Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 364

 

                                                                                         

 

 

 

 

 

 

 

 

Г.Ганбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Д.Ууганцэцэг,

Ялтан Г.Ганбат /Хорих 461 дүгээр ангиас цахим хэлбэрээр/,

Ялтан Г.Ганбатын өмгөөлөгч С.Өнөрзаяа,

Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Ганбатын гаргасан давж заалдах гомдлоор Г.Ганбатад холбогдох эрүүгийн 201526011090 дугаартай хэргийг 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шандивууд овогт Гонгорын Ганбат, 1990 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цагаан сувд” хөөсөнцөрийн үйлдвэрт хөөс зүсэгчээр ажиллаж байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 21 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших "Дэлгэр" ХХК-ийн хашаанд түр оршин сууж байсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 88А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 cap хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 cap 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар: /ОЮ90050833/.

 

Г.Ганбат нь урьд гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлэн ялтай байх хугацаа дуусаагүй байхад, 2015 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших "Рокси" баарны гадна талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Д.Батмөнхийг ямар нэг шалтгаангүйгээр хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Ганбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Ганбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн хохирогч Д.Батмөнхийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ялаар шийтгэж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганбатад оногдуулсан 3 жил 6 cap хорих ялаас 2 жил хорих ялыг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Ганбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганбатын цагдан хоригдсон 133 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Г.Ганбат бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Г.Ганбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хорих ял эдлэх хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Г.Ганбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял авсан. Өршөөлийн хуулиар 2 жилийг өршөөн хасаж, 1 жил 6 сарын ял үлдсэн. Иймд үнэн зөв зүйл дээр ял авмаар байна. Нэг ч үнэн зүйл байхгүй, уг нь Дээд шүүх хэрвээ Ганбатын хэлж байгаа үнэн бол хуулийн дагуу шийдүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн байсан. Анхан шатны шүүх хурал дээр Дээд шүүх зөвхөн Өршөөлийн хуулиар аль ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн гээд миний өргөдөл болон өмгөөлөгч Наранцэцэг бид хоёрын ярьж байгааг огт авч хэлэлцээгүй. Иймд миний бие маш их гомдолтой байна. Энэ хэргээс болж өндөр настай эх, эцэг хоёр маань маш хэцүү байдалд орсон. Эцэг минь мэдрэлийн өвчтэй хүн байдаг. Эх маань үе мөчний өвчтэй, хүний хараа хяналтанд байдаг, ах, эгч нар маань бүгд тус тусын амьдралтай хүмүүс байдаг. Эцэг, эх хоёрыхоо ганц асран халамжлагч нь би билээ. Иймд энэ хэргийг маань үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.   

 

Ялтан Г.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Би Энхболд болон түүний найзтай цуг явж байгаад энэ хэргийг үйлдсэн бөгөөд энэ хэргийг ганцаараа даахаар болсон. Би хохирогчийг цохисон, хохирогч намайг цохисон бөгөөд дараа нь бид гурав гурвуулаа нийлж байгаад хохирогчийг цохисон. Би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Ялтан Г.Ганбатын өмгөөлөгч С.Өнөрзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн бодит нөхцөл байдлыг хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэж үзвэл эргэлзээтэй зүйл их байдаг. Хохирогч Батболд, түүний найз Хөхөө, шүүгдэгч Г.Ганбат болон түүний найз Энхболд нарын нэр бүхий 5 хүний маргаанаас үүдэн энэ гэмт хэрэг гарсан. Энхболдын найз болон Хөхөө гэх хүмүүсээс мөрдөн байцаалтын шатанд нэг ч мэдүүлэг аваагүй. Энэ хэрэгт ганцхан Отгонболд гэсэн гэрч байдаг. Тэрээр шорлог зарж байсан хүн бөгөөд сүүлдээ “огт шорлог зарж байгаагүй. Би шүүгдэгчийн найз учраас түүний хувийн байдлын талаар мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаагч өөр зүйл дээр гарын үсэг зуруулсан” гэж мэдүүлсэн. Гэхдээ гэрчид хууль сануулж байцаалт авсан. Шүүгдэгч хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой танилцуулсан учраас хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Энэ хэрэгт прокурор маш дутуу хяналт тавьсан. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Анхан шатны шүүхийн 395 дугаар шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас 2 жилийг хасч шийдвэрлэсэн. Үүнийгээ шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж дүгнэж байгаа. Миний хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхгүй байна. Учир нь “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг барьвал миний үйлчлүүлэгчийн ялтай байдал нь өршөөгдөөд тэрээр хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа холбогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэл бий болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Мөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлий 10.10 дахь заалтад “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль ашигтай байдлаар нь нэг удаа өршөөлд хамруулна” гэж заасан байдаг бөгөөд энэхүү заалт бүрэн утгаараа хэрэгжинэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийг тэнсэж, хянан харгалзах боломж байсаар байтал түүнд хорих ял оногдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52, 55 дугаар заалтуудад зааснаар түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзнэ үү. Мөн миний үйлчлүүлэгчийн ар гэрийн нөхцөл байдал маш хүнд байгаа, түүний эцэг, эх хоёр нь өндөр настай хүмүүс бөгөөд одоогийн байдлаар эцэг нь сэхээнд байгаа” гэв.

 

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан Г.Ганбатад холбогдох хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Г.Ганбат урьд хүнд гэмт хэрэг үйлдэж, ялтай байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч Батмөнхийг ямар ч шалтаг, шалтгаангүйгээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Ялтан Г.Ганбат танхайрах гэмт хэргийг ямар ч шалтгаангүйгээр, бусдыг илтэд үл хүндэтгэсэн байдлаар үйлдсэн учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдсэн. Танхайн гэмт хэргийн объект нь олон нийтийн газар байдаг. Ялтан Г.Ганбат мөрдөн байцаалтын шатанд би танхайн гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байсан. Шүүхийн шатанд мэдүүлгээ өөрчилж, энэ хэргийг бүлэглэж үйлдсэн гэдэг. Сэжигтэн, яллагдагч мэдүүлгээсээ олон удаа буцаж байгааг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрхээ эдэлж байна гэж ойлгож байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрч Отгонболдын мэдүүлгийг хасч, хохирогчийн мэдүүлгийг эх сурвалж болгосон. Мөрдөн байцаагч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж байгаа тохиолдолд энэхүү асуудлаа тусдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Ялтан Г.Ганбат урьд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байхад нь “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар тэнсэж, хянан харгалзсан. Тэрээр ялтай байх хугацаандаа дахин хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхээс “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид аль ашигтай байдлаар ялтан Г.Ганбатад оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч, 1 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан учраас ялтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Г.Ганбатад холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

Г.Ганбат нь урьд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа 2015 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших "Рокси" баарны гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ямар нэг шалтгаангүйгээр хүч хэрэглэн иргэн Д.Батмөнхийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Батмөнхийн "...2015 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө өөрийн найз Хөхөөтэй Цамбагаравын автобусны буудлын хойно байдаг “Рокси” бааранд ороод шөнийн 03 цагийн үед автобусны буудлын тэнд шорлог авч идэх гээд зогсож байсан чинь үл таних бор царайтай, өндөр залуу ирээд ямар ч шалтгаангүй миний нүүр, хамар луу шууд цохиод авсан. Миний хамарнаас цус гараад би доошоо тонгойтол ар нуруу руу өшиглөсөн. ..." /хх-ийн 8-12 дугаар хуудас/,

гэрч Д.Отгонболдын "...2015 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед 2 эрэгтэй хүн шорлог авах гэж байхад нь өндөр, хөдөөний гэмээр бор царайтай эрэгтэй хүн ирээд шорлог авч идэх гээд зогсож байсан, өндөр, цайвар царайтай хүний нүүр лүү нь цохиод авсан. Цохиулсан хүн газар унасан чинь ар нуруу руу нь өшиглөсөн. Тэр хүн босож ирээд барьцалдаад зогсож байсан чинь намхан эрэгтэй хүн ирээд салгасан. ..." /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Ц.Энхболдын сэжигтнээр өгсөн "...Бид 2 Цамбагарав автобусны буудлын тэнд бааранд ороод 1 шил Улаанбаатар нэртэй архи уусан. Жаахан юм яриад сууж байтал Ганбат “00-ийн өрөө орж, бие засъя” гэж хэлээд 00 руу орсон. Тэр хооронд нь би зөөгчид тооцоогоо хийж байя гээд зогсож байтал Ганбат … баарнаас гүйгээд гарсан. Тэгээд хойноос нь гүйгээд гартал Ганбат нэг залуутай зодолдож байсан. Хажууд нь дахиад нэг залуу салгах гэж байгаа бололтой зогсож байсан. Намайг очиход Ганбат тэр өндөр шар царайтай залуугийн нүд рүү нь цохиж байсан. ..." /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Г.Ганбатын яллагдагчөөр өгсөн "...2015 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө өөрийн найз Ц.Энхболдын хамт бааранд 00 цагийн үед орсон. Ороод юм ярьж сууж байгаад би бие засахаар 00-ын өрөө орсон чинь нэг согтуу залуу байж байсан. Надаас “мөнгө байгаа юу, надад архи авч өг” гээд байхаар нь тэр залууд хандан “мөнгө байхгүй” гэсэн чинь миний баруун талын мөр лүү цохисон. Би зөрүүлээд нүүр лүү нь цохисон чинь миний нүүр лүү тэр залуу бас цохисон. Тэгээд би толинд нүүрээ харсан чинь цус гарсан байхаар нь хойноос нь гарсан чинь гадагшаа зугтаасан. Би Энхболдыг орхиод баарнаас тэр залууг хөөхөөр гарсан. Цамбагарав автобусны буудлын хойд талын буудал дээр нөгөө залуу өөр нэг залуутай хоёулаа зогсож байхаар нь би тэр биерхүү залууг “чи намайг яаж байгаа юм бэ” гээд нүд рүү нь болон нуруу руу нь цохисон. ..." /хх-ийн 94-95 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн "...Д.Батмөнхийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацар, бүсэлхий, баруун шуунд зулгаралт, уруул, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх 9331 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганбатад оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасч шийдвэрлэсэн нь эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, Өршөөлийн хуулийг шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэглэсэн гэж үзэв.

 

Г.Ганбат нь 2015 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших "Рокси" баарны орчим ямар нэг шалтгаангүйгээр иргэн Д.Батмөнхийн нүүр, хамар луу цохих, нуруу руу нь өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодож, бие махбодид нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацар, бүсэлхий, баруун шуунд зулгаралт, уруул, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Г.Ганбатын дээрх үйлдлийг танхайн сэдэлттэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх Г.Ганбатын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж тохирсон ял шийтгэл оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд ялтан Г.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны   шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Л.ДАВААСҮРЭН   

                                    

                        ШҮҮГЧИД                                                           Д.ГАНСҮХ

                                                                        

              Т.ӨСӨХБАЯР