Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 438

 

 

 

Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, О.Чулуунцэцэг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Нархажид,

яллагдагч Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням нарын  өмгөөлөгч С.Даваасүрэн,

яллагдагч Ж.Алтангэрэлийн өмгөөлөгч Д.Ганбат,

яллагдагч Б.Эрболотын өмгөөлөгч А.Туул,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргалын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 998 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Нархажидын бичсэн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлээр яллагдагч Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням нарт холбогдох 2013 0102 0092 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Секель овогт Бадилханы Эрболот, 1991 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, кино зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Бүс нуурын 4 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух,  /РД: ЕТ91031311/;

2.Цагаанчулуут овогт Жамъяншаравын Алтангэрэл, 1991 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Блэк Зебра” кино студид зураглаач ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны 6 тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, /3Д: АА91030517/;

3.Монгол овогт Төмөрхуягийн Оюунболд, 1991 оны 5 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Хүүхэд залуучуудын “Улаан театр”-т жүжигчин ажилтай, ам бүл 5, эцэг, ах, бэр эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 25 дугаар гудамжны 364 тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй,  /РД: УП91052093/;

4.Хотол овогт Цогтгэрэлийн Давааням, 1991 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, "Блэк Зебра" кино студид туслах найруулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамж, 4  тоотод оршин суух, /РД: ДК91021712/;

1. Б.Эрболот, Ж.Алтангэрэл нар нь

 -Н.Эрдэнэбилэгтэй бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, 2012 оны 2 дугаар сарын 3-ны шөнө Сүнжинграндын урд байрны зогсоол дээр байсан иргэн Б.Баатарцогтын эзэмшлийн 35-35 УНГ улсын дугаартай "Ланд Круйзер-80" загварын автомашиныг хулгайлан 31.217.500 төгрөгийн,

-Ц.Даваанямтай бүлэглэн давтан үйлдлээр 2012 оны 4 дүгээр сарын 28-нд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 38 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 51-67 УБЗ улсын дугаартай "Ланд Круйзер-80" загварын автомашиныг хулгайлан 20.676.000 төгрөгийн,

-Ц.Даваанямтай бүлэглэн 2012 оны 5 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө 01-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр циркийн урд талын 14а байрны урд зогсоол дээр байсан иргэн Т.Ганзоригийн эзэмшлийн "Ланд Круйзер-80" загварын автомашиныг хулгайлан 18.000.000 төгрөгийн,

-Т.Оюунболдтой бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Өргөө” хотхоны зүүн талын зогсоол дээр байсан иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай Транд марк-2" загварын мөнгөлөг саарал өнгийн автомашиныг хулгайлан 11.402.000 төгрөгийн,

-Т.Оюунболд, Ц.Давааням нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн зүүн талын байрны зогсоол дээр байсан иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн “Ланд Круйзер-80” загварын 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлан 18.000.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 5 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ үгсэн тохиролцож, машин механизм ашиглан, тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж бусдад нийт 99.295.500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол тус тус учруулсан.

2.Ц.Давааням нь Б.Эрболот, Ж.Алтангэрэл нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож ,

-2012 оны 4 дүгээр сарын 28-нд …иргэн Б.Сүхбатын эзэмшлийн 51-67 УБЗ улсын дугаартай "Ланд Круйзер-80" загварын автомашиныг хулгайлан 20.676.000 төгрөгийн,

-2012 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01-03 цагийн үед иргэн Т.Ганзоригийн эзэмшлийн "Ланд Круйзер 80" загварын автомашиныг хулгайлан 18.000.000 төгрөгийн,

-Б.Эрболот, Т.Оюунболд, Ж.Алтангэрэл нартай бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 22-нд …иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн "Ланд Круйзер-80" загварын 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг хулгайлан 18.000.000 төгрөгийн хохирол учруулж, 3 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ үгсэн тохиролцож, машин механизм ашиглан, тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, бусдад нийт 56.676.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан.

3.Т.Оюунболд нь Б.Эрболот, Ж.Алтангэрэл нартай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож иргэн Б.Оргилбатын эзэмшлийн 02-20 УНА улсын дугаартай “Гранд марк-2" загварын мөнгөлөг саарал өнгийн машиныг хулгайлан 11.402.000 төгрөгийн,

Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням нартай бүлэглэн иргэн Ц.Энхбаатарын эзэмшлийн "Ланд Круйзер-80" загварын 45-67 ДГО улсын дугаартай ногоон өнгийн автомашиныг тус тус хулгайлан 18.000.000 төгрөгийн хохирол учруулж 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ үгсэн тохиролцож, машин механизм ашиглан, тусгайлан бэлтгэсэн түлхүүр хэрэглэж, бусдад нийт 29.402.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 998 дугаар шүүгчийн захирамждаа:

“Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 162 дугаартай тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 285 дугаартай магадлал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 755 дугаартай тогтоолд заагдсан ажиллагаануудыг бүрэн хийж гүйцэтгээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 329 дүгээр зүйлийн 329.1 дэх хэсгийн "Шүүхийн тогтоол...ыг...байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй" гэсэн заалтыг зөрчиж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.” гэж шийдвэрлэжээ

Прокурор П.Нархажид бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгч С.Батжаргал нь захирамждаа яллагдагч нарын холбогдсон хэргийг /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/ гэж бичихдээ яллагдагч нарын хэргийн үйлдэл оролцоог 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 197 дугаартай яллах дүгнэлтэд бичигдсний дагуу бичээгүй, өмнөх шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлт буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 214 дугаар яллах дүгнэлтэд тусгасан тэдний үйлдлийг бичиж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь ойлгомжгүй байна.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэх шүүгчийн 998 дугаартай захирамжийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Үүнд: 1.Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “шүүгдэгч ... нарт” гэсэн атлаа, захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “яллагдагч Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Ц.Давааням, Т.Оюунболд" нарт холбогдох эрүүгийн 2013 0102 0092 дугаартай нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай гэж нэг шийдвэрт 2 өөр буюу “яллагдагч”, “шүүгдэгч” гэсэн нэр томъёог хэрэглэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Шүүхэд шилжсэн яллагдагчийг шүүгдэгч...” гэж нэрлэнэ гэсэн заалтыг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар “Шүүхэд ирсэн хэргийн талаар шүүгч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Мөн шүүгчийн захирамжийн “захирамжлах хэсгийн” 4 дэх заалтад: Шүүхийн тогтоолд прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай гэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан “Шүүгч дээрх асуудлыг шийдвэрлэхдээ захирамж гаргах ...” гэх заалтыг зөрчжээ.

2.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 162 дугаартай тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 285 дугаартай магадлал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 755 дугаартай шүүхийн тогтоолд заагдсан ажиллагаануудыг бүрэн хийж гүйцэтгээгүй гэсэн ерөнхий заалтаар шүүгчийн захирамжаар удаа дараа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор шийдвэрлэх боломжгүй ямар нөхцөл байдлууд байгаа талаар огт дурдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх зарчим алдагдан улмаар шүүгчийн захирамжийг хүлээн авах боломжгүй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий гэрчүүд болох П.Доржсэнгэ, Т.Алтанхуяг, Ч.Нарандэмбэрэл, Г.Бямбажав нарыг байцааснаар яллагдагч нарын үйлдэл оролцоо тогтоогдож, шүүхийн өмнөх тогтоол, магадлалын заалтыг биелүүлсэн байхад мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийгдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүхийн тогтоол, магадлалд заагдснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг хийж, тогтоогдсон нөхцөл байдлын талаар прокурорын яллах дүгнэлтэд бичиж, яллагдагч тус бүрийн үйлдэл оролцооны талаар тусгасан байхад өмнөх яллах дүгнэлтээс яллагдагч нарын хэргийн үйлдэл оролцооны талаар болон шүүгч өмнөх захирамжаа хуулбарлан хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан байна.

Яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй боловч, яллагдагч нарын мэдүүлэгт хөтлөгдөн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш, шүүхийн тогтоол, магадлалын заалтыг биелүүлээгүй гэх үндэслэлээр хэрэгт мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь яллагдагч нарт ял завшуулж, хохирогч нарын зөрчигдсөн эрх сэргээгдэх боломж алдагдахад хүрч байна.

Шүүхээс яллагдагч нарын гэмт үйлдэлд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийж, харьцуулан судалсанаар яллагдагч тус бүрийн гэмт хэргийн оролцоог тогтоох байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Түүнчлэн хяналтын прокурор хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 14 хоног өнгөрмөгц шүүгчийн туслахаас хэргийг шүүхэд шилжүүлсэн эсэхийг тодруулахад шүүгч захирамжаар буцаах гэж байгаа гэж тайлбарласан боловч, шүүгчийн 998 дугаартай захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаахдаа захирамжийг 19 хоногийн дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр прокурорт ирүүлсэн нь хугацаандаа гарсан гэхэд эргэлзээтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 998 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Яллагдагч Б.Эрболотын өмгөөлөгч А.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Яагаад гэвэл бичигдсэн зүйлийг удаа дараа шалгаж, байцаалтад сууж ирсэн учраас эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Яллагдагч Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням нарын өмгөөлөгч С.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл маш богино хугацаанд гэрч асуусан болоод тухайн гэрч нь хэрэг болсноос 3 жилийн дараа гарч ирсэн нь эргэлзээтэй байна. Хэргийн бүрдэл дутуу байна гэв.

Яллагдагч Ж.Алтангэрэлийн өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргаан тайлбартаа: Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцэл үндэслэл муутай байна. Шүүхийн тогтоолын заалт хангагдаагүй гэв.

ХЯНАВАЛ:

Яллагдагч Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан шүүгчийн 998 дугаартай захирамж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Үүнд:

1.Шүүгч захирамждаа “…Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 162 дугаартай тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 285 дугаартай магадлал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 755 дугаартай шүүхийн тогтоолд заагдсан ажиллагаануудыг бүрэн хийж гүйцэтгээгүй…”  гэсэн ерөнхий заалтаар  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамж, шүүхийн магадлалын чухам аль заалтууд нь хангагдаагүй болох, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй ямар нөхцөл байдлууд байгаа талаар огт тэмдэглээгүй нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт “…Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой биичигдсэн байх...” гэсэн шаардлагад үл нийцжээ. Тухайлбал, Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорын газарт буцаасан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 162 дугаар шүүхийн тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 285 дугаартай магадлалд:

“…Б.Эрболот, Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням нар гэмт хэргүүдийг үйлдэхэд хэрхэн хамтран оролцсон оролцоог хүн тус бүрээр нь ялгаж, шалгаж нотлоогүй, Б.Эрболот нь дээрх хулгайн гэмт хэргүүдийг үйлдэхдээ хулгайлж авах гэж байгаа автомашинуудад түлхүүр тааруулах, 94-44 УНЗ дугаарын "Эксел" загварын автомашин, 51-37 УБЗ улсын дугаартай, "Аксент" загварын автомашин, 35-37 улсын дугаартай, "Марк-2" загварын автомашин хэрэглэсэн талаар хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мэдүүлснийг харгалзан …машин хулгайлах үедээ тэдний  ашигласан гэх өөрсдийнх нь хийгээд бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэх болон үнэлгээг тогтоох ажиллагаа явуулаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийн “…гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн … тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана...” гэсэн заалтыг шүүхээс хэрэглэх, хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц нөхцлийг бүрдүүлжээ.

Нөгөөтэйгүүр, авто машинууд хулгайлсан үйлдэл тус бүрт шүүгдэгч Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням нарын чухам хэн нь ямар үүрэгтэй оролцсон болох, хулгайлсан автомашинуудыг хэн, хэн хэрхэн ашиглаж хэрэглэсэн, чанар байдлыг нь хэрхэн өөрчилсөн, хэзээ, хэнд, ямар үнээр худалдсан, ашиг орлогоо хэрхэн, яаж хуваарилж зарцуулсан зэргийг нарийвчлан тогтоож, энэ нь хулгайн үйлдэл тус бүрт ямар нотлох баримтуудаар батлагдаж байгааг шүүгдэгч нэг бүрээр ялгамжтай зааж, прокурор яллах дүгнэлтээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсгийн “яллах дүгнэлтийн … тэмдэглэх хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэргийн … арга, сэдэлт, санаа, зорилго, … зайлшгүй шаардлагатай нотлох баримт  зэргийг дурьдана” гэсэн заалтыг бүрэн хангаж, ойлгомжтой хэлбэрээр үйлдэн ирүүлэх шаардлагатай…” гэжээ.

Шүүхийн тогтоол, магадлалын дээрх заалтын дагуу мөрдөн байцаалт явуулж, тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан “95-44 УНЗ улсын дугаартай Эксел” /4хх-157/, “51-67 УБЗ улсын дугаартай Аксент” /4хх-161/, “35-37 УБВ улсын дугаартай Гранд Марк-2” /4хх-164/ загварын дээрх автомашинуудыг үнэлүүлж, яллагдагч Ж.Алтангэрэл, Т.Оюунболд, Ц.Давааням нарыг таньж олуулах ажиллагаа хийж, үүнд холбогдуулан гэрч нараас мэдүүлэг авч, хэрэгт ач холбогдол бүхий гэрчүүд болох П.Доржсэнгэ, Т.Алтанхуяг, Ч.Нарандэмбэрэл, Г.Бямбажав нар болон яллагдагч нарыг дахин байцааж тэдний үйлдэл оролцоог тогтоох ажиллагааг хийжээ.

2.Шүүгчийн захирамжийн удиртгал, тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийн…, шүүгдэгч …нарт” гэсэн атлаа, захирамжлах хэсэгт  “яллагдагч … нарт…” гэж нэг шийдвэрт “яллагдагч”, “шүүгдэгч” гэсэн хоёр  өөр нэр томъёог хэрэглэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Шүүхэд шилжсэн яллагдагчийг шүүгдэгч...” гэж нэрлэнэ гэсэн заалтад нийцээгүй байна.

Нөгөөтэйгүүр, шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан атлаа захирамжийн “захирамжлах хэсэгт: “Шүүхийн тогтоолд” гэж бичсэн нь алдаа болжээ.

Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, цугларсан нотлох баримтуудад үндэслэн, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой байна. Иймд яллагдагч Б.Эрболот нарт холбогдох хэргийг, хэргийн оролцогчдын хүсэлтийг харгалзан шаардлагатай гэрч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцүүлэх замаар шүүгдэгч нар тухайн гэмт хэрэгт гэм буруутай, эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдний гэм буруугийн хэр хэмжээг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэн улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, дээрх үндэслэлүүдээр 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 998 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.