Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 486

 

                                                                                                                                                                                                                                                                                        

                                                                    

 

 

 

 

 

 

 

         Э.Батжаргал, Ө.Мижиддорж нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Яллагдагч Э.Батжаргалын өмгөөлөгч Б.Намхай,

Яллагдагч Ө.Мижиддоржийн өмгөөлөгч Б.Цолмон, С.Алтантуяа,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаярын гаргасан 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 76 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр Э.Батжаргал, Ө.Мижиддорж нарт холбогдох эрүүгийн 201625010167 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Жавхлант овогт Энхбаатарын Батжаргал, 1995 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, 1 дүгээр багийн Баянгол гэх газарт оршин суух бүртгэлтэй,  ял шийтгэлгүй, /РД: УЮ95081410/,   

Гэндэн овогт Өлзийхутагийн Мижиддорж, 1995 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 5 дугаар багийн Дэнжийн гудамжны 14-2 тоотод оршин суух бүртгэлтэй,  ял шийтгэлгүй, /РД: ЛЮ95021215/,   

          Э.Батжаргал, Ө.Мижиддорж нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 49 дүгээр байрны 103 түр оршин суух 19 настай, Б.Батцэцэгийн хүчтэй зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүч хэрэглэн хүчиндэж, улмаар энэ гэмт хэргийн улмаас Э.Батцэцэгийг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Э.Батжаргал, Ө.Мижиддорж нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “…Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй. Мөн хуулийн 80 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийн хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гүйцэд нотолж тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэхээр байна.

1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүдээс /хх-14-28/ харахад тагтнаас талийгаач Б.Батцэцэгийн доош газарт унасан байршлыг огт тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл, талийгаач нь чухам хаана унасан, унасан газраас яллагдагч Э.Батжаргал биеийг нь зөөж аваачсан гэх дэлгүүр хүртэл хэр зэрэг зайтай байсан зэргийг тогтоогоогүй.

2. Улмаар газарт унасны дараа талийгаачийн бие тагтнаас доош унах явцад биеийг нь цохин гэмтээж болох эд зүйлс таарах боломжтой эсэх, яллагдагч Э.Батжаргал түүнийг хэрхэн яаж дэлгүүр лүү зөөж аваачсан талаар тодруулж, тагтнаас талийгаач унасан гэх цаг хугацаа нь түүнийг дэлгүүрт аваачсан /гэрч С.Туяагийн мэдүүлэгт /хх-46/ дурдсанаар тухайн өдрийн өглөөний 08 цагаас 08 цаг 15 минутын орчимд гэх/ цаг үетэй ойролцоо эсэхийг шалгаж тогтоох.

3. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 216 дугаар дүгнэлтэд /хх-54-57/ “Өндрөөс уналт, хавсарсан гэмтэл: тархины зүүн, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэн, 2 тал бөмбөлгийн таславч хооронд, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн 2, 3 дугаар хавирга суганы шугамаар хугарал, бүсэлхийн 2-3 дугаар нугалам хоорондуур салсан хугарал, баруун умдаг ясны хугарал, ууц ясны ил хугарал, уушиг, элэг, зүүн бөөрний язрал, баруун нүдний зовхины гадна буланд шарх, баруун хацрын төвгөр, зүүн хөмсөгний дээр, эрүүний ооч, зүүн хэсэг, өвчүүний гол хэсэг зулгаралт, баруун шуу, зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун шагайн үений мултрал, баруун шагай, зүүн гуя, өвдөг, 2 өгзөгт цус хуралт, баруун гуяны дотор дээд хэсэгт шарх, нойр булчирхайн цус харвалт, уушиг, зүрхний уг хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу өндрөөс унах үед нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна” гэсэн байх боловч талийгаач Б.Батцэцэгийн биеийн олон хэсгийн, ар өвөр талын бүх гэмтлүүд нь талийгаачийг тагтнаас унахад нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байх тул энэ талаар тодруулж шалган, шинжээчийн нэмэлт дүгнэлт гаргуулах.

4. Шинжээчийн 1024 дүгээр дүгнэлтээр /хх-59/ талийгаач Б.Батцэцэгийн цусыг, шинжээчийн 1941 дүгээр дүгнэлтээр /хх-99/ Ө.Мижиддоржийн цусыг, мөн шинжээчийн 1008 дугаар дүгнэлтээр /хх-88/ хэрэг гарах үед талийгаачийн өмсөж явсан зарим хувцас дээр илэрсэн цусыг тус бүр АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай гэж тогтоосон байх бөгөөд тэдгээр хувцас дээрх цус нь чухам хэнийх болохыг нэмэлт шинжилгээгээр тогтоох.

5. “Батжаргал агсраад цонхоор үсэрнэ гээд байсан” гэх зэрэг хэргийн зарим нөхцөл байдлын талаар гэрч Б.Лхагвасайханы мэдүүлэг /хх-42-44/ нь яллагдагч Э.Батжаргал, Ө.Мижиддорж нарын мэдүүлэгтэй харилцан илт зөрүүтэй байх тул тэдгээр байдлыг шалгаж тодруулах.

6. Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагч Э.Батжаргал, Ө.Мижиддорж нарт бүлэглэж иргэн Б.Батцэцэгийг хүчиндсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь заалтаар, энэ хэргийн улмаас Б.Батцэцэгийг амиа хорлоход хүргэснийг мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Яллагдагч Э.Батжаргал, Ө.Мижиддорж нар нь бүлэглэж иргэн Б.Батцэцэгийг хүчиндсэний улмаас түүнийг амиа хорлоход хүргэсэн гэх яллагдагч Э.Батжаргал, Ө.Мижиддорж нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл болох хүнд хор уршиг учруулсан эсэхийг тогтоох.

Эдгээр мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.  

Прокурор Э.Оюунтунгалаг бичсэн эсэргүүцэлдээ: “…Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаярын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 76 дугаартай захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг мөрдөн байцаалтаар бүрэн нотлоогүй, Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй, буруу ойлгож хэрэглэсэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасныг эс зөвшөөрөх дараах үндэслэлүүд байна. Үүнд:

Захирамжийн 1 дэх заалтад: “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад тагтнаас талийгаач Батцэцэгийн доош газарт унасан байршлыг огт тогтоогоогүй, өөрөөр хэлбэл, талийгаач чухам хаана унасан, унасан газраас яллагдагч Э.Батжаргал биеийг зөөж аваачсан гэх дэлгүүр хүртэл хэр зайтай байсан зэргийг тогтоогоогүй” гэжээ.

Мөрдөн байцаагч гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авмагц хэргийн газарт очиж үзлэг хийгээд тэдний хамт архи ууж хоносон гэх 13 дугаар давхарын 103 тоот байр, талийгаач унасан гэх газар, цогцосыг зөөж аваачсан гэх дэлгүүр зэрэгт үзлэг хийж тухайн газрын нөхцөл байдлыг тусгасан гэрэл зургийг нь авч хавсарган нотлох баримтыг бэхжүүлсэн байдаг. Харин мөрдөн байцаагчийн тэмдэглэлд өндрийн хэмжээ, унасан газраас зөөж аваачсан гэх дэлгүүр хоорондын зай хэмжээг хэмжиж тусгаагүй /хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг шиг/ байгаа нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, зүйлчлэлд нөлөөгүй тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад гэрч, яллагдагч нараас тодруулах, шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 276 дугаар зүйлд зааснаар шүүх бүрэлдэхүүн тэдгээр газарт үзлэг хийж болохоор хуульд заасан тул хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг зөвхөн нэг шүүгч үнэлж нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй юм.

2 дахь заалтад: “Улмаар газарт унасны дараа талийгаачийн бие нь ямар байрлалтай байсан, өндрөөс унах явцдаа юманд цохигдсон эсэх, Батжаргал түүнийг хэрхэн яаж дэлгүүр рүү зөөснийг тодруулж, тагтнаас талийгаач унасан гэх цаг хугацаа нь түүнийг дэлгүүрт аваачсан хугацаатай ойролцоо эсэхийг шалгаж тогтоох” гэжээ.

Хохирогчийн үхлийн шалтгаан болон түүний биед үүссэн бүх гэмтэл нь өндрөөс унах үед үүссэн байх боломжтой талаар шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 216 тоот дүгнэлтэнд болон шинжээчийг байцаасан мэдүүлгээс үзэхэд тодорхой болсон байдаг. Мөн хэзээнээс эхэлж архидсан, хэдэн цагийн үед хүчиндсэн, хэдэн цагийн үед тагтан дээр гарсан, хэзээ үсэрсэн, хэн хэзээ цагдаад дуудлага өгсөн гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахдаа болон гэрч, шүүгдэгч нараас шүүхийн хэлэлцүүлгийн үед тодруулж асуухад тогтоогдох боломжтой энэ талаар дахин мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна.

3, 4 дүгээр заалтуудад: Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээ хийсэн болон хохирогч, яллагдагч нарын цусны бүлгийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзсэн заалтууд байх тул хэрэв шинжээчийн дүгнэлтэнд шүүх бүрэлдэхүүн эргэлзвэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад, дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж асуулт тавих, нэмэлт болон давтан шинжилгээ хийлгэж болох талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 271, 272, 273 дугаар зүйлүүдэд заасан журмыг баримтлан ажиллах ёстой.

5 дугаар заалтад: “Батжаргал агсраад цонхоор үсэрнэ гээд байсан” гэх зэрэг хэргийн зарим нөхцөл байдлын талаар гэрч Б.Лхагвасайханы мэдүүлэг яллагдагч Э.Батжаргал, Ө.Мижиддоржийн мэдүүлэгтэй харилцан илт зөрүүтэй байх тул тэдгээрийг шалгаж тодруулах” гэжээ.

Энэ заалтад талийгаачийн бусдад хүчиндүүлж хохирсон болон үхлийн шалтгаантай хамааралгүй ажиллагааг хийхийг заасан байх бөгөөд зөвхөн яллагдагч Батжаргал тухайн үед ямар ааш авир гаргаж байсныг болон түүний хувийн байдлыг л харуулах асуудал байна. Нөгөөтэйгүүр гэрч, яллагдагч нарын мэдүүлгийн зөрүүг мөрдөн байцаалтаар гаргаж нэг мөр ойлгогдохоор болгох боломжгүй бөгөөд харин хэргийг шийдвэрлэхдээ тэдний мэдүүлгээс хэнийх нь мэдүүлэг хэргийн шийдвэрлэлтэд нотолгооны ач холбогдолтой байгааг прокурор, шүүгч нар үнэлэх, нотлох баримтыг үнэлж дүгнэхтэй холбоотой асуудал байна.

6 дугаар заалтад: “Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Э.Батжаргал, Ө.Мижиддорж нарт бүлэглэж иргэн Батцэцэгийг хүчиндсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дах заалтаар, энэ хэргийн улмаас Батцэцэгийг амиа хорлоход хүргэсний улмаас яллагдагч Э.Батжаргал, Ө.Мижиддорж нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох хүнд хор уршиг учирсан эсэхийг тогтоох” гэжээ.

Хавтаст хэрэгт тухайн үед болсон гэмт үйлдэл, үйл явдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар шалгаж тогтоосон бөгөөд тухайн гэмт үйл явдлыг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж хэрэгт хяналт тавьж яллах дүгнэлт үйлдсэн прокурорын зүгээс үзэж байгаа ба хүчингийн хэргийн “хүнд хор уршиг” зөвхөн хурьцал үйлдэх үед учрах ба харин хохирогч амиа хорлоход нөлөөлсөн нөлөөллийг нь хүнийг амиа хорлоход хүргэсэн хор уршигтай хольж хутган буруу ойлгож хэргийг зүйлчлэн ял өөрчлөн сонсго гэж мөрдөн байцаагчид даалгавар чиглэл өгч болохгүй юм.

Ер нь уг хэргийг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн бол шүүгчийн эргэлзсэн бүх заалтуудыг гэрч, шинжээч, шүүгдэгч нараас тодруулж нотлох баримтыг үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэх боломжтой асуудлууд тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаярын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан 76 дугаартай захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Яллагдагч Э.Батжаргалын өмгөөлөгч Б.Намхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг нарийвчлан шалгаж тогтоох хэрэгтэй” гэв.

Яллагдагч Ө.Мижиддоржийн өмгөөлөгч С.Алтантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч нар хохирогчид харгис хэрцгий хандаж, байнга эрхшээлдээ байлгасан болох нь тогтоогдоогүй. Мөн хүчингийн гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй. Шүүгчийн захирамжид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байж болзошгүй” гэсэн нь үндэслэлгүй. Хурьцал үйлдэх явцад хохирогчид хүнд хор уршиг учраагүй. Хохирогч өглөө босоод тайвширч хувцсаа өмсөөд гэрч Лхагвасүрэнтэй ярилцаад, тамхи татах гээд тагт руу гарсан байдаг. Тиймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж хэргийн үйл явцыг тодорхой цаг хугацаа, дараалалтайгаар тогтоох шаардлагатай” гэв.

Яллагдагч Ө.Мижиддоржийн өмгөөлөгч Б.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Шүүгчийн захирамжид заасан зүйлсийг нарийвчлан шалгаж тогтоосноор хүнд хор уршиг учирсан эсэх нь тогтоогдоно. Өөрөөр хэлбэл цаг хугацааг нарийн шалгаж, хор уршиг хэзээ үүссэн болохыг тогтоох хэрэгтэй. Шүүгдэгч нар хохирогчтой хурьцал үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хүчингийн гэмт хэрэг мөн эсэхийг тогтоосон баримт байдаггүй. Цаазын ялтай гэмт хэрэгт өмгөөлөгч оролцуулан байцаалт авах ёстой. Гэтэл өмгөөлөгч оролцуулахгүй байцаалт авснаар шүүгдэгч нар хууль зүйн туслалцаа авч чадалгүй хүнд ял сонсоход хүрээд байна” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Батжаргал, Ө.Мижиддорж нарт холбогдох эрүүгийн хэрэгт гаргасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Э.Батжаргал, Ө.Мижиддорж нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүгчийн захирамжид дурдсан баримт хэрэгт авагдсан байх ба харин шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Иймд шүүх яллах дүгнэлтийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтад тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, яллагдагчийн гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Батжаргал, Ө.Мижиддорж нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн, хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 76 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.Батжаргал, Ө.Мижиддорж нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл Э.Батжаргал, Ө.Мижиддорж нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

                                      ШҮҮГЧИД                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ