Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 524

 

 

 

 

 

 

 

 

                                     

 

А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Ялтан А.Цогтбаатарын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Ялтан Т.Ганбуян /Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар оролцов/, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

Ялтан Б.Цогт-Эрдэнийн өмгөөлөгч Л.Амартогос,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарт холбогдох 2014260000268 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овогт Алтантэнгэрийн Цогтбаатар /жижиг Цогоо хочтой/, 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй,

 

- 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

- 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн хянан харгалзан суллагдсан /РД:НЭ91071711/,

 

2. Ямаатынхан овогт Төмөрбаатарын Ганбуян, 1985 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын 81-ийн 16 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:УС85022317/,

 

3. Ундрах овогт Банзараагийн Цогт-Эрдэнэ /дэвхрэг Цогоо хочтой/, 1960 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй,

- 1979 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн б, 169 дүгээр зүйлийн в-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай комиссын 1981 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 765 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 сар 7 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 

- 2002 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан /РД:ЧВ60041119/,

 

А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нар нь бүлэглэн 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 20-21 цагийн үед, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны өмнөх гражийн дунд байрлах дулааны худаг дотор, 45 настай, эмэгтэй Н.Баярмааг архи ууж согтуурсан, биеэ хамгаалах чадваргүй байгааг нь мэдсээр байж, шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр зодож биед нь гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай ясны хугарал, тархины хатуу хальс дээр, доорх цусан хураа, толгойн хуйхны цус хуралт бүхий гэмтлийг санаатай учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокуророос А.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарыг бүлэглэж, танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.Цогтбаатарыг танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар А.Цогтбаатарыг 18 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарыг тус тус 20 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар А.Цогтбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарт тус тус оногдуулсан 20 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар А.Цогтбаатарт оногдуулсан 18 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарын тус тус цагдан хоригдсон 845 хоног тус бүрийг шүүгдэгч нарын хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн хүзүүний ороолт 1 ширхэг, улаан эрээн өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, ногоон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн фудволк 1 ширхэг, 53 см урттай зэв бүхий труба 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар дотуур өмд 2 ширхэг, цэнхэр өнгийн турсик 1 ширхэг, өвлийн гутал 1 хос, хүрэн өнгийн оймс 1 хос, хар өнгийн бээлий зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нараас тус бүр 1,920,866 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дөлгөөнд олгож, А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтан А.Цогтбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би хүний аминд хүрээгүй учир Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ямар ч гэрч, шинжээч эмчийг оролцуулалгүй шүүх хуралдаан хийсэн. Шинжээч эмч, гэрч нарыг байлцуулан дахин шүүх хуралдаан хийлгэх хүсэлтэй байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс олон удаа мэдүүлэг өгч, мөн мэдүүлгүүд нь өөрчлөгдөж байна. Эхний мэдүүлэгт намайг крантны ус гойждог цорго төмрөөр талийгаачийн цээж рүү нь цохисон болгож, дараагийн мэдүүлгээс нүүр лүү нь цохисон болгож, сүүлдээ талийгаачийг оролдсон, татаж, чангаасан, хэд хэдэн удаа алгадсан, нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохисон болгож худал мэдүүлж байгаад гомдолтой байна. Гэрч Ж.Саранчимэг, Ч.Гомбо, Ш.Мягмарсүрэн, Дашдорж нар зохиомол мэдүүлгээр хүн амины хэрэгт гүтгэж байна. Учир нь Саранчимэг талийгаачийн цогцосыг булаад тэр чигт нь хая гэсэн, Ш.Мягмарсүрэн, Т.Ганбуян нар талийгаачийн цогцосыг шуудайнд хийж авч яваад өөр траншейнд нуусан, хэрэг болсон газар намайг очиход Дашдорж согтуу, нам унтаж байсан, талийгаачийн цогцосыг нуусныг ч мэдээгүй байж намайг талийгаачийг унагаасан болгож ярьсан. Ч.Гомбо Баянгол дүүргийн 4 дүгээр хорооллын “Талст” машин угаалгын газраас цэнхэр спирт хулгай хийж авч уусан гээд шал согтуу байсан. Хэрэг гарсны дараа Ганбуян цагдаад хэлэх юм бол бүгдийг чинь чирээд шоронд орно гээд байсан нь эдгээр хүмүүсийн худал мэдүүлэг өгөх нэг шалтгаан болсон. Талийгаачийг 2014 оны 2  дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө нас барсан гэж худлаа. 2014 оны 2 дугаар сарын 7-ны шөнө талийгаач бид хоёр Баянгол дүүргийн “Хаан” зочид буудлын урдуур шил, сав түүж явсан, энэ газар зам дагуу маш олон камертай. Мөн бид хоёр миний төрсөн эх В.Мөнхцэцэгтэй 9109-9192 гэсэн дугаараас 9997-8520 дугаар луу холбогдож ярьсан. Мөрдөн байцаагч нарт энэ талаар шалгуулах хүсэлт удаа дараа гаргасан боловч авч хэлэлцээгүй. 2014 оны 2 дугаар сарын 8-ны өглөө би Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны хажууд байх дулааны худагаас яваад шөнө эргэж очиход талийгаач нь бусдад зодуулсан, нүүр ам нь цус болсон, толгойн зүүн хэсэгт хагарчихсан, ухаантай байгаа үгүй нь мэдэгдэхгүй хэвтэж байсан. Би хэн ингэж зодсоныг асуухад Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нар зодсон гэж Нарантунгалаг, Саранчимэг нар хэлсэн. Би талийгаачийн нүүр амны цус болсон хэсгүүдийг арчиж, цэвэрлэж өгсөн. Энэ шөнө нас барсан байсан. Ш.Мягмарсүрэн, Т.Ганбуян нар талийгаачийн цогцосыг шуудайнд хийж авч яваад өөр траншейнд нуусан. Үүнээс нэг хоногийн дараа Т.Ганбуян ах намайг дагуулж явж шороон доор булсан. Иймд хэргийг дахин хянаж Эрүүгийн хуулийн тохирох зүйл ангиар ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Б.Цогт-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Т.Ганбуянг согтоод унасан, хөлдөж үхэж болзошгүй байхад нь амьдарч байсан траншейнд нь хүргэж өгснийхөө төлөө гэрч нарын хуурамч мэдүүлгийн улмаас нотлох баримтгүй намайг буруутгаж, яллаж байгаад гомдолтой байна. Гэрч Саранчимэг, Мягмарсүрэн, Нарантунгалаг нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт удаа дараа гаргасан, тэднийг хайж явсан ч олж ирээгүй. Мөрдөн байцаагч хошууч Очиржанцан цаас байхгүй гэх нэрийдлээр надаас албан ёсны байцаалт нэг ч аваагүй. Ганбуян мэдүүлэгтээ Цогт-Эрдэнэ ахыг гараад явсны дараа талийгаач Баярмаа надад архи бага өгөөд байна гэж хэлэхээр нь Ганбуян чи эмэгтэй хүн юм байж архинд юун шуналтай юм гэж хэлээд нүүрэн тус газар нь хоёр удаа алгадсан, мөн 0.75 граммын архины шилээр толгойн тус газар нь нэг удаа цохиод тэгээд талийгаач Баярмаа хэвтээд өгсөн. Гэрч Мягмарсүрэн, Гомбо нар нь тухайн үед огт байгаагүй мөртлөө тэнд байсан гэрч Саранчимэгтэй яг адилхан мэдүүлэг өгсөн. Он, сар, цагаа мэдэхгүй зөрүүтэй мэдүүлэг зэргээс худлаа ярьж байгаа нь харагддаг. Би талийгаачийг булалцаагүй, булалцах хэрэгт огт оролцоогүй, тэнд байхгүй байсан. 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 276/А тогтоолд Т.Ганбуян хэлэхдээ би Цогт-Эрдэнэ зодсон гэж худлаа хэлсэндээ харамсаж байна. Цогт-Эрдэнэ огт зодоогүй гэж, мөн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 276/Б тогтоолд Т.Ганбуян мэдүүлэхдээ энэ хэрэг надтай холбоотой, өөр хүн цохиогүй. Талийгаач архи бага өглөө гээд агсраад байхаар нь би цохисон. Цогт-Эрдэнэ зодоогүй гэж хэлсэн нь үнэн гэж мэдүүлсэн. Ганбуян нь гэрч Саранчимэг, Мягмарсүрэн, Гомбо, Нарантунгалаг, Дашдорж нарыг байнга дарамталж, энэ хэргийг хүнд хэлэх юм бол хохь чинь болно шүү гэдэг байсан юм билээ. ...Миний биеийн эрүүл мэндийн байдал маш муу, элэг томорсон, даралт ихэсдэг, мөн энэ хэрэгт холбогдож шийтгүүлсний улмаас сэтгэл санаа тогтворгүй байна. Миний биеийн байдал болон нас 57 хүрсэн зэргээс үзэхэд би энэ олон жилийн ялыг эдлэж дийлэхгүй нь тодорхой. Иймд тухайн үед хэн, хэн тэнд байсан, ямар, ямар гэрч нь тэнд огт байгаагүй болохыг тогтоож, хэргийг дахин сайн нягтлан шалгаж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Т.Ганбуян давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдааны өмнө, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагч, өмгөөлөгч нар болон шүүгдэгч миний зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нарыг оролцуулах  хүсэлтээ гаргасан ч шүүх бүрэлдэхүүн гэрч нарыг оролцуулах шаардлагагүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлснээр миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Гэрч Саранчимэг, Мягмарсүрэн нар нь намайг Цогт-Эрдэнэтэй нийлж хүний амь насыг хохироосон гэж худал мэдүүлэг өгснийг хуулийн дагуу шалгаж өгнө үү. Хэрэг болох үед миний бие талийгаачийг 2 удаа алгадсан ба хоосон архины лонхоор толгойн тус газар нь зөөлөн тоншчихоод унтахаар хэвтэх үед талийгаач зүгээр байсан төдийгүй толгойнд нь ил харагдах шарх байгаагүй, Саранчимэгтэй юм яриад зүгээр сууж байсан. Харин намайг орой сэрэхэд нүүр ам нь нил цус болоод хатчихсан дээшээ хараад хэвтэж байсан. Намайг унтаж байхад хэнтэй муудалцаж зодолдсон талаар мэдэхгүй. Гэрч Саранчимэг, Мягмарсүрэн, Нарантунгалаг нар намайг унтаж байх хооронд юу болсныг мэднэ гэж бодож байна. Гэвч шүүх хуралдаанд гэрч Нарантунгалаг хаана байгаа нь тодорхойгүй байна гэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74 дүгээр зүйлд гэрчийг албадан ирүүлэх талаар тодорхой заасан байдаг. Мөн Саранчимэг, Мягмарсүрэн нар нь шүүх хуралтайг мэдсээр байж ирээгүй зэрэг нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлж байна. Иймд гомдлыг минь хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан А.Цогтбаатарын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байна. Анхан шатны шүүх гэрч нарыг оролцуулж мэдүүлгийн зөрүүг гаргалгүй хуралдаан хийсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Цогт-Эрдэнийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Цогт-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Ялтан Т.Ганбуяны өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Ганбуяны гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй  байна.

 

Прокуророос А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар “бүлэглэн” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд улсын яллагч шүүх хуралдаан дээр А.Цогтбаатарын “бүлэглэн” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснээсээ татгалзсаныг анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

 

Шүүх Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарыг бүлэглэж, танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.Цогтбаатарыг танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хэргийг шийдвэрлэжээ.

 

Дээрх байдлаас үзэхэд прокурор нь А.Цогтбаатарыг энэ гэмт хэрэгт “бүлэглэж” оролцоогүй гэж яллахаас татгалзсаныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэж, түүний хэргийн зүйлчлэлийг өөрчлөн “ялтан нар хүнийг санаатай алах хэд, хэдэн гэмт хэргийг тус бүрдээ үйлдсэн” мэт ойлгогдохоор гэм бурууг тогтоосныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Энэ талаар өмнө нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны 329 дугаартай магадлал хүчин төгөлдөр байтал анхан шатны шүүх гэм буруугийн хэлбэрийг хоёр өөр байдлаар тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу, тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Хэрэв прокурор ялтан А.Цогтбаатарыг бусдыг санаатай алах гэмт хэрэгт бүлэглэж оролцоогүй гэж үзэж байгаа бол ямар гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, шалтгаан, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоосны эцэст хэргийг зүйлчилж шүүхэд ирүүлэх шаардлагатай.

 

Иймд ялтан А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Цогтбаатар, Б.Цогт-Эрдэнэ, Т.Ганбуян нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт ялтан Алтантэнгэрийн Цогтбаатарыг Алтангэрэлийн Цогтбаатар гэж буруу бичсэн, шийтгэх тогтоол бүхэлдээ үг үсэг, утга найруулгын алдаа ихтэй, шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн  1 дэх заалт, шүүх хуралдааны тэмдэглэлд бичсэн 1 дэх заалтууд хоорондоо зөрүүтэй байгааг цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 2014260000268 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол А.Цогтбаатар, Б.Цогт-Эрдэнэ, Т.Ганбуян нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

        

                                    ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ