Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 506

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Ө.Ганболдод холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Мөнгөнсүх,

Ялтан Ө.Ганболдын өмгөөлөгч Д.Батсүх,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ө.Ганболдын өмгөөлөгч Э.Жамцын гаргасан давж заалдах гомдлоор Ө.Ганболдод холбогдох эрүүгийн 201625020487 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хорчин овогт Өгөөмөрбаянгийн Ганболд, 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, математикч, артелер зэвсгийн инженер мэргэжилтэй, “Танан-Импекс” ХХК-д гэрээт ажилтан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ИЮ89122095/,

 

Ө.Ганболд нь 2016 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 72 тоотод иргэн Э.Алтансүхтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрч, Э.Алтансүхийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Ө.Ганболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос Ө.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж зүйлчилж, Ө.Ганболдыг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Ө.Ганболдыг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ө.Ганболдын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогч Э.Алтансүх энэ гэмт хэргийн улмаас биед учирсан гэмтлийг хойшид эмчлүүлэхэд гарсан зардал, гэм хорын хохирлоо хууль зүйн үндэстэй нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн авах эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хуурцгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Ялтан Ө.Ганболдын өмгөөлөгч Э.Жамц гаргасан давж заалдах гомдолдоо: “…Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Э.Жамц миний бие, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн 201625020487 дугаартай хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэн Ө.Ганболдын өмгөөлөгчөөр оролцож байна.

Анхан шатны шүүхээс Ө.Ганболдыг Э.Алтансүхийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял оногдуулсан. Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон мөрдөн байцаалтын ажиллагааны талаар маргах зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгт чин санаанаас гэмшин мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар илрүүлэхэд идэвхитэй дэмжлэг туслалцаа үзүүлж, хохирогчоос уучлал гуйж, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Ө.Ганболд “Танан импекс” ХХК-д гэрээний дагуу ажил хөдөлмөр эрхэлж, өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг учраас ар гэрийнхээ амьжиргааг залгуулдаг болон хөдөлмөр эрхэлсний орлогоос гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулах бүрэн боломжтой. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ө.Ганболдод оногдуулсан 2 сарын баривчлах ялыг торгох ялаар сольж өгнө үү…” гэжээ.     

Ялтан Ө.Ганболдын өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө.Ганболд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж, хохирогчоос уучлалт гуйсан. Мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүх хуралдаан дээр үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан үзээд түүнд оногдуулсан баривчлах ялыг торгох ялаар өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хугацааг нь дүйцүүлэн тооцож өгнө үү” гэв.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Ө.Ганболд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Хохирогч 2.500.000 төгрөг нэхэмжилснээс 2.209.100 төгрөгийн хохирол нь баримтаар тогтоогдож 2.300.000 төгрөг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхтэй” гэж заасан тул гэм хор бүрэн арилаагүй гэж үзэж байна” гэв.   

                                                           ХЯНАВАЛ:

Ө.Ганболд нь 2016 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 72 тоотод иргэн Э.Алтансүхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, Э.Алтансүхийг зодож бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Алтансүхийн “…2016 оны 2 дугаар сарын 9-ний өдөр …Ганболд надад дарс хундагалаад өгөх үед нь би дарсыг нь авах гэж байгаад гарнаас унаад дарс асгарсан. Тэгсэн Ганболд гэр орон муухай болгоод гэж хэлснээ намайг мөргөсөн, цохисон. Тэгэх үед нь би газар унаад босоод ирэнгүүт дахиад намайг нүүр лүү өшиглөсөн. Тэр үедээ би ухаан балартаад нэг сэрсэн чинь Төвшөө гэх найз нь миний амыг угаагаад ариун цэврийн өрөөнд оруулсан байсан…Мөргөх үед нүд, хамар орчим туссан. Газар унаад босоод ирсэн чинь гараараа нүд рүү цохисон. Тэгэх үед хөлөөрөө нүд рүү өшиглөсөн. Нүд хамаргүй цус гараад байсан… Архи асгалаа гэж л зодсон…” /хх-21/,

Гэрч Ж.Энхтүвшингийн “...Намайг тэднийд очиход Мөнхтуяагийн найз залуу, Ганболд нар 2-3 пиво, виски уугаад нэлээн согтсон байдалтай байж байсан. Мөнхтуяагийн найз залуу нэлээн согтсон байдалтай байсан ба ширээн дээр байсан аягатай цай, надад мөнгөн аяганд хийж өгсөн вискиг тохойгоороо түлхэж газар унагасан чинь Ганболд дахиад виски аягалж өгөөд тэр залууд бариулсан чинь аягатай вискиг газар асгасан. Санаатай асгасан уу, санаандгүй асгасан уу гэдгийг мэдэхгүй. Тэгсэн чинь Ганболд тэр залууд уурлаад “Манай их сургуулийн найз ирчихсэн байхад аятайхан байгаач, аятайхан ууж идээч” гэх зэргээр уурласан. Тэгтэл Мөнхтуяагийн найз залуу өөрийнхөө гар утсыг хана руу савж шидсэн ба хэн нь ч оногдоогүй. ...Ганболд Мөнхтуяагийн найз залуутай ширээн дээрхийг газар асгаснаас болж маргалдсан ба ингэж маргалдаж байхдаа Ганболд нь Мөнхтуяагийн найз залууг сандал дээр суусан байхад нь гараараа цээж рүү нь түлхэж газар унагаасан. ...Нэг харахад Ганболд уг залуугийн дээр нь гараад нэг гараараа цээжийг нь дараад, нөгөө гараараа цохиж байх шиг байсан ба яг хаашаа цохисныг нь би сайн хараагүй, тэгээд би газраас аяга, бууз зэргийг түүж тавьчихаад Ганболд, Мөнхтуяагийн найз залуу 2-ыг салгасан. ...Би Ганболдыг цаад өрөө рүү нь явуулаад, Мөнхтуяагийн найз залууг босгоод цамцыг нь өмсгөөд нойл руу дагуулж ороод хамарнаас нь гарсан цусыг нь угаасан. ...Анх харахад тэр хоёрын нүүр ам нь зүгээр байсан, зодоон болсны дараа Мөнхтуяагийн найз залуугийн хамарнаас нь цус гарсан байсан, Ганболдын нүүр ам нь зүгээр байсан. ...Алтансүх ухаан балартаж унаагүй, мөн Ганболд тэр залуу руу юм барьж дайраагүй...” /хх-52-53/,

Гэрч Ц.Мөнхтуяагийн “...2016 оны 2 дугаар сарын 9-ний өглөө 09-10 цагийн үед найз Ганболд над руу утсаар яриад “...архи аваад ирээрэй” гэхээр нь Алтансүх бид хоёр дэлгүүр ороод 1 шил 0.5 литрийн архи, 2 шил пиво аваад Ганболдын Бэлхэд байдаг гэрт нь очсон. Очиход Ганболд ганцаараа байсан ...Тэр хоёр архиа ууж дуусаад дахиад дэлгүүр лүү гараад 1 шил 0.75 литрийн архи, 2 ширхэг 2.5 литрийн пиво авчирч уугаад согтоод тэндээ бид нар хоносон. Тэр үед ямар ч хэрүүл маргаан, зодоон болоогүй. Маргааш нь бид нар хоол цай идэж уучихаад Алтансүх дэлгүүр рүү яваад 1 шил 0.75 литрийн архи авчирсан. Алтансүх Ганболд 2 авчирсан архиа уугаад бас согтсон. Шинийн 2-ны өдөр болсон болохоор би гэртээ согтуу хүн яаж дагуулж очиж золголт хийнээ гэхэд Ганболд “үлдээгээд явчих, бид хоёр нэмж уухгүй байж байя” гэхээр нь Алтансүхийг Ганболдын гэрт үлдээгээд явсан. ...маргааш нь буюу 2016 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 09-10 цагийн үед ...Алтансүх над руу утсаар яриад “эмнэлэг дээр байна, найзад чинь зодуулчихлаа” гэхээр нь би “хэн зодсон юм бэ” гэсэн чинь “Ганболд зодсон” гэж хэлсэн. Би тэр үед юунаас болж яаж зодсон талаар тодруулж асуугаагүй. Алтансүх надад “угаасаа Ганболд худлаа ярина, найз Түвшинтэй нь яръя” гээд утсаар ярьж бичлэг хийж, би Түвшинтэй ярихад “Танай хүнийг Ганболд архи асгалаа, аятайхан ууж чадахгүй гээд л зодсон” гэж ярьсан. ...Ганболд их тайван, уурлахдаа огцом ууртай. Алтансүх ааш зан сайтай, хэр баргийн хүнтэй эвээ олчихдог, хурдан л согтчихдог...” /хх-54-55/ гэх мэдүүлгүүд болон

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 2323 дугаар дүгнэлтэд “…1. Алтансүхийн биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины гадна хэсгийн цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-62/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 303 дугаар дүгнэлтэд “… 1. 2. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2323 дугаар акт үндэслэлтэй байна. Э.Алтансүхэд баруун ухархайн дотор, доод ханын хугарал, зовхины цус хуралт, баруун нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь шинэ, нэг цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэлд мэс засал хийгдсэн тул цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. УНТЭ-т ухархайн ханын хугарлыг нөхөн сэргээх мэс засал хийгджээ…” гэх дүгнэлт /хх-65-66/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16, 51/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-18/, хохирогч Э.Алтансүхийн өвчтөний картын хуулбар /хх-24-50/, хохирлын баримтууд /хх-97-107/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Ялтан Ө.Ганболдын өмгөөлөгч Э.Жамц “…Ө.Ганболд нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгт чин санаанаас гэмшин мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар илрүүлэхэд идэвхитэй дэмжлэг туслалцаа үзүүлж, хохирогчоос уучлал гуйж, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Ө.Ганболд ажил хөдөлмөр эрхэлж, өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг учраас ар гэрийнхээ амьжиргааг залгуулдаг болон хөдөлмөр эрхэлсний орлогоос гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулах бүрэн боломжтой. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан …шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ө.Ганболдод оногдуулсан 2 сарын баривчлах ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд цугларсан нотлох баримтуудын хүрэлцээ хангалттай, эдгээр хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар Прокуророос Ө.Ганболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг гэмт хэргийг “хувийн сэдэлт”-ээр үйлдсэн гэж үзэж хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, зүйлчлэл зөв, шүүхээс түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна.

Анхан шатны шүүх Ө.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Ө.Ганболдод оногдуулсан баривчлах ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төр, алдар хүндийг гутаах зорилго, хэлбэр агуулж болохгүй.” гэсэн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан Ө.Ганболдыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо баримтын хэмжээнд сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн хайхрамжгүй, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан баривчлах ялын хэмжээний дотор түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин давж заалдах шатны шүүх ялтан Ө.Ганболдын өмгөөлөгчийн Э.Жамцын гаргасан “…баривчлах ялыг торгох ялаар сольж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан тайлбарын дагуу түүнд оногдуулсан баривчлах ялыг торгох ял болгон өөрчлөх үндэслэлгүй байх тул өмгөөлөгч Э.Жамцын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд ялтны өмгөөлөгч Э.Жамцын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.     

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Өгөөмөрбаянгийн Ганболдыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Ө.Ганболдыг 1 /нэг/ сар 18 /арван найм/ хоног баривчлах ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Ө.Ганболдын өмгөөлөгч Э.Жамцын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.             

       

  

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

           ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

 

                                                                                     Д.МЯГМАРЖАВ