Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 399

 

Ц.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

ялтан Ц.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 442 дугаар шийтгэх тогтоолыг эс зөршөөрч ялтан Ц.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Бат-Эрдэнэд холбогдох 201525031785 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Цэрэнчимэдийн Бат-Эрдэнэ, 1981 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1-12 тоотод түр оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: МА79060119/,

Нийслэлийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4, 241 дүгээр зүйлд зааснаар нийт 5 жилийн хорих ялаар шийтгүүлж Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 153 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нийт 4 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 12 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 12 хоногийн зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 68/54 дугаар шүүгчийн захирамжаар “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 6 сар 3 хоногийн хорих ялаас 2 жилийг хасч 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр суллагдсан.

 

Ялтан Ц.Бат-Эрдэнэ нь ялтай байхдаа 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1-12б тоотод согтуурсан үедээ өөрийн төрсөн дүү Ц.Батзоригтой маргалдан, улмаар онц харгис хэрцгий аргаар буюу түүний хэвлий хэсэгт хоёр удаа, нуруу болон гарын шууны орчимд тус бүр нэг удаа хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрсэн, дотор эрхтнийг гэмтээсэн хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ц.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигон овогт Цэрэнчимэдийн Бат-Эрдэнийг онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д зааснаар Ц.Бат-Эрдэнийг 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ц.Бат-Эрдэнэд оногдуулсан 7 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц.Бат-Эрдэнийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 130 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь одоогоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Ц.Батзориг нь өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг шаргал өнгийн 19 см урттай, ажлын хэсэг нь 10 см, ажлын хэсгийн өргөн нь 1.8 см, бариулын өргөн 9 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Ц.Бат-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Мөн өөрийн төрсөн дүү Ц.Батзоригийн биед хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би энэ гэмт хэргийг санаатайгаар үйлдээгүй ба дүүгээ гэмтээх шалтгаан байхгүй. Урьд нь дүү бид хоёрын хооронд ямар нэгэн зөрчилдөж, маргалдах зүйл гарч байгаагүй. Үйлдсэн гэмт хэргээсээ холдох, ямар нэгэн заль мэх хэрэглэж, өөрийгөө зөвтгөх үүднээс биш хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, тохирох ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсч байна. 2015 оны 12 дугаар сарын 4-ний орой миний амь насанд заналхийлсэн учраас өөрийгөө тайвшруулах зорилгоор согтууруулах ундаа хэрэглэсэн. Би гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийн “80803565” дугаараас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчгүй байсан учраас өмгөөлөгчгүй байцаалт өгч байсан. Надтай удаа дараа гэмт хэрэгт холбогдож байсан гэх үүднээс хандаж байсанд гомдолтой байна. Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгчихөөд гарч явахад хоёр залуугийн нэг нь надад хандаж “Энэ лалар хүнээ андуурсан, яахав уулзанаа” гэж заналхийлсэн. Учир шалтгааныг гаргалгүйгээр намайг яллаж байгаад гомдолтой байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү”, “Өөр нэмэлт тайлбар байхгүй” гэв.

 

ХЯНАВАЛ:

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Ялтан Ц.Бат-Эрдэнэ нь урьд дөрвөн удаа ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байхдаа 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1-12б тоот гэрт архи ууж согтуурсан үедээ өөрийн төрсөн дүү Ц.Батзоригтой “Хамт архи ууж байсан найз Э.Чагдарсүрэнг хөөж явууллаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож,  улмаар ширээн дээр байсан хутгыг авч Ц.Батзоригийн араас хөөн гэрээс гарч түүнийг онц харгис хэрцгий аргаар олон удаа буюу хэвлий хэсэгт хоёр удаа, нуруу болон гарын шууны орчимд тус бүр нэг удаа хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрсэн, дотор эрхтнийг гэмтээсэн хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:          ялтан Ц.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө би өөрийн дүү Ц.Батзоригтой маргалдаж улмаар гэрт байсан ахуйн хэрэглээний хутгаар баруун гарыг зүсэж, гэдсэнд нь хоёр удаа дүрсэн. Би тухайн үед нилээн согтуу байсан. ...Э.Чагдарсүрэн үгэнд орохгүй байхаар нь би нүүр ам руу олон удаа цохиж зодоод явуулсан. Дараа нь би гэртээ Ц.Батзоригтой байж байхад Ц.Батзориг “Чи яагаад зүгээр байсан хүнийг зодов” гээд надтай хэрэлдээд байхаар нь бид хоёр хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь би гэрийн ширээн дээр байсан халбага сэрээний хажууд байсан гэр ахуйн хэрэглээний эрээн өнгийн хутга авахад Ц.Батзориг гэрээс гараад гүйхээр нь би араас нь гүйж гараад гэдсэнд нь хоёр удаа хатгасан. Өөр хатгаж зүссэн зүйл байгаа байх сайн санахгүй байна. Ямар ч байсан “Баагий би дүү чинь байна боль доо” гэж орилж байсныг нь санаж байна” гэх мэдүүлэг /х51/,

 “...Би дүүтэйгээ барьцалдаж аваад ноцолдсон бөгөөд манай дүү миний нүд рүү хуруугаа хийхээр нь миний уур хүрээд би ширээн дээр байсан манай гэрийн хутга болох хүрэн иштэй хутга авахад манай дүү Ц.Батзориг гэрээс гараад гүйсэн. Би араас нь хутгаа барьж гарахад манай дүү цасан дээр хальтраад дээшээ хараад унасан байхаар нь би очоод гэдсэнд нь хоёр удаа дүрээд, баруун шууг нь зүссэн санагдаж байна. Тухайн үед нилээн согтсон бас гадаа гараад салхинд цохиулаад ухаан санаа орж гараад байсан. Тэр үед манай дүү “Баагий би дүү чинь байна” гэж орилж байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /х54-57/,

хохирогч Ц.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нэг мэдсэн Ц.Бат-Эрдэнэ ах намайг боогоод бид хоёр барьцалдаж авалцсан бөгөөд би хоёр нүд рүү хуруугаа хийгээд газраас босоод нүүр рүү нь 2-3 удаа цохисон чинь Ц.Бат-Эрдэнэ ах хутга авахаар нь би гэрээс гараад зугтаагаад дөнгөж 3-4 алхаад цасан дээр хальтраад бүдэрч унасан. Тэгээд дээшээ хараад хэвтэхэд Ц.Бат-Эрдэнэ ах ирээд миний гэдэс рүү хоёр удаа хатгаж, баруун гарын шуу болон зүүн мөрийг зүссэн. Тэгэхээр нь би “Ц.Бат-Эрдэнэ ах би дүү чинь байна болиочээ” гэхэд больсон. Тэгээд цус алдаад ухаан санаа орж гараад болсон үйл явдлыг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /х17-19/,

            гэрч Ц.Эрдэнэсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Яг юунаас болж хэрэлдсэн талаар би мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л дуу нь өндөрсөөд бие бие рүүгээ дайрч эхэлсэн…Тэгээд Ц.Батзориг гэр рүүгээ буцаж орж ирээд Ц.Бат-Эрдэнэтэй маргалдсан. Би “болиочээ” гэсэн боловч тэр хоёр бүүр барьцалдаж аваад бие биенийхээ дээр доор гараад байхаар нь би очиж нэг салгасан боловч бие өвдөөд дийлээгүй. Тэгээд гайгүй байх гэж бодоод зурагтаа үзээд байж байхад Ц.Батзориг гэрээс гүйгээд гараад явсан араас нь Ц.Бат-Эрдэнэ гарсан бөгөөд удалгүй Ц.Батзоригийн орилох чимээ гарахаар нь би гэрээс гартал Ц.Батзориг газар хэвтсэн цус алдаж байсан. Хажууд нь Ц.Бат-Эрдэнэ зогсож байсан.” гэх мэдүүлэг /х21/,

            гэрч Э.Чагдарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ц.Бат-Эрдэнэ ах миний нүүр рүү 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би гараад хашааны гадаа гарсан чинь хамарнаас цус гараад байхаар нь гудамжны үзүүрт очоод цусаа тогтоогоод цагдаа дууддаг юм уу гэж бодож байсан боловч гайгүй болохоор нь цагдаа дуудаагүй. Тэгээд эргэж Ц.Бат-Эрдэнэ ахын гэрт нь очсон чинь түргэний автомашин дээшээ өгсөн чадахгүй гулгаад байж байсан. Би гайхаад очсон чинь Ц.Бат-Эрдэнэ ах, Ц.Батзориг хоёр гадаа байж байсан бөгөөд Ц.Батзоригийн биенээс цус гарч байсан.” гэх мэдүүлэг /х25, 26/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ц.Батзоригийн биед хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж, нарийн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, нуруу, баруун шуунд шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүснэ. Дээрхи гэмтэл нь хурц, ир, үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 155 тоот шинжээчийн дүгнэлт /х28/,

 “...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн даавуун зузаан өмдөн дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна.” гэх 202 тоот шинжээчийн дүгнэлт /х31/,

Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн өвчний түүх /х88-100/, Хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /х3/, хэргийн газрын схем зураг /х4/, гэрэл зургийн үзүүлэлт /х5, 6/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ц.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдлийн шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Ялтан Ц.Бат-Эрдэнэ нь урьд дөрвөн удаа, сүүлд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 5 жил хорих ял шийтгүүлэн, ял эдэлж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр суллагдсанаас хойш 42 хоногийн дараа дахин хүнд гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтайд тооцогдож байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл, хорих ял эдлүүлэх дэглэм тохирсон байх тул ялтан Ц.Бат-Эрдэнийн гаргасан “...хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, тохирох ял шийтгэл оногдуулж өгнө үү, эсхүл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д заасан шаардлагаас хальж хэрэгт хамааралгүй Эрүүгийн эрх зүйн онолын тайлбаруудыг хуулбарлан бичсэн нь зохимжгүй байгааг дурьдаж байна.

Мөн ялтан Ц.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцохдоо огноо, тооцоог буруу тооцсон байх тул шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 442 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ц.Бат-Эрдэнийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 128 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Ц.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                            Ц.ОЧ