Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 487

 

                                                                                                                                                                                                                                                                                       

                                                                    

 

 

 

 

 

 

 

         З.Батсайханд холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч Д.Туяа,

Шүүгдэгч З.Батсайханы өмгөөлөгч П.Ганбаатар,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Х.Жанибекийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр З.Батсайханд холбогдох эрүүгийн 201626030253 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэсүд овогт Зандангийн Батсайхан, 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Яргайт цамхаг” ХХК-д хөлсөөр ажил гүйцэтгэдэг байсан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 3 дугаар гудамжны 113 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ДО92112310/,   

          З.Батсайхан нь 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 18-19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 6 дугаар гудамжны 113 тоотод өөрийн төрсөн эх Г.Цэнгэнжаргалыг “архины мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, алхыг зэвсгийн чанартай хэрэглэж “та нарыг ойртвол ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж догшин авирлаж танхайрсан, танхайрах явцдаа төрсөн эцэг Х.Зандангийн эзэмшлийн монгол гэрийг гадна талаас нь гэрийн зүүн талын хана, туурга болон цагаан бүрээс, хаалга зэргийг галдан шатааж санаатайгаар устгасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: З.Батсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “…Мөрдөн байцаалтын шатанд З.Отгонбаатарыг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан атлаа /хх-29-30/ З.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татахдаа хохирогч З.Отгонбаатартай холбоотой үйлдлийг шалгаагүй орхигдуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “хохирогч З.Отгонбаатар гомдол саналгүй” гэсэн тул ял өөрчлөн сонсгох тухай тогтоолоор З.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ялыг хүчингүй болгосон” гэж тайлбарлаж байгаа боловч Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 29 дугаартай /хх-89-90/ ял өөрчлөн сонсгох тухай тогтоол болон яллах дүгнэлтэд энэ хэргийн хохирогч нь ганц Г.Цэнгэнжаргал мэтээр бичигдэж хохирогч З.Отгонбаатарт холбогдох үйлдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.5, 218 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн.

Хохирогч Г.Цэнгэнжаргал “надаас 10.000 төгрөг өгчих, архи авч уух гэсэн юм” гэхээр нь би З.Батсайханыг загнаад “чи яахаараа мөнгө нэхэж байгаа юм бэ, арай дэндэнэ ээ…” гэж хэлсэн. Тэгсэн уурлаад бага дүү З.Отгонбаатарыг хөлөөрөө өшиглөөд гараараа цохиж аваад хамраас нь цус гаргаад дараа нь намайг бас гараараа цохиж авсан. Тэгэхээр нь хүү бид хоёр гараад зугтаасан. Тэгтэл З.Батсайхан гэрээс нэг гартаа хар иштэй алх барьчихсан, нэг гартаа асаагуур барьчихсан зогсож байгаад манай гэрийн зүүн урд хэсгийн гадна бүрээснээс гал тавьж шатааж эхэлсэн…” гэж мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт “…миний хүү З.Батсайхан нь гэрээ шатаагаагүй. Гэрийн зүүн талаар унжсан цахилгааны утаснаас шалтгаалан гал гарсан” гэж эрс зөрүүтэй мэдүүлэг гаргаж байгаа шалтгаан, нөхцлийг шалгаж тогтоох нь зүйтэй байх тул З.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, З.Батсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт хэрэг очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Улсын яллагч Х.Жанибек бичсэн эсэргүүцэлдээ: “…Яллагдагч З.Батсайхан нь 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 18-19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 6 дугаар гудамжны 113 тоотод өөрийн төрсөн эх Г.Цэнгэнжаргалыг “архины мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин алхыг зэвсгийн чанартай хэрэглэж “та нарыг ойртвол ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж догшин авирлаж танхайрсан, танхайрах явцдаа төрсөн эцэг Х.Зандангийн эзэмшлийн монгол гэрийг гадна талаас нь гэрийн зүүн талын хана, туурга болон цагаан бүрээс, хаалга зэргийг галдан …боловч шүүхийн хэлэлцүүлэгт “миний хүү гэрээ шатаагаагүй, гэрийн зүүн талаар унжсан цахилгааны утаснаас шалтгаалан гал гарсан” гэж эрс зөрүүтэй мэдүүлэг гаргаж байгаа шалтгаан нөхцлийг тогтоох нь зүйтэй байна гэсэн заалт нь үндэслэлгүй байна. Учир нь, мөрдөн байцаалтын явцад Г.Цэнгэнжаргалын удаа дараа өгсөн тайлбар болон хууль сануулан хохирогчоор өгсөн мэдүүлэгт З.Батсайхан гэрээс нэг гартаа хар иштэй алх барьчихсан нэг гартаа асаагуур барьчихсан зогсож байгаад манай гэрийн зүүн урд хэсгийн гадна бүрээснээс гал тавьж шатааж эхэлсэн гэж мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад гэрч хохирогч З.Отгонбаатарын “...Бид хоёр гадаа хашаандаа зогсож байтал З.Батсайхан гарч ирээд нэг асаагуур гаргаж ирээд “энэ гэрийг чинь шатаанаа” гэж хэлээд гэрийн хажууд байдаг нүүрс хагалдаг урт иштэй алхыг барьчихаад ойртвол ална гэж бид хоёрт хэлээд асаагуураараа гэрээ зүүн талаас нь буюу гадна талаас нь шатааж эхэлсэн…” гэх мэдүүлэг, гэрч Ж.Батсайханы “…2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хөрш хашааны эмэгтэй “миний дүү цагдаа дуудаад өгөөч, миний хүү намайг гэртээ оруулахгүй байна…” гэж хэлсэн. Тэгээд хартал Батсайхан гэдэг залуу гэрийнхээ гадаа үүдэнд нэг алх барьчихсан зогсож байсан. Тэгснээ тэр залуу гэрийнхээ үүдний хэсгээс эхлээд асаагуураар гэрийг гадна талаас нь шатааж эхэлсэн. Харин би түргэн тусламж болон гал команд цагдаад руу дуудлага өгсөн. Батсайхан гээд залуу тэр үед нэлээн согтуу гэрээ шатааж эхэлчихээд гэр дээрээ гараад алхаа барьчихаад ойртвол ална гээд зогсоод байсан. Харин гэр нь зүүн талаасаа шатаж эхэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Зандангийн “манай гэрийн гадна хэсэг буюу зүүн хэсгээрээ хэсэг газар нь шатсан байсан. Гэрийн зүүн хана, зүүн талын туурга, хаалга эвдэрч хүрээ нь шатсан байсан. Шатсан болон эвдэрсэн хэсгийг ашиглах боломжгүй болгосон байсан, юу болсон талаар асуухад З.Батсайхан нь “согтуудаа гэртээ агсам тавьж гэрээ шатаасан” гэсэн. Хүү З.Батсайхан нь гадаа гэрээ асаагуураар асаасан гэж хэлсэн, тэр асаагуураа тэгээд яасан юм мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, З.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ямар ч байсан тухайн үед архины мөнгө өгөөгүй болохоор уур хүрээд гэрээ шатаасан байсан. Тухайн үед надад жижиг улаан өнгийн хуванцар гадаргуутай асаагуур байсан, түүнийгээ халаасандаа хийгээд явж байсан юм, уг үйлдсэн хэрэгтээ би харамсаж гэмшиж байгаа. Маш ихээр харамсаж гэмшсэн гэх мэдүүлгээр З.Батсайхан нь аав Зандангийн гэрийг өөрөө галдан шатаасан нь тогтоогдсон ба хохирогч Г.Цэнгэнжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь бүрэн үгүйсгэгдэж байх тул энэ заалт нь үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гал унтраасан тухай 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 21/616 дугаартай нотломж болон бусад нотлох баримтуудаар цахилгаан утаснаас гал гарсан талаар огт дурдагдаагүй байдаг. Мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаагчаас Г.Цэнгэнжаргалыг хохирогчоор тогтоож байцаахад хуульд заасан эрх үүргийг сануулсан, мөн Үндсэн хууль заасан гэр бүлийн гишүүний буюу өөрийн төрсөн хүүгийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх, үүргийг сануулан байцаалт авсан, мөн хууль сануулан тайлбар авсан.

3. Шүүхийн тогтоолын 4 дүгээр заалтанд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан бол прокурор уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт эсэргүүцэл бичих эрхтэй гэж заасан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 гэсэн заалт хуульд байхгүй байгаа нь эсэргүүцэл бичих эрхийг хангахдаа шүүх өөрөө хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байх тул энэ заалт нь үндэслэлгүй байна.

З.Батсайханд холбогдох хэрэг нь бүрэн шалгагдсан, үйлдсэн хэрэг нь гэрч хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдсан, яллагдагч З.Батсайхан нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж гэмшсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэх боломжтой байтал дээрх үндэслэлгүй заалтуудаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Улсын яллагч Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлгүй. З.Батсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. З.Батсайханы дүү З.Отгонбаатараас анх гэрчийн мэдүүлэг авахад “ах танхайрах явцдаа намайг хальт өшиглөсөн” гэж мэдүүлэг өгсөн ба хохирогчоор тогтоож мэдүүлэг авахад “намайг 1 удаа хальт өшиглөсөн. Би гомдол саналгүй” гэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүчингүй болгосон. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Цэнгэнжаргал, шүүгдэгч З.Батсайханы нарын мэдүүлэг, гал гарсан болохыг тогтоосон дүгнэлт зэргээр З.Батсайхан нь гэрийг шатаасан болох нь тогтоогддог. Тиймээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч З.Батсайханы өмгөөлөгч П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллах дүгнэлтэд З.Батсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байсан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй. З.Батсайхан нь бусдын эд хөрөнгийг устгасан юм уу эсхүл гэмтээсэн үү гэдэг нь тодорхойгүй. Үнэхээр галдан шатаасан бол яагаад галын шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжгүй байгаа нь ойлгомжгүй. Хэргийн газраас эд мөрийн баримт олдоогүй. Хавтаст хэргийн 10 болон 14 дүгээр талд шүүгдэгчийн овог, нэр болон биеийн байцаалт зөрүүтэй бичигдсэн байдаг. Ял нэмж сонсгосон тогтоол хавтаст хэрэгт байдаггүй. Зөвхөн З.Батсайханы төрсөн эцэг, эх, дүү, хажуу айлын хүн Батсайхан нарын 4 хүнээс гэрчийн мэдүүлэг аваад хэргийг шийдвэрлэх гээд байна. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолын хэвээр үлдээж, дээрх шалгавал зохих асуудлуудыг магадлалд дурдан шийдвэрлэж өгнө үү” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

З.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн тогтоолын дүгнэлт нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд З.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

Иймд шүүх яллах дүгнэлтийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтад тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, З.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, З.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл З.Батсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

                                      ШҮҮГЧИД                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ