Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 437

 

 

 

Э.Нэргүйд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Энхжаргал,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг  оролцуулж,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 403 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор З.Энхжаргалын бичсэн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлээр Э.Нэргүйд холбогдох 2016 2503 0376 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хадан овогт Энхболдын Нэргүй, 1982 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Сант сумын 4 дүгээр багийн “Залаа” гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 19 дүгээр гудамжны 1125а тоотод түр оршин суудаг байсан,

1.2001 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сар, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд хөнгөн ялуудыг багтааж биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон,

2.2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2008 оны 12 дугаар сарын 8-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 28 хоног хорих ялаас тэнсэн суллагдсан,

3.2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар,

4.2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 7 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 1 сар хорих ялд хөнгөн ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 17 хоногийн ялаас өршөөн суллагдсан, /РД:ЙЛ82050518/

Э.Нэргүй нь ялтай байх хугацаандаа 2016 оны 2 дугаар сарын 6-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын ойролцоо иргэн Т.Минжбадгарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хоолойг боож, цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Нэргүйд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 403 дугаар шүүхийн тогтоолдоо: “Шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, дараах зүйлүүдийг тодруулах шаардлагатай байна. Үүнд:

 1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй байна.

Хохирогч Т.Минжбадгар мэдүүлэгтээ “…Миний цүнхэнд ажлын хувцас, “Samsung Note-3” цагаан өнгийн гадаргуутай гар утас, “Nokia-6300” загварын улаан саарал өнгийн гар утас, бэлэн 20.000 орчим төгрөг байсан…” гэж мэдүүлсэн /хх-17-18/.

Мөн шүүгдэгч Э.Нэргүй мөрдөн байцаалтын явцад сэжигтнээр байцаалт өгөхдөө “…18.000 төгрөг байсан…” гэж мэдүүлсэн байна /хх-41-42/. Гэтэл яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг зөвхөн үнэлгээг үндэслэн ялласан нь хохирлыг бодитой тогтоогоогүй байна.

2.Яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу бичигдээгүй байна.

Э.Нэргүйд ял өөрчлөн сонсгохдоо /хх-79/ ялтай байхдаа дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг өөрчлөн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял сонсгон байцааж, улмаар яллах дүгнэлт үйлдэхдээ дээрхийн ижил ялтай байхдаа гэж бичсэн нь тухайн зүйлд заасан аль шинжээр нь түүнийг хүндрүүлж ялласан нь тодорхойгүй.

3.Хэргийг мөрдөн байцаалтад буцаасантай холбоотойгоор шүүгдэгч Э.Нэргүйн асрамжид түүний 14 настай хүүхэд байдаг болох нь шүүгдэгчийн болон түүний эцэг Ц.Энхболд нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул түүнийг тодруулж, асран хамгаалагчийн асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэх нь зүйтэй.”  гэж  шийдвэрлэжээ.

Прокурор З.Энхжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн тогтоолыг дараах нотлох баримтуудыг үндэслэн эсэргүүцэж байна. Үүнд:

1. Шүүх хуралдаанд …улсын яллагч нь шүүгдэгч Э.Нэргүйгээс хохирлын талаар маргаантай эсэхийг тодруулж асуухад хохирлыг төлсөн, маргаангүй гэж мэдүүлдэг. Мөн прокуророос хохирогч Т.Минжбадгарыг шүүх хуралдаанд оролцуулах саналаа яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан боловч хохирогч нь хохирлын талаар маргаангүй, шүүх хуралд оролцохгүй гэж тус шүүхэд мэдэгдсэн. /анхан шатны шүүхийн хурлын тэмдэглэлд авагдсан/.

Хохирогч Т.Минжбадгар нь мэдүүлэгтээ /хх17-18/ ... Миний цүнхэнд ажлын хувцас, “Samsung Note-3” загварын цагаан өнгийн гадаргуутай гар утас “Nokia-6300” загварын улаан саарал өнгийн гар утас, бэлэн 20.000 орчим төгрөг байсан гэж мэдүүлсэн. Э.Нэргүй мөрдөн байцаалтын явцад сэжигтнээр байцаалт өгөхдөө /хх 41-42/ 18.000 төгрөг байсан гэж мэдүүлсэн байна. Гэтэл яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийн гэм буруут үйлдлийн улмаас учирсан хохирлыг зөвхөн үнэлгээг үндэслэн ялласан нь хохирлыг бодитой тогтоогоогүй …гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь хохирогч, шүүгдэгч нар хохирлын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т дээрх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг “давтан”, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг”, “урьд энэ гэмт хэрэгт … шийтгүүлсэн этгээд үйлдсэн” … гэж хууль тогтоогч тодорхойлсон  байдаг.

Э.Нэргүй нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 cap хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 84 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 6 cap 17 хоног хорих ялаас өршөөн суллагдсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа дахин бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан түүний ял шийтгэлийг шалгах хуудас, шийтгэх тогтоол зэргээр тогтоогдсон, ял өөрчлөн сонсгох тогтоол, яллах дүгнэлтэд "ялтай байхдаа" гэж бичсэн нь прокурорын яллах дүгнэлтэд урьд үйлдсэн дээрмийн хэргийн ялтай байдал дуусаагүй байхад дахин бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж харагдаж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу бичигдээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

3.Э.Нэргүй нь 2001 оноос тасралтгүй ял шийтгүүлсэн, энэ хугацаанд түүний 14 настай хүүхэд нь Э.Нэргүйн эцэг эхийн хамт амьдардаг, асрамжид байдаг болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон түүний эцэг Ц.Энхболдын мэдүүлгээр тус тус нотлогддог, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх боломжтой тул прокурорын эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжинэ гэв.

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Э.Нэргүйд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан  … дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 403 дугаар шүүхийн тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн заалт, шаардлагад нийцээгүй байна.

Э.Нэргүйд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хуулийн үндэслэлгүй, цугларсан нотлох баримтуудад үндэслэн, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. Үүнд:

1.Прокурор яллах дүгнэлтдээ дээрмийн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Минжбадгарт учирсан хохиролын үнэлгээг 195.000 төгрөгөөр тогтоож яллах дүгнэлт үйлдсэн нь илтэд зөрүүтэй биш, шүүгдэгч Э.Нэргүй тухайн хохирлыг нөхөн төлсөн /хх-113/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Минжбадгар  хохирлын үнэлгээ, хэмжээний талаар гомдол гаргаагүй байх тул гэм хорын хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирлын хэмжээ бодитой тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. Прокурор хохирогчийн мэдүүлэгт тэмдэглэгдсэн 20.000 төгрөгийг орхигдуулан яллах дүгнэлт үйлдсэн  нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүхээс хэргийг бүх талаас нь хэлэлцэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг “давтан”, …“урьд энэ гэмт хэрэгт… шийтгүүлсэн этгээд үйлдсэн” … гэж заажээ.

Гэвч шүүгдэгч Э.Нэргүй нь 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 cap хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 cap 17 хоног хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэж суллагдсан байна.

Шүүгдэгч Э.Нэргүй нь ийнхүү бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт урьд хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаа дуусаагүй байхад дахин бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байдалтай нь хавтаст хэрэгт авагдсан түүний ял шийтгэлийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд болон бусад нотлох баримтуудад тусгагдсан өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд дээрмийн гэмт хэргийг давтан үйлдсэн шинжтэй гэж үзэж хэргийг зөв зүйлчилсэн байх тул хэргийн зүйлчлэлтэй холбогдуулж нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлаггүй юм.

3.Э.Нэргүй нь 2001 оноос тасралтгүй ял шийтгүүлсэн, энэ хугацаанд түүний 14 настай хүүхэд нь түүний эцэг эхийн хамт амьдарч тэдний асрамжид байсан нь шүүгдэгчийн болон гэрч С.Энхбаатар, Ц.Энхболдын мэдүүлгүүд /хх-23, 25/- ээр нотлогдож байх тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх боломжтой.

Иймд улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Э.Нэргүйд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр  тухайн шүүхэд хэргийг  буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.