Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 441

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Батболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор А.Ганзориг,

Ялтан А.Батболд /цахим хэлбэрээр/,

Ялтан А.Батболдын өмгөөлөгч Б.Уранчимэг,

Хохирогч Э.Совджамц,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор А.Батболдод холбогдох эрүүгийн 201526012620 дугаартай хэргийг 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Сартуул овогт Алимаагийн Батболд, 1974 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Үерийн ногооны талбай 1 дүгээр гудамжны 30 тоотод оршин суух бүртгэлтэй,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1994 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлсэн,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 292 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1994 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялд багтааж, нийт 4 жил хорих ялаар шийтгүүлсэн,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 429 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1994 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан ялын заримыг буюу 6 сарыг нэмж нэгтгэн, нийт 4 жил хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 124 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 cap 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 201 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар: /МЛ74050471/.

 

А.Батболд нь урьд хулгайн гэмт хэрэг үйлдэн хорих ялаар шийтгүүлж, хорих ялын хугацаа дуусч суллагдсаны дараа ялтай байхдаа 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-лаагийн 16 дугаар гудамжны 14 тоотод оршин суух иргэн Б.Батжаргалын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 угалзтай арьсан гутал, “Алтан Чингис” нэртэй архи, “Майлд” нэртэй тамхи зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад 324.000 төгрөгийн,

- 2015 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгайд оршин суух иргэн Э.Совджамцын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, монетон ээмэг, кулоны хамт, монетон бөгж, мөнгөн хос ээмэг, мөнгөн гинж, "Самсунг эс-2" загварын гар утас, Орифлеймийн үнэртэй ус, хонины мах, сүү зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад 1.202.500 төгрөгийн,

- 2015 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгайд оршин суух иргэн Н.Төмөрхуягийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 60 килограмм үхрийн мах, 20 килограмм хонины мах, 15 килограмм ямааны мах, усны тэрэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад 400.000 төгрөгийн,

- 2015 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн задгайд оршин суух иргэн Д.Гэрэлт-Одын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн “ТСЛ” загварын зурагт, “Сони” загварын зургийн аппарат, чүнчигноров хөөрөг, даалингийн хамт, CD 50 ширхэг, жижиг цүнх, мөнгөн тоногтой бүс, "CYON" гэсэн бичигтэй саарал өнгийн гар утас зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад 1.540.000 төгрөгийн,

- 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 22 дугаар гудамжны 4А тоотод оршин суух иргэн А.Ганбатын өвлийн сууцны цонхны хамгаалалтын төмрийг эвдэн орж, цахилгаан гар харуул, цахилгаан гар хөрөө, цахилгаан гар дрилл, данхрат, машин чирэгч 2 ширхэг, гагнуурын бээлий 2 хос, даавуун ажлын бээлий 5 хос, арьсан ажлын бээлий 2 хос, ажлын бээлий 1 хос, саарал өнгийн ажлын бээлий 2 хос, өвлийн зузаан сентофон бээлий 1 хос, саарал ноосон бээлий 1 хос, хар алаг өнгийн таван хурууны ажлын бээлий 1 хос, ажлын бээлий 1 хос, үсний цахилгаан машин, эмэгтэй хүний өсгийтэй гутал 1 хос, ослын гурвалжин тэмдэг, дугуйн дорцов, зэс аяга, гагнуурын гар хавчаарын хамт, машины цахилгаан холбогч, 25 килограмм үхрийн гуяны мах, 40 литрийн бидон, 10 килограмм үхрийн сээр, нуруу, булууны ястай мах, машины обуд 2 ширхэг, усны тэрэг, нууц далд цоож зэрэг зүйлүүдийг хулгайлж, 980.000 төгрөгийн хохирол, бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас нийт 5 удаагийн үйлдлээр 4.446.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Батболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар А.Батболдын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, А.Батболдыг хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.Батболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Батболдод оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар А.Батболдын цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд зааснаар А.Батболдоос 2.601.500 /хоёр сая зургаан зуун нэг мянга таван зуу/ төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Б.Батжаргалд 24.000 төгрөг, хохирогч Н.Төмөрхуягт 355.000 төгрөг, хохирогч Д.Гэрэлт-Одод 1.020.000 төгрөг, хохирогч Э.Совджамцад 1.202.500 төгрөгийг тус тус олгож, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

 

Ялтан А.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух иргэн Совджамцын гэрээс хулгайд алдагдсан гэх “монетон ээмэг, кулоны хамт, монетон бөгж, мөнгөн ээмэг, мөнгөн гинж” зэрэг эд зүйлсийг иргэн Совджамцад хүлээлгэж өгөөгүй. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Ангараг нь манай гэрээс монетон ээмэг, бөгж, гинж, мөнгөн ээмэг зэргийг хураан авч, миний эхнэр Азжаргалд баримтжуулна гээд зураг аваад явсан гэх бөгөөд эзэн Совджамцад буцааж өгөөгүй. Мөн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-лаагийн 16-14 тоотод оршин суух Батжаргалын гэрт хулгай орсон гэх хэргийг Өршөөлийн хуульд хамааруулаагүй асуудлыг дахин шалгаж өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Э.Совджамцын гэрээс хулгайлж авсан эд зүйлс манай гэрт байсныг мөрдөн байцаагч Ангараг гэж хүн зургийг нь авч, хураан авсан байсан. Үүнийг шалгуулмаар байна. Тухайн хураагдсан эд зүйлсийг эзэнд нь олгуулах хүсэлтэй байна” гэв.

 

Ялтан А.Батболдын өмгөөлөгч Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч А.Батболд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Тэрээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Э.Совджамцын гэрээс хулгайлсан эд зүйлийг мөрдөн байцаагч хураан асван, хохирол төлөгдсөн талаар яриагүй. Өмнө нь энэ талаар ярьж байгаагүй. Түүний эхнэр нь ямар нэг монетон бөгж болон бусад эд зүйлийг цагдаагийн байгууллагын албан хаагч гэрээс нь хураан авсан талаар мэдэгдээгүй. Ийм учраас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа” гэв.

 

Хохирогч Э.Совджамц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хулгайд алдсан эд зүйлсээ олж авч чадаагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэв.

 

Прокурор А.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “А.Батболд эрүүгийн хэрэг үүссэнээс хойш энэ талаар гомдол гаргаж байгаагүй. Үүнийг өмгөөлөгч хүртэл хэлж байна. А.Батболд өмнө нь хураан авсан эд зүйлсийн талаар маргаж байгаагүй. А.Батболд гаргасан давж заалдах гомдолдоо “Манай гэрээс хураан авсан эд зүйлсийг хүлээлгэж өгөөгүй байна” гэсэн. Тэрээр анхнаасаа Э.Совджамцын гэрээс хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй, Сүхбаатар, Баяраа гэх хүмүүс уг хэргийг үйлдсэн гэж мэдүүлж байсан. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Сүхбаатар, Баяраа гэх хүмүүсийн талаар шалгаад ийм хүмүүс байхгүй гэдэг нь тогтоогдоход А.Батболд үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Тэр хүмүүсийг шалгасан баримт хавтаст хэрэгт авагдсан. Хавтаст хэргийн хүрээнд мөрдөн байцаагч эд зүйл хураан аваад хэрэгт өгөөгүй асуудал байхгүй. А.Батболд нь 9 дүгээр сарын 28-ны өдөр буюу баригдахаасаа 3 сарын өмнө Э.Совджамцын гэрээс хулгай хийсэн бөгөөд хүүхэд өлсөөд байна, орлогогүй байна гэх шалтгаанаар бусдын эд зүйлийг хулгайлдаг байсан. Бусдаас хулгайлсан эд зүйлсийг гэртээ ингэж удаан хадгалаад байх боломжгүй юм. А.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Ангараг гэж хүнтэй холбоотой асуудлыг тусад нь гомдол гаргаж шалгуулах боломжтой. 6 сарын турш энэ талаар нэг үг дуугараагүй байж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар А.Батболдод холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

 

А.Батболд нь урьд хулгайн гэмт хэрэг үйлдэн хорих ялаар шийтгүүлж, хорих ялын хугацаа дуусч суллагдсаны дараа ялтай байхдаа 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-лаагийн 16 дугаар гудамжны 14 тоотод оршин суух иргэн Б.Батжаргалын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 угалзтай арьсан гутал, “Алтан Чингис” нэртэй архи, “Майлд” нэртэй тамхи зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад 324.000 төгрөгийн,

- 2015 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгайд оршин суух иргэн Э.Совджамцын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, монетон ээмэг, кулоны хамт, монетон бөгж, мөнгөн хос ээмэг, мөнгөн гинж, "Самсунг эс-2" загварын гар утас, Орифлеймийн үнэртэй ус, хонины мах, сүү зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад 1.202.500 төгрөгийн,

- 2015 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгайд оршин суух иргэн Н.Төмөрхуягийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 60 килограмм үхрийн мах, 20 килограмм хонины мах, 15 килограмм ямааны мах, усны тэрэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад 400.000 төгрөгийн,

- 2015 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн задгайд оршин суух иргэн Д.Гэрэлт-Одын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн “ТСЛ” загварын зурагт, “Сони” загварын зургийн аппарат, чүнчигноров хөөрөг, даалингийн хамт, CD 50 ширхэг, жижиг цүнх, мөнгөн тоногтой бүс, "CYON" гэсэн бичигтэй саарал өнгийн гар утас зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад 1.540.000 төгрөгийн,

- 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 22 дугаар гудамжны 4А тоотод оршин суух иргэн А.Ганбатын өвлийн сууцны цонхны хамгаалалтын төмрийг эвдэн орж, цахилгаан гар харуул, цахилгаан гар хөрөө, цахилгаан гар дрилл, данхрат, машин чирэгч 2 ширхэг, гагнуурын бээлий 2 хос, даавуун ажлын бээлий 5 хос, арьсан ажлын бээлий 2 хос, ажлын бээлий 1 хос, саарал өнгийн ажлын бээлий 2 хос, өвлийн зузаан сентофон бээлий 1 хос, саарал ноосон бээлий 1 хос, хар алаг өнгийн таван хурууны ажлын бээлий 1 хос, ажлын бээлий 1 хос, үсний цахилгаан машин, эмэгтэй хүний өсгийтэй гутал 1 хос, ослын гурвалжин тэмдэг, дугуйн дорцов, зэс аяга, гагнуурын гар хавчаарын хамт, машины цахилгаан холбогч, 25 килограмм үхрийн гуяны мах, 40 литрийн бидон, 10 килограмм үхрийн сээр, нуруу, булууны ястай мах, машины обуд 2 ширхэг, усны тэрэг, нууц далд цоож зэрэг зүйлүүдийг хулгайлж, 980.000 төгрөгийн хохирол, бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас нийт 5 удаагийн үйлдлээр 4.446.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- хохирогч Б.Батжаргалын “... 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш би эхнэр, хүүхдийн хамт өөр газар очиж хэсэг хугацаанд амьдарч байгаад гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг эвдээд хулгайч орж, манай гэрээс хүрэн өнгийн арьсан хийцтэй, 32 угалзтай хуучин монгол гутал, 750 граммын хэмжээтэй “Алтан чингис” нэртэй архи, 1 хайрцаг буюу 20 ширхэг “Майлд” нэртэй тамхи зэрэг эд зүйл алга болсон байсан. Гэхдээ манай гэрийн бүх зүйлийг онгичин хаясан байсан. ... Би эд зүйл таньж олуулах ажиллагаагаар хураан авсан эд зүйлс дундаас өөрийн алдсан монгол гутлаа олж авсан. Бусад эд зүйл болох архи, тамхи гэх эд зүйлээ аваагүй. ..." /1 дүгээр хавтас, хуудас 79-81/ гэх мэдүүлэг,

Гэрэл зургаар эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тухай "... Б.Батжаргал нь зургуудыг харж байгаад 2 дугаарт байх хүрэн өнгийн хос гутал нь манай гэрээс алдагдсан миний гутал мөн байна, миний алдсан үеийнхийг бодвол хуучирсан байна. ...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 78/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...хохирогч Б.Батжаргалд хүрэн өнгийн арьсан хийцтэй, 32 угалзтай, хуучин монгол гутал 1 хосыг хүлээлгэн өгсөн. ...” тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 77/,

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хуудас 82/,

- хохирогч Э.Совджамцын "... 2015 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө дүү бид хоёрыг ажилдаа явсан хойгуур манай гэр эзгүй байхад манай гэрийн хаалганы цүүг хөшин хаалга онгойлгон хулгайч орж, гэрийн хойд талын авдар онгойлгон эд зүйл хайсан боловч ямар нэг зүйл аваагүй. Харин авдарын хажуу талд байсан ягаан өнгийн сентофон материалаар хийсэн том цүнхэн доторх хувцсыг гаргаж, цүнхэн дотор байсан өнгөгүй төмөр жижиг хайрцагт байсан эд зүйл алга болсон байна. Би алдсан зүйлийг яръя. Нарийн хийцтэй монетон ээмэг, кулоны хамт 3,5 гарммтай, монетон гинж 1,2 граммтай, монетон бөгж 1,5 граммтай, цагирган хос мөнгөн ээмэг 2 граммтай, мөнгөн гинж 20 граммтай, “Самсунг С-2” загварын гар утас, Орифлемийн үнэртэй ус, хониний мах 20 килограмм, 7,5 литр үхрийн сүү зэрэг болно. ... Би эд зүйл таньж олуулах ажиллагаагаар хураан авсан эд зүйлсийг харсан боловч манайхаас алдсан эд зүйл байгаагүй. Манай гэрээс алдагдсан эд зүйлс бол бүгд зарагдчихаар эд зүйл байсан болохоор байгаагүй. Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгуулмаар байна. Нэг ч эд зүйлээ олж аваагүй. ...” /1 дүгээp хавтас, хуудас 106-108/ гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хуудас 109/,

- хохирогч Н.Төмөрхуягийн “...2015 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгайд байрлах манай байшингийн зүүн талд байх илүү гэрийн гадна цоожийг эвдэн хулгай орж, 20 килограмм 1 бүтэн хонины мах, 15 килограмм 1 бүтэн ямааны мах, бярууны бүтэн гуя, бүтэн хаа нийт 60 килограмм үхрийн мах зэргийг алдсан. Хулгайч манай гэрээс мах авч явахдаа шинээр авсан байсан усны тэргэн дээр түрээд аваад явсан байсан. ... Би гомдолтой байна. Гэхдээ алдсан усны тэргээ хүлээн авсан байгаа. ..." /1 дүгээр хавтас, хуудас 88-90/ гэх мэдүүлэг,

Гэрэл зургаар эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тухай “... хохирогч Н.Төмөрхуяг нь зургуудыг харж байгаад 23 дугаарт байх цэнхэр өнгийн төмөр усны тэрэг нь манай усны тэрэг мөн байна. Бариулыг нь хараар будсан яг тэр чигтээ байна. ..." гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 86/,

 Эд зүйл хүлээлгэн өгсөн "... хохирогч Н.Төмөрхуягт хар өнгийн төмөр бариултай, цэнхэр өнгийн суурь бүхий шинэвтэр усны тэрэг 1 ширхгийг хүлээлгэн өгсөн. ..." тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 87/,

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хуудас 91/,

- хохирогч Д.Гэрэлт-Одын "...2015 оны 12 дугаар сарын 1-ний өглөө 7 цагт би 2 хүүхдийн хамт гэрээсээ гараад хаалгаа цоожлоод явсан. Тэгээд энэ өдөр бид нарын хэн ч гэртээ ирж хоноогүй, бүгд ажилтай гадуур хоносон. Маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 2-ны өглөө манай хүү Мөнх-Эрдэнэ хамгийн түрүүнд ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрийн цоож эвдэрсэн, гэрт хулгай орсон юм шиг байхаар нь надад утсаар хэлсэн. Ингээд би гэртээ 10 цаг өнгөрч байхад буюу нэг их удаагүй ирэхэд манай гэрийн хаалганы зүүдэг цоожийг эвдэн хулгайч орсон байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд гэрийн хойморийн хэсэгт байх зурагтын тавиур дээрээс 32 инчийн хар өгийн “ТСЛ” загварын зурагт, гэрийн зүүнй хойд хэсэгт байх дээрээ тольтой доороо шургуулга бүхий шүүгээний шургуулган дотроос хар өнгийн “Сони” загварын жижиг, нимгэн хавтгай зургын аппарат, гал тогооны шүүгээн дотроос дунд гарын мөнгөн аяга, мөнгөн тоногтой суран бүс, шүрэн толгой бүхий даалинтай хөөрөг, олон тооны CD, гар утас зэрэг эд зүйл алга болсон байсан. ... Би эд зүйл таньж олуулах ажиллагаагаар хураан авсан эд зүйлс дундаас өөрийн алдсан гар утас, дээлийн мөнгөн бүс, чүнчигноров хөөрөг, кино бүхий CD-нүүд, үүрдэг цүнх зэрэг эд зүйлээ олж авсан. Одоо зурагт, зургийн аппарат, мөнгөн аяга зэрэг эд зүйлээ аваагүй байгаа юм. Би гомдолтой байна. ..." /1 дүгээр хавтас, хуудас 97-99/ гэх мэдүүлэг,

Гэрэл зургаар эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тухай "...хохирогч Д.Гэрэлт-Од нь зургуудыг харж байгаад 3 дугаарт байх мөнгөн тоногтой шар суран бүс, 4 дугаарт байх цүнх, 5 дугаарт байх олон тооны CD-нүүд, 24 дугаарт байх хөндлөн хар судалтай, улаан чулуун толгойтой хүрэн өнгийн хөөрөг, 25 дугаарт байх ногоон торгон хэмжээр бүхий хар торгон дайлан, “CYON” гэсэн бичигтэй гар утас зэрэг нь манай эд зүйл мөн байна. ..." гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 96/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “... хохирогч Д.Гэрэлт-Одод хангарьд шувууны дүрс бүхий тольтой, шар суран хийцтэй, цагаан металл тоног бүхий дээлийн бүс 1 ширхэг, улаан чулуу мэт хийцтэй, толгой бүхий хөндлөн хар судалтай, хүрэн өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, ногоон торгон эмжээр бүхий хар өнгийн даалингийн хамт, “CYON” гэсэн бичигтэй, саарал өнгийн гар утас 1 ширхэг, олон тооны CD, үүрдэг цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг өгсөн” тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 95/,

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хуудас 100/,

- хохирогч Д.Ганбатын “... 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өглөө 9 цагийн үед манай арын хашааны эмэгтэй манай эхнэртэй хамт ажилладаг ба эхнэрийг өглөө ажилдаа ирэхэд нь танай гэрт хулгай орсон юм шиг байна, хаалга үүд чинь дэлгээтэй, онгорхой байна гэж хэлсэн. ... Ингээд би өглөө 9 цагт байшиндаа ирэхэд цагдаа нар ирсэн, тууз татсан байсан ба орж болохгүй, одоо бүрэлдэхүүн ирж үзлэг хийх ёстой гэсэн тул би хүлээгээд зогсож байсан. Тэгээд цагдаа нар ирж үзлэг хийгээд явсан. ... Би өөрийн эд зүйлээ бүгдийг нь хүлээн авсан. Манай гэрээс хулгай хийгээд маргааш нь баригдсан байсан учир манай эд зүйл бүрэн бүтэн байсан. Би эд зүйлээ хүлээн авсан ч гэсэн гомдолтой байна. ...” /1 дүгээp хавтас, хуудас 40-42/ гэх мэдүүлэг,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл "... хохирогч Д.Ганбатад цахилгаан гар харуул, цахилгаан гар хөрөө, цахилгаан гар дрилл, данхрат, машин чирэгч 2 ширхэг, гагнуурын бээлий 2 хос, даавуун ажлын бээлий 5 хос, арьсан ажлын бээлий 2 хос, ажлын бээлий 1 хос, саарал өнгийн ажлын бээлий 3 хос, өвлийн зузаан сентофон бээлий 1 хос, саарал ноосон бээлий 1 хос, хар алаг өнгийн 5 нь хурууны ажлын бээлий 1 хос, ажлын бээлий 1 хос, үсний цахилгаан машин, эмэгтэй хүний өсгийтэй гутал 1 хос, ослын гурвалжин тэмдэг, дугуйн дорцов, зэс аяга, гагнуурын гар хавчаарын хамт, машин холбогч, 25 килограмм үхрийн гуя, 40 литрийн бидон, үхрийн сээр, нуруу, булууны ястай мах 10 килограмм, машины обуд 2 ширхэг, усны тэрэг, нууц далд цоож зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн. ..." тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 35/

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хуудас 43-44/,

А.Батболдын яллагдчаар өгсөн "... 2015 оны 1 дүгээр сарын орчим, цаг хугацааг нь андуурч магадгүй, одоо санахгүй байна. Би түлээний мод олох санаатай гадуур эзэнгүй айлын хашаагаар явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Монлааны гудамжинд байх монгол гэртэй айлын хашааг давж ороод мод хартал ил харагдах мод байгаагүй юм. Тэгэхэд тэр айл хүнгүй байсан болохоор нь цоожийг нь эвдэн орж монгол гутал, архи, тамхи зэрэг эд зүйл хулгайлсан. Уг эд зүйлсийн архи, тамхийг нь хэрэглээд монгол гутлыг нь хүлээлгэн өгсөн байгаа. ... Дараа нь 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр би гэрт хоолгүй болчихоод хулгай хийхээр гэрээс гарч яваад замынхаа зүүн тал руу байх гэр хороолол дунд банзан хашаатай, тал нь хашаагүй айлын гэрт хүнгүй бололтой байсан. Ингээд би уг гэрийн цоожийг эвдэн ороод гэрт байсан мах, монетон болон мөнгөн ээмэг, бөгж авсан. ... Түүний дараа нь 2015 оны 11 дүгээр сарын дундуур гэрт идэх юм байхгүй, хүүхэд өлсөөд байхаар нь би хулгай хийхээр гэрээс гарч яваад 24 дүгээр хорооны замын зүүн талд байх гэр хороолол дундуур явж байгаад намхан блокон хашаатай, хашаан дотроо байшин гэртэй, гэрийн цоожийг эвдлэн орж үхрийн мах, ямааны мах аваад усны тэргэн дээр нь ачаад аваад явсан. Уг усны тэргийг нь хүлээлгэн өгсөн байгаа, махнуудыг нь идсэн. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын эхээр би айлд пийшин барьж өгөөд буцаж явж байсан санагдаж байна, ганцаараа харих гээд явж байгаад 24 дүгээр хорооны замын зүүн талд байх гэр хорооол дундуур явж байгаад банзан хашаатай айлын гэрийн цоожийг эвдэн ороод тэр гэрээс зурагт, аппарат, мөнгөн бүс, киноны CD-нүүд, хөөрөг гэх мэт зүйл авсан. Уг эд зүйлсийн зурагт, аппарат хоёрыг нь хүлээлгэн өгөөгүй, бусад эд зүйлсийг нь хүлээлгэн өгсөн. Сүүлд нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 03 цагийн орчимд гэрээсээ хулгай хийхээр ганцаараа гарч яваад эзгүй айл харж явж байгаад шинэ баригдсан сургуулиас баруун хойшоо байх банзан хашаатай, улаан тоосгон байшинтай айлын вакум цонхыг нь түлхэж ороод 40 литрийн бидонтой мах, усны тэрэг, 2 ширхэг машны обуд, бээлийнүүд, жижиг данхрат, цахилгаан харуул, хөрөө зэрэг эд зүйлс аваад гэр лүүгээ ирээд амбаартаа байлгаж байгаад баригдсан. Уг эд зүйлсийг бүгдийг нь хүлээлгэн өгсөн байгаа. ..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 155-156/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 8-10/, А.Батболдын гэр болон модон амбаарт үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 14/, гэрэл зургууд /1 дүгээр хавтас, хуудас15-19/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургуудийн хамт /1 дүгээр хавтас, хуудас 20-34/, Сэжигтэн А.Батболдын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /1 дүгээр хавтас, хуудас 157-167/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

А.Батболдод холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, А.Батболдын ялтай байдлыг өршөөж, эрх зүйн байдлыг дээрдүүлэн Өршөөлийн хуулийг шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэглэсэн байх бөгөөд А.Батболдын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна.

 

Ялтан А.Батболдын давж заалдах гомдолд дурдсан “хулгайд алдагдсан гэх “монетон ээмэг, кулоны хамт, монетон бөгж, мөнгөн ээмэг, мөнгөн гинж” зэрэг эд зүйлсийг цагдаагийн ажилтан манай гэрээс хурааж аваад тухайн эд зүйлийг иргэн Э.Совджамцад хүлээлгэж өгөөгүй” гэх асуудал мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй байх бөгөөд мөрдөн байцаалтын үед хулгайд алдагдсан эд зүйлийг хурааж авсан тэмдэглэлд тусгагдаагүй байх тул энэ асуудлыг шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтанд буцаах нөхцөл байдал үүсэхгүй байна.

 

Харин цагдаагийн ажилтан нь хураан авсан эд зүйлээ завшсан, үрэгдүүлсэн эсэх асуудлыг гомдол гарган шалгуулах эрх А.Батболдын хувьд нээлттэй байх бөгөөд уг асуудлыг шалгуулах нь А.Батболдод холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөх байдлыг үүсгэхгүй болно.

 

Мөн ялтан А.Батболд нь давж заалдах гомдолдоо “2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 16-14 тоотод оршин суух Б.Батжаргалын гэрт хулгай орсон гэх хэргийг Өршөөлийн хуульд хамааруулаагүй асуудлыг дахин шалгаж өгнө үү” гэжээ.

 

А.Батболд нь 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлсныхаа дараа буюу 2015 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө дахин бусдын эд хөрөнгийг хулгайлсан байна.

 

Түүний 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан /орон байранд нэвтэрч/ гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд уг гэмт хэргийн хувьд эрүүгийн хариуцлагад татагдах хугацаанаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн тохиолдолд чөлөөлөгдөхөөр” байна.

 

Гэвч тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасан хугацаа дуусаагүй байхад дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгожээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт давтан гэх ойлголт нь хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болохоор хуульчилсан.

 

Үүнээс үзвэл, дээрх зүйлд заасан давтан гэх ойлголт нь орон байранд нэвтэрч гэсэн ойлголттой адил нэг бие даасан шинж болж, тухайн зүйлд заасан материаллаг бүрэлдэхүүний шинжээс үл хамаарч, давтан үйлдсэн байдлаараа шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчлэх нөхцлийг хууль зүйн хувьд бий болгосон байхад нэг үйлдлийг нь таслан авч, Өршөөлийн хуульд хамааруулан шийдвэрлэх боломжгүй байна.

 

            Түүнчлэн аливаа гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль нэг зүйлийн шинжийг хангаж, улмаар зохих зүйлээр зүйлчлэгдсэний дараа Өршөөлийн хуульд хамааруулах эсэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд А.Батболдын давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн сүүлчийн үйлдэл нь 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр үйлдэгдсэн болон дээрх үндэслэлүүдээр түүний зарим үйлдлийг Өршөөлийн хуульд хамааруулан авч үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Иймд ялтан А.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны   шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан А.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    

                        ШҮҮГЧИД                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                        

                    Т.ӨСӨХБАЯР