Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 363

 

2016.6.2

 

С.Отгонбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Алтантүлхүүр,

Хохирогч О.Халиун, түүний хууль ёсны төлөөлөгч А.Түвшинжаргал,

Хохирогч О.Халиун, түүний хууль ёсны төлөөлөгч А.Түвшинжаргал нарын өмгөөлөгч А.Сандагдулам,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Б.Халиун, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 319 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Алтантүлхүүрийн бичсэн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 14 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр С.Отгонбаярт холбогдох эрүүгийн 201625030151 дугаартай хэргийг 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Хонхот арслан овогт Самбуугийн Отгонбаяр, 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 251 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /РЮ 72101911/.

 

С.Отгонбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний орой 21-22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 251 тоотод байрлах гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, "мөнгө өгсөнгүй" гэх үл ялих зүйлээр шалтаглан О.Халиун руу варений шилийг зэвсгийн чанартай хэрэглэн шидэж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Отгонбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Халиуны хувийн байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоох шаардлагатай гэж үзлээ. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Халиуны оролцсон байдлаас дүгнэлт хийвэл хэрэг гарсан байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байх тул О.Халиуныг сэтгэцэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзнэ. Түүнчлэн О.Халиуны хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх А.Түвшинжаргалыг тогтоосон шалтгаан нь тодорхойгүй, О.Халиуны хувийн байдлыг 19 настай, бага боловсролтой гэжээ. Гэтэл ямар шалтгааны улмаас хууль ёсны төлөөлөгч томилсон эсэх нь ойлгомжгүй, хохирогчийг эрх зүйн зарим чадамжтай эсхүл эрх зүйн чадамжгүй эсэх талаар тогтоосон үйл баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаяраас байцаалт авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчжээ. Иймд шүүгдэгч С.Отгонбаярт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгүүлэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзэж, С.Отгонбаярт холбогдох эрүүгийн 201625030151 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаажээ.

 

Прокурор Н.Алтантүлхүүр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 319 дүгээр шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, хууль ёсны болон үндэслэлтэй болж чадаагүй байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Халиун нь бага боловсролтой, тархины хоргүй хавдар өвчтэй, 50% группт байдаг нь хавтаст хэрэгт авагдсан өвчний түүх /хх-ийн 30-40 дүгээр хуудас/ болон хохирогч О.Халиун, гэрч А.Түвшинжаргал нарын мэдүүлгээр тогтоогддог тул түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан О.Халиуны хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх А.Түвшинжаргалыг тогтоосон, мөн О.Халиун нь бага боловсролтой, тархины хоргүй хавдар өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ бүрэн эдэлж чадахгүй гэж үзэн өмгөөлөгч заавал оролцуулсан болно.

Хохирогч О.Халиун нь хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлж, тавьсан асуултад хариулт өгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чаддаг нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр аав Отгонбаяр гэртээ байж байгаад өдөр айл руу явлаа гээд явсан. Гэртээ буцаж ирэхдээ аав согтуу хүрч ирсэн. Тухайн үед надад 5000 төгрөг байсныг аав мэдэж байсан болохоор надаас тамхины мөнгө гуйгаад байхаар нь би өгөөгүй. Тэгтэл аав намайг хойд ор луу түлхээд унагаасан. Тэгээд над руу варений шил шидчихсэн. Тэгээд варений шил хагараад миний баруун талын хацрыг зүссэн. Манай аав намайг тамхины мөнгө зээлүүлсэнгүй гэх шалтгаанаар миний нүүр лүү варианы шил шидэж гэмтэл учруулсан, ... би гэртээ дүү Эрдэнэбаяр, Тэргэл нарын хамтаар гэртээ байж байсан. Тэгээд бид гурвыг байж байхад аав гаднаас архи уучихсан согтуу орж ирсэн, ... би мөнгө өгөхгүй гэхэд аавдаа зээлүүлчих л дээ гээд чанга хэлээд байсан. ... Миний баруун хацар шил хагарсны улмаас зүсэгдсэн, мөн шүд хугарсан. ..." гэх /хх-ийн 12-13, 14-16 дугаар хуудас/ мэдүүлгээр тогтоогддог бөгөөд уг мэдүүлэг нь гэрч А.Түвшинжаргал, Л.Тайван, насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаяр нарын болон С.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогддог тул заавал шинжилгээ хийлгэх шаардлагагүй юм.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.4 дэх хэсэгт гэрч, хохирогч нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитойгоор тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл тэдний сэтгэцийн байдлыг тодорхойлохоор заасан байдаг. Гэтэл энэ хэргийн хувьд эргэлзээ төрөх үндэслэл байхгүй, сэтгэцийн талаар шалгуулах шаардлагагүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхээс зайлсхийсэн гэж дүгнэж байна. Хэрвээ шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл хуульд зааснаар шинжээч томилон дүгнэлт гаргуулах эрх, үүргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасан байгаа болохоор үүнийг заавал хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтаар хийлгэх байдлаар нөхөн гүйцэтгэх шаардлагагүй. Насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаяраас байцаалт авахдаа мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрчийг байцаахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухалыг тайлбарлан өгөх байдлаар байцаалт авсан ба насанд хүрээгүй гэрчид мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулах байдлаар байцаалт аваагүй байхад шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан дээрх үндэслэлүүдийн алиныг нь хэрхэн зөрчсөн талаар дүгнэлтийг хийгээгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй болно. Харин анхан шатны шүүхийн 319 дүгээр шүүхийн тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн газар, он, cap, өдөр, түүний оршин суугаа болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, урьд ял шийтгүүлсэн эсэхийг тусгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.4 дэх хэсгийг, шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 3-т "...хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Отгонбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг авсугай”, 4-т шүүхийн тогтоолын хувийг ... цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлэхийг Тахарын албанд даалгасугай..." гэсэн нь энэ хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3 дахь хэсэгт заасан "...урьдчилан хоригдсон хугацааг тооцсон тухай шийдвэр..."-ийг, өөрөөр хэлбэл шүүх мөрдөн байцаалтын шатанд С.Отгонбаярт 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэзээ, ямар үндэслэлээр чангатган цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаараа оролцогч нарт мэдэгдээгүй, тогтоолд тусгалгүй орхигдуулсан нь шүүхийн тогтоол хууль ёсны болон үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсгийг, шүүх хуралдааны тэмдэглэлийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар шүүгч гарын үсэг зурж баталгаажуулаагүй байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны явцад үйлдэх бөгөөд түүнийг шүүх хуралдаан дууссанаас хойш 3 хоногийн дотор дуусгаж, гарын үсэг зуруулна гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 253 дугаар зүйлийн 253.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд С.Отгонбаярын үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 319 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 201625030151 дугаартай С.Отгонбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогч О.Халиун, түүний хууль ёсны төлөөлөгч А.Түвшинжаргал нарын өмгөөлөгч А.Сандагдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч тархины хоргүй хавдар өвчний улмаас группэд байдаг” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Түвшинжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан Анхан шатны шүүхийн тогтоолд “…Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Халиуны хувийн байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоох шаардлагатай. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Халиуны оролцсон байдлаас дүгнэлт хийвэл хэрэг гарсан байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байх тул О.Халиуны сэтгэцийн талаар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзнэ. …” гэсэн үндэслэл заасан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Учир нь, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.4 дэх хэсэгт “Гэрч, хохирогч нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитойгоор тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл тэдний сэтгэцийн байдлыг тодорхойлох” буюу заавал шинжилгээ хийлгэхээр заажээ.

 

Хохирогч О.Халиун нь нүүрэндээ гэмтэл авсан байх бөгөөд уг гэмтэл нь нүүрийг нь засаршгүй эвдэж, дүрсийг алдагдуулсан эсэхийг болон С.Отгонбаярын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах.

 

Хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоолын “…Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаяраас байцаалт авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчжээ. …” гэсэн хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй байх тул улсын яллагчийн эсэргүүцлийн “…насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаяраас байцаалт авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй …” гэх хэсгийг хүлээн авч, эсэргүүцлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 319 дүгээр шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт “…Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаяраас байцаалт авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчжээ. …” гэсэн хэсгийг хүчингүй болгож, улсын яллагчийн эсэргүүцлийн “…насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаяраас байцаалт авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй …” гэх хэсгийг хүлээн авч, эсэргүүцлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

         2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.                             

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Л.ДАВААСҮРЭН   

                                    

                         ШҮҮГЧИД                                                          Д.ГАНСҮХ

                                                                        

              Т.ӨСӨХБАЯР