Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 431

 

 

 

 

 

 

 

 

 

   Б.Энхтөр, Э.Баярбаатар, А.Өмөрбек

   нарт холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Мөнхбаяр,

яллагдагч  Б.Энхтөр, Э.Баярбаатар,

нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулж,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяагийн гаргасан 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 907 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Мөнхбаярын бичсэн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.Энхтөр, Э.Баярбаатар, А.Өмөрбек нарт холбогдох 201626030137 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Тугчин овгийн Бадарчийн Энхтөр, 1991 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8; эх, ах, эгч нарын хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан харваачид гудамжны 1-05 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 96-34 тоотод оршин суух, ял шийтгэлүй. /регистрийн дугаар: МД91110518/

 

2. Боржигон овгийн Эрдэнэбаярын Баярбаатар, 1993 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Засварчин, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 14-521 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: У393070415/

3. Молко овгийн Агваанбайн Өмөрбек, 1993 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эх, ах, бэр эгч, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 13-486 тоотод оршин суух,

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр 99.1 дэх хэсэгт зааснаар 40 хоног баривчлах ял шийтгүүлсэн. /регистрийн дугаар: У393083118/

 

Б.Энхтөр, Э.Баярбаатар, А.Өмөрбек нар бүлэглэн, машин механизм ашиглаж 2016 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 5-257 тоот Г.Энхбатын хашаанаас Б.Намсрайн “Монгол Банхар” үйлдрийн 10 сартай эм гөлөгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Энхтөр, Э.Баярбаатар, А.Өмөрбек нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Б.Энхтөр, Э.Баярбаатар, А.Өмөрбек нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Үүнд:

1. Эд зүйлийн үнэлгээнд комиссын дарга, гишүүд гарын үсэг зураагүй, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй нь хуулийн шаардлага хангахүй байна.

2. Хохирогч Б.Намсрай мэдүүлэхдээ “2015 оны 3 дугаар сард “Арслан клуб” нохой үржүүлгийн газраас “Самсунг галакси S-3” загварын гар утсаар гөлөг сольж авсан” гэж мэдүүлсэн ба эд зүйлийн үнэлгээгээр “Самсунг галакси S-4” загварын гар утсыг 250,000 төгрөгөөр үнэлсэн. Нөгөө талаас яллах дүгнэлтийн хавсралтад хохирлын тооцонд 300,000 төгрөгийн төлбөртэй гэсэн нь ойлгомжгүй.

З. Сэжигтэн, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд бага бус хэмжээний хохирол учруулсан гэх боловч хулгайд алдагдсан гөлөг хэдэн төгрөгийн үнэтэй эсэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан эсэх нь ойлгомжгүй байна.

Нөгөө талаас үнэлгээ тогтоох комис “амьтан үнэлэх боломжгүй” гэсэн байхад хохирлын хэмжээг “Монгол Банхар” үүлдрийн 10 сартай эм гөлөгийг гар утсаар солилцох байдлаар худалдан авсан буюу гар утасны үнээр хохирлыг тооцож болох эсэхэд дүгнэлт хийх.

Түүнчлэн хохирогч Б.Намсрайд “Монгол Банхар” үүлдрийн 10 сартай эм гөлөгийг худалдсан гэх “Арслан клуб” нохойн үржүүлгийн газрын холбогдох этгээдээс 10 сартай эм гөлөгний үнийг тодруулах, тус газраас хохирогч Б.Намсрай дээрх гөлөгийг худалдан авсан эсэх, мөн гөлөг худалдахдаа мөнгөөр бус эд зүйлээр солилцож худалдаа хийсэн эсэхийг тодруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг заавал нотолно” гэсэн заалтыг биелүүлэх, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлтийг үйлдэх шаардлагатай.

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “Монгол банхар нохой байсныг мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Э.Гансүх никон маркийн гэрэл зургийн аппаратаар хоёр кадр гэрэл зургийг бэхжүүлэн авснаар хураан авав” гэж тэмдэглэгдсэн байх тул уг бэхжүүлсэн гэх гэрэл зураг хэрэгт авагдаагүй, нотлох баримтыг, цуглуулах, бэхжүүлэх талаарх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

5. Хан-Уул дүүргийн прокурорын газрын яллах дүгнэлтэд яллагдагч Б.Энхтөр, Э.Баярбаатар, А.Өмөрбек нар нь машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэжээ. Гэтэл эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссын мөнгөлөг саарал өнгийн “Ниссан Тида” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоох баримт нь комиссын даргын гарын үсэггүй, тамга тэмдэггүй буюу баталгаажуулагдаагүй зэргээр хуулийн шаардлага хангахгүй байх тул зөрчлөө арилгах. Энэ нь Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд заасан заалтад хамааралтай байна.

6. Яллагдагч Өмөрбекийн ургийн овог иргэний үнэмлэхийн лавлагаагаар Молко, түүний эцгийн нэр дээрх лавлагаагаар Агваанбай гэсэн байхад гадагш явахгүй байх тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан тогтоолууд, байцаасан тэмдэглэлүүд, ял шалгах хуудас зэрэг баримтууд дээр Молк овгийн Авгаанбайн Өмөрбек гэж ургийн овог, эцгийн нэрийг нь зөрүүтэй бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанарт нөлөөлөхөөр байна.

Нөгөө талаар дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх эсэхэд шууд хамааралтай байх тул байцаан шийтгэх ажиллагааны зөрчлийг арилгах нь зүйтэй.

7. Яллагдагч А.Өмөрбект хэргийн материал танилцуулсан /хуудас тодорхойгүй/ баримтын өдөр тодорхойгүй, яллагдагчийн нэрийг Б.Өмөрбек гэж буруу бичсэн байна.

8. Хавтаст хэргийн 76 дугаар хуудаснаас хойш 6 хуудас баримт, мөн 87 дугаар хуудаснаас хойш 4 хуудас баримтууд дугаарлагдаагүй гэсэн үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Мөнхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг товлон зарласан зараа 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр прокурорт ирүүлсэн. Гэтэл шүүгч Т.Алтантуяа нь Б.Энхтөр нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 907 дугаар захирамжийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ирүүлснийг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Шүүхэд ирсэн хэргийн талаар шүүгч дараах шийдвэрийг аль нэгийг гаргана:” 225.1.1 дэх хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх”, 225.1.2 дахь хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах” гэж заасан. Шүүгч Т.Алтантуяа нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг хийх товыг зарласан атлаа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шийдвэрийг дахин гаргаж хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 907 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв. 

 

            Яллагдагч Б.Энхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

 

            Яллагдагч Э.Баярбаатар тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Б.Энхтөр, Э.Баярбаатар, А.Өмөрбек нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна.

 

Прокурорын эсэргүүцэлд дурьдсанчлан, “анхан шатны шүүх яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн атлаа шүүх хуралдаан хийлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан” гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Иймд шүүгчийн захирамжийн хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэхийг шийдвэрлээгүй орхисон байна. Энэ нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл биш учраас давж заалдах шатны шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Яллагдагч А.Өмөрбек нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай давж заалдах шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн байх тул өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэрэг прокурорт очих хүртэл хугацаанд цагдан хорих, харин яллагдагч Б.Энхтөр, Э.Баярбаатар нарт бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 907 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Мөнхбаярын бичсэн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

            2. Б.Энхтөр, Э.Баярбаатар нарт шүүхийн шатанд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

            3. Хэрэг прокурорт очтол яллагдагч А.Өмөрбект урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслах арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.7 дахь хэсэгт заасны дагуу А.Өмөрбекийг цагдан хорьсон тухай болон хаана байгааг нь 24 цагийн дотор түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, эсхүл өмгөөлөгчид мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Отгонбаатарт даалгасугай.

 

5. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Л.ДАВААСҮРЭН

                                       

                 ШҮҮГЧИД                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                               

                                                                                                М.ПҮРЭВСҮРЭН