Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 406

 

Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ш.Алтанцэцэг,

ялтан Э.Дорждамба /цахимаар/, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

ялтан Б.Ганбаяр /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

ялтан А.Эрдэнэтөгс /цахимаар/, түүний өмгөөлөгч А.Содхүү,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 416 дугаар шийтгэх тогтоолыг эс зөршөөрч прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18 тоот улсын яллагчийн эсэргүүцэл, ялтан Э.Дорждамба, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, ялтан Б.Ганбаяр, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, ялтан А.Эрдэнэтөгс, түүний өмгөөлөгч А.Содхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нарт холбогдох 201525012960 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Бөндөг овгийн  Эрдэнэхүүгийн Дорждамба, 1991 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 1 дүгээр баг, Хараатын 2 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЗН91110116/,

2015 оны 6 дугаар сарын 8-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 747 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

2. Тамчиг боржигин овгийн Бат-Эрдэнийн Ганбаяр, 1996 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг Лүнгийн 4 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЗН96012535/,

 

3. Элгэн бээлий овгийн Алтанцэцэгийн Эрдэнэтөгс, 1995 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эксковаторын операторч, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 2 дугаар баг, Лүнгийн гудамжны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЗН95092418/,

 

1. Э.Дорждамба, Б.Ганбаяр нар бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Подстанцын хойд талд иргэн Ц.Батмөнхийг зодож хутга тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, “Самсунг Галакси Эс” загварын хөх өнгийн гар утас, бэлэн мөнгө 13.000 төгрөгийг дээрэмдэж 185.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Э.Дорждамба, Б.Ганбаяр нар бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 19:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их-Дарь-эхийн 11 дүгээр гудамжинд иргэн С.Ганбатыг цохиж зодон, хутга тулган амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж “LG F200” загварын гар утас, “Тимберланд” үйлдвэрийн хагас түрүүтэй гутал дээрэмдэж 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Э.Дождамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нар бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 20:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Подстанцын  орчимд иргэн Б.Бодолцолмонг цахилгаан бороохой тулгаж, хутгална гэж амь биед нь аюултайгаар заналхийлж, “Самсунг Галакси S3” болон “Нокиа” загварын  гар утас дээрэмдэж 185.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нар бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 22:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Подстанцын орчимд иргэн А.Тулгааг цохиж, цахилгаан бороохойдон, хутгална гэж амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, “LG 5900” загварын гар утас, мөнгөн бөгж дээрэмдэж 165.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Э.Дорждамба, Б.Ганбаяр нар бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 21:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Подстанцын орчимд иргэн Ц.Ганзоригийг хутга тулган амь биед нь аюултайгаар заналхийлж, “Самсунг Нөт-2” загварын гар утас, урт загвартай хүрэм, арьсан хэтэвч, бэлэн мөнгө 40.000 төгрөг дээрэмдэж 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 19:00 цагаас 19:30 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд насанд хүрээгүй Б.Баяржавхлангийн “Скай-810” загварын утсыг булааж 130.000 төгрөгийн, Л.Бямбасүрэнгийн “Самсунг Галакси Гранд-2” загварын гар утсыг булааж 185.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бөндөг овогт Эрдэнэхүүгийн Дорждамба, шүүгдэгч Тамчиг овогт Бат-Эрдэнийн Ганбаяр, шүүгдэгч Элгэн бээлий овогт Алтанцэцэгийн Эрдэнэтөгс нарыг давтан, бүлэглэж, зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн, давтан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булааж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Э.Дорждамба, Б.Ганбаяр нарыг тус бүр эд эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар , А.Эрдэнэтөгсийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нарыг тус бүр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Дорждамба, Б.Ганбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Эрдэнэтөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 7 сарын хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дорждамба, Б.Ганбаяр нарт тус бүрт оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч А.Эрдэнэтөгсөд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нарын тус бүр цагдан хоригдсон 129 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Тимберланд нэртэй, шар өнгийн хагас түрийтэй 1 ширхэг хос гутал, хар өнгийн макс 2 ширхэг, хар өнгийн 3 нүхтэй 1 ширхэг ноосон малгай, олон үйлдэлтэй 1 ширхэг хутга, үрлэн сумтай 1 ширхэг тоглоомон гар бууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дорждамба, Б.Ганбаяр нараас тус бүр 605.668 төгрөг, шүүгдэгч А.Эрдэнэтөгсөөс 221.664 төгрөгийг гаргуулж, Ц.Батмөнхөд 198.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч С.Ганбатын хууль ёсны төлөөлөгч Я.Чулуунбаатарт 290.000, хохирогч Ц.Ганзоригт 280.000 төгрөг, хохирогч Б.Бодолцолмонд 185.000 төгрөг, хохирогч А.Тулгаад 165.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Баяржавхлангийн хууль ёсны төлөөлөгч Г.Батболдод 130.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Л.Бямбасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонзулд 185.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Ялтан Э.Дорждамба гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 13 удаагийн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн. Би 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр баригдаж Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Чинзоригт байцаалт өгөхдөө 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт 13 үйлдэлтэй байснаа анхны мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл миний үйлдсэн 13 үйлдлийн 7 үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар 6 жилийн хорих ял оногдуулсан. Миний үйлдсэн 13 үйлдлийн 6 үйлдэл нь эзэн холбогдогч нь тодорхойгүй улмаас шийдвэрлэгдээгүй. Тийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж илрээгүй 6 үйлдлийнхээ эзэн холбогдогчийг тогтоолгож 13 үйлдлээ нэгдсэн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Мөн Б.Ганбаяр бид хоёрын үйлдсэн 13 үйлдлийн 1 үйлдэл дээр нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Лүнгийн 2 тоотод оршин суудаг 95705033 утасны дугаартай Алтнаагийн Ганхуяг хамт явж дээрэм хийсэн. Иймд А.Ганхуягийг шалгуулж хохирлын мөнгийг хувааж төлүүлэх хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Учруулсан хохирлоо бүрэн барагдуулж хохиролгүй болгоно...” гэв.

 

Ялтан Б.Ганбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 13 удаагийн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн. Би 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр баригдаж Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэсийг мөрдөн байцаагч ахлах дэслэгч Чинзоригт байцаалт өгөхдөө 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл нийт 13 үйлдэлтэй байснаа анхны мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн.

Би анхны мэдүүлгээрээ 13 үйлдэл хүлээн зөвшөөрсөн байхад 7 үйлдэл дээр яллаж 6 үйлдэл нь эзэн холбогдогчгүй гэсэн шалтгаанаар шийдвэрлэгдээгүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж үйлдсэн 6 үйлдлийнхээ эзэн холбогдогчийг нь тогтоолгож 13 үйлдлээ нэгдсэн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. 

Мөн Э.Дорждамба бид хоёрын үйлдсэн 13 үйлдлийн 1 үйлдэл дээр нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн 95705033 утасны дугаартай А.Ганхуяг хамт дээрмийн гэмт хэрэг үйлдсэн. Иймд А.Ганхуягийг шалгуулж хохирлын мөнгийг хувааж төлүүлэх хүсэлтэй байна. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Учруулсан хохирлоо бүрэн барагдуулж хохиролгүй болгоно...” гэв.

Ялтан А.Эрдэнэтөгс гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Б.Ганбаяр, Э.Дорждамба нартай бүлэглэж дээрмийн 5 үйлдэл хийсэн. Би 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр баригдаж Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст байцаалт өгөхдөө 5 үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Миний үйлдсэн 5 хэргийн 4 үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар 5 жил 7 сарын хорих ял оногдуулсан. Миний үйлдсэн 5 хэргийн 1 нь эзэн холбогдогчгүй гэх шалтгаанаар шийдвэрлэгдээгүй тул хэргийг дахин шалгуулж илрээгүй 1 хрэгийнхээ эзэн холбогдогчийг олж тогтоолгож 5 үйлдлээ нэгдсэн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Учруулсан хохирлоо бүрэн барагдуулж хохиролгүй болгоно...” гэв.

 

Ялтан Э.Дорждамбын өмгөөлөгч Н.Намжилцогт гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн бодитой явуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татаагүй. Миний үйлчлүүлэгч сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө 13 дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэтэл цагдаагийн байгууллага хохирогч нарыг олж тогтоож чадаагүй. Зөвхөн өрөгдөл өгч гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн хүмүүсийг хохирогчоор тогтоосон. Гэмт хэрэг зөвхөн Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд гарсан. Аливаа этгээд гэмт хэргийн хохирогч болвол тухайн хорооныхоо цагдаад ханддаг. Хорооны хэсгийн байцаагч өөрийн гэсэн журнал дээр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлллийг тэмдэглэж авдаг. Тиймээс эдгээр хорооны хэсгийн байцаагч нараас тухайн үед гэмт хэргийн талаар өрөгдөл, гомдол гаргасан хүн байгаа эсэхийг лавлах ёстой байсан. Э.Дорждамбын үйлдсэн хэргийг цогцоор нь шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хэрэгт Ганхуяг гэх хүнийг хамт орсон гэдэг. Ганхуягийн ар гэр надтай холбогдож, эцэг нь ирж уулзахдаа “Миний хүү ганц л удаагийн хэрэгт холбогдсон юм байна. Танай хүмүүс олон удаагийн үйлдэлтэй юм чинь хариуцлагаа хүлээг. Миний хүүг нэг удаа харж үзээрэй” гэж хэлж байсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр ч хэлж байсан. Ял зайлшгүй байх зарчмын дагуу Ганхуяг үйлдсэн хэрэгтээ тохирсон ял шийтгэл хүлээх ёстой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Б.Баяржавхлан, Л.Бямбасүрэн нараас булаасан” гэсэн байдаг. Гэтэл хохирогч Б.Баяржавхлан “Намайг гар утасаа аваад явмаар байна гэхэд нэг нь миний гэдэс рүү нэг удаа өшиглөж унагаагаад миний гар утсыг аваад явсан” гэж мэдүүлсэн байдаг.   Тиймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж гэмт хэрэгт хамтран оролцсон Ганхуягийг шалгуулах хүсэлтэй байна. Хохирогч Б.Баяржавхлан, Л.Бямбасүрэн нарын гар утсыг авахдаа хэд хэдэн удаа нуруу руу нь өшиглөсөн байх тул булаалт биш дээрмийн гэмт хэрэг гэж үзэж байна...” гэв.

Ялтан Б.Ганбаярын өмгөөлөгч Г.Сүхээ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ганбаяр нь анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргийнхээ нийгмийн хор аюулыг ухамсарлаж, өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд хохирогчдын хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан. Анхан шатны шүүхийн тогтоолд дурьдснаар хохирогчид төлөх телбөргүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг байдлүуд нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн, хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан А.Эрдэнэтөгсийн өмгөөлөгч А.Содхүү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлалгүй, гэмт үйлдэл, холбогдлыг нь бүрэн тогтоолгүй, зөрүүтэй нотлох баримтыг зөв үнэлж дүгнэлгүй нэмэлт мөрдөн байцаалтаар шалгах шаардлагатай нөхцөл байдал, асуудал байхад шийтгэх тогтоол гаргасныг эс зөвшөөрч байна. Хавтаст хэргийн 59-61 хуудас, мөн 71-78 хуудаст: Хохирогч Бямбаагийн Бодолцолмонг асууж авсан тайлбар, байцаалтыг авч, дээрэмдүүлсэн гэх Самсунг S3, Nokia 6070 маркийн гар утсыг 2 удаа үнэлгээ хийлгэж, зөрүүтэй үнэлүүлсэн. Хавтаст хэргийн 14-р хуудаст: Э. Дорждамбыг асууж авсан тайлбарт “2015 оны 11-р сард Сэлбэ голын далан дээр явж байсан 1 бандийг дуудаад ална шүү гэж айлгаж байгаад "Тимбэрлэнд" гутлыг нь авсан. Энэ хэрэгт Хуягаа, Ганбаяр бид 3 явж байсан. Гутал нь одоо манай гэрт байгаа” гэх мэдүүлэгт тус хэрэгт хамтран оролцсон Хуягааг олж байцаах талаар ямар ч арга хэмжээ аваагүй. А.Эрдэнэтөгсийн мэдүүлгээр нийт 3 удаагийн дээрэм, 2 удаагийн булаалтын үйлдэл ярьснаас одоогоор 4 үйлдэл нь тогтоогдож, хохирогч нар байцаалт өгсөн бөгөөд үлдсэн нэг үйлдлийн хохирогчийг эрэн сурвалжлах талаар ажиллагаа хийгдээгүй. Хэрэв хохирогч нь тогтоогдохгүй бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24-р зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох хэрэгтэй. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 416 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү. Мөн анхан шатны шүүх хуралдааны дараа хохирлыг төлж барагдуулсан тухай баримтыг танилцуулж байна...” гэв.

 

Прокурор Ш.Алтанцэцэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Дорждамба, Б.Ганбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуудлсан 6 сарын хугацаагаар баривчлах нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тус бүр эд хөрөнгө хураагүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ялаар, А.Эрдэнэтөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын баривчлах нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 7 сарын хугацаагаар тогтоосон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар дэглэмийг заасан хэсэгт Э.Дорждамба, Б.Ганбаяр нарт тус бүрт оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг гэж буруу бичсэн байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.2 дэх хэсэгт "нотлогдсон гэмт хэрэг нэг бүрт нь шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон жинхэнэ эдэлбэл зохих ялын хэмжээ...", мөн зүйлийн 297.5 дахь хэсэгт "Шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино", Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан" шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна" гэх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 416 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Ялтан нар болон тэдний өмгөөлөгч нар хэргийг нэгдсэн журмаар шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдолууд гаргасан байна. Нийт 13 үйлдэл шалгагдсанаас прокурор 7 үйлдлийг нь тогтоогдсон гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр “13 гэмт хэрэг үйлдсэн тул нэгдсэн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэж хэлж байсан. Хэргийн тухай гомдол, мэдээлэл нэгдсэн нэг санд байдаг болсон тул хохирогч гомдол гаргасан эсэхийг хайлт хийж шалгасан тухай баримт хавтаст хэрэгт байгаа. Бусад үйлдэлд нь гаргасан гомдол байхгүй болох нь тогтоогдсон. Гар утсыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол үйлдэхдээ үнэлүүлсэн дараа нь эрүүгийн хэрэг үүсгээд дахин үнэлүүлсэн. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээн гар утасны үнэлгээг нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс ялтан нарын үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдал зэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, өөрөөр хэлбэл Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд тэдний үйлдлийг буруу зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 19:00 цагаас 19:30 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд насанд хүрээгүй Б.Баяржавхлангийн “Скай-810” загварын утсыг булааж 130.000 төгрөгийн, Л.Бямбасүрэнгийн “Самсунг Галакси Гранд-2” загварын гар утсыг булааж 185.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл хохирогч Б.Баяржавхлан мөрдөн байцаалтын шатанд “...намхан залуугийн ЭлЖи-ийн хар өнгийн гар утас нь дуугараад нөгөө хоёртойгоо ярьж байснаа гэнэт намайг цээжинд жийж өшиглөсөн. Би газар унасан байхад баруун гар луу өшиглөөд зугтаасан. Би араас нь хөөх гэхэд гүйцээгүй.” гэж /хх1, х107/, хохирогч Л.Бямбсүрэн мөрдөн байцаалтын шатанд “...намхан залуун нь үлдээд “Одоо машин ирнэ” гэж хэлсэн ба хүн харж байгаад байхгүй болохоор цээж рүү жийж өшиглөсөн. Тэгснээ нөгөө хөлөөрөө нүүрэнд өшиглөхөд би газар унасан. Намайг унахад тэр залуу хойшоогоо нөгөө хоёр залуугийн зүг гүйсэн. Би босоод араас нь хөөгөөд 13 дугаар хорооллын автобусны буудал хүртэл хөөгөөд алдсан” гэж /хх1, х112/ тус тус мэдүүлсэн бөгөөд Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нар нь бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эд хөрөнгийг нь дээрэмдэхээр санаа зорилго нэгдэж, хутга, цахилгаан бороохой зэргээр зэвсэглэн удаа, дараагийн давтан үйлдлээр дээрмийн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон байхад дээрх үйлдлийг зөвхөн “гар утсыг нь аваад … зугтаасан” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар буруу зүйлчилсэн байх тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай байна.

Мөн ялтан Э.Дорждамба нь мөрдөн байцаалтын шатанд “...Манай эхнэр ажил хийдэг боловч цалингийн зээлтэй учир байрны түрээс, хоол унд авах гээд амьжиргаанд мөнгө хүрдэггүй. Би ажил хийдэггүй болохоор мөнгө олох гэж 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш 13 удаа дээрэм хийсэн” гэж тодорхой мэдүүлэг өгсөн байхад уг 13 үйлдлээс 6 үйлдлийг нь шалгаж, хохирогчийг олж тогтоох талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг хийгээгүй байна. Иймд мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгавал зохих уг үйлдлүүдийг нэг мөр шалгасны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээр дурьдсан хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан ялтан Э.Дорждамба, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, ялтан Б.Ганбаяр, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, ялтан А.Эрдэнэтөгс, түүний өмгөөлөгч А.Содхүү нарын гаргасан давж заалдах гомдлууд болон улсын яллагчийн эсэргүүцлийг хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад Улсын Их хурлаас Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталж, анхан шатны шүүхийн харъяалан шийдвэрлэх хэрэг маргаан өөрчлөгдсөнтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хэрэг гарсан газрыг харьяалах Баянзүрх дүүргийн шүүхээр дамжуулан тус дүүргийн Прокурорын газарт хэргийг буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 416 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Э.Дорждамба, Б.Ганбаяр, А.Эрдэнэтөгс нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                             Ц.ОЧ