Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 504

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Л.Гантөгсөд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Мөнгөнсүх,

Хохирогч Ш.Мөнхжаргалын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

Ялтан Л.Гантөгсийн өмгөөлөгч Б.Болортуяа, К.Бауиржан,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Гантөгс, түүний өмгөөлөгч Б.Болортуяа, К.Бауиржан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Гантөгсөд холбогдох эрүүгийн 201525021430 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Батмөнх овогт Лянхцэцэгийн Гантөгс, 1971 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 6-126 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЧК71081473/,   

          Л.Гантөгс нь 2015 оны 8 дугаар сарын 5-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Лондон стреет 28” караокены үүдэнд иргэн Ш.Мөнхжаргалтай хувийн таарамжгүй харилцаа буюу өр авлагын улмаас маргалдаж, улмаар түүнийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй санаатай алахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Л.Гантөгсөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Л.Гантөгсийг хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гантөгсийг 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гантөгсөд оногдуулсан 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Л.Гантөгсийн цагдан хоригдсон 137 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7 дахь хэсэгт зааснаар КТГ-н 3 ширхэг зураг, 1 ширхэг бичлэг бүхий Сиди-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг малгай, 1 ширхэг фудволк зэргийг хохирогч Ш.Мөнхжаргалд буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497, 505 дугаар зүйлийн 505.1 зааснаар шүүгдэгч Л.Гантөгсөөс 225.930 төгрөгийг гаргуулж хохирогч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2-57 тоотод оршин суух хаягтай ГЮ80081375 регистрийн дугаартай Боржигон овогт Ширчиндоржийн Мөнхжаргалд олгож, хохирогч Ш.Мөнхжаргал энэ гэмт хэргийн улмаас бие махбоддоо учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Л.Гантөгсөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Л.Гантөгс гаргасан давж заалдах гомдолдоо: “…Шүүхээс намайг …6 жил 6 сарын хорих ял оноосныг чанга дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс намайг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, 1. Надад хохирогч Мөнхжаргалыг алах зорилго бүү хэл санаа ч байгаагүй. Тухайн өдөр Мөнхжаргал өөрөө намайг дуудсан. Би машиныг минь өгөх нь гэж горьдож очсон. Гэтэл над руу элдвээр харааж доромжилсон. Мөнхжаргал нь миний машиныг Банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлж өгсөн нь үнэн. Бусдад зээлдүүлсэн гэх мөнгөнүүд нь бүгд худлаа. Түүний зохион байгуулсан мөрийтэй тоглоомын хасаа л зээлүүлж байсан. Би өрөө өгөхийн тулд тоглосоор өрөнд орсон. Ямар нэг гэрээ хийж байгаагүй.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хашаа байшинг маань битүүмжилчихсэн байсан болохоор 10 дугаар хороололд найзындаа хэд хоног түр амьдрахаар очсон байсан юм. Найз Батмөнхийн гэрт заазуураас өөр хоол хийх зүйл байгаагүй. Найз Батмөнх надад дэлгүүрээс хутга аваарай гэж захисан байсан учир би тэр өдөр дэлгүүрээс хоол хийх зорилгоор хутга худалдаж авсан ба дэлгүүрээс гараад явж байтал хохирогч Мөнхжаргал гар утас руу маань залгаж дуудсан нь үнэн.

3. Би хохирогч Мөнхжаргалд хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Хүнд гэмтэл учруулснаа зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэг 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр болсон байхад хохирогч Мөнхжаргал 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэмтлийн эмнэлэгт очиж тусламж авсан байдаг. Гэтэл караокедоо хүнд шилээр цохиулсан гэдгийг гэмтлийн эмнэлэгт анх хүлээн авч тусламж үзүүлсэн эмч гэрчилдэг. Мөн Мөнхжаргалын өөрийнх нь караоке камертай, тэр өдрийнх нь камерын бичлэгийг шалгаж, шилээр цохиулсан эсэхийг шалгаагүй. Энэ хэргийг шалгаж байсан байцаагч 6-н сарын хугацаа алдаж, гэмтлийн эмнэлэгт анх тусламж үзүүлсэн эмчээс мэдүүлэг авсанд гомдолтой байна. Намайг уг хэргийг согтуугаар үйлдсэн гэж Мөнхжаргалын худал мэдүүлгээр шийдвэрлэсэн. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

Ялтан Л.Гантөгсийн өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан тогтоол нь хууль ёсны ба хуулийн дагуу байх шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих зүйлс бүрэн нотлогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг зөрчсөн. Хохирогчид учирсан хүнд гэмтлийг хэн учруулсан бэ гэдгийг хангалттай нотлох баримтаар тогтоож чадаагүй гэж үзэж байна. Ийм байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Шүүхээс Л.Гантөгсийн үйлдлийн сэдэлтийг тогтоогдсон гэж үздэг. Хүн алах субъектив санаа зорилгоор дэлгүүрээс хутга худалдан авсан болох нь тогтоогдоогүй. Ийм хутгаар ингэж гэмт хэрэг үйлдсэн гэдгийг гарцаагүй нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Наад зах нь СД бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хавтаст хэрэгт хавсаргах тухай тогтоол хавтаст хэрэгт байхгүй. Энэ баримтыг нөхөж хийсэн гэж үздэг. Учир нь хавтаст хэрэгт авагдсан бүх баримтыг гар утсан дээрээ зургийг дарж ажил дээрээ үзэхэд СД бичлэгийг хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргах тогтоол үйлдсэн байсан. Анх хэргийн материалтай танилцахад хавтаст хэргийн 22 дугаар талд СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байсан. Энэ тэмдэглэлд хутга гэсэн үг үсэг байгаагүй бөгөөд цагаан өнгийн зүйл гэж тэмдэглэгдсэн байдаг. Дээрх нөхцөл байдлыг эрхэм шүүгчид харгалзан үзэхийг хүсье. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг тогтоож чадаагүй төдийгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал эргэлзээтэй байдаг. Л.Гантөгсийн савчсан үйлдлийн улмаас хохирогч тухайн гэмтлийг авсан байх боломжгүй гэж үздэг. Хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 11457 дугаартай шинжээчийн дүгнэлт дээрх зүсэлтийн шархны гүний хэмжээнээс тодорхой харагддаг. Яагаад вэ гэвэл зовхины дунд хэсэгт хагас ташуу 3.5х0.1 см, зүүн бугалганы гадна хэсэгт 1х0.2 см зүсэгдсэн шархнаас харахад хохирогчид хүнд гэмтэл учрах боломжгүй юм. Анагаахын үүднээс хүний арьс 3 давхаргатай, арьсны зузаан 0.5-5 мм байх ёстой. Гэтэл хохирогчид учирсан 0.1-0.2 см гүн шархны хэмжээнээс харахад арьсны өнгөн хэсгийг зүссэн. Энэхүү хөнгөн гэмтлийг шүүгдэгч болоод өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрдөг. Л.Гантөгсийн савчсан гэх мэдүүлэг нь Гэрч Ган-Эрдэнийг 8 дугаар сарын 6-ны өдөр асуусан тэмдэглэл /хх-7/ “ширвээд” гэдэг үг тодорхой байдаг. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн тодорхойлолт 1 дүгээр хавтаст хэргийн 207 дугаар талд авагдсан. Хохирогч Ш.Мөнхжаргал нь 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд яаралтай тусламж аваагүй болох нь тогтоогддог. Энэ хэрэгт 2015 оны 8 дугаар сарын 5-наас 6-ны өдрийн хооронд болсон. Гэхдээ тусламж аваагүй болох нь дээрх тодорхойлолтоор, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хүлээн авахын эмч О.Цэрэндоржийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр /хх-146/ өгсөн мэдүүлэгт “Зүүн нүдэнд гэмтэл байсан уу” гэсэн асуултад “караокед байхад нэг нөхөр орж ирээд шилээр цохисон” гэж мэдүүлсэн. Улсын яллагч нь гэрч О.Цэрэндоржийн “тухайн үед болсон явдлыг сайн санахгүй байна” гэх мэдүүлэгт ач холбогдол өгдөг. Гэтэл О.Цэрэндорж “Мөнхжаргал нь зүүн хөмсөг язарсан шархтай” гэдгийг маш тодорхой хэлдэг. Энэ нь санахгүй байгаа ч юм уу асуудал огт биш юм. О.Цэрэндоржийн “зүүн бугалганы зүсэгдсэн гүн шархтай” гэх мэдүүлэг бугалган дээрх 8х0.2 см-ийн гүний хэмжээтэй тохирч байгаа юм. Эмч 0.2 см хэмжээтэй шархыг гүн гэж үзэж байсан. Үүгээрээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна. 2 шинжээчийн дүгнэлт, 2 гэрчийн дүгнэлт зэргийг үнэлдэг. 2 гэрчийн мэдүүлэгт шууд заасан зүйл огт байхгүй. 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1085 тоот шинжээчийн дүгнэлтэд ердөө 3 гэмтэл дурдагддаг. Гэтэл 2015 оны 12 дүгээр сарын 18-ны өдрийн 1385 дугаар шинжээчийн дүгнэлтээр өмнөх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэсэн атлаа 5-6 гэмтэл учирсныг дүгнэсэн байдаг. Өмнөхийг үндэслэлтэй гэсэн хэрнээ яагаад 2 зүйлийг нэмж дүгнэсэн бэ. Эхний дүгнэлтээр сэтэрсэн хугарал, дараагийн шинжээчийн дүгнэлтээр дайрсан хугарал гэж зөрүүтэй бичигдсэн нь эргэлзээ төрүүлж байна. Өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шийтгэх тогтоолын 6 дугаар талд шүүгдэгч Л.Гантөгс нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэж дүгнэсэн. Согтуурлын зэргийг тогтоогоогүй байхад согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх хийсвэр дүгнэлт хийсэн. 2 дугаар хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийн 42 дугаар хуудсанд “Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу” гэсэн асуултад “анзаараагүй” гэж хариулсан байдаг. Уг хэргийн хохирогч Ш.Мөнхжаргал “Өмгөөлөгч нь миний хажууд чи архи уусан байсан уу гэхэд уусан байсан гэж хариулсан” гэж мэдүүлсэн. Тухайн үед Л.Гантөгсийг архи уусан байсан гэдгийг шууд нотлох баримт байдаггүй. Иймд согтууруулах ундаа  уусан байсан гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт согтуурлын зэргийг зайлшгүй тогтоосон байх ёстой гэсэн Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар байдаг. Хохирогчид учирсан гэм хорын хохирлыг бүрэн гүйцэд барагдуулаагүй гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад вэ гэвэл хавтаст хэргийн 120-125 дугаар талд хохирлыг баримтууд авагдсан бөгөөд “Гранд мед” эмнэлгээс хохирогч нийт хэдэн төгрөг эмчилгээнд төлсөн талаар өмгөөлөгч хүсэлт гаргаж лавлагаа авахад 39.739 төгрөгийн төлсөн байдаг. Үүн дээр “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт MRI зураг авахуулсан төлбөр 249.000 төгрөгийг нэмээд нийт 1.900.000 орчим төгрөгийн хохирол учирсан. 2 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийн 41 дүгээр хуудсанд шүүгч Ш.Мөнхжаргалаас “хохирол төлөгдсөн үү” гэж асуухад “төлөгсдөн” гэж хариулсан нь тэмдэглэгдсэн. Мөн шүүгчээс “хохирол нэхэмжлэх юм уу” гэж асуухад шүүгчийн амыг дагуулж “нэхэмжилнэ” гэж хэлснээр шүүх хохирол гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Хохирогч Ш.Мөнхжаргалын гэх фото зургууд хавтаст хэргийн 178 дугаар талд авагдсан. Гэсэн хэдий ч авахуулсан зураг нь хэдийд авахуулсан нь тодорхойгүй байхад хавтаст хэрэгт хавсаргасан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Л.Гантөгс нь алах зорилготой байсан бол очингуутаа үйлдлээ хийх ёстой байсан. Л.Гантөгс түрүүлж хөдлөөгүй байхад хохирогч түүний халаас руу гараа явуулж байгаа нь СД бичлэгээс харагддаг. Хохирогчийн мэдүүлэг шийтгэх тогтоолын 5 дугаар талд авагдсан. Хохирогч түрүүлж үйлдэл хийгээгүй бол Л.Гантөгс ийм үйлдэл хийх байсан эсэх нь тодорхойгүй. Хохирогч тухайн гэмт хэрэгт өдөөгчийн үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн “Хөгшин глюкоз минь, чи гарын ая даахгүй ш дээ. Халаасанд чинь юу байгаа юм бэ” гэхэд нь “хутга байгаа” гэж хэлсэн байдаг. Хохирогч “чи намайг алж чадахгүй бол би чамайг алчихъя” гэж хэлээд халаас руу нь гараа явуулсан байдаг. Хэрэг гарахад хохирогчийн зүй бус харьцааны улмаас Л.Гантөгс тухайн үйлдлийг хийсэн учраас гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж үгүйсгэгдэж байна. Энэ талаар 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 44 дүгээр хуудсанд авагдсан байдаг. Шүүгч Дуламсүрэн “бичлэгээс харахад хохирогч халаас руу чинь гараа явуулсан байна. Юу гэж хэлсэн бэ” гэхэд шүүгдэгч “халаасанд чинь юу байгаа юм бэ гэхэд хутга байгаа гэж хэлсэн. Хутгалах гэж байгаа юм уу. Чи чадахгүй бол би хутгалчихъя гэсэн” гэснээс үзэхэд шүүгдэгч хүн алах зорилгогүй байсан нь харагддаг. Хохирогчийг алах зорилгогүйгээр дэлгүүрээс хутгыг авсан. Хутгыг ахуйн зорилгоор худалдаж авсан эсэхийг Л.Гантөгсийн амьдарч байсан айлын эзэн болох ганц бие хүнээс тодруулж болох байсан. Ингэсэн бол хохирогчийг алах санаа зорилгогүй байсан гэдэг нь тогтоогдох байсан. Түүнчлэн мөн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч “ямар зорилгоор очсон бэ” гэж асуухад шүүгдэгч “Ш.Мөнхжаргал над руу яриад завтай бол орой хүрээд ирээч гэж дуудсан. Би машин өгөх гэж байна гэж ойлгосон” гэж хариулсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Ш.Мөнхжаргалын тайлбарт “Цүки хаус”-ын гадаа өөрийн найз Ган-Эрдэнэтэй ирээд Төгсөө ахыг хүлээгээд зогсож байсан” гэсэн. Хохирогчийн мэдүүлэгт ач холбогдол өгч байгаа юм бол үүнд бас ач холбогдол өгөх ёстой. Шүүгдэгч Л.Гантөгсийг хохирогч Ш.Мөнхжаргал утсаар дуудсан гэдэг нь үүгээр нотлогдож байна. Дэлгүүрээс хутга авах болсон шалтгаан нь Батмөнх гэж найз нь хутга авчихаарай гэж захисан учраас дэлгүүрээс хутга авсан байдаг. Энэ үед Ш.Мөнхжаргал утсаар ярьсан. Шүүгдэгч дэлгүүрээс авсан хутгаа хайрцагтай нь халаасандаа хийгээд шууд очиход хохирогч халаас руу нь гараа хийх гэж оролдож, хэл амаар доромжилсон. Хутгаа бариад зогсож байхад нь хүртэл тэдний хоорондуур үе тэнгийн 2 хүн ороод явж байгаа нь бичлэгээс харагддаг. Үүгээр хүн алах санаа, зорилго байхгүй байжээ гэдэг нь нотлогддог. Улсын яллагч шүүх хуралдаанд “яах гэж уулзсан юм бэ” гэж асуухад “машин авах гэж уулзсан” гэж хариулсан. Эдгээрээс харахад гэмт хэргийн сэдэлт зорилго тодорхойгүй бөгөөд хоорондын асуудлаа л тодорхой болгох гэж байсан нь тодорхой байдаг. Уг гэмт хэргийн сэдэлт, зорилго тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Гэмт хэргийн сэдэлт зорилго мөрдөн байцаалтын шатанд хангалттай тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Аливаа гэмт хэргийн бүрэлдэхүүн тухайн гэмт хэрэгт хамааралтай объектив, субъектив бүх шинжээр тодорхойлогддог. 1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дүгээр талд авагдсан хохирогч Ш.Мөнхжаргалын мэдүүлэгт “би өөрийнхөө машин руу зугтааж байтал Төгсөө ах миний хойноос хөөж байгаад явчихсан” гэж маш тодорхой мэдүүлсэн. Л.Гантөгсөд бусдыг алах санаа зорилго байгаагүй гэдгийг харуулж байгаа төдийгүй санаатай алах зорилго байсан бол хөөж байгаад гүйцээд үйлдлээ гүйцээх боломж байхад буцаж явсан нь үйлдлээ гүйцэлдүүлэхээс сайн дураараа татгалзсан болохыг нь харуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33 дугаар зүйлийг давж заалдах шатны шүүх хэрэглэх нь шударга ёсонд нийцэх байх гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураар татгалзахаас өмнө хийсэн үйлдэл нь бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан бол зөвхөн тэр гэмт хэрэгт нь хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хэлж байгаа зүйл нь юу вэ гэхээр 2015 оны 8 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө уг гэмт хэрэг гарсан хэдий боловч 6-ны өглөө тухайн гэмтлийг авсан гэж үзэж болохгүй. Хохирогч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэл эмнэлгийн тусламж аваагүй. Гэмтэлтэй холбоотой асуудал хуучнаар Сайд нарын 2 дугаар эмнэлэгт очдог. Тэнд очиж албан тоот авахад огт эмнэлгийн тусламж аваагүй гэсэн тодорхойлолт хавтаст хэргийн 207 дугаар талд авагдсан. Үүнийг мөн харгалзан үзэх нь зүйтэй. Хохирогч өөрийн караокед бусдад шилээр цохиулсны улмаас нүдний ухархайн гэмтэл учирсан байхыг үгүйсгэхгүй. Караоке нь дотроо камертай хэдий ч бичлэгийг нь бэхжүүлж аваагүй. Иймэрхүү эргэлзээ бүхий байдлуудыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Л.Гантөгсийн хувьд хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Ялтан Л.Гантөгсийн өмгөөлөгч К.Бауиржан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16, 80 дугаар зүйлүүдэд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих зүйлсийг бүрэн гүйцэд нотлоогүй байна, хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй байна гэж үзэж байна. Гол үндэслэл нь Л.Гантөгс гэж хүн хэрэгт сэжигтнээр татагдсан цагаасаа эхлээд анхан шатны шүүх хуралдааныг хүртэлх бүх хугацаанд хохирогчийн дух, хөмсөг хэсэгт нь хутгаар зүсээгүй гэдэг талаараа удаа дараа мэдүүлж байсан. Түүний энэ мэдүүлэг үндэслэлтэй эсэхийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлага байгаа гэж үзэж байна. Эрүүгийн хэрэгт гэрчээр асуугдсан Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмч О.Цэрэндорж Ш.Мөнхжаргалд 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр эмнэлгийн тусламж үзүүлсэн талаараа мэдүүлсэн байдаг.Тэрээр мэдүүлэгтээ “хөмсөг нь язарсан шархтай, зүүн бугалга зүсэгдсэн шархтай ирсэн. Караокед байж байхад нэг хүн орж ирээд шилээр цохисон“ гэж мэдүүлсэн. Мөн Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг зэрэгт хохирогчийн толгойн тус газар хутгаар зүсэж байгаа байдал харагддаггүй. 2015 оны 8 дугаар сарын 5-наас 11-ний хооронд Мөнхжаргал үзүүлээгүй болохыг тодорхойлсон Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан. Хохирогчид анх эмнэлгийн тусламж үзүүлсэн гэх их эмч О.Цэрэндорж “эхнэрийнхээ хамт ирсэн” гэж мэдүүлсэн. Хохирогчийн эхнэр Сэргэлэн нь “2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хөдөө байсан. 8 дугаар сарын 13-ны өдөр хөдөөнөөс ирсэн” гэж мэдүүлсэн. Энэ мэтчилэн хохирогчийн биед анхны тусламж үзүүлсэн асуудал нь эргэлзээтэй байдлыг буй болгодог. Шүүгдэгч нь хохирогчийн бугалга, мөр хэсэгт нь хутгалснаа хүлээн зөвшөөрнө. Толгой хэсэгт нь гэмтэл учруулаагүй гэдэг. Гэрч Ган-Эрдэнэ мэдүүлэгтээ “хохирогчийн толгой хэсэг рүү нэг удаа хутгаар ширвэсэн” гэсэн. Ширвэх гэдэг нь та бүхний мэдэж байгаачлан хутгаар зоох гэдгээс өөр ойлголт юм. Хохирогчийн фото зураг, өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад хохирогчийн өмсөж явсан малгайны дээрээс зоосон байдалтай урагдал байгаа нь харагддаг. Ширвэх, зоох хоёр нь харилцан өөр ойлголтууд юм. Ган-Эрдэнэ нь болсон үйл явдлын талаар зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Ширвэчихээд яваад өгсөн гэдэг бол дараа нь хэд хэдэн удаа хутгаар зүссэн гэж хэлсэн. Тухайн үед архи, согтууруулах ундаа уусан байсан гэж мэдүүлдэг. Түүний өгсөн мэдүүлэг үндэслэл бүхий байж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байдаг. Бидний үзэж байгаагаар хохирогч уг гэмтлийг өөр байдлаар авсан байх боломжтой. Тухайн үед хохирогч өөрөө согтуу байсан. Бусадтай зодолдсон, унасан, шилээр толгой руугаа цохиулсан байх боломжтой гэдгийг тайлбарладаг. Энэ байдал нь гэрч О.Цэрэндоржийн мэдүүлгээр тодорхой байдлаар нотлогдоно. Шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж шүүх дүгнэсэн. Гэтэл Л.Гантөгсийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг ямар нэг байдлаар нотолсон зүйл хавтаст хэрэгт байхгүй. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч үзнэ үү. Л.Гантөгсийг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшихгүй байна гэж шүүх шийтгэх тогтоолдоо дүгнэсэн. Гэтэл Л.Гантөгс үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирлыг барагдуулсан. Шүүгдэгчийн хувьд хохирогчид учирсан 3 гэмтлийн нэгийг нь зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлснийг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшихгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Энэ хэргийн сэдэлт зорилгыг тогтоогоогүй гэж үзэж байна. Амь насанд нь хүрье гэж бодсон бол Л.Гантөгсийн хувьд хаана нь хутгалбал аминд нь хүрэх боломжтой вэ гэдгийг насанд хүрсэн хүний хувьд мэдэх боломжтой. Айлгая, ичээе гэдэг зорилготой байсан юм болов уу өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Удаа дараа дарамтлаад байсан учраас айлгая гэж бодсон юм гэж хэлсэн. Бусдыг алах зорилготой байсан гэдэгт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй” гэв.

Хохирогч Ш.Мөнхжаргалын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийг Л.Гантөгс нь санаатай алахыг завдсан гэж үзэж байна. Энэ нь хэд хэдэн нөхцөл байдлаар тогтоогдож байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн биед олон тооны шарх учруулж буюу 3 удаагийн үйлдлээр хутгалсан. “Чамайг алнаа” гэж хэлээд дайрсан байдаг. Гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй юм бол 10 дугаар хороололд байх гэрийнхээ хажуугийн дэлгүүрээс худалдаж авсан хутгаа гэртээ үлдээх боломж байсан. Худалдаж авсан хутгаа халаасандаа хийж авчраад хотын төвд байрлах “Цүки хаус”-ын гадна ирснээс харах хүнийг санаатай алах субъектив санаа зорилготой байсныг нь харуулж байна. Хутга авч тэр хол газар очсоноос санаа зорилго нь харагдаж байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийг 3 удаа хутгалчихаад “алнаа” гээд хойноос нь хөөгөөд гүйж байгаа үйлдлийг юу гэж ойлгох вэ. Алж чадаагүй учраас санаагаа гүйцэлдүүлэхийн тулд хойноос нь гүйж байгаа үйлдэл гэж ойлгохоос өөр арга байхгүй. Гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгчид хүнд гэмтэл учирсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан. Хохирогч эрүүл мэндийн хувьд татаж унадаг болсон бөгөөд шатаар явж байгаад унаж нүүрэндээ гэмтэл авсан асуудал гарсан. Мөн өргөдөг гантелаа даахгүй унагаасан. Эдгээр нь хохирогчид хүнд хор уршиг учирсан болохыг харуулж байгаа юм. Гэмт хэрэг гарахыг харсан гэрч шүүгдэгчийг зүүн талаасаа хутга аваад хутгалсан талаар мэдүүлдэг. Камерын бичлэгт хутгалж байгаа нь харагддаг. Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан малгай, футболк зэрэг нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр зүсэгдсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Миний үйлчлүүлэгч ажил дээрээ, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байж байхад нь дуудаж гаргаад хутгалсан. Миний үйлчлүүлэгч хохирогчид ойртож очсон тохиолдол байдаг. “Энэ чинь юу юм бэ” гэж хэлсэн болохоос “чи намайг алахгүй бол би чамайг ална” гэж хэлээгүй гэдгийг хууль санаж өгсөн мэдүүлэгтээ хэлсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ч энэ талаар тодорхой мэдүүлсэн. Л.Гантөгс өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшээгүй бөгөөд өөрийн гэм буруутай гэдэгт маргаж байгаа. Цагдаад гомдол гаргахдаа өөрийнхөө хутгалагдсан газруудыг зааж өгсөн. Энэ нь хангалттай юм. Шинжээч эмч гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Мөнхжаргалын нүүрэн тус газар учирсан гэмтэл унах үед үүсэх боломжгүй” гэж хэлсэн. Эхний удаад шинжээчийн дүгнэлт гарахад КТГ-ийн зураг гараагүй байсан бөгөөд дараагийн дүгнэлт гаргах үед КТГ-ийн зураг гарсан байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Л.Гантөгсийн үйлдсэн хэрэгт тохирсон ял шийтгэлийг тохируулсан. Мөн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтайгаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “хэргийн сэдэл, зорилго тогтоогдоогүй” гэж байгаад тайлбар хийхэд шүүгдэгч 10 дугаар хороололд байх гэрийнхээ гадна талын дэлгүүрээс хутга худалдаж аваад гэртээ үлдээлгүй авч ирсэн байдаг. Хохирогч “Халаасанд нь юм гялалзаад байхаар нь наадах чинь юу юм бэ гэхэд хутга гэж хариулсан. Наадахаараа яах гэж байгаа юм бэ гэхэд хутга гаргаж ирээд хутгалж эхэлсэн” гэж мэдүүлсэн. Үүнийг харсан гэрч Ган-Эрдэнэ “хутга гаргаж ирээд чамайг алахаар ирлээ гээд дүрээд дайрсан. Би салгах гээд хүч хүрээгүй” гэж мэдүүлсэн. Бусдыг алах санаа зорилго байгаагүй, гэмт хэрэг үйлдэхээсээ сайн дураар татгалзсан зэрэг зүйлс ярьж байна. Уг болсон үйл явдал камерын бичлэгт маш тодорхой харагддаг. Бичлэгээс харахад хохирогч шүүгдэгчийн халаас руу заахад шүүгдэгч халааснаасаа хутга гаргаж ирээд хутгалсан. Хохирогчийг “Цүки хаус”-аас “Меркури” захын баруун талын саарал байшингийн зүг зугтахад шүүгдэгч араас нь хөөж байгаад гүйцэхээ байгаад эргэж баруун тийш яван өөрийн сууж ирсэн таксиндаа суусан. Үүгээр Л.Гантөгсийн бусдыг санаатай алах санаа зорилготой байсан нь тогтоогдоно. Шүүгдэгчийн өмгөөлөгч “эд мөрийн баримтаар тооцож, хавтаст хэрэгт хавсаргах” тухай тогтоолыг нөхөж хийсэн гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч эд мөрийн баримтаар тооцох тогтоол гарсанд хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Хохирогчийн зүүн мөрөнд 3.5х1, бугалганд 8х2.2 см-ийн хэмжээтэй, хөмсгөнд зүсэгдсэн шарх тус тус үүссэн боловч хөмсөгний шарх нь гавал ясанд хүрсэн гүн шарх биш юм гэж байна. Нэгэнт зүсэгдсэн шархыг оёсны дараа шинжээч эмч дүгнэлт гаргахдаа оёдлыг задлаад гүнийг хэмжинэ гэж байхгүй. Иймд уг гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Эмч О.Цэрэндорж “тухайн үед караокедаа байж байгаад хүнд шилээр цохиулсан гэж хэлсэн байх. Би сайн санахгүй байна” гэж мэдүүлсэн. Тухайн үед хохирогчийн хөмсгөнд гавал ясанд нэвтэрсэн шарх байсан гэдгийг эмч нотолсон байдаг. Хохирогч “Хэрэг шалгагдаад 6 сар болж байхад нэг ч удаа уучлал гуйж уулзаагүй, хохирол төлөөгүй” гэж мэдүүлдэг. Шүүх эмнэлгийн 2 дүгнэлт хоорондоо зөрүүтэй байна гэж байна. Гэтэл улсын яллагчийн зүгээс зөрүү байна гэж харахгүй байгаа. КТГ-ийн зургаас харахад гавал ясанд нэвтэрсэн шарх мөн байна гэдэг байдлаар эхний 1080 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан хүсэлтийн дагуу 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжилгээ хийлгэхэд өмнөх хүнд гэмтэл гэдгийг баталсан. Болортуяа өмгөөлөгч “хөнгөн, хүнд 2 өөр төрлийн гэмтэл гарсан тул дахин шинжилгээ хийлгэж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт хийлгэхэд өмнөх 2 дүгнэлтийг баталж, хохирогчид хүнд гэмтэл учирсныг тогтоосон. Тухайн үед шүүгдэгч эрүүл байсан, согтуу байсан гэдэг асуудал яригдаж байна. Тухайн үед Л.Гантөгс ахаас архи үнэртэж байсан гэж гэрч мэдүүлдэг. Л.Гантөгс ч гэсэн нэг шил пиво уусан байсан гэж хэлсэн. Тухайн үед согтуурлын зэргийг яагаад шалгаагүй юм бэ гэдэг асуудлын тухайд Л.Гантөгс нь гэмт хэрэг үйлдсэнээсээ хойш тодорхой хугацааны дараа олдсон учраас согтуурлын зэргийг шалгах боломж байгаагүй. “Хөгшин төгцөг минь чи намайг алж чадахгүй бол би чамайг энэ хутгаар ална гэж хэлээд гараа халаас руу явуулсан” гэдгийг Л.Гантөгс л хэлдэг бөгөөд үүнийг хохирогч, гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгүүдээр үгүйсгэдэг. К.Бауиржан өмгөөлөгч “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж юуг шалгуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Иймд гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Л.Гантөгс нь 2015 оны 8 дугаар сарын 5-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Лондон стреет 28” караокены үүдэнд иргэн Ш.Мөнхжаргалтай хувийн таарамжгүй харилцаа буюу өр авлагын улмаас маргалдаж, улмаар түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Мөнхжаргалын “...Миний бие хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд Гантөгс гэх хүнийг бол сайн танихгүй. 2013 оны 11 сарын үед надаас бэлнээр 5.000.000 төгрөг зээлж авсан. Бид 2 хоорондоо ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд надад тухайн үед унаж байсан машинаа өгсөн. Би нэрийг нь шилжүүлж аваагүй. Тэгээд мөнгөө өгөхгүй удаад байсан ба надад хэлэлгүйгээр машинаа унаад явдаг зээлэнд тавьчихсан байсан. ...2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Төгсөө ах өөрөө утсаар яриад орой 21 цагт “Лондон 28” караокены гадаа уулзъя гэсэн юм. Тэгээд би товлосон цагтаа ирээд өөрийн танил дүү Ган-Эрдэнэтэй хамт юм яриад Төгсөө ахыг хүлээгээд зогсож байтал гэнэт Төгсөө ах гарч ирээд “Сонин юу байна даа, хоёулаа хэзээ наад машиныг чинь зарах бэ” гэхээр нь би “энэ машин чинь манай эхнэрийн нэр дээр байгаа, эхнэр хөдөө байгаа хэд хоногоос ирнэ, тэгэхээр нь та машинаа өөрөө зараад миний мөнгийг өгөөд, илүү гарсан мөнгийг нь та өөрөө ав” гэж хэлсэн чинь “одоо авчиж болохгүй юм уу” гэхээр нь би “одоо авах боломжгүй, эхнэр хөдөө байгаа” гээд ярилцаад зогсож байтал түүний халаасанд нэг зүйл гялалзсан. Тэгэхээр нь би “наадах чинь юу юм бэ” гээд үзэх гэтэл халааснаасаа нэг том хутга гаргаж ирээд “үүгээр чамайг алах гэж ирлээ” гээд миний зүүн хөмсөг, зүүн мөр хэсэгт хутгаараа хэд хэдэн удаа хатгасан. Тэгэхээр нь би өөрийнхөө машин руу зугтаад гүйсэн чинь Төгсөө ах миний араас хөөгөөд гүйж байгаад замаасаа машинд суугаад явчихсан байсан. ...би толгойныхоо зургийг авахуулсан чинь хутга гавал яс руу нэвтэрсэн байсан... гомдолтой байна...” /хх-29-31/,

Гэрч О.Сэргэлэнгийн “...2015 оны 8 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Мөнхжаргалаас яасан талаар асуутал манай нөхөр Мөнхжаргалыг ажлынхаа газрын гадаа зогсож байхад тэр мөнгө зээлсэн нөхөр ирээд хутгалсан гэж надад хэлсэн...” /хх-32/,

Гэрч Б.Билгүүний “…2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр манай дэлгүүрээс 014088 гэсэн кодтой хутга 21 цагийн үед зарагдсан байна…” /хх-34/,

Гэрч Г.Ган-Эрдэнийн “...Би 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 23 цагийн үед “Лондон-28” караокегоор үйлчлүүлэх гээд очиход үүдэнд тэр кароакены эзэн Мөнхжаргал руу 40 гаруй насны эрэгтэй дайрч давшилсан, хэрэлдсэн байдалтай зогсож байсан. Тэгээд би кароаке руу орчихоод 3-4 минутын дараа Мөнхжаргал ахаас юм асуух гээд гарч ирээд Мөнхжаргал ахтай ярилцаад зогсож байхад нөгөө эрэгтэй хүн дөхөж ирээд “алаад хаячихая, ална” гээд л зүүн суганаасаа сонингоор боочихсон нэлээд урт хутга гаргаж ирээд Мөнхжаргал ахын бие рүү хатгаад л явчихсан. Тэгэхээр нь би зугтаад караоке руу орсон, Мөнхжаргал ах бас зугтаад явсан. Тэгсэн чинь тэр эрэгтэй хүн хутгаа бариад араас нь хөөгөөд явсан. Тэгээд би Мөнхжаргал ахын араас гараад харахад нүүр ам нь битүү цус болчихсон байсан…” /хх-35/,

Л.Гантөгсийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би нийтдээ Мөнхжаргалд 7.000.000 төгрөг өгөх ёстой болсон. …Тэгтэл Мөнхжаргал миний өмдний зүүн халаас руу гараа хийгээд халаасанд байсан хутгыг авах гэхээр нь болиулах гээд халаасанд байсан хутгаа гаргаж ирээд айлгах санаатай мөр хэсэг рүү нь нэг удаа хатгасан чинь Мөнхжаргал гүйгээд явчихсан. Би араас нь яасныг нь мэдэх гэж гүйгээд очсон чинь Мөнхжаргал алга болсон байсан. ...Би Мөнхжаргалтай уулзахаар явж байхдаа 10 дугаар хороололд байх дэлгүүрээс тэр хутгыг 3.700 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр хутгаа Мөнхжаргалыг хутгалсны дараа 10 дугаар хороололд найзынхаа гэрт очих замдаа хаясан…” /хх-82-87/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 11457 дугаар шинжээчийн дүгнэлтэд “…1. Хохирогч Мөнхжаргалын биед зовхи, мөр, бугалганд зүсэгдсэн шарх, нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой…” /хх-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1085 дугаар 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд “…2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн шинжээч эмч Н.Туяагийн гаргасан 11457 дугаартай Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Тухайн дүгнэлтийг гаргах үед толгойн КТГ-н шинжилгээ хийгдээгүй байсан байна. Мөнхжаргалын биед 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн толгойн “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн хийсэн КТГ-н шинжилгээгээр зүүн нүдний ухархайн дотор дээд хананаас зүүн духны хөндий рүү чиглэсэн сэлтэрсэн хугарал, хугарлын харалдаа зүүн духны хэсэгт тархины эдэд хийн хуралт, бүрхүүл доорх цус хуралт гэмтэл оношлогдсон байх ба энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх зүүн нүдний ухархайн дотор дээд хананаас харалдаа зүүн духны хөндий рүү чиглэсэн сэлтэрсэн хугарал, хугарлын харалдаа зүүн духны хэсэгт тархины эдэд хийн хуралт, хатуу бүрхүүл доорх цус хуралт гэмтэл нь 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Зүүн нүдний дээд зовхи, хөмсөгний хэсэгт учирсан шарх гэмтэл нь гавлын хөндийн нэвтэрсэн шарх үүсгэсэн байна. 6. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой…” /хх-43-44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1395 дугаар 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд: “…1. Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан 1085 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Мөнхжаргалын биед зүүн талын духны хөндий, зүүн талын самалдгийн хөндийн дээд хана, зүүн нүдний ухархайн дотор дээд ханыг дайрсан хугарал /нэвтэрсэн гэмтэл/, хугарлын харалдаа тархины эд дэх цус хуралт, няцрал, дух хэсгийн тархины эдэд хий хуралт, зүүн, дух, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи, зүүн бугалга, мөрөнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн хатгах, зүсэх үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2. Дээрх зүүн талын духны хөндий, зүүн талын самалдгийн хөндийн дээд хана, зүүн нүдний ухархайн дотор дээд ханыг дайрсан хугарал /нэвтэрсэн гэмтэл/, хугарлын харалдаа тархины эд дэх цус хуралт, няцрал, дух хэсгийн тархины эдэд хий хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” /хх-45-48/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 4423 дугаар шинжээчийн дүгнэлтэд “… 1. Шинжилгээнд саравчтай хар малгай, богино ханцуйтай хар цамцанд зүсэгдсэн уранхайнууд гарсан байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн: -Саравчтай хар малгайнд гарсан 31 мм уранхай хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр шинээр гарсан зүсэгдсэн уранхай байна.

-Хар цамцанд гарсан 60 мм, 6 мм, 16 мм хэмжээтэй уранхайнууд хурц иртэй зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр шинээр гарсан зүсэгдсэн уранхай байна. 3. Дээрх уранхайнууд нь хутгаар үүссэн байж болно…” /хх-57-58/ гэх дүгнэлтүүд, эд зүйлд үзлэг хийж хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-11/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-21/, “Си Ди”-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-22/, хохирогч Ш.Мөнхжаргалын биед учирсан гэмтлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-177-178/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Л.Гантөгсөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан ял оноосон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Л.Гантөгс “…1. Надад хохирогч Мөнхжаргалыг алах зорилго бүү хэл санаа ч байгаагүй. …би тэр өдөр дэлгүүрээс хоол хийх зорилгоор хутга худалдаж авсан ба дэлгүүрээс гараад явж байтал хохирогч Мөнхжаргал гар утас руу маань залгаж дуудсан нь үнэн. …Би хохирогч Мөнхжаргалд хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Хүнд гэмтэл учруулснаа зөвшөөрөхгүй байна. …Намайг уг хэргийг согтуугаар үйлдсэн гэж Мөнхжаргалын худал мэдүүлгээр шийдвэрлэсэн. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү…” гэж,

түүний өмгөөлөгч Б.Болортуяа “…Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн гүйцэд нотлогдоогүй байхад шүүх шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг зөрчсөн. Хохирогчид учруулсан гэх хүнд гэмтлийг хэн учруулсан гэдгийг хангалттай нотлох баримтаар тогтоож чадаагүй байхад шүүх шийдвэрлэсэн нь хэт яллах талыг барьж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. …Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг зөв тогтоож чадаагүй төдийгүй хэргийн талаарх зарим нөхцөл байдлууд үнэхээр эргэлзээтэй.

…Шийтгэх тогтоолын 6 дугаар талд “Шүүгдэгч Л.Гантөгс нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн” гэжээ. Энэ хэрэгт согтууруулах ундаа уусан гэх согтуурлын зэргийг тогтоогүй байхад шүүх хийсвэр дүгнэлт хийсэн. Мөн “хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг бүрэн гүйцэд барагдуулаагүй” гэж дүгнэсэн төдийгүй хохиролд 225.930 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. …Яллах дүгнэлтэд бичигдсэн яллах талын нотлох баримт болох 2 өөр шинжээчийн дүгнэлтүүдэд шүүх дүгнэлт хийлгүй яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. …Л.Гантөгс нь алах зорилготой байсан бол очингуутаа үйлдэл хийх байсан. …Хохирогч тухайн гэмт хэрэгт өдөөгчийн үүрэг гүйцэтгэсэн. …Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Гантөгсөд холбогдох үйлдэл холбогдол зүйлчлэлийг зөвтгөн Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэж,

түүний өмгөөлөгч К.Бауиржан “…Ял шийтгэл оногдуулахдаа шүүх түүний үйлдэл нотлогдсон эсэхэд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй, хэрэгт авагдсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай эсэхэд үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.

…Мөн шүүх Л.Гантөгсийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа уг хэргийг согтуугаар үйлдсэн гэж дүгнэсэн байх ба шүүхийн энэхүү дүгнэлт нь үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Л.Гантөгс нь тухайн үед буюу хэрэг гарсан өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болохоо шүүх хуралдаан дээр тодорхой мэдүүлсэн байдаг, мөн түүнийг согтуугаар бусдын биед гэмтэл учруулсан болохыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогоогүй болно. …Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар буцааж өгнө үү…” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Л.Гантөгс нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ш.Мөнхжаргалтай өр авлагын улмаас маргалдаж, зовхи, мөр, бугалганд зүсэгдсэн шарх, нүдний алиманд цус хуралт гэмтэл санаатай учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алахаар завдсан болох нь хохирогч Ш.Мөнхжаргал, гэрч Г.Ган-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн баримтуудаар тогтоогджээ.

Харин Прокуророос Л.Гантөгсийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алахаар завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг буюу “завдалт” гэсэн ерөнхий зүйл заалтыг журамлан зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх мөн зүйлийн 32.3 дахь хэсэг буюу “төгсөөгүй завдалт” гэж үзсэн нь үндэслэлтэй хэдий ч дүгнэлт хийх болсон үндэслэл, тайлбараа хийгээгүй байна. Л.Гантөгс нь хохирогчийн амь бие, эрх чөлөөнд халдаж зовхи, мөр, бугалганд нь хатгаж, хутгалсны дараа хохирогч зугтаасан ба Л.Гантөгс нь үйлдлээ гүйцээж хийгээгүйгээ ухамсарлан хохирогчийн араас ална гэж хутга барин хөөсөн ч түүний хүсэл зоригоос үл шалтгаалан гэмт хэрэг туйлдаа хүрээгүйгээс үзэхэд түүний үйлдлийг “төгсөөгүй завдалт” гэх нөхцөл байдалтай байна. Түүнчлэн Л.Гантөгс нь гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа болон төгс татгалзсан гэх шинж тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Л.Гантөгс, түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Л.Гантөгс, түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

           ШҮҮГЧИД                                                         Б.ЗОРИГ

 

                                                                                     Д.МЯГМАРЖАВ