Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 443

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Эрдэнэбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор С.Мөнхгэрэл,

Ялтан Э.Эрдэнэбаяр /цахим хэлбэрээр/,

Ялтан Э.Эрдэнэбаярын өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бямбаа,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Эрдэнэбаярын гаргасан давж заалдах гомдлоор Э.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 201525021665 дугаартай хэргийг 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Эрдэнэмөнхийн Эрдэнэбаяр, 1980 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрөгч, угсрагч мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байрны 51 тоотод оршин суух бүртгэлтэй боловч хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 46-543 тоод оршин сууж байсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: /ХЖ80040110/;

 

Э.Эрдэнэбаяр нь 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 хорооллын 1 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, үл ялих зүйлээр шалтаглан хамт архи ууж байсан Б.Мөнхнасангийн нүүрэн тус газарт цохисны улмаас бие махбодид нь гавал тархины гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Эрдэнэбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Эрдэнэбаярыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаярт оногдуулсан 15 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаярын цагдан хоригдсон 237 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаяраас 5.716.176 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бямбаад олгож, Э.Эрдэнэбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хорих ял эдлэх хугацааг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Э.Эрдэнэбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. … Намайг 1 дүгээр байрны 6 дугаар орцны тэнд зогсож байтал Г.Отгонбаатар, Б.Сэддорж, Цацрал, Хасбаатар ах, хохирогч Б.Мөнхнасан нар тус байрны аркаар ирж явсан. Би тэд нарт “тэндээ байж байхгүй яагаад наашаа ирэв, яасан юм бэ” гэхэд “зүгээр наашаа явж байна, өвөө тэнд үлдсэн” гэхээр нь би өвөө рүү очиход Дугар өвөө “нөгөө сандал дээр суучихсан, бор дэвтрээ барьчихсан нилээн согтсон байртай, чиний найз нар ийм л хүмүүс байна даа. Миний мөнгийг аваад явчихсан” гээд сууж байсан. Тэгэхээр нь би “хэн таны мөнгийг авсан юм бэ” гэж хэлэхэд “миний хажууд сууж байсан залуу авсан” гэж хэлээд баруун гар тал руугаа заасан юм. Архи ууж байх тэр үед хохирогч Б.Мөнхнасан сууж байсан юм. Би өөрөө эмэг эхтэйгээ өссөн учраас хөгшин настай хүмүүсийг маш их хайрлаж хүндэлдэг. Миний хувьд 82 настай хөгшин хүнээр архи авахуулж уучихаад мөнгийг нь авсан болохоор маш их ичсэн, санаа зовсондоо тэд нарын араас очиж мөнгийг нь авч өгөх зорилготой очиход 5 дугаар орцны өмнөх сандал дээр сууцгааж байсан. Би Мөнхнасанд хандаж “чи яахаараа мөнгийг нь авдаг юм бэ, архи авахуулж уучихаад ичдэггүй юм уу, мөнгийг нь гаргаад ир” гэхэд “би юу гэж авах юм бэ, банди минь” гэх зэргээр авирлахад надад настай хүний мөнгө согтуугаар нь далимдуулж авсан, дээрээс нь “банди” гэдэг үг хэлсэн зэрэг нь хүнд туссан тул өөрийн эрхгүй алгадахад Б.Мөнхнасан нь хойшоогоо гараараа тулж унасан. Тэгэхэд би хэн нэгэнтэй нь татаж босгож, сандал дээр суулгахад хэн нэгэн нь “битгий муудалцаад бай” гэхээр нь цааш тайвширах санаатай 4 дүгээр орцны тийшээ очоод буцаад ирэхэд Б.Мөнхнасан нь сууж байсан сандал дээр байхгүй босоод явчихсан байсан. Энэ явдлын дараа Дугар өвөө Г.Отгонбаатарт мөнгө алга болсон талаар ярьж хэлсэн байдаг. Г.Отгонбаатар, Б.Сэддорж нар гэрчийн мэдүүлэгт өөр юм ярьсан байдаг. Г.Отгонбаатар нь тэр үед хамт байсан мөртлөө маргааш нь таарахад “Эрдэнэбаяр ярихдаа нэг алгадахад унаад өгсөн, юу ч биш юм билээ” гэх мэтээр худлаа ярьсан. Г.Отгонбаатар, Б.Сэддорж нар нь хүний мөнгийг үгсэн тохирч авчихаад дараа нь ийм асуудал болонгуут дээрмийн хэрэгт орохоосо айгаад юу ч яриагүй, өөр өөр юм ярьсан. Миний бие нь хохирогч Б.Мөнхнасангийн амь насыг санаатайгаар, танхайн сэдэлтээр, олон нийтийн амгалан тайван байдал болон эд зүйл эвдэж гэмтээсэн, “ална” гэж зодож цохиогүй. Хохирогч Б.Мөнхнасангийн хууль бус үйлдлийг таслан зогсоох гэж очоод, хэл амаар доромжлуулан хохирогч Б.Мөнхнасангийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон. Хохирогч Б.Мөнхнасан нь хүний мөнгийг авчихаад намайг “банди” минь гэх зэргээр доромжилсон үг нь маш хүндээр туссан, тийм учраас цочрон давчдаж, өөрийн эрхгүй алгадахад хүрсэн. Иймд миний гэр бүл, эх, эцэг, дүү нар минь хөгжлийн бэрхшээлтэй хэлгүй, дүлий хүмүүс байдаг юм. Би нэг хүүтэй, одоо 17 настай, хүүг минь 6 сартай байхад эх нь орхиж явснаас хойш хагас өнчин өссөн. Би гэр бүлийнхээ түшиг тулгуур, хэл ам нь болдог, энэ айлын ууган том хүүхэд нь билээ. Миний бие нь нэг алгадсан тухайгаа мөрдөн байцаалтын явцад тодорхой хэлж ярьсан ба хэргийг хүндрүүлээгүй үнэн зөвөөр болсон явдлыг худал хуурмаг биш шударгаар хэргээ хүлээсэн. Бусдыг санаатай танхайрч алах зорилго гаргаагүй, санамсар болгоомжгүй байдал гаргаж маш том алдаа гаргаснаа үнэхээр их гэмшиж харамсаж байдаг билээ. Манайх амьдралын боломж бололцоо муу байдаг учир ажил хөдөлмөр хийж үр хүүхэд, эцэг, эх, дүү нараа асран халамжлахыг маш их хүсэж байгаа учир, мөн хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Энэ бүх байдал ар гэр, үр хүүхдийг минь ойлгож, ялыг минь хөнгөлж, зүйлчлэлийг минь зөвтгөж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсгийг 91 дүгээр зүйлийн 91.1 болгож, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. …” гэжээ.

 

Ялтан Э.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад хохирогчийг санаатай алъя, гэмтээе гэсэн зорилго байгаагүй. Гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Ялтан Э.Эрдэнэбаярын өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Эрдэнэбаярын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.  Прокуророос яллах дүгнэлт бичихдээ 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 хорооллын 1 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд Б.Мөнхнасангийн нүүрэн тус газарт цохисны улмаас гавал тархины гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон” гэж бичсэн байсан. Харин анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Э.Эрдэнэбаярын үйлдэл “танхайн сэдэлтэй байх үндэслэлтэй” гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Прокурор дахин яллах дүгнэлт үйлдэхдээ Э.Эрдэнэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэг гарсан шалтгааны тухайд Э.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ “82 настай Дугар өвөө надад архи авч өгсөн. Би түүнд архи авч өгөхөөр яваад буцаж ирэх үед түүний мөнгө нь алга болсон байсан” гэсэн. Э.Эрдэнэбаяр “хөгшин настай хүний мөнгийг авлаа” гэж хэлэхэд хохирогч түүнийг “банди” гэж хэлсэнд дургүйцсэн байдаг. Э.Эрдэнэбаяр “Банди” гэдэг нь шоронд хоригдож байгаа эрэгтэй хүн эмэгтэй хүн болгон доромжилж хэлдэг үг. Үүнээс болж 1 удаа алгадсан гэж мэдүүлсэн. Хохирогчийг алгадсан болох нь түүний өөрийн болон гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Гэрч Ганбаатарын “Би Дамбадаржаад байна. Нэг хүнийг алгадсан чинь асуудалд орчихоод байна. Та хүрээд ирээч гэсэн” гэх, гэрч Отгонбаатарын “Дугар өвгөн 40.000 төгрөг алга болсон гэж ярьж байсан” гэх мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан. Уг хэрэг хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хэрэг хэдэн цагт гарсан бэ гэдэг нь нарийн тогтоогддоггүй. Б.Сэддорж “15 цагийн үед дагаад орц руу орж байсан” гэж мэдүүлсэн бөгөөд 13 цагийн үед Отгонбаатар гэрт нь хүргэж өгсөн байдаг. Отгонбаатар мэдүүлэгтээ “Б.Мөнхнасангийн ах Жамбаад эм тарианд хэрэглээрэй гэж 200.000 төгрөг өгсөн” гэсэн. Өөрийнх нь алгадсанаас болж хохирогчийн амь нас хохирсон гэж миний үйлчлүүлэгч үзэж байгаа. Э.Эрдэнэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.” гэв.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Бямбаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хүү Б.Мөнхнасанг Э.Эрдэнэбаяр алгадсан гэж байгаа ч нэг удаа алгадахад ингэж хүчтэй савж унасан гэдэгт эргэлзэж байна. Хэрэг гарснаас хойш бүтэн жил болох гэж байхад хэргийг нь шийдвэрлүүлж чадалгүй, хүүгийнхээ ясыг нь өндөлзүүлж байгаадаа харамсаж байна. Эх хүний хувьд маш их гомдолтой байна. Хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлмээргүй байна.” гэв. 

 

Прокурор С.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Э.Эрдэнэбаяр уг гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар бүрэн нотлогдсон гэж үзэж, анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Э.Эрдэнэбаяр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр хүний амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Иймд Э.Эрдэнэбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Яллах дүгнэлтэд Э.Эрдэнэбаяр нь “хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан” гэх боловч хавтаст хэрэгт энэ талаарх баримт байхгүй байхад анхан шатны шүүх “Э.Эрдэнэбаяр нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, сууллагдсан бөгөөд ялтай байдал нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Э.Эрдэнэбаяр нь хэзээ, ямар үндэслэлээр суллагдсан болох нь тодорхойгүй байх бөгөөд энэ байдлыг тодруулснаар түүний ялтай байдалд хууль зүйн дүгнэлт өгөх буюу Өршөөлийн хуульд хамааруулах, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдох эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан үндэслэлээр ял нэмж нэгтгэх асуудал байгаа эсэхэд дүгнэлт хийх ач холбогдолтой болно.

 

            Иймд хэзээ, ямар үндэслэлээр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, эсхүл хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан эсэхийг тодорхой болгох шаардлагатай.

 

            Яллах дүгнэлтэд “...Э.Эрдэнэбаяр нь ...Б.Мөнхнасангийн нүүрэн тус газар цохисны улмаас гавал тархины гэмтэл учруулан ...” гэж дүгнэсэн байхад Анхан шатны шүүх “… цементэн шалан дээр ар дагзаараа хүчтэй савж унан … тархины гэмтлийн улмаас нас барсан …” гэж яллах дүгнэлтийн хүрээнээс хальж, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийсэн байна.

Гэрч С.Мягмар “...Тэгээд эхнэр бид хоёр тэдгээр хүмүүсийг хараад байж байтал нэг жижигхэн биетэй багавтар үстэй бараан хувцастай залуу босч ирээд өндөрдүү биетэй бараан хувцастай туранхайвтар залууг зогсож байхад нь шууд босч ирээд шанаа орчимд нэг удаа цохиод автал нөгөө өндөрдүү биетэй залуу шууд арагшаа шонгийн мод унаж байгаа юм шиг дагзаараа цементэн дээр унасан. ...” /1 дүгээр хавтас, хуудас 73/,

гэрч Д.Наранлхам “...нөхөр бид хоёр нэг хүүхдэд жолооны үнэмлэх өгөх гээд хүлээгээд байж байтал нөгөө архи ууж байсан жижигэвтэр биетэй бордуу царайтай нэг залуу хажууд нь зогсож байсан өндөрдүү залууг алгадсан уу, толгой руу нь цохисон уу нөгөө залуу нь ар дагзаараа арагшаа мод унаж байгаа юм шиг унасан. Их чанга дуугарч байсан...” /1 дүгээр хавтас, хуудас 74/,

            гэрч Б.Сэддорж “... Тэгээд суухад л Баяраа нь Дональдыг гараараа “түс” гээд шанаанд нь хүчтэй цохисон. Тэгтэл Дональд шууд л цохиулаад газарт унасан...” /1 дүгээр хавтас, хуудас 75-76/ гэх зэрэг мэдүүлгүүдэд болон бусад нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийж, эсхүл дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт байгаа бол аль үндэслэлтэй гэж үзсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг дүгнэх.

 

            Түүнчлэн амь хохирогчийн унасан гэх газарт үзлэг хийж, цементэн эсхүл асфалтан давхаргатай газар байсан эсэхийг тодорхой болгох.

   

            Зарим гэрч нарын мэдүүлгээр 11 дүгээр хорооллынх мөн, биш гэж маргаснаас таарамжгүй харилцаа үүссэн гэсэн байхад яллагдагчийн мэдүүлэгт Дугар өвгөний мөнгө алга болсон асуудлаас таарамжгүй харилцаа үүссэн гэсэн байх бөгөөд яллах дүгнэлтэд үл ялих зүйлээр шалтагласан гэжээ.

 

            Иймд үл ялих зүйлээр шалтагласан гэх ойлголтод ямар асуудал хамаарч байгааг нотлох баримтад үндэслэн зөв тодорхойлох.

 

            2 дугаар хавтаст хэргийн 71, 72 дугаар хуудсанд авагдсан ял өөрчлөн сонсгох тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэгт яллагдагч Э.Эрдэнэбаяр гарын үсэг зураагүй байх бөгөөд ямар шалтгаанаар гарын үсэг зураагүй болох нь тодорхой биш байх тул тэмдэглэл үйлдэн баримтжуулах нь зүйтэй.

           

            Мөн яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр гэж тодорхойлсон байгаа нь учир дутагдалтай байх тул тухайн өдрийн хэдэн цагийн үед гэмт хэрэг гарсан талаар нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар заавал нотолбол зохих асуудалд хамаарч байна.

            Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Э.Эрдэнэбаярт холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Эрдэнэбаярт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар эцэслэн дүгнэлт хийгээгүй тул ялтан Э.Эрдэнэбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхив.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Эрдэнэбаярт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр тухайн шүүхээр дамжуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Э.Эрдэнэбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                 

 

 

                                                                                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

                

                  ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ       

                                                                                          

                                                                                             Т.ӨСӨХБАЯР