Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дарамын Мягмаржав |
Хэргийн индекс | 185/2016/0004/Э |
Дугаар | 505 |
Огноо | 2016-08-04 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 505
Д.Гантулгад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Мөнгөнсүх,
Ялтан Д.Гантулга, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Гантулга, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Гантулгад холбогдох эрүүгийн 201625020530 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Суваргачин овогт Дугарын Гантулга, 1989 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, хадам эхийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 13-707б тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЛИ89040875/,
Д.Гантулга нь 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 13 дугаар гудамжны 707б тоотод хадам эцэг Б.Алтангэрэлтэй маргалдан улмаар түлхэж унаган хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Д.Гантулгыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Д.Гантулгыг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Гантулгад оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Гантулгын урьд цагдан хоригдсон 114 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Д.Гантулга нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Д.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдолтой байна. шийтгэх тогтоол гаргасан дүгнэлтээс харахад “…Д.Гантулгын эсрэг бодитой заналхийлсэн үйлдэл хийгдээгүй, хутга шүүрч авсан гэх байдал нотлогдоогүй, …маргалдах явцдаа сандал дээр сууж байхад нь түлхэж унагаасан…” гэж үзэж байгаад үнэхээр их гайхаж санал нийлэхгүй байна. Миний өгсөн мэдүүлэг анхнаасаа үнэн зөв, учраа хэлээд хэргээ хүлээгээд байхад миний мэдүүлэгт ач холбогдол өгөхгүй байсаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэж гэж 10 жил 1 сарын хорих ял өгсөнд гомдолтой байна.
Талийгаач тэр үед сандал дээр сууж байсан, архи уусан согтуу, янз бүрээр намайг хэлж доромжилж байсан. Тэр хүн маш ширүүн харцтай, ямар ч үйлдэл хийж мэдэхээр маш эвгүй харагдаж байсан. “Чи бол халхын шээс шүү дээ” гээд хашгираад босож ирэхдээ ширээн дээр байсан хутга руу гар нь явж байсан ба нүд нь ч бас хутга руу чиглэсэн байсан болохоор айж сандрахдаа би түлхэж ходуулахаас өөр аргагүй байдалд орсон. Би нэг удаа л түлхсэн бөгөөд уначихна гэж огт бодоогүй. Намайг түлхэхэд гэдрэг ухраад сандалдаа тээглээд ойчсон. Би айж сандарснаасаа болоод түлхсэн болохоос тэр хүнийг санаатай унагаах, гэмтээх гэсэн зорилго байсангүй. Бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн. …Миний хийсэн болгоомжгүй хайхрамжгүй үйлдлээс болоод миний эхнэрийн аав, хоёр хүүхдийн минь өвөө нас барсан явдалд үнэхээр их харамсаж шаналж байна. Би өөрийгөө гэм буруугүй гэж хэлэхгүй. Харин үнэн зөв шийдүүлэхийг хүсэж байна. Анхан шатны шүүхээс гаргасан “санаатай үйлдэл” гэж үзсэнтэй санал нийлэхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд хандахаас өөр арга алга. Миний энэ хэргийн талаар илүү сайн нягталж тал бүрээс нь хянаж тодорхойлохыг хичээнгүйлэн хүсэж байна. Мөн шүүгдэгч би өөрийн үзэл бодлоо илэрхийлмээр байна. Үүнд: 1. Д.Гантулгын эсрэг бодитой заналхийлсэн үйлдэл хийгдээгүй. 2. Хутга шүүрч авсан нь нотлогдоогүй. 3. Тааламжгүй харьцаанаас маргалдах явцдаа сандал дээр сууж байхад нь түлхсэн гэж тодорхойлсны эсрэг байр суурьтай байна.
1. Эхнэр Алтансувд, миний мэдүүлэгт ч байгаа. Өмнө намайг байнга дарамталж зовоодог байсан. “Ална, унтаж байхад чинь хоолойг чинь хэрчинэ” гэж нэг бус удаа хэлж байсан. Тэр үед би ажил дээрээ очиж хонодог байсан. Энэ нь заналхийлэл биш юм уу. Гэрч Оюун-Эрдэнийн мэдүүлэгт “Гантулга ах руу дайрч давшлаад байсан” гэсэн нь нотлохгүй байна гэж үү. Тухайн үед “шээс шүү дээ” гээд босоод хутга авах гэсэн үйлдэл нь заналхийлэл биш гэж үү.
2. Хутга шүүрч авахыг завдсан үйлдлийг зогсоож түлхсэн учир хутгыг яаж авах юм бэ. Хэрэв хутга авсан бол дараа нь яах байсан юм бол. Энэ тохиролдолд би хутгатай хүний өөдөөс юу хийж чадах юм бэ. Гарах гарцгүй талд зогсож байсан учир би зугтах үйлдэл хийх боломж байгаагүй. Би өөрийгөө яагаад хамгаалж болохгүй гэж. Би хутгыг авахыг зөвшөөрч, юу ч хийгээгүй бол өнөөдөр би энд биш, харин тэр хүн энд зогсож байх байсан байж магадгүй гэж бодох юм.
3. Намайг тэр хүнд уурласандаа түлхэж унагаая гэж бодоод унагаасан гэж дүгнэж байгаа бол буцаагаад яах гэж босгож гэж оролдох юм бэ. Хэрэв сандал дээрээс огт босоогүй сууж байхад нь түлхсэн гэж дүгнэж байгаа бол гэрч харсан байх ёстой. Энэ талаар өөрөөр юу мэдүүлсэн байдаг юм бол.
Талийгаач эхнэрийн минь аав, хоёр хүүхдийн минь өвөө. …Би талийгаачийн муу гэсэн болгоныг дурдахыг хүсэхгүй байгаа ч яалт ч үгүй миний амь амьдрал шийдэгдэх гэж байгаа учраас зан байдлынх нь талаар зарим зүйлийг хэлмээр байна.
1. Нэг удаа гудамжинд нэлээд согтуу явж байхад нь таараад тэр үед цуг харих замд надаас архины мөнгө нэхэж, мөн эхнэр Хоролсүрэн намайг хаясан, хүү Болор намайг зоддог, том охин Ундраагийн нөхөр намайг боосон, гэрээсээ хөөсөн гэж ярихыг нь сонсоод их өрөвдсөн боловч Оюун-Эрдэнэ бол янхан байх, би тэгэж боддог юм гэж хэлэхэд нь би их гайхсан. Зээ охиноо ингэж ярьдаг хүн байдаг аа л гэж бодсон.
2. Би бол Баян-Уулын Буриад хүн манай эндхийхэн надаас айдаг юм. Аав нь бол яаж ч мэднэ шүү дээ гээд хоол хийж байсан хутгаа бариад зогсчихдог байсан.
3. Манай хүү Ганбаясгаланг хүүхэлдэйн кино үзэх гэсний төлөө уурлаж “чи намайг яаж дээрэлхээд байна аа, би танай ааваас чинь айна гэж бодоо юу, танай аавыг чинь ална, унтаж байхад нь хоолойг нь хэрчинэ” гэж 6-н настай зээ хүүгээ загнаж агсам тавьж байсан. Үүнийг бүгд харсан.
4. Эхнэртэйгээ утсаар ярьж байхдаа аав архи уусан байна гэж хэлснийг сонсоод чи муу хов зөөлөө гээд “ална, хоолой хэрчинэ” гээд байхаар нь ажил дээрээ очиж долоо хоносон.
5. Бас нэг удаа намайг ажил руу өглөө явж байхад нь …гэрт хүргэж өгсний дараа халаасанд байсан мөнгө алга, чи авсан уу гэхээр нь гудамжинд хэвтэж байсныг нь хэлэхэд уурлаад чи л аваа биз, чамаас өөр хэн авдаг юм гээд агсарч эхэлсэн. Би тэр үед үнэхээр их гомдсон тэгээд эхнэр Хоролсүрэн намайг хаясан, хүү Болор намайг зоддог, том охин Ундраагийн нөхөр намайг боосон, гэрээсээ хөөсөн гэж ярихыг нь сонсоод их өрөвдсөн боловч Оюун-Эрдэнэ бол янхан байх, би тэгэж боддог юм гэж хэлснийг нь гэрийнхнийх нь дэргэд хэлчихсэн юм. Би тэгэж хэлээд ажил дээрээ очиж хэд хоносон юм. Дараа нь сонсоход дүү охидууд талийгаачийн хувцас хунарыг гудамжинд гаргаж хаясан, яв гэж гэрээсээ хөөсөн гэж сонссон. Тэрнээс болоод надад дургүй болсон байх.
6. Уг хэрэг гардаг өглөө гэрээсээ гарахад “чи хадам ээждээ янз бүрийн юм яриад байна уу” гэж хэлчихээд муухай харчихаад гараад явсан. Өдөр нь согтуу орж ирээд түлхүүр асуух шалтгаар над руу элдвээр харааж загнаж эхэлсэн. Уг гэрийн түлхүүрийг би өнгөрсөн хугацаанд амьдрахдаа нэг ч удаа авч байсангүй.
Би талийгаачийг хүн чанараа алдсан хүн гэж хэлэхгүй, зөвхөн архи уусан үедээ л хэцүү хүн болчихдог байсан. …Миний хэргийн зүйл ангийг арай өөр талаас нь харж, шүүн тунгааж өгнө гэдэгт итгэж байна. …Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.
Ялтан Д.Гантулгын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэд Д.Гантулгын гэм буруугийн сэдэлт, санаа зорилгыг буруу тогтоож, хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “гэм буруугийн шууд бус санаатай хэлбэр нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт хүсэж эсхүл зориуд хүргэсэн байдаг бол гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хайхрамжгүй хандах нь гэмт этгээдийн үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байдгаар ялгаатай юм” гэж дүгнэсэн боловч “шүүгдэгч Д.Гантулга нь хохирогчид хор уршиг учрахыг урьдчилан мэдэж, үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан хохирогчийг түлхэж унаган амь нас аврах боломж муутай гэмтлүүдийг санаатай учруулан зориуд үхэлд хүргэсэн нь хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзнэ” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Хор уршиг учрахыг урьдчилан мэдэж ухамсарлан зориуд талийгаачийн амь насыг хохироосон гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх ямар нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийсэн болох нь тодорхойгүй байна. Гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаас үзэхэд Д.Гантулгад талийгаачийг үхэлд хүргэх гэмтэл учруулах санаатай үйлдэл хийх сэдэлт байгаагүй. Талийгаачийн архи ууж агсам тавих үйлдэл нилээд удаан үргэлжилсэн. Харин Д.Гантулгын үйлдэл 1-2 секундын хугацаанд болсон. Талийгаачийн хажууд ширээн дээр хутга байсан. Талийгаач ширээ дараад ухас гээд босоход Д.Гантулга нь сандарч түлхсэн. Талийгаач ардаа байсан сандлыг давж унаад тархи нь гэмтэж эмнэлэгт очиж хагалгаа хийлгээд нас барсан. Хэргийн үйл баримтаас харахад Д.Гантулгад талийгаачийг алах санаа байгаагүй. Харин талийгаачийн агсам тавьж байгаа үйлдлийг нь таслан зогсоохдоо үхнэ гэдгийг нь мэдэлгүйгээр түлхэж унагаасан. Хэдийгээр Д.Гантулга нь талийгаачийг түлхэж унагаахад гэмтэж болно гэдгийг урьдчилан мэдэх боломжтой боловч яг тухайн үед мэдэх боломжгүй байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Д.Гантулгыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хайхрамжгүй сэдэлтээр хандаж үйлдсэн гэж дүгнэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Д.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан ялыг оногдуулж өгнө үү” гэв.
Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Өмгөөлөгч “Д.Гантулгын үйлдэл гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Д.Гантулгын үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд бус санаатай үйлдэл байсан. Мөрдөн байцаалтын шатанд Д.Гантулга “хадам аав намайг “халхын шээс” гэж доромжлоод ширээн дээр дараад босч ирэхэд нь би хутга авч босоод над руу дайрлаа гэж айгаад нүүрэнд нь түлхсэн” гэж мэдүүлсэн байдаг. Хэрвээ хүн айсан бол хүний цээж рүү түлхэнэ. Гэтэл Д.Гантулгад нь талийгаачийн нүүр рүү түлхсэн нь хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд бус санаатай үйлдэл болно” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.
Д.Гантулга нь 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 13 дугаар гудамжны 707б тоотод хадам эцэг Б.Алтангэрэлтэй маргалдан улмаар түлхэж унаган хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжаргалын “...Намайг Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гэртээ байхад өчигдөр орой Улаанбаатар хотоос манай дүү Оргил над руу залгаад “аав Б.Алтангэрэлийн бие маш муу байна, хурдан яаралтай хүрээд ир” гэсэн. Тэгээд шөнө Улаанбаатар хот руу гараад өглөө 07 цаг 30 минутад ирсэн. Ирээд гэмтлийн эмнэлэг рүү очиход ах тархиндаа хагалгаа хийлгэсэн, биеийн байдал маш хүнд байсан. Эмчтэй нь уулзахад “гадны нөлөөтэй байна, хүнд байна, найдваргүй, ар гэрийнхнийг нь дуудаж уулзуулах хүн байвал дууд” гэж хэлсэн...” /хх-17-19/,
Гэрч А.Оюун-Эрдэнийн “...2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад гаднаас өвөө нэлээн согтуу орж ирсэн. Тухайн үед гэрт хүргэн ах Д.Гантулга, түүний 6 настай хүү бид гурав байсан. Би өвөөгөөс гэрийн түлхүүр асуусан чинь “надад байхгүй, би аваагүй Гантулгад” байгаа гэсэн. Өвөө гал тогооны өрөөний сандал дээр сууж байсан. Би тэр үед жижиг өрөөнд байсан. Өвөө Гантулга ахыг “чамд түлхүүр байгаа биз дээ” гэхэд “надад байхгүй” гээд тэр хоёр маргалдаад байсан. Өвөө Гантулга ахыг “халхын шээс минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод, дайрч давшлаад байсан. Тэр хоёрыг маргалдаад байхаар нь би дүүгээ дагуулаад гарчихсан. Намайг гаднаас эргээд орж ирэхэд Гантулга ах өвөөг цээж рүү нь нэг түлхэж харагдсан. Өвөө хойшоо хүчтэй савж унасан. Өвөөг шалан дээр унахад Гантулга ах өргөөд босгоод суулгасан чинь хамраас нь цус гарсан. Тэгээд буцаагаад хэвтүүлчихсэн чинь амнаас нь маш их цус гарсан. Тэр үед би өвөө гээд дуудсан чинь нүдээ нээгээд аниад байсан. Тэгсэн Гантулга ах хажуунаас “босоорой” гэсэн. Өвөө босохгүй хэвтээд байсан. Би дүүгээ сургуульд нь хүргэж өгөөд эргээд ирэхэд шалан дээрх цусыг цэвэрлээгүй болохоор эвгүй санагдаад цэвэрлээд шалаа угаасан...” /хх-22-24/,
Гэрч А.Хоролсүрэнгийн “...Би талийгаач Б.Алтангэрэлтэй 1974 оноос 2001 он хүртэл гэр бүл болж амьдарч байсан. Б.Алтангэрэл нь 1953 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, тусгай дунд боловсролтой, түүхий эд бэлтгэлийн мэргэжилтэй. Анх бид 2 гэр бүл болоод суухад архи согтууруулах ундаа хэрэглэх нь гайгүй байсан. Сүүлдээ архи согтууруулах ундааг өдөр өнжихгүй маш ихээр уудаг болсон. Агсам согтуу тавьдаг хамт амьдрах боломжгүй болоод аргагүйн эрхэнд 2001 онд салсан. Сэтгэцийн хувьд цоо эрүүл биш бүдүүн тоймын хүн. Архи уусан үедээ байнга хэл амаар доромжилж, бага зэргийн зодож нүддэг байсан. Дорнодод байхдаа эрүүлжүүлэх байранд орж байсан. Бараг гудамжны архичин болсон...” /хх-25-26/,
Гэрч А.Алтан-Оргилын “...Талийгаач Б.Алтангэрэл нь ээж Хоролсүрэнгээс 2001 онд салсан. Архийг нэлээн уудаг, нэг уухаараа олон хоног үргэлжилдэг. Архи уусан үедээ ширүүн авиртай болчихдог. Зан ааш нь өөрчлөгдөөд байдаг юм. Эрүүлдээ үг дуу цөөтэй. ...манай дүү Алтансувд нөхөр Гантулгынхаа хамт энд төрчихөөд байраа түрээслүүлээд Дорнод аймаг руу явсан. 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод ирээд байрныхаа түрээсийг дуустал манайд амьдрахаар болсон. Гантулга ажил төрөлд сайн, зан аашийн хувьд гайгүй, архи согтууруулах ундааг манайд байхдаа уудаггүй байсан. Өглөө эрт яваад орой ирдэг байсан. Бусадтай эвтэй байдаг. Манайд байхдаа хэрүүл, зодоон хийж байгаагүй...” /хх-27-28/,
Гэрч А.Алтансувдын “...Талийгаач Б.Алтангэрэл архийг уухаараа олон хоногоор уудаг. Архи уухаараа хурц хэл амтай, үгээр идэх, өдөх маягтай байдаг. Нас барахаасаа сарын өмнөөс манай нөхөр Гантулгыг хэл амаар доромжилж, өдөж, янз бүрээр хараагаад байдаг байсан. Гантулга дуугүй л гараад явчихдаг байсан. Бид нар сүүлдээ байр түрээслэж гарах гэж байсан. ...Аав архи уухаараа Гантулга руу агсам тавьж хэл амаар доромжлоод байдаг байсан. Гантулга аавын гаргаж байгаа зан авирыг тэвчээд өнгөрүүлдэг байсан. Нэг удаа аав намайг байхад Гантулгыг “чамайг унтаж байхад чинь хоолойг чинь хэрчинэ” гэж хэлж байсан...” /хх-29-30/,
Д.Гантулгын яллагдагчаар өгсөн “...намайг халх үндэстэн болохоор “халхын шээс шүү дээ чи” гээд ширээн дээр дараад босоод ирсэн. Тэгэхээр нь би болгоомжгүйгээр ширээн дээрээс хутга аваад босоод над руу дайрах гэж байна гэж бодоод айгаад нүүр рүү нэг удаа түлхсэн, гэтэл хойшоогоо хүчтэй саваад унасан. Тэгээд ухаан алдсан юм шиг байхаар нь би сандраад босгох гээд 2 гараараа зөөлөн алгадаад сэрээрэй гэсэн. Тухайн үед юм ярилгүй 2 гараараа толгойгоо бариад байсан. Талийгаач унасан газраа хажуу тийшээ хараад хэвтээд байсан. Намайг түлхэх үед Оюун-Эрдэнэ орж ирсэн...” /хх-114-117/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3039 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...чамархай, зулайн яс, хөхлөг сэртэнгийн хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальс дээрх цусан хураа, олон тооны эдийн дотор цусан хураа, аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, баруун дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар хүнд зэргийн гэмтэл учирсан…” /хх-52/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 494 дугаартай дүгнэлтэд “...Б.Алтангэрэлийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд дараах онош тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачид тавьсан онош бөгөөд эмчилгээ зөв байна. Эмчилгээ хийснээр талийгаачийн амь насыг аврах боломж муутай. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй...” гэх дүгнэлт /хх-54, 55/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 342 дугаартай дүгнэлтэд “...Д.Гантулга нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, хэрэг хариуцах чадвартай, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” /хх-84/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс Д.Гантулгад түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан ял оноосон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Ялтан Д.Гантулга “…Миний хэргийн зүйл ангийг арай өөр талаас нь харж, шүүн тунгааж өгнө үү…” гэж, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “…Д.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан ялыг тохируулан хэрэглэх нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх, ялтны хувийн болон эрх зүйн байдалд чухал ач холбогдолтой, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг хангаж өгнө үү…” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.
Д.Гантулга нь хадам эцэг Б.Алтангэрэлтэй байнгын таарамжгүй харилцаатай байсан ба 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр мөн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг сандал дээрээс түлхэн унагаж, гавал тархины гэмтэл учруулж бусдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан байна. Энэхүү хэрэг учрал болох үед ялтан Д.Гантулга, талийгаач Б.Алтангэрэл, гэрч А.Оюун-Эрдэнэ нар байсан ба гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон хохирогчид учирсан гэмтлийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр Д.Гантулгын гэм буруутай үйлдлийн улмаас талийгаачид гавал тархины гэмтэл учирч нас барсан болох шалтгаант холбоо тогтоогдож байна.
Ялтан Д.Гантулга нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын амь насанд аюултай гэдгийг урьдчилан мэдэж, хүсэж үйлдсэн гэх үндэслэлгүй боловч түүний үйлдлийг шууд бус санаатай гэм буруугийн хэлбэрийг агуулсан гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Гантулга, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Гантулга, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Д.МЯГМАРЖАВ