Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 449

 

Б.Мандах, Б.Одонтуул, Б.Одбаяр нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндорж,

ялтан Б.Одонтуул, Б.Одбаяр нарын өмгөөлөгч З.Ганчимэг,

ялтан Б.Мандах,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Одонтуул, Б.Одбаяр нарын өмгөөлөгч З.Ганчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Мандах, Б.Одонтуул, Б.Одбаяр нарт холбогдох 2015 0501 2690 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Бууч овогт Базарын Мандах, 1971 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 15/31 гудамжны 1 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:РЮ71021116/, 

2.Боржигон овогт Батцэнгэлийн Одбаяр, 1988 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 5а гудамжны 265 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ХБ88032572/,

3.Боржигон овогт Батцэнгэлийн Одонтуул, 1986 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 30 настай, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын 12а гудамжны 230 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ХБ86022568/,

Б.Мандах нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн хүлэг” автомашины зах дээр иргэн Б.Одонтуултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эзэмшлийн 43-61 УБТ улсын дугаартай, Тоёота Приүс-20 загварын автомашины урд салхины шилийг тоосго шидэн хагалж 190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Одбаяр, Б.Одонтуул нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 43-61 УБТ улсын дугаартай, Тоёота Приүс-20 загварын автомашины урд салхины шилийг хагалсан гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Мандахтай маргалдан түүнийг зодож биед нь “тархи доргилт, зүүн хацрын зулгаралт, хүзүү, гуяны зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Одбаяр, Б.Одонтуул нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар, Б.Мандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мандахыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээх гэмт хэрэг, Б.Одбаяр, Б.Одонтуул нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Б.Мандахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Одонтуул, Б.Одбаяр нарыг тус бүр 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Б.Одонтуул, Б.Одбаяр нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд баривчлах ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Мандахад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Б.Мандах, Б.Одонтуул, Б.Одбаяр нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Мандахад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Одонтуул, Б.Одбаяр нарын өмгөөлөгч З.Ганчимэг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Одонтуул, Б.Одбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “...хоёр буюу түүнээс дээш этгээд урдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ..." гэж заасан байна.

Б.Одонтуулын хувьд хохирогч гэх Б.Мандахыг зодоход Б.Одбаярын үйлдэлтэй санаатай нэгдээгүйгээр барахгүй, Б.Мандахын биед гар хүрсэн, түүнийг зодсон нь эрүүгийн хэрэгт цугларсан баримтуудаар нотлогддоггүй. Хохирогч Б.Мандах мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлэг өгөхдөө эрс зөрүүтэй мэдүүлгүүдийг өгч байсан. Тухайлбал: /хх-48 тал/ хохирогч Б.Мандахын мэдүүлэгт “...Б.Одонтуулын төрсөн дүү болох Одбаяр хэсэг бүлэг хүмүүстэй нийлээд намайг зодож миний биед хөнгөн гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг, мөн /хх-14/-д авагдсан тайлбарт “...Одбаяр хэсэг бүлэг хүмүүстэй нийлж байгаад намайг зодсон...” гэх, /хх-72/-т авагдсан мэдүүлэгт “...Одбаяр гэх залуу хэсэг хүмүүстэй ирээд эгч Одонтуулын хамтаар намайг зодсон...” гэх мэдүүлэг, /хх-105/-д “...Одбаяр, Одонтуул нар Одонтуулын нөхөр нь гэх залуу 3-уулаа бас 1 залуугийн хамт ирээд намайг зодсон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын шатанд хэдэн хэдэн удаа мэдүүлэг өгөхдөө ийнхүү зөрүүтэй өгсөн зэргээс харвал хохирогч Б.Мандах гэгчийн мэдүүлгийн үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байдаг. Гэрч Ч.Одбаярын /тухайн үед хэргийн газар дээр байсан бүх болсон явдлыг харсан гэрч/ хх-28 дугаар талд авагдсан мэдүүлэгт “…Одонтуул нь Б.Мандахыг цохисон, зодсон асуудал байхгүй...” гэж мэдүүлсэн, гэтэл тухайн үйл явдлыг болж өнгөрсний дараа ирсэн гэрч гэх М.Баясгалангийн мэдүүлгээр прокурор яллах үндэслэл болгосон байдаг.

Мөн анх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Б.Мандахын буруутай зүй бус харьцаа, догшин авирласан өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг сүйтгэж, олон нийтийн газар танхайрсан үйлдлээс шалтгаалсаныг шүүх анхаарах хэрэгтэй юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсэн зарчмын дагуу энэ хэрэгт Б.Одонтуулын оролцоо тогтоогдохгүй байх тул түүний үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолыг хянан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Одонтуулын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Ялтан Б.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй зөв гаргасан гэж үзэж байна. З.Ганчимэг өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Одонтуулыг зодоонд оролцсоныг олон хүн гэрчилдэг гэв.

Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Одонтуул, Б.Одбаяр нар нь бүлэглэж, Б.Мандахын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдсон. Энэ нь “Мөнгөн хүлэг” техникийн захын авто зогсоолын менежер, гэрч Баясгалан, Бадрал, Наранцэцэг, Гэрэлмаа нарын мэдүүлгүүдээр нотлогдсон. Өмгөөлөгчийн хэлээд байгаа Батцэнгэл гэгч нь тухайн үед “Мөнгөл хүлэг” техникийн зах дээр байгаагүй, сүүлд ирсэн ба бүлэглэж, санаатайгаар бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж үзэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Иймд өмгөөлөгч З.Ганчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Б.Мандах нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн хүлэг” автомашины зах дээр иргэн Б.Одонтуултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эзэмшлийн 43-61 УБТ улсын дугаартай, Тоёота Приүс-20 загварын автомашины урд салхины шилийг тоосго шидэн хагалж 190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Одбаяр, Б.Одонтуул нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 43-61 УБТ улсын дугаартай, Тоёота Приүс-20 загварын автомашины урд салхины шилийг хагалсан гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Мандахтай маргалдан түүнийг зодож биед нь “тархи доргилт, зүүн хацрын зулгаралт, хүзүү, гуяны зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Б.Мандах, Б.Одбаяр, Б.Одонтуул, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Баясгалан, Б.Бадрал, Б.Батбаатар, Д.Наранцэцэг, Д.Гэрэлмаа, Г.Баярсайхан нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15268 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Б.Мандах, Б.Одбаяр, Б.Одонтуул нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу болон хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Ялтан Б.Одонтуул, Б.Одбаяр нарын өмгөөлөгч З.Ганчимэгийн: “…Б.Одонтуулын хувьд хохирогч гэх Б.Мандахыг зодоход Б.Одбаярын үйлдэлтэй санаатай нэгдээгүйгээр барахгүй, Б.Мандахын биед гар хүрсэн, түүнийг зодсон нь эрүүгийн хэрэгт цугларсан баримтуудаар нотлогддоггүй.  Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсэн зарчмын дагуу энэ хэрэгт Б.Одонтуулын оролцоо тогтоогдохгүй байх тул … дээрх үндэслэлээр … Б.Одонтуулын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэсэн гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

мөрдөн байцаалтад сэжигтэн Б.Мандахын: “…Би өөрийнхөө машин дээр ирээд тайвшраад байж байхад Одбаяр гэх залуу хэсэг хүмүүстэй ирээд эгч Одонтуулын хамтаар намайг зодсон, тэгээд захын менежер болох нэг залуу ирээд салгасан юм…”,

хохирогч Б.Мандахын: “…Хэсэг зуур би уураа гаргаад байж байтал Одонтуулын төрсөн дүү болох Одбаяр нь хэсэг бүлэг хүмүүстэй нийлээд намайг зодож миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Одонтуул намайг 2-3 удаа маажсан байсан …

… Хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтлийг Одбаяр миний цамцаар хоолойг боож чирсний улмаас учирсан. Харин зүүн гуяны зулгаралт, тархи доргилт гэмтлийг Одбаяр намайг цамцаар боосон байхад эгч Одонтуул нь миний нүүрийг самардаж, толгой уруу хэд хэдэн удаа цохисны улмаас учирсан гэмтлүүд байгаа. Мөн хөлийн зулгаралт цус хуралт гэмтлийг Одбаяр миний хоолойг боож байгаад өшиглөсний улмаас учирсан. Болсон асуудал бол Одбаяр, Одонтуул бид нарын хооронд болсон асуудал байгаа. Одоо бодоод байхад тэнд байсан хүмүүс бид нарыг салгаж байсан. Би тухайн үед их айж сандарсан байсан учир намайг олон хүн зодсон гэж бодсон байна лээ…” /хх-32, 48, 72/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мандахын: “…2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Мөнгөн хүлэг” авто зах дотор Одонтуул, Одбаяр нараас дүүгийнхээ эрүүл мэндийн төлбөрийг нэхэмжилхээр очсон юм. Одбаяртай уулзах гэтэл түүний эгч Одонтуул машин дотор сууж байсан. Тэгэхээр нь дүүгийнхээ эмчилгээний зардлыг нэхэмжлэхэд “Өршөөлийн хуульд орсон хэргээс юу олж долоох гээд байгаа юм” гээд над руу Одонтуул салаавч гаргахаар нь би уурандаа 2-3 хоногийн өмнө Одбаярын унаж байсан машины цонх руу тоосго шидсэн. Тэгээд өөрийн машин дээрээ ирээд сууж байтал Одбаяр гаднаас орж ирээд цамцаараа миний хоолойг боож 200 метр газар чирсэн. Тэр үед Одонтуул Одбаяртай хамтарч намайг зодож миний биед гэмтэл учруулсан …” /хх-177/,

мөрдөн байцаалтад сэжигтэн Б.Одбаярын: “…Би Мандахтай зууралдсан мөн би өөрийнөө хамгаалах зорилготой зууралдсан юм…” /хх-51/,

…Би найзаасаа юу болсон талаар мэдээд ус авахаа болиод машин дээр ирэхэд намайг зам дээр Мандах хүлээгээд зогсож байсан. Тэгтэл намайг зогсоогоод шууд заамдаж машинаас буулгаад миний хоолойг боохоор нь би цамцаа тайлсан. Тэгээд цагдаа ирэх хооронд бид бие биетэйгээ зууралдсан нь үнэн…” /хх-177/,

шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Б.Одонтуулын: “…Тэгээд олон хүмүүс бөөгнөрөөд ирэхээр нь Мандах, Одбаяр нар дээр очиж зууралдсан байхаар нь зогсоол руу очиж учраа олцгооё гээд зогсоол дээрээ ирцгээсэн. Тэгтэл Мандах энд байгаа машиныг чинь бүгдийг нь шатаана гээд тоосго барьж гүйгээд байсан тул Одбаяр аргагүйн эрхэнд Мандахыг хориглосон үйлдэл хийсэн…” /хх-177/,

мөрдөн байцаалтад гэрч М.Баясгалангийн: “…Яг намайг уг залуус дээр очих үед Одонтуул Мандах гэх залуугийн толгойн тус газарт нь нэг удаа гараараа цохиж байхаар нь би очиж “Болиоч та нар тойроод олон машин байна, олон ч хүн байна наад машин тэрэгнээсээ холдож ярьж хөөр” гэсэн ... Одбаяр Мандах дээр очоод “Би чамайг алцан байхад гараад ирнэ гэх мэтчилэн үгээр хэлэхэд Мандах “чамд би алуулна гэж байхгүй би түрүүлээд чамайг ална” гээд энэ хоёр нэгнийгээ цохилцоод харилцан зодолдож эхэлсэн…” /хх-76/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Бадралын: “…Одонтуул гэх хүн Мандах бид хоёрын сууж байсан машинд ирээд та нар юу олж долоох юм бэ гэж хэлээд салаавч өгөөд Одонтуул Одбаяр гэдэг дүүгээ дуудаад Одбаяр нь хоёр залуутай ирж Мандахыг зуурч Одбаяр хоолойг нь боож Одонтуул нь Мандахын араас гараараа цохиод байсан, энэ үед “Мөнгөн хүлэг” захын менежер Баясгалан ирж салгаад байж байхад цагдаа нар ирээд аваад явсан. Одбаяр Мандахыг өвдөглөөд цохиод боогоод байсан бас Одонтуул нь хажуугаар нь орж цохиод байсан…” /хх-78/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Батбаатарын: “…Тухайн хэрэг гарсан өдрийн орой нь манай эхнэр Одонтуулын толгойн зүүн талдаа бага зэрэг хавдчихсан нойр муутай хоносон. Тэгэхээр нь би Одонтуулыг эмнэлэгт үзүүлье гэхэд Одонтуул яах юм бэ гээд үзүүлээгүй…” /хх-88/,

мөрдөн байцаалтад гэрч Д.Наранцэцэгийн: “…Тэр хүмүүс Мандахыг зодсон юм шиг байсан. Тухайн үед гэртээ ирэхэд Мандахын хөл хөхөрсөн хүзүү нь боогдоод улайсан, хацар нь маажуулсан байсан…” /хх-87/,

мөрдөн байцаалтад гэрч Д.Гэрэлмаагийн “…Мандах гэдэг ах Одбаяр гэх залуутай барьцалдаад авчихсан байсан. Тэр хоёр нь биенийгээ хараагаад Мандах гэгчийн хамраас цус гарчихсан байсан. Одбаярын эгч Одонтуул гэх эмэгтэй бас Мандах руу дайраад байх шиг байсан.…” /хх-90/,

мөрдөн байцаалтад гэрч Г.Баярсайханы “…Зүс таних Одонтуул, Одбаяр, Мандах нар зодолдсон гээд бужигнаан болоод цагдаа нар ирсэн Одбаяр, Мандах нар цээж нүцгэн байсан. Мандах нь Одонтуулын машины цонхыг хагалж, Одбаяр, Мандах нар зодолдсон гэж манай захын хүмүүс ярьж байсан.…” /хх-91/ гэсэн мэдүүлгүүд болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15268 дугаар дүгнэлт /хх-30/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-19/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ялтан Б.Одонтуул, Б.Одбаяр нар бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах нөхцөл байдал тогтоогдоогүй ба ялтан Б.Одонтуулд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй байна.

Иймд ялтан Б.Одонтуул, Б.Одбаяр нарын өмгөөлөгч З.Ганчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.