийг Лхагважаргалтай нийлж нүүр ам руу нь цохиж байгаа харагдаж байна… гэх мэтээр тэмдэглэсэн.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэхдээ мөн л хэт нэг талыг барьж үйлчлүүлэгчийн маань эрх зүйн байдлыг дордуулж хэт хүнд ял оноолоо гэж үзэж байна.

Шүүх Б.Лхагважаргалыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо гэсэн атлаа улсын яллагчаас түүнд албадан ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан байтал Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан хамгийн хүнд ял болох баривчлах ял оноосонд гомдолтой байна. Үнэндээ Б.Лхагважаргал бол зодооныг салгах, зогсоох, болиулах гэсэн зорилготой л байсан, тиймдээ ч зодооныг салгасан, намжаасан байдаг. Өөрийгөө хамгаалах зорилгоор л Пүрэвдоржтой харилцан зодолдсон юм билээ.

Шүүх хурал дээр хохирогч Пүрэвдорж нь “…би төмсгөндөө гэмтэл аваагүй бол цагдаа, шүүхийн байгууллагад гомдол гаргахгүй байсан…” гэж мэдүүлж байсан.

Б.Лхагважаргал хохирогчийн эмчилгээний зардалд 600.000 төгрөг шүүхийн шатанд өгч хохирлыг өөрийн хэмжээнд барагдуулсан байдаг. Иймээс ч шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Б.Лхагважаргал нь бусдад төлөх төлбөргүй гэсэн атлаа энэ талаар тогтоох хэсэгт огт дурдаагүй байна. Мөн тогтоолд М.Пүрэвдорж цаашид гарах эмчилгээний зардлаа хэнээс нэхэмжлэх нь тодорхой бус байна. Хэргийг давах шатанд хэлэлцэхдээ гомдолд дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Лхагважаргалд оногдуулсан ялаас чөлөөлөх буюу хөнгөрүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсье…” гэжээ.

Ялтан Б.Баттөмөрийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дээрх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэт яллах талыг барьж нотлох баримтыг цуглуулсан. Тухайн үед байсан шууд гэрч болох Наранхүүгээс мэдүүлэг аваагүй. Гэмт хэрэг гарахад хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайрсан зүй бус үйлдэл нөлөөлсөн байхад Б.Лхагважавтай хамтран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял халдаасан нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Шүүх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар тогтоосон нь үндэслэлгүй. Камерын бичлэг болон үзлэг хийсэн тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Б.Баттөмөр нь хохирогч М.Пүрэвдоржийн төмсөг рүү өшиглөж гэмтэл учруулсан болох нь тогтоогдоогүй байхад камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Б.Баттөмөр мэт харагдаж байна...газар унаж байхад бараан өнгийн дүрс харагдаж байгаа нь хөлөө дэлгэж байгаад өшиглөсөн ” гэж бичжээ. Энд яаж, хаана нь өшиглөсөн болохыг нарийвчлан бичээгүй байна. Тухайн үед хохирогч М.Пүрэвдорж нь Наранхүүтэй маргалдаж зодолдсон нь танхайн шинжтэй байхад үүнийг шалгаагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Хэрвээ шүүх гэм буруу нь тогтоогдсон гэж үзвэл миний үйлчлүүлэгчийн хохирол төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, танхайран зодолдож буй этгээдүүдийг салгаж, ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлд зааснаар тусгай ангид зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү. Мөн шүүгдэгч Б.Лхагважаргалд оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж байна” гэв.

Хохирогч М.Пүрэвдоржийн өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Баттөмөр нь анхан шатны шүүх хуралдааны өмнө хохиролд 1.200.000 төгрөг, шүүхийн шийдвэр гарсны дараа 3.240.000 төгрөг өгсөн. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” болохыг дурдсан. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн. Хэрэг прокурорын хяналтын шатнаас 2 удаа мөрдөн байцаалтад буцааж шалгагдаж байсан. Дахин мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн ярьж байгаачлан гэрч Наранхүүгээс мэдүүлэг авч, хохирогчийн үйлдэлд танхайн сэдэлт байгаа эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй. Хохирогч гомдол саналгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж хуульд зааснаас доогуур ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэв.

Прокурор Б.Мөнгөнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Давж заалдах гомдолд дурдагдсан асуудлууд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Б.Лхагважаргал, Б.Баттөмөр нар нь бүлэглэн хохирогч М.Пүрэвдоржийн бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нь “гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн” гэж байна. 20.000 төгрөгөөс болж маргасан хохирогчийн үйлдлийг тус гэмт хэргийн сэдэлт гэж үзэж байгаа тул хувийн сэдэлттэй гэж зүйлчилсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Б.Баттөмөр нь Б.Лхагважаргалтай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн, технологийн дээд сургуулийн хашаанд хохирогч М.Пүрэвдоржийг хувийн сэдэлтээр зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

          мөн зодох явцдаа хохирогч М.Пүрэвдоржийн төмсгөн тус газар өшиглөж бие махбодод нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

 

          Б.Лхагважаргал нь Баттөмөртэй бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их засаг” их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн, технологийн дээд сургуулийн хашаанд хохирогч М.Пүрэвдоржийг зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

          Хохирогч М.Пүрэвдоржийн “...Хадаа ахыг 20.000 төгрөгөө алга болгочихно эсвэл үрчих юм болов уу гэж бодоод “мөнгөө өгчих” гэж хэлэхэд “өгөхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “дүүдээ өгчих” гэж хэлээд хажуу талаас Баттөмөр ах “чи хүний эрхэнд халдлаа” гэж хэлсэнээ хажуу талаас заамдаад шууд миний нүүр рүү хоёр удаа цохисон. Гадаа гараад намайг хэл амаар доромжлоод байж байхад хүргэн нь гэх цагаан куртиктэй залуу хүрч ирсэнээ намайг цохисон. Тэрнээс арай гэж салаад байсан чинь Баттөмөр ах хүрч ирсэнээ миний нүүр рүү цохиход миний нүдэнд гал манараад л ойчсон. Унахад миний салтаа буюу бэлэг эрхтэн хавьцаа өшиглөсөн. Найз охин руугаа утасдаж хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Цагдаа ирээд намайг машинаараа авч явж байгаад миний бие муу байсан тул замдаа буулгасан. Баттөмөр ах надтай зодолдож байсан учир түүнийг өшиглөсөн гэж бодож байгаа. Гэртээ орсны дараа миний эрхтэн өвдөөд байсан. Нэгдүгээр эмнэлэг дээр очиж хагалгаанд орж 10 хоног хэвтээд гарсан. Миний нэг талын төмсөгийг авсан. Мөн нөгөө төмсөгийг цус хуралттай байна гам барихгүй бол болохгүй гэж байна лээ. Одоо нөхөн үржихүй буюу хүүхэдтэй болж чадахгүй болсон. Би мэс заслын эмчилгээ хийлгэсэн, цаашид үргэлжлүүлж эмчлүүлж байгаа. Маш их гомдолтой байна. Миний төмсгөнд учирсан гэмтлийг Баттөмөр учруулсан, харин толгойнд үүссэн дээрх олон тооны цус хуралтуудыг Баттөмөр болон түүний хүргэн нар нь нийлж учруулсан. Бичлэгэн дээр байгаа цагаан өнгийн цамц, цайвар өнгийн өмдтэй нь хүргэн нь гээд байгаа залуу, бараан малгай, бараан хувцастай нь Баттөмөр ах, цэнхэр өнгийн куртик, хар өнгийн өмдтэй нь би байна...” /хх-22-26/,

 

          Гэрч Б.Наранбаатарын “...Наранхүү 2 литрийн “Боргио” пиво 2 савыг дэлгүүрээс авч ирж Пүрэвдорж бид хоёрт өгөхөөр нь Пүрэвдорж бид хоёр хувааж уусан. Наранхүүг “эмнэлэгт байгаа дүүгээ эргэ” гэж хэлээд явуулахдаа пивоноос уулгаагүй. Пүрэвдорж бид хоёр нэг пивыг нь дуусгаад, нөгөө пивыг талд нь оруулчаад салаад явсан. Би тэр үед ажилтай байсан учир Пүрэвдоржийг орхиод гарсан. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна...” /хх-28-29/,

 

          Гэрч Б.Болормаагийн “...2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 18 цаг өнгөрч байхад Пүрэвдорж над руу утасдаад “намайг хүмүүс нийлээд зодчихлоо, ажлын газраа байна, хүрч ирээд аваач” гэж хэлсэн. Намайг очиход Пүрэвдорж замын хажуу талд доошоо хагас суугаад тонгойсон, сууж чадахгүй байгаа юм шиг хажуу талдаа цүнхээ тавьчихсан, нүүр нь хөхөрчихсөн байсан. Би уурлаад “чи уусан юм уу” гэхэд “би амссан, архи бараг уугаагүй” гэсэн. Тухайн үед доошоо тонгойгоод хэвлийгээ бариад байсан учир эмнэлэг явах юм уу гэхэд “за яахын яахын гэртээ очъё, гайгүй болчих байлгүй” гээд гэр рүүгээ таксигаар хүргүүлсэн. Гэртээ очоод нүүрийг нь сайн харсан чинь энд тэндээ хавдчихсан байсан, “хаана чинь өвдөөд байгаа юм” гэхэд “төмсөг өвдөөд байна” гэсэн. Тэгэхээр нь дотуур хувцсыг нь тайлаад үзэхэд төмсөг нь хавдчихсан байсан учир яаралтай цагдаагийн газар очиж бүртгүүлээд дараа нь эмнэлэгт үзүүлээд маргааш нь хагалгаанд орсон. Хамт ажил хийж байсан хүн нь мөнгө төгрөг авсан гээд түүнээс болж л маргалдаж зодолдох болсон юм шиг байна лээ...” /хх-32-33/,

 

          Гэрч П.Мягмарын “...Болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Пүрэвдорж бэлгийн бойжилт ямар ч өөрчлөлтгүй зүгээр, эрүүл саруул өссөн, гэр орондоо байхдаа өвчин зовлон хэлээд байдаггүй байсан. Пүрэвдоржийн эрхтэн байхгүй болж, хүүхэдтэй болж чадахгүй гэж байна лээ, уул нь манай гэрийн хамгийн бага учир миний гал голомтыг залгах хүүхэд байгаа юм. Албан ёсоор суусан хүн байхгүй, нэг хүүхэдтэй хүүхэнтэй одоогийн байдлаар хамт амьдарч байна. Би энэ асуудалд их гомдолтой, нэлээн харамсаж байна. Миний хүү урьд нь эрүүл саруул байсан...” /хх-34/,

 

          Гэрч О.Эрдэнэчимэгийн “...2015 оны 10 дугаар сарын 9-ний орой 21 цаг өнгөрч байхад Болормаа гэх эмэгтэй орж ирээд “манай нөхөр хүнд зодуулчихаад ирлээ, жоохон ус өгөөч” гэхээр нь ус өгчихөөд Пүрэвдоржийн гэрлүү нь ороход Пүрэвдорж баруун талын орон дээрээ даавуу нөмөрчихсөн байдалтай ёолоод л маш их зовиуртай байдалтай, “миний төмсөг рүү өшиглөчихсөн” гэсэн. Даавууг нь сөхөөд дотоожийг нь шувтлаад харахад аль талынх гэдгийг нь мэдэхгүй байна, дотроо цус хураад аймаар том болоод хавдчихсан, хөхрөөд хүрэн болчихсон байсан. Тэгэхээр нь “чи яаралтай эмнэлэгт үзүүл, би охиныг чинь гэртээ оруулаад байж байя” гээд явуулсан. Нүүр нь аль талдаа гэдэг талаар мэдэхгүй байна зулгараад хавдчихсан, бас жижиг гэмтлүүд байсан, тэгээд төмсөг нь хавдаад хүрэн улаан нэлээн том хавдчихсан байсан. Биед нь учирсан гэмтлүүд бүгд шинэ гэмтэл байсан. Хэрэг болохоос өмнө Пүрэвдорж манай гэрээр орж гараад л явдаг байсан. Тэгэхэд биеийн байдал нь сайн байдаг байсан. Өмнө нь гэмтэл байгаагүй, эрүүл байсан. Ажлынхаа газарт хүмүүст зодуулсан гэж ярьж байсан...” /хх-82-83/,

 

          Б.Лхагважаргалын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Гэрт сууж байхад аав Баттөмөр орж ирээд “Пүрэвдорж нь Хадаагаас мөнгө нэхээд халаасыг нь ухаад байна” гэж хэлээд эргээд гарсан. Удалгүй хашааны хаалга “пид пад” гээд дуугарахаар нь хашаанаас гараад харахад Пүрэвдорж Хадааг боогоод зогсож байсан. Би очоод Пүрэвдоржийг салгаад цааш нь түлхээд явахад намайг заамдсан. Тэгэхээр нь заамдаж байсан гарыг нь тавиулаад цааш нь түлхэхэд намайг татаад байсан бөгөөд хажуу талд аав Баттөмөр, Хадаа нар Пүрэвдорж бид хоёроос зууралдсан байж байгаад цааш түлхэхэд хашааны хажуу тал руу бид нар бүгд ойчсон. Нансалмаа гарч ирж гэр рүү ор гээд намайг оруулсан. Тухайн үед би цагаан өнгийн цамцтай байсан. Бичлэгт үзэхэд Пүрэвдоржийг өшиглөж байгаа нь манай хадам аав Баттөмөр байх шиг байна. Гадаа зодоон болж байхаар нь гарахад хадам аавтай Пүрэвдорж нь барьцалдсан байсан. Тэгэхээр нь очоод салгачихаад явж байхад “чи муу юу юм гөлөг минь гэж” гэж хэлээд намайг заамдсан. Гарыг нь салгах гэхэд миний нүүр рүү нэг удаа цохисон тул биеэ хамгаалах зорилгоор зодолдсон юм...” /хх-59-63/,

 

          Б.Баттөмөрийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Пүрэвдорж Хадаатай 20.000 төгрөгний хэрүүл хийгээд байсан. Намайг хашааны гадаа гарахад Хадаагийн халаасыг Пүрэвдорж нэгжээд байхаар нь би боль гэж хэлсэн. Пүрэвдорж Хадаагийн нүүр лүү нь цохиж унагаахаар нь хоёуланг нь татаж босгоод хоёр талдаа барьсан. Тэр үед Хадаа Пүрэвдоржийг цохих гээд байхаар нь Хадааг татаж унагаасан. Би Пүрэвдоржийг хашаа руу түлхсэн чинь миний уруулнаас гараараа барьж аваад татаад байхаар нь нүүр рүү нь баруун, зүүн гараараа нэг нэг удаа цохисон. Би цохисон чинь намайг барьж авч зууралдаж байгаад дараад дээрээс унасан. Биднийг ноцолдож байхад манай хүргэн хүү гэрээс гарч ирээд салгасан. Пүрэвдорж Лхагважаргалтай зууралдаад, ноцолдоод байхаар нь би очиж салгасан. Тэр үед би татаж байгаад унагаахад “Нокиа” загварын гар утастай гараараа миний зүүн талын чих рүү цохисон. Намайг манай охин салгасны дараа би чихээ малгайгаараа арчаад байж байхад Лхагважаргалтай Пүрэвдорж ноцолдоод байхаар нь очиж салгасан. Тэр үед би нуруу руу нь хоёр удаа гараараа цохисон. Камерын бичлэгт бичигдсэн өшиглөж байгаа нь би байна. Хамраас цус гоожуулчихаар нь хөл хавьцаа нь өшиглөсөн санагдаж байна. Хадаа манай гэрт ороход жоохон халамцуу байсан. Нэг шил 0.5 литрийн архийг Пүрэвдорж, Лхагважаргал бид нар хувааж уусан. Лхагважаргал цагаан өнгийн цамцтай, би хар өнгийн хувцастай байсан. Манай охин Мандалмааг Пүрэвдорж янхан, гичийгээр нь дуудаад өшиглөхөөр нь зузаан гуя хавьцаа нь өшиглөсөн юм...” /хх-53-58, 94/,

 

          Шинжээч эмч М.Золжаргалын “…Нүүрэнд учирсан уруулд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булан, баруун, зүүн нүдний алим цус хуралт гэмтлүүд хөнгөн зэрэгт хамаарна. Баруун төмсөгний урагдал, няцрал, баруун төмсөгний дайврын хамт авах мэс ажилбар /2015.10.10/ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа юм. Хүнд гэмтлийн улмаас зүүн төмсөг, хуйхнаг, шодойнд цус хуралт гэмтлүүд учраад байна. Энэ нь нэг болон түүнээс олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой…” /хх-40-41/ гэх мэдүүлгүүд болон  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Цүнх үүрсэн залуу нь цагаан өнгийн өмдтэй залууг хоргоож, түлхэж камерын доод талын буланд ирмэгдэж ирж байгаа бөгөөд цаанаас бараан өнгийн хувцастай эрэгтэй нь цүнх үүрсэн залууг болиулахад тэд нар ноцолдоод камерын доогуур орж ямар нэгэн дүрс харагдахгүй болж байна. ...Бараан өнгийн хувцастай Баттөмөр нь хоёр талдаа Пүрэвдорж, Хадаа хоёрыг барьчихсан байдалтай зогсож байх бөгөөд ингээд зогсож байхдаа цагаан өнгийн өмдтэй Хадааг татаж унагаад, Пүрэвдоржийн нүүрэн тус газар нь гараараа савж цохиж байна. Пүрэвдорж, Баттөмөр хоёр зодолдож байхад гэрээс бараан өнгийн хувцастай эмэгтэй хүн гарч ирж байх бөгөөд араас нь цагаан өнгийн цамцтай болон өөр бусад хүмүүс гарч ирж тэр хоёрыг салгахад Пүрэвдорж нь зогсож байсан Хадааг цохиод унагааж байгаа харагдах бөгөөд энэ үед хажууд нь зогсож байсан Лхагважаргал Пүрэвдоржийг аваад цаашаа явж байна. Пүрэвдорж нь эргэж хүрч ирээд Баттөмөртэй хэрэлдээд, дайрахад Лхагважаргал нь цаашаа чирээд авч байгаа харагдаж байна. Тэр хоёр хашааны зүүн хойд талын буланд бие биетэйгээ цохилцож байхад хажуу талаар нь хэн гэдэг нь мэдэгдэхгүй хүн ирснээ Пүрэвдоржийг Лхагважаргалтай нийлж нүүр ам руу нь цохиж байгаа харагдах бөгөөд энэ хүн нь Баттөмөр мэт харагдаж байна. Баттөмөр нь Пүрэвдоржийг хөлөө дэлгэж байгаад унасан байхад нь өшиглөөд холдоход доороос нь Пүрэвдорж босоод цаашаа хэд алхаснаа доошоо сууж байх ба явган суугаад байлаа. Явган сууж байгаад нэг удаа боссоноо эргээд сууж байхад зодолдсон хүмүүс нь гэр рүү орж байна” /хх-19-20/,

         

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 14663 тоот дүгнэлтэд “…М.Пүрэвдоржийн биед баруун төмсөгний урагдал, няцрал, баруун төмсөг, дайврын хамт авах мэс ажилбар /2015.10.10/, уруулд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булан, баруун, зүүн нүдний алим, баруун, зүүн төмсөг, хуйхнаг, шодойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар үлдэц уршигтай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна…” /хх-39/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 150 тоот дүгнэлтэд “…М.Пүрэвдоржийн биед баруун төмсөгний урагдал, няцрал, баруун төмсөг, дайврын хамт авах мэс ажилбар /2015.10.10/, уруулд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булан, баруун, зүүн нүдний алим, баруун, зүүн төмсөг, хуйхнаг, шодойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. М.Пүрэвдоржийн биед баруун төмсөгний урагдал, няцрал, баруун төмсөг, дайврын хамт авах мэс ажилбар /2015.10.10/ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар үлдэц уршигтай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах уруулд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булан, баруун, зүүн нүдний алим, баруун, зүүн төмсөг, хуйхнаг, шодойн цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой…” /хх-89-90/ гэх дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-13-18/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Б.Баттөмөр, Б.Лхагважаргал нарт тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан ял оноосон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Б.Баттөмөр “…хэрэг болох үед би согтуу байгаагүй, …шинжээч эмч нар ирээгүй шүүх хуралд оролцуулаагүй. …Камерын бичлэгийг дахин нягталж үзмээр байна. …шүүх хурал дээр бичлэг үзүүлэх байсан боловч техникийн шаардлага хангахгүй гэснээр үзүүлж амжаагүй. …Би энэ хэрэгт санамсар болгоомжгүй байдлаас болж ар гэр, амьдрал ахуйгаа хүндрүүлж байгаадаа маш их харамсаж байна. Урьд нь би ямар ч хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. Үнэхээр надад маш хэцүү байна. Хохирогч хүүхдийн нэхэмжилсэн эмчилгээний болон бусад зардал болох мөнгөн төлбөрийг бүгдийг нөхөн төлж дуусгасан байгаа. …Миний энэ байдлыг харгалзан үзэж зөв шийдвэр гаргаж өгөөч гэж маш их хүсэж байна. Миний биеийн байдал тийм сайн биш, хэвлийн хагалгаанд удаа дараа орж байсан. Энэ байдлыг харгалзан үзэж энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч…” гэж,

түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “…Б.Баттөмөр, Б.Лхагважаргал нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан цаг хугацаа, уг гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг нотлох ажиллагааг явуулаагүй байна. …Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэж,

ялтан Б.Лхагважаргалын өмгөөлөгч Д.Чулуунбаатар “…Б.Лхагважаргалд 5 сар баривчлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 10 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл зэргийг зөрчсөн. …Хэргийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагаа бүхэлдээ хэт нэг талыг барьсан, хөтөлж болон тулгаж байцаалт авсан, мөн хорьж цагдана гэж сүрдүүлж байсан зэрэг нь хэргийн материал, үйлчлүүлэгчийн минь ярианаас тодорхой харагддаг. Хэргийн үнэн мөнийг олж тогтооход чухал ач холбогдол бүхий хэрүүл маргаан, зодооныг анх гаргагч, оролцогч, гэрч Хадаа буюу Наранхүүг олж байцаагаагүй, энэ талаар прокуророос өгсөн даалгаврыг биелүүлээгүй, хохирогчийг авч яваад замд буулгасан гэх 2 цагдааг шалгаж байцаагаагүй зэрэг нь хэргийг дутуу шалгасан гэж үзэхээр байна. …Хэргийн гол эд мөрийн баримт гэх бичлэг гэгч нь нотлох баримтын шаардлага хангахгүй, камерын бичлэгт хийсэн тэмдэглэлд байцаагч зарим зүйлийг санаанаасаа зохиож бичсэн. …Шүүх Б.Лхагважаргалыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо гэсэн атлаа улсын яллагчаас түүнд албадан ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан хамгийн хүнд ял болох баривчлах ял оноосонд гомдолтой байна. Үнэндээ Б.Лхагважаргал бол зодооныг салгах, зогсоох, болиулах гэсэн зорилготой л байсан, тиймдээ ч зодооныг салгасан, намжаасан байдаг. Өөрийгөө хамгаалах зорилгоор л Пүрэвдоржтой харилцан зодолдсон юм билээ. …Б.Лхагважаргал хохирогчийн эмчилгээний зардалд 600.000 төгрөг шүүхийн шатанд өгч хохирлыг өөрийн хэмжээнд барагдуулсан байдаг. …Мөн тогтоолд М.Пүрэвдорж цаашид гарах эмчилгээний зардлаа хэнээс нэхэмжлэх нь тодорхой бус байна. Хэргийг давах шатанд хэлэлцэхдээ гомдолд дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Лхагважаргалд оногдуулсан ялаас чөлөөлөх буюу хөнгөрүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсье…” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Баттөмөр нь хохирогч М.Пүрэвдоржтой хувийн таарамжгүй харилцаа буюу Хадааг /Наранхүү/ М.Пүрэвдоржоос өмөөрч, үл ойлголцон, улмаар маргалдан цохиж зодох үед Б.Лхагважаргал нь гэрээс гарч ирэн салгахын оронд Б.Баттөмөртэй бүлэглэн зодож, түүний толгой, нүүр лүү нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, ингэж зодолдох явцад Б.Баттөмөр нь хохирогчийн салтаа руу нь нэг удаа өшиглөж, хор уршиг ихтэй хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь дээрх хохирогч, шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөн Б.Баттөмөр нь Эрүүгийн хуульд заасан хүнд төрлийн гэмт хэрэг үйлдсэн, баримтаар тогтоогдсон гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн ч түүний үйлдсэн гэмт хэрэг хор уршиг их, гэм хор нь арилах боломжгүй зэрэг нь түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй байна.

Б.Лхагважаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нийцсэн ба үндэслэл бүхий болжээ. 

Давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэл болон бусад үндэслэлүүдээр Б.Баттөмөр, Б.Лхагважаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Баттөмөр, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, ялтан Б.Лхагважаргалын өмгөөлөгч Д.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Баттөмөр, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, ялтан Б.Лхагважаргалын өмгөөлөгч Д.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

           ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                     Д.МЯГМАРЖАВ