Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 411

 

 

 

 

 

 

 

 

 

                                                А.Отгонбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оюунтунгалаг,

ялтан А.Отгонбаярын өмгөөлөгч Б.Мянган,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Отгонбаярын өмгөөлөгч Б.Мянганы гаргасан давж заалдах гомдлоор А.Отгонбаярт холбогдох эрүүгийн 201625010264 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Адууч овогт Алтанхуягийн Отгонбаяр, 1991 оны 4 дүгээр сарын 26-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар баг, Бичигтийн 2-36 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ПЮ91042612/,

А.Отгонбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн шинэ буудлын баруун талд байрлах нийтийн байранд иргэн Б.Даваатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж улмаар түүний хэвлийн тус газар 1 удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: А.Отгонбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Отгонбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар А.Отгонбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Ялтан А.Отгонбаярын өмгөөлөгч Б.Мянган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаагүй, хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдлын талаарх ялтны өмгөөлөгч миний шүүх хуралдааны шатанд илэрхийлсэн байр сууринд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд болох хохирогч Б.Даваагийн мэдүүлэг /хх-ийн 15-16/, мөн гэрч Б.Батхүлэг /хх-ийн 17-18/, гэрч Г.Боолт /хх-ийн 19-20/, гэрч Ц.Даваахүү /хх-ийн 21-22/ нарын мэдүүлгээр нийтийн байр түрээслүүлэгчийн Б.Даваагийн утас руу залгаж тавьсан шаардлагыг А.Отгонбаяр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, чанга чанга ярьж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байсан Б.Батхүлэг, Г.Боолт, Ц.Даваахүү нарт тавьж, нийтийн байрнаас явахыг шаардсан нь хууль ёсны шаардлага бөгөөд уг шаардлагыг найзуудыг нь байрнаас хөөлөө гэж ойлгосон Б.Даваа найз нараа өмөөрч А.Отгонбаяр луу дайрч, барьж байсан гар утсаа түүн рүү шидэж, улмаар түүнийг зодохоор босч ирэх үед А.Отгонбаяр ширээн дээр байсан хутгаар өөрийгөө хамгаалах зорилгоор түүний хэвлий тус газар хутгалж хүнд гэмтэл учруулсан. ...Аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь аливаа нийгэмд аюултай, хууль бус довтолгоон, халдлага бодитойгоор хийгдсэн, эсхүл хийгдэх нь тодорхой байгаа тохиолдолд хэрэгжихээр байгаа бөгөөд тухайн халдлагын шинж чанар, эсхүл учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ зэрэг нь уг эрхийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх талаар ямар нэгэн шаардлага тусгагдаагүй байна. Хэрэг маргааныг эхлүүлэн, А.Отгонбаярын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн түүн рүү утас шидсэн, түүнчлэн түүний эрх, эрх чөлөөнд халдахаар довтолгоон хийж байгаа Б.Даваагийн халдлагад шүүх үнэлэлт, дүгнэлт, өгөлгүй, зөвхөн Б.Даваагийн биед хүнд гэмтэл учруулсан А.Отгонбаярын санаатай үйлдэл нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь заалтын шаардлагад нийцээгүй байна. Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа халдагч этгээдийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан А.Отгонбаярын санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан хэдий боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд ашигтай, аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

            Прокурор Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.Отгонбаяр хохирогч Б.Даваатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж улмаар түүний хэвлийн тус газар хутгалсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцсэн байна.

А.Отгонбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн шинэ буудлын баруун талд байрлах нийтийн байранд иргэн Б.Даваатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж улмаар түүний хэвлийн тус газар 1 удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Даваагийн: “...Бид тавуулаа нийлээд эхний пиво дуусгаад дараагийн пивыг ууж байхад А.Отгонбаяр манай нийтийн байрны эзэн над руу залгаад байранд хүмүүс бужигнуулаад байна уу, чанга чанга яриад байна гэж хэлсэн. Тэгтэл А.Отгонбаяр шууд миний найз нар болох Б.Батхүлэг, Ц.Даваахүү, Г.Боолт нарыг явцгаа гэсэн. ...А.Отгонбаярт миний уур хүрээд чимээгүй байцгаа гээд А.Отгонбаярт хандаад “та яах гэж миний найз нарыг хөөгөөд байгаа юм бэ” гэтэл А.Отгонбаяр миний өөдөөс “чи хэн болчихоод надад томроод байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би уурлаад өөдөөс нь гартаа барьж байсан гар утсаа шидчихсэн. Гэхдээ А.Отгонбаярыг оноогүй, хананд очиж ойгоод салж унасан. А.Отгонбаяр бид хоёр өөд өөдөөсөө босч ирээд барьцалдаж авсан. Барьцалдаж аваад би А.Отгонбаярыг өөрөөсөө холдуулж түлхсэн, энэ хооронд А.Отгонбаяр ширээн дээр ил байсан хар өнгийн иштэй, жижиг хутгыг авсныг мэдээгүй, тэгтэл гэнэт миний зүүн талын хэвлий орчмоос цус гарч эхэлсэн...” /хх-ийн 16/,

            Гэрч Б.Батхүлэгийн: “...Бид гурвыг ороход А.Отгонбаяр, Б.Даваа нар 1 том пиво задалчихсан, хоол идээд байж байсан. ...А.Отгонбаяр бидэнд хандаад та нар одоо ингээд явцгаа гэж хэлсэн. ...Б.Даваа хажуунаас юундаа маргалдаад байгаа юм бэ гэж хэлээд А.Отгонбаяртай үг сөрсөн. Тэгээд Б.Даваа барьж байсан утсаа шидтэл хэн нэгнийг оноогүй, утас нь хананд очиж ойгоод салсан. ...Сүртэй зодоон цохион болоогүй, дөнгөж зууралдаад л салсан. Тэгээд хартал Б.Даваагийн зүүн талын хэвлий орчмоос цус гарч байсан. Миний харснаар А.Отгонбаяр нь ширээн дээр байсан хар иштэй хутгыг аваад боссон...” /хх-ийн 17/,

            Гэрч Г.Боолтын: “...Тэгтэл хажуунаас Б.Даваа ярианд орж ирээд А.Отгонбаяртай маргалдаад гар утсаа шидсэн. Гар утас нь хананд цохиод салсан. Гэхдээ тэр гар утас хэнийг ч оноогүй. А.Отгонбаяр босч ирээд Б.Даваа ч бас өөдөөс нь босч ирээд зууралдаад авсан. Би хажуунаас нь шууд салгасан. Тэгтэл Б.Даваагийн хэвлийн, бөөр орчмоос цус гарсан. ...Би тэр хутга авч байгааг нь анзаарч хараагүй...” /хх-ийн 19-20/,

Гэрч  Ц.Даваахүүгийн: “...Даваа уурлаад хана руу гар утсаа шидээд, гар утас нь хананд ойгоод салж унасан. ...А.Отгонбаяр, Б.Даваа нар өөд өөдөөсөө харж сууж байгаад шууд босоод барьцалдаад авсан. Би нэг харахад А.Отгонбаяр гартаа, ширээн дээр байсан хутгыг барьсан байгаа харагдахаар нь би хутгатай гарыг нь барьж аваад хананд савж хутгыг нь алдуулсан...” /хх-ийн 21/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1046 дугаар дүгнэлтэд: “...Б.Даваагийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт /600мл/ бүдүүн гэдэсний нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /хх-ийн 26/ гэх дүгнэлт,

гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/, хохирогч Б.Даваагийн өвчний түүх /хх-ийн 49-57/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, А.Отгонбаярын гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан, мөрдөн байцаалтын болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд ялтан А.Отгонбаяр “байрны эзэн шуугилдаад байна гэж залгалаа. Та нар гарцгаа” гэж  хэлснээс болж хохирогч Б.Даваатай маргалдан хохирогч Б.Даваа “найзуудыг маань хөөлөө” гэж уурлан утсаа хана руу шидэхэд барьцалдаж авах явцдаа А.Отгонбаяр ширээн дээр байсан хутгыг авч хохирогчийн хэвлийн тус газар хутгалж хүнд гэмтэл учруулжээ.

Хохирогч Б.Даваагийн хана руу утсаа шидсэн үйлдлээс болж хэн ч хохироогүй бөгөөд Б.Даваагийн үйлдэл нь бусдын амь насанд аюултай, нэн даруй хохирол учруулах шинжтэй үйлдэл биш юм. Иймээс хохирогч Б.Даваагийн утас шидсэн  үйлдлийг амь насанд аюулгүй халдлага гэж үзнэ. Энэ халдлагыг далимдуулан шалтаг болгож хохирогчийг хутгалсан үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд ялтан А.Отгонбаярын өмгөөлөгч Б.Мянганы гаргасан “А.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан А.Отгонбаярын өмгөөлөгч Б.Мянганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                               

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ                                                   

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                        

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ