Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 378

 

                                                           

 

 

 

 

 

 

Х.Азбилэгт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Д.Мөнхтуяа,

            Ялтан Х.Азбилэг, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

            Хохирогч Т.Цэндбаяр,

            Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 437 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Азбилэг, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Азбилэгт холбогдох эрүүгийн 201626020428 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Арваны Дорж овогт Хүрэлбаатарын Азбилэг, 1991 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Sea” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 3, хоёр ахын хамт, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 1-60 айлын 2 тоотод оршин суух, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад 2016 онд зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, /РД: УШ91051230/,

 

Х.Азбилэг нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sea” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрч тус бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Цэндбаярыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр эрүүн тус газар нь цохиж, эрүүг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Азбилэгт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Азбилэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Азбилэгт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.Азбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Т.Цэндбаяр өөр учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Х.Азбилэгээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Азбилэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Ялтан Х.Азбилэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 оны 1 дүгээр сарын 18-ны шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Sea” бааранд хэсэг залуусын зодоон салгаж байгаад хохирогч Т.Цэндбаярын эрүү, шанаа орчим цохиж гэмтэл учруулж, шүүхээс 3 жил 1 сарын хорих ял шийтгэсэн. Шүүх хуралд орохын өмнө хохирлын мөнгө бүрэн төлж амжаагүй ба хурлын дараа хохирогчийн нэхэмжилсэн 2.5 сая төгрөгийг төлж барагдуулсан. Иймд хорих ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж байна.” гэв.

Ялтны өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал, хохирогч, шүүгдэгчийн хоорондын харилцаа, гэмт хэрэг үйлдсэн сэдэл шалтгаанд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг зөв оновчтой тогтоож чадаагүй гэж үзэж байна. Х.Азбилэг нь “Sea” бааранд хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг ба хохирогч Т.Цэндбаяр нь дээрх бааранд байнга орж үйлчлүүлдэг бөгөөд тухайн орой найз нартайгаа орж ирээд суухад нь хэрүүл, зодоон битгий гаргаарай гэж захиж хэлсэн байдаг. Х.Азбилэг нь текний ард амарч байх үед Жони гэх хамгаалагч чанга яригчаар дуудахад босч очин текний урд сууж байсан 2 залуу хүмүүстэй маргалдаж байхад нь салгаж байхдаа “зодоон битгий гаргаарай гэж хэлээ биз дээ” хэмээн хохирогч Т.Цэндбаярын зүүн шанаан тус газарт нь гараараа 1 удаа цохьсон байдаг. Дээрхээс үзэхэд Х.Азбилэгийн үйлдэл нь ажил үүргийн хүрээнд бааранд үүссэн маргааныг зогсоох зорилгоор, “хэрүүл зодоон битгий үүсгээрэй гэж захиа биз дээ” гэх сэдэлтээр үйлдэгдсэн нь тодорхой байна. Энэ шалтаг, шалтгаан, сэдэл нь танхайрсан хэрэг биш. Харин ажил үүргээ биелүүлж хэрүүл зодооныг зогсоох гэсэн хувийн сэдэл бүхий хууль бус үйлдэл юм.

Иймд хэргийг анхан шатны шүүх ямар нэг шалтаг, шалтгаангүй нийгмийн хэв журам зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй. Харин бааранд хэлүүл үүсгэлээ гэсэн сэдэл шалтгаанаар санаатай зүүн эрүүнд нь гараараа цохиж эрүүг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах ёстой гэж үзэж байна. Х.Азбилэг нь хохирогчид учирсан хохирол гэм хорыг төлж арилгасан, үйлдсэн хэргээ шударгаар хүлээж гэмшиж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлууд байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянах харгалзуулж өгнө...” гэв.

Хохирогч Т.Цэндбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Азбилэг хохирлоо төлж, би гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн. Х.Азбилэгийн өмгөөлөгч намайг байнга “Sea” бааранд ордог, зодоон хийдэг гэж ойлгогдохоор зүйл хэлж байна. Намайг бааранд ороход Х.Азбилэг “хэрүүл, зодоон битгий гаргаарай” гэж хэлээгүй. Надад тухайн бааранд байнга орж, хэрүүл, зодоон хийдэг асуудал байхгүй. Найзтайгаа утсаар ярьчихаад буцаад ороход манай найзыг 2-3 хамгаалагч тойроод зогссон байсан. Очоод “юу болсон бэ” гэтэл шууд цохисон...” гэв.

Прокурор Д.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Бат-Өлзий өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг зодооныг зогсоох зорилгоор “хэрүүл, зодоон битгий үүсгээрэй гэсэн биз дээ” гэж хэлээд цохисон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Т.Цэндбаярыг гадаа гарч тамхи татчихаад орж ирэхэд найзуудыг нь хамгаалагч нар тойрч зогссон байхаар нь “юу болсон бэ” гэж хэлээд очиход Х.Азбилэг нүүр рүү нь зүүн талаас цохиж, тонгойход нь толгой руу нь өшиглөсөн гэдэг. Шүүгдэгч Х.Азбилэгийн хувьд тус бааранд ажиллаад удаж байгаа, өмнө нь мөн хүн зодож эрүүг нь гэмтээж байсан. Түүний уг үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн боловч дахин гэмт хэрэг үйлдсэн. Өмнө үйлдсэн хэрэгт нь өмгөөлөгч Ц.Бат-Өзлий түүнийг өмгөөлж байсан. Хохирогч Т.Цэндбаярын эрүү хугарч гэмтсэн тул мэс засал хийхийн тул түүний ургаж байсан агт арааг авсан. Хохирогч хагалгааны зардалд 2.500.000 төгрөг төлсөн. Прокурорын зүгээс Т.Цэндбаярт нэхэмжилж байгаа мөнгө чинь эмчилгээ хийлгэхэд хүрэлцэхгүй гэдэг асуудал тавихад “Х.Азбилэг өмнө хүний эрүү хугалж хохироосон хохирлоо төлж чадахгүй байгаа хүнээс илүү нэхвэл өгөхгүй байх” гэсэн. Гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын иргэн “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй…” гэж заасан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.9 дэх заалтад хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх юм.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Х.Азбилэгт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэлд “хохирогч Т.Цэндбаяр …би эрүүгээ хугалуулаад 2.500.000 төгрөгөөр хагалгаанд орсон. Дөнгөж шинээр ургаж байсан агт арааг дайрч хугарсан байсан учир авч байгаад эрүүгээ хадуулсан. Энэ агт арааг хиймлээр хийх ёстой. Энэ мөнгийг нэхэмжилж байна. …Эрүүгээ хадуулсан 2.500.000 төгрөг, хиймэл шүд хийлгэх 1.000.000 төгрөг нэхэмжилж байна…” гэж тусгагдсан, мөрдөн байцаалтын шатанд түүний өгсөн “…Миний эмчилгээний зардал болох хагалгааны 2.500.000 төгрөг, эрүү хадах үед авсан арааг хиймлээр хийх ёстой гэж эмч хэлсэн тэр эмчилгээний мөнгөө нэхэмжилж байна…” /хх-ийн 10/, “…би хувийн эмнэлэгт 2.500.000 төгрөгийн хагалгаа хийлгэсэн…” /хх-ийн 11/ гэх мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан “…нийт эмчилгээний төлбөр 2.500.000 төгрөг…” гэсэн бичилттэй эмчийн тэмдэг дарагдсан баримт /хх-ийн 13/ зэргийг харьцуулан дүгнэхэд хохирогч дээрх хуульд заасан эрхийнхээ дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг шаарджээ.

Анхан шатны шүүх аливаа хэргийг мэтгэлзэх зарчимыг үндэслэж, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрийн гэм буруутайг тогтоож, тэдэнд зохих ялыг шударгаар оногдуулах үүрэгтэй хэдий ч Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох эрхэм зорилготой.

 

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “…Х.Азбилэг …төлөх төлбөргүй” гэсэн атлаа 5 дахь заалтад “хохирогч Т.Цэндбаяр өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Х.Азбилэгээс жич нэхэмжлэх эрхтэй” хэмээн дурдсан нь ойгомжгүй байхаас гадна, хохирлыг хэт хавтгайруулан шийдвэрлэжээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарчим, зорилтод нийцэхгүй юм.

 

            Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний …хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг тууштай хэрэгжүүлэх баталгааны нэг бол гэмт хэргийн уршгаар учирсан хохирлоо хохирогч нөхөн төлүүлэхээр шаардлага тавьж, түүнийг шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хянан шийдвэрлэх явдал юм.

                                                         

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Иргэний хариуцагчаар …гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно”, мөн зүйлийн 44.2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татах тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж  гаргана” гэж хуульчилсан байхаас гадна шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай асуудлыг өөрийн санаачилгаар шийдвэрлэх үүрэгтэй.

 

            Ялтан Х.Азбилэг тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sea” бааранд хамгаалагч ажилтай, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрч тус бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Цэндбаярыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр эрүүн тус газар нь цохиж, эрүүг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь ялтан, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, мөрдөн байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 27 тоот мэдэгдэл /хх-ийн 44/ зэргээр тогтоогдож байна. Иймээс Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sea” баарны холбогдох албан тушаалтанг уг хэрэгт иргэний хариуцагчаар татаж, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг хэн нөхөн төлөх үүрэгтэйг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай. 

            Харин шүүх хохирол барагдуулах талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд хийвэл зохих бүхий л ажиллагааг гүйцэтгэсний эцэст гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хянан шийдвэрлэх явцад тооцоог бүрэн хийх боломжгүй /баримтгүй, баримт нь хуулийн шаардлага хангаагүй гэх мэт/ бөгөөд энэ нь гэмт этгээдийн гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй тохиолдолд эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, тухайн хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлдэг учиртай.

 

Ингэснээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ  хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэнтэй нийцэх бөгөөд шүүхийн шийдвэрийг хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

             Дээрх байдлын улмаас давж заалдах шатны шүүх ялтан Х.Азбилэг, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан гомдлыг энэ удаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг тэмдэглэж байна. 

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Азбилэгт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: