Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 413

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Тогоонтөмөрт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Золзаяа,

шүүгдэгч Д.Тогоонтөмөрийн өмгөөлөгч Б.Нарандолгор,

хохирогч Д.Буян-Өлзий, түүний өмгөөлөгч Б.Болортуяа,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Буян-Өлзийгийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Тогоонтөмөрт холбогдох эрүүгийн 2014260003750 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Чоён овогт Дорждэрэмийн Тогоонтөмөр, 1973 оны 5 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Оюутолгой” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мик 1 гудамжны 14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НБ73052218/;

Д.Тогоонтөмөр нь 2013 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 49 дүгээр байрны дэргэд хамтран амьдарч байсан Д.Буян-Өлзийтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар баруун гарын шууг нь хугалж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Тогоонтөмөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Тогоонтөмөрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Д.Тогоонтөмөрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн 2014260003750 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Тогоонтөмөр нь 7 хоног цагдан хоригдсон, хохиролд 4.500.000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хохирогч Д.Буян-Өлзий цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Буян-Өлзийгийн өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Хэргийн зүйчлэл нь шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт хөнгөдсөн гэсэн байр суурьнаас давж заалдах гомдол гаргасан. Үүнд шүүх ямар нэг байдлаар дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүх хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж шийтгэх тогтоол гаргасан. Гомдол гаргах болсон үндэслэл нь шинжээчийн 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 229 дүгээр дүгнэлтийн 7 дахь асуултад /хх-ийн 229/ “шинээр илэрсэн нөхцөл илэрвэл дүгнэлтэд тусгах” гэсэн заалтын дагуу шинжээч асуултад “2014 оны 7 дугаар сарын 28-ны Компьютер томографид: тархины чамархайн хэсэгт бага зэрэг няцралттай, тархины эд хавантай, хажуугийн ховдлын хэлбэр алдагдсан, зүүн нь баруунаасаа өргөн, 3, 4 дүгээр ховдол хэвийн тархины бүрхүүл хальсны завсар дух чамархай хэсэгтээ өргөссөн, тархины хэм өөрчлөлт, ар дагз ясны товгор хэсэгт гадна ялтас цууралттай” болохыг тусгасан атлаа энэ нь “гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ” гэсэн асуултын дагуу дүгнэлт хийгээгүй явдал нь энэ хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн үйлдлийн хор уршиг хожуу илэрч өнөөдөр зарим үед ухаан алдаж унаж байгаа явдал нь дээрх дүгнэлтийг зайлшгүй гаргах үндэслэл болно. Энэ нь бусад нотлох баримт болох “Эмчлүүлэгчийн карт”-д 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн үзлэгээр “нойронд муу толгой өвдөнө, дүйрнэ, унана”, 2015 оны 3 дугаар сарын 17-ны үзлэгээр “баруун бугуйн үеэр өвдөнө, юм барихдаа алдана” гэсний дагуу “мэс засалд орох саналтай” зэрэг байдлууд нь хохирогчид зөвхөн хүндэвтэр гэмтэл учраагүй, Д.Тогоонтөмөрийн үйлдсэн үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан байхыг үгүйсгэхгүй. Зайлшгүй дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж байж хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай болохыг харуулж байна. Зүйлчлэлийн тухайд гэмт хэрэгтний жинхэнэ санаа бодлыг чухам ямар шинжээр тодорхойлох вэ гэвэл гэмт хэрэгтний бодит үйлдэл, энэ үйлдлийн ул мөр, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг хэрэгсэл, болсон хэргийн бусад нөхцөл байдлаар тодорхойлогдох ёстой. Гэтэл Д.Тогоонтөмөр нь хохирогчийг удаа дараа зодож эрх чөлөөнд нь халдаж байсан. Энэ үйлдлийнх нь ул мөр тархи толгой өвдөж, ухаан алдах шинж тэмдэг илэрсэн байх төдийгүй “ална” гэж хутгатай дайран биед нь 3 удаагийн үйлдлээр сорви бүхий хөнгөн гэмтэл учруулсан. Хүүхэд тээх боломжгүйгээр “зуршмал зулбалттай” болгож, энэ үйлдлүүдээ хийхдээ хутга, махны мод зэргийг зэвсгийн чанартай ашиглаж байсан. Хохирогчийн гаранд тухайн үедээ хүндэвтэр гэмтэл учирсан гэх дүгнэлт гарсан байлаа ч зайлшгүй хагалгаанд орох шаардлага нь гэмтлийн зэрэг хүндрэх магадлалыг, тархинд учирсан гэмтлийн улмаас унаж тусдаг болсон нь ч хүнд гэмтэл учирсан байхыг үгүйсгэхгүй, тархинд учирсан гэмтлийн улмаас унадаг болсон тул зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн Д.Тогоонтөмөрийн үйлдлийг “хувийн таарамжгүй харьцааны улмаас” үйлдсэн гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй. Удаа дараа танхайрсан, танхайрах болгондоо хутга, мод хэрэглэж байсан. Хохирогчийн зүгээс таарамжгүй харьцаа огт гаргаж байгаагүй. Д.Тогоонтөмөр үйлдлээ хянаж чадахгүй болсон үедээ буюу согтуу байхдаа хэрэг үйлдэж байсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Д.Тогоонтөмөр махны модоор зодсоны улмаас ураг зулбасан нь тодорхой. Хэрэг болсон өдөр гэрч Сайнбилэг “гэрт нь ороход Буян-Өлзий орон дээр хэвтэж байсан ба доошоо цус алдсан байдалтай байсан. ...тухайн үед гар нь хөхөрчихсөн, нуруу нь хөхөрчихсөн гэртээ ганцаараа байж байсан” гэж мэдүүлдэг. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн Д.Тогоонтөмөрт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч Д.Буян-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдолтой байна. Шүүх, прокурор хэргийг зөв зүйтэй шийдвэрлэж өгөхгүй байна. Би хэргийг үнэн, зөв шийдвэрлүүлэхийн тулд цаг, хугацаа алдан явж байна. Би Д.Тогоонтөмөртэй хүүхэдтэй болоод амьдаръя гэж бодоод хүүхэдтэй болсноо хэлэхэд зодсон. Мөн цагдаа дуудлаа гэдэг шалтгаанаар араас 3 удаа хутгалсан. Хохиролд 4.500.000 төгрөг өгсөн учраас боллоо гэж байна. Хүний амь, амьдрал, эрүүл мэнд иймхэн үнээр үнэлэгдэх боломжгүй. Би зодуулж зулбаснаасаа хойш байнга зулбадаг болсон. Мөн Д.Тогооонтөмөрт зодуулж, баруун гарын шуугаа хугалуулсан. Зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэж хүсэлт гаргаж байсан...” гэв.

Ялтан Д.Тогоонтөмөрийн өмгөөлөгч Б.Нарандолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг гарснаас хойш 3 жил 3 сарын хугацаа өнгөрч байна. Хохирогч “тархинд хүнд гэмтэл учирсан” гэдэг асуудал ярьж байгаа ч үүнийг нотлох баримт байхгүй. Хохирогч татаж унаж байгаа гэдэг асуудал өмнө нь яригдаж байгаагүй. Энэ асуудал одоо л яригдаж байна. Д.Тогоонтөмөр хохирогчийг махны модоор зодож, ураг зулбуулсан гэж байна. Шинжээчийн дүгнэлтэд “зулбасан шалтгааныг тогтоох боломжгүй. Тухайн үед үзүүлээгүй учраас эд эсийн шинжилгээ хийлгэх боломжгүй” гэсэн. Хохирогчид бодитоор 300 гаруй мянган төгрөгийн хохирол учирсан боловч Д.Тогоонтөмөр 4 сая гаруй төгрөг хохирогчид өгсөн. Ийм учраас хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Г.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2015 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт 1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар талд авагдсан бөгөөд уг дүгнэлт нь 5 заалттай байсан. Хохирогчийн тархинд няцралт үүссэн, хэлбэр алдагдсан зэрэг уг дүгнэлтэд тусгагдаагүй бөгөөд хохирогчийн биед учирсан далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа. Хохирогчийн биед учирсан гэх эдгээр гэмтлүүд нь түүний баруун шууны доод хэсний хугарал гэмтэлтэй шууд хамааралтай гэж үзэх үндэслэлгүй. Хэргийн зүйчлэл тохирсон бөгөөд хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг учруулахдаа ямар нэг зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, гарыг нь дарж гэмтээсэн. Д.Тогоонтөмөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэл байхгүй. Ураг зулбасан асуудал Д.Тогоонтөмөрийн үйлдлийн улмаас үүссэн гэдгийг нотлох баримт байхгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэд “Үр зулбасан асуудлын шалтгаант холбоог тогтоох боломжгүй” гэсэн. Д.Тогоонтөмөрийн үйлдлээс ураг зулбасан гэж үзэж болохгүй бөгөөд уг үйлдлийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шалгавал зохих ажиллагаа бүрэн шалгагдаж, хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Давж заалдах гомдлыг хэрэгсэхүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцсэн байна.

Д.Тогоонтөмөр нь 2013 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 49 дүгээр байрны дэргэд хамтран амьдарч байсан Д.Буян-Өлзийтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар баруун гарын шууг нь хугалж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Д.Буян-Өлзийгийн: “...2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ...найз Онон, түүний нөхөр Батсуурь, мөн нөхөр Тогоонтөмөр нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Цэлмэг караокед орсон. Тухайн үед Тогоонтөмөр өмдөндөө шээчихсэн байсан учраас би “одоо хоёулаа харья, чи согтсон байна. Өмдөндөө шээчихээд яаж айлд очих гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. ...гэнэт над руу уурлан агсам тавьж гадуур хувцаснуудаа тайлж шидээд хашгиран “чи яахлаараа намайг айл руу оруулдаггүй юм бэ” гэж хэлээд миний үснээс зулгаан зодож эхэлсэн ба миний баруун гарын шууг мушгин арагш нь дарж хугалсан...” /1-р хх-ийн 175-178/,

            гэрч Т.Ононгийн: “...3 дугаар сарын 19-ний 00 цаг өнгөрч байхад баарнаас гараад харих болж байтал манай нөхөр, Тогоонтөмөр хоёр айлд орж архи уух гээд эхэлсэн. Яг энэ үед Тогоонтөмөр өмдөндөө шээчихсэн байсан учраас Буян-Өлзий “чи хангалттай согтсон байна, айлд яаж өмдөндөө шээчихээд орох гээд байгаа юм бэ, одоо хоёулаа харья” гэж хэлсэн. ...Тогоонтөмөр уурлаж “чи намайг айлд оруулдаггүй хэн бэ” гэж орилж хашгираад хамаг хувцсаа тайлж шидээд Буян-Өлзийг үснээс нь зулгаагаад зодож эхэлсэн ба Тогоонтөмөр хоёр гараараа Буян-Өлзийгийн баруун гарыг нь мушгиад дээрээс нь дараад газар давхралдаад унасан. Гэтэл Буян-Өлзий “чи миний гарыг эвгүй болгочихлоо, миний гар яачихваа” гээд орилж эхэлсэн...” /1-р хх-ийн 172-174/,

            шинжээч эмч О.Болороогийн: “...Д.Буян-Өлзийгийн баруун шуу ясны далд хугарал нь ямар ч тохиолдолд үүсэх боломжтой юм...” /1-р хх-ийн 201-202/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 229 дүгээр дүгнэлтэд: “...Д.Буян-Өлзийгийн биед баруун шуу ясны доод хэсгийн далд хугарал нь хэрэг учрал болсон гэх 2013 оны 3 дугаар сарын 18-нд үүсгэгдсэн байх боломжтой байна. Хавтаст хэргийн материалд авагдсан 2 байрлалын 3 ширхэг рентген зургуудаар дээрх хугарал гэмтэл нь тогтоогдож байна. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2013 оны 10 дугаар сарын 22-ны болон 2013 оны 11 дүгээр сарын 6-ны Н.Наранцэцэг эмчийн тодорхойлолтоор Д.Буян-Өлзий нь 6-7 долоо хоногтой бүрэн бус зулбасан гэх бөгөөд дээрх зулбасан шалтгааныг тогтоох боломжгүй байна. Шүүх эмнэлгийн 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 11205 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна...” /1-р хх-ийн 196/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 466 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн он сар өдөр тодорхойгүй 1 ширхэг 2013 оны 3 дугаар сарын 19-н гэсэн он сар 2 ширхэг зургууд баруун гарын зураг байна. Рентген зургууд дээр Буян-Өлзий 38 эм гэж тэмдэглэгдсэн байна. Зургуудаас үзэхэд баруун гарын шуу ясны хугарамтгай хэсгийн хугарал нь 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үүссэн байх боломжтой байна. Урьд гарсан 229 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Баруун гарын шуу ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 226/ гэх дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

            Давж заалдах гомдлын тухайд:

Хавтаст хэрэгт буй баримтаас үзэхэд ялтан Д.Тогоонтөмөрийн хохирогч Д.Буян-Өлзийг 2013 оны 2 сараас хойш зодож нурууг зүсч хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хохирогч Д.Буян-Өлзий нь Д.Тогоонтөмөрт  2013 оны 2 сард зодуулж гарын шуу хугалсан гэх гомдлоо 2014 оны 7 дугаар сарын 28-нд цагдаагийн байгууллагад өгч эрүү үүсгэн шалгуулах хугацаандаа 2013 оны 10 дугаар сард мөн Д.Тогоонтөмөрт зодуулан үр зулбасан талаар нэмж гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хохирогч Д.Буян-Өлзийгийн үр зулбахад ялтан Д.Тогоонтөмөрийн үйлдэл оролцоо байсан эсэхийг тодруулахаар удаа, дараа мөрдөн байцаалтын шатанд буцааж байсан боловч уг үйлдэл бүрэн тогтоогдоогүй бөгөөд Д.Тогоонтөмөрт холбогдох хэргээс “Д.Буян-Өлзийг зодож жирэмслэлт тасалдуулсан” гэх үйлдлийг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 152 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна /2-р хх-ийн 233/.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, Д.Тогоонтөмөрийг гэм буруутайд зөв тооцсон, мөрдөн байцаалтын болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Д.Тогоонтөмөрт холбогдох хэрэг нь өршөөлд хамрагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хохирогч Д.Буян-Өлзийгийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, зүйлчлэл өөрчлөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Буян-Өлзийгийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                               

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ                                                   

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                        

                                                                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ