Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2025/00503

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2025/00503

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* **** дүгээр гудамжны **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.******* нь 1987 оны 8 дугаар сарын 15-наас өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Тээврийг удирдах газрын 10 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1987 оны 8 дугаар сарын 15-наас 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан талаарх Хэнтий аймгийн Авто тээврийн 10 дугаар баазын санхүүгийн баримтыг шүүлгэхэд 1961 оноос хойш удирдлагын баримт шилжиж ирээгүй, 1987-1994 оны санхүүгийн баримтад С.*******д холбогдох баримт огт гарч ирэхгүй гэсэн хариуг өгсөн. Би одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байгаа ба өөр ямар ч баримт өгөх боломжгүй бүх бололцоотой газар шүүлгээд олдохгүй байна. Иймд намайг 1987 оны 8 дугаар сарын 15-наас 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн 10-р Авто баазад жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч С.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Ажилд орсон гарсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт байгаа боловч тушаалууд эх хувиараа олдохгүй байгаа юм. Би 10-р ангиа 1982 онд төгсөөд 1984-1987 онд Нисэхийн 107-р ангид 3 жил цэргийн алба хаасан. Тэгээд цэрэгт байхдаа 1985 онд жолооч болсон. Цэргээс халагдаж ирээд 10 дугаар баазад манай аав, ах хоёр ажиллаж байсан учраас би аавынхаа баазад жолоочоор орсон. Тухайн үед аав автобус, ах 469 машин барьдаг байсан. Би эхлээд 1 жил гаруй хугацаанд Өндөрхааны дотор явдаг шугамын автобус барьж байгаад дараа нь хот хоорондын тээврийн Зил-130 машин барьсан. Ноос, жонш, нүүрс гээд төрөл бүрийн ачаа зөөдөг байлаа. Тэр үедээ жолооч нар нилээн өндөр цалинтай, 3000 орчим төгрөгийн цалин авдаг байсан. Би энэ хугацаанд тасралтгүй ажилласан бөгөөд автобусны дараа 84-77 ХЭ улсын дугаартай Зил-130 машиныг 1988 оноос барьж байгаад 1994 онд бааз хувьчлагдахад машинаа хувьд аваад ажлаас гарсан. Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн улсад ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025.04.29-ний өдрийн 08/187 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн болно.

Шүүхээс Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1, ХААТР-21 дугаартай маягтын хуулбар, гэрлэлтийг бүртгэх анкетийг нотлох баримтаар гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.*******, ******* нарыг мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Хүсэлт гаргагч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

3.Хүсэлт гаргагч С.******* нь 1965 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 60 настай бөгөөд Хөдөлмөрийн дэвтэрт Хэнтий аймгийн 10-р баазад жолоочоор ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн талаар тэмдэглэгдсэн боловч ажилд томилсон, чөлөөлсөн тушаал эх хувиар олдоогүй үндэслэлээр ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

4.Хүсэлт гаргагч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.

5.Хүсэлт гаргагч С.******* ажиллаж байсныг нотлох баримтууд болох ажилд орсон, ажлаас гарсан тушаал эх хувиар байхгүй байгаа болох нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 08/187 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

6.Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

7.Хүсэлт гаргагч С.******* нь 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн 10 дугаар авто баазад жолоочоор ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар,

-Хүсэлт гаргагчийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтэрт Хэнтий аймгийн ТУГ-ын даргын 1987 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 168-р тушаалаар цэргээс халагдаж ирсэн тул жолоочоор авч ажиллуулав, Хэнтий аймгийн 10-р баазын даргын 1994 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 87-р тушаалаар Аймгийн засаг даргын 83-р захирамжийг үндэслэн машинаа хувьдаа авах болсон тул жолоочийн ажлаас чөлөөлөв гэсэн байв .

/хх-ийн 6-р хуудас/,

-БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 маягт, уг маягтанд Хэнтий аймаг, овог- , нэр-*******, мэргэжил авто жолооч, зэрэг 3, ажилладаг байгууллага-ТУГазар, ажилд орсон он-1987 он, эрхэлдэг ажил-авто жолооч, бүртгэгч -Гантиг, 1988.10.22 ны өдөр гэсэн байв, /хх-ийн 17-р хуудас/,

-Гэрлэлтийг бүртгэх анкет №34 Хэнтий аймаг, Өндөрхаан хот, 1988.3.23-нд бүртгэв гээд хүснэгтийн 7-рт ажиллаж байгаа газрын нэр ТУГ/ Тээврийг удирдах газар/ , 8 дугаарт эрхэлж байгаа ажил- жолооч гэсэн байв, , /хх-ийн 19-р хуудас/,

-Гэрч Ц.*******ын шүүхэд өгсөн: ******* аав нь , ах нь - гэдэг хүмүүс манай баазад жолоочоор ажилладаг байсан. 1987 онд наадмаас хойш хэдэн хүүхдүүд баазад жолоочоор орсны нэг нь цэргээс халагдаж ирсэн ******* байгаа юм. Тэгээд ******* автобус, ачааны тэрэг барьж байсан. Улмаар бааз татан буугдаад жолооч нар барьж байсан машиныхаа үнийг төлөөд машинаа өөрсдөө худалдаж аваад өөр өөрсдийнхөө замаараа явцгаасан даа. Намайг ажлаасаа гарахад энэ хүн ажиллаад үлдсэн. Би бодохдоо 1993, 1994 оны үед л ажлаасаа гарсан байх гэж бодоод байна. ******* энэ хугацаанд тасралтгүй ажилласан. Манай бааз автобус энэ тэртэй нийлээд 300-аад ажилчинтай том бааз байсан. Жолооч нар тэр үедээ л гайгүй өндөр цалинтай байсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

-Гэрч *******ийн шүүхэд өгсөн: ******* 1987 оны үед цэргээс халагдаж ирээд манай баазад ажилд орсон. Аав нь манай баазад гээд жолооч байсан. ******* автобус бас гуч машин барьдаг байсан. Авто тээврийн бааз 1993, 1994 оны хавьцаа татан буугдсан. Тэр үед л ажлаасаа гарсан байх. Энэ хугацаанд тасралтгүй ажилласан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг зэрэг болно.

8.Хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа, хамт ажиллаж байсан гэрч нар нь тасралтгүй ажилласан талаар мэдүүлсэн, гэрч нарын хөдөлмөрийн дэвтэрт тэдний ажиллаж байсан талаарх үйл баримт тусгагдсан байх тул хүсэлтийг ханган шийдвэрлэсэн болно.

9.Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г 1987 оны 8 дугаар сарын 15-наас 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн 10 дугаар авто тээврийн баазад жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА