Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 407

 

Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Золзаяа,

ялтан Д.Бат-Оргил /цахимаар/,

ялтан Д.Эрдэнэзаяа /цахимаар/,

ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнх-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Гунгаа,

иргэний нэхэмжлэгч Г.Тэмүүжин,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Д.Батсуурь, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолыг эс зөршөөрч ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарт холбогдох 201526012570 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Дууч овгийн Дангаагийн Бат-Оргил, 1985 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу гудамжны 34 дүгээр байрны 68 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ФА85081219/,

 

2. Дууч овгийн Дангаагийн Эрдэнэзаяа, 1992 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Орхон аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, техник төв байрны 14 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ФА92120753/,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын          13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Гангар инвестийн 22 дугаар байранд байрлах Худалдаа хөгжлийн банкны “Таван шар дахь 412” дугаар салбарын байранд орж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж тааз руу буудан бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж 424.000.000 төгрөгийг дээрэмдэж, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Ялтан Д.Бат-Оргил нь “Эд финаанс” ХХК-д өөрийн эзэмшлийн “Соната-6” загварын 63-97УБҮ улсын дугаартай автомашин, “Тоёота Ланд Крузер-105” загварын 92-92УБЗ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн эзэмшигчийг шилжүүлэн тус тус барьцаалж 22.000.000 төгрөг зээлж авсан гэдгээ мэдсээр байж давтан үйлдлээр, хуурч мэхлэх аргаар:

“Соната-6” загварын 63-97УБҮ улсын дугаартай автомашины “Гэрчилгээг гээгдүүлсэн” гэж гэрчилгээ гаргуулан авч 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Нэт Капитал” ХХК-д 6.000.000 төгрөгөөр,

2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 92-92УБЗ улсын дугаартай “Тоёота Ланд Крузер-105” загварын автомашиныг 10.000.000 төгрөгөөр тус тус Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Нэт Капитал Финаннс Корпораци банк бус санхүүгийн байгууллага”-ын Баянгол салбарт барьцаалж, залилан мэхэлж бусдад үлэмж хэмжээний буюу 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Бат-Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар, Д.Эрдэнэзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Дууч овогт Дангаагийн Бат-Оргилыг бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, Дууч овогт Дангаагийн Эрдэнэзаяаг бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар Д.Бат-Оргилыг 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 11 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар Д.Эрдэнэзаяаг 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 11 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар Д.Бат-Оргилд оногдуулсан 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 11 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 13 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Бат-Оргилын цагдан хоригдсон 130 хоног, Д.Эрдэнэзаяагийн цагдан хоригдсон 130 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 45-43УНӨ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашины үнэ 6.200.000 төгрөгийг Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Бат-Оргилоос 16.000.000 төгрөгийг гаргуулан “Нэт капитал финанс корпораци” ББСБ-д, 22.000.000 төгрөгийг гаргуулан “ЭНТ финанс” ХХК-д тус тус олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан MP-654K Cal 4.5 мм, Т14055618 үйлдвэрийн бичиглэлтэй хийн гар буу 1 ширхэг, бортоготой 13 ширхэг үрлэн сумтай магазин 1 ширхэг, жижиг хийн баллон 1 ширхэг, 4.5 мм-ийн 500 штух 3 “Borner” гэсэн бичиглэлтэй 2 ширхэг савтай үрлэн сум, бууны гол төмөр, гохны хэсэг бүхий дробинк бууны 2 тусдаа хэсэг, 4 ширхэг ногоон өнгийн дробинк бууны сумыг Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлж, дорбинк бууны шатсан сумны үлдэгдэл 1 ширхэг, дутуу шатсан модны үлдэгдэл 1 ширхэг, 3.5 х 2 см хэмжээтэй цагаан өнгийн хуванцар зүйл 1 ширхэг, хэлбэр дүрсгүй саарал өнгийн тугалга мэт жижиг хэсэг 23 ширхэг, хананд байсан кабель утасны дотор байсан хэлбэр дүрсгүй саарал өнгийн тугалга 1 ширхэг, буунд шинжилгээ хийхэд авсан арчдас зэргийг устгаж, 2 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэгт “Соната-6” загварын 63-97УБҮ улсын дугаартай автомашин, “Тоёота Ланд Крузер-105” загварын 92-92 УБЗ улсын дугаартай автомашин, “Тоёота Приус-20” загварын 45-43 УНӨ улсын дугаартай автомашин битүүмжлэгдсэн, хэргийн хамт ирсэн “Соната-6” загварын 63-97 УБҮ улсын дугаартай автомашин, 92-92 УБЗ улсын дугаартай “Тоёота Ланд Крузер-105” загварын автомашины тээврийн хэрэгслийн 45-43 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээнүүд, “Тоёота Ланд Крузер-105” загварын автомашины түлхүүр 1 ширхэг, “Тоёота Приус-20” загварын автомашины түрхүүр 2 ширхэг, даатгалын гэрээ 1 ширхэгийг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Бат-Оргил гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний дүү Д.Эрдэнэзаяа уг гэмт хэрэгт оролцоо багатай бөгөөд миний буруутай үйлдлийн золиос болж залуу нас, цаг хугацаа, гэрэлт ирээдүйгээ алдахад бүрч байгаад харамсаж байна. Бид үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг ойлгож, гэмшиж байна. Эрх чөлөө, цаг хугацаа гэдэг юугаар ч солишгүй үнэт зүйл гэдгийг ойлгож байна. Гэмт хэрэг үйлдэхийнхээ өмнө бид юу ч болж байсан хүн гэмтээж болохгүй, нөхцөл байдал бишдвэл шууд зугтана гэж ярьж тохирсон байсан ба тэр үед банкинд тийм их мөнгө байна гэж огт бодоогүй ба бидэнд тийм их мөнгө авах санаа зорилго байгаагүй. Хэрэг гарсны дараа бид цагдаагийн байгууллагад очих талаар ярьж байсан боловч маргааш өглөө нь баривчлагдсан. Хэрэв бидэнд хугацаа байсан бол ярилцаж байгаад цагдаагийн байгууллагад очих байсан. Мөрдөн байцаалтын шатанд тогтвортой, үнэн зөв мэдүүлэг өгч цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан. Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Болор” хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллаж байгаад улмаар алдагдалд орж өөрийн эзэмшлийн 92-92 УБЗ улсын дугаартай “Тоёота Ланд Крузер-105” загварын автомашин, 63-97 УБҮ улсын дугаартай “Соната-6” загварын автомашинуудыг барьцаалсан. Худалдаа хөгжлийн банкинд учирсан 424.000.000 төгрөг эргэн төлөгдөж хохирол төлбөргүй болсон, Эд финаанс” ХХК, “Нэт Капитал” ХХК-д учирсан хохирол төлбөр цаашид төлөгдөх боломжтой. Мөн 45-43 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашиныг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь ар гэрийнхэнд минь хүнд тусч байна. Иймд бидний хувийн байдал, ар гэрийн гачигдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж бидэнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Эрдэнэзаяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Уг гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. Миний бие 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Гангар инвестийн 22 дугаар байранд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны 5 шар дахь 412 дугаар салбараас 424.000.000 төгрөгийг дээрэмдсэн нь үнэн. 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баривчлагдан ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүйгээр мөнгийг бүрэн гүйцэд буцааж өгсөн. Ах бид хоёр гэмт хэрэгт холбогдох үед миний нагац эгч Д.Мөнххишиг нь зүрхний ховдлын цоорхой нөхөх хагалгаанд орох шаардлагатай байсан ба тухайн үед санхүүгийн боломжгүй байсан. Мөн ах Д.Бат-Оргилын ажиллуулж байсан хүнсний дэлгүүр дампуурч, түүнийг сэтгэлээр унахад надад хэцүү байсан. Би гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Иймд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэв.

 

Ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх онц их хэмжээний хохирол учируулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Гэтэл дээрэмдсэн гэх онц их хэмжээний мөнгө нь бүрэн бүтэнээрээ хохирогчид очсон. Ялтан нар “Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасан байх тул гэм хор арилсан гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлаж өгнө үү. Хэдийгээр залилангийн гэмт хэрэгт Д.Бат-Оргилийн гэм буруутай үйлдэл байгаа хэдий ч гэмт хэрэг гарахад “Нэт капитал” ББСБ-ын буруутай үйлдэл нөлөөлсөн. Банк бус санхүүгийн байгууллага зээл олгохдоо барьцааны хөрөнгийг өөр банк болон банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавигдсан эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байдаг. Гэтэл “Нэт капитал” ББСБ нь барьцаа хөрөнгийг талаарх лавлагаа авахгүйгээр Д.Бат-Оргилд мөнгө зээлүүлсэн. Хавтаст хэрэгт гэрч Энхбаяр “тээврийн хэрэгсэлийг дахин барьцаалсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэлийн эзэмшилийн асуудлыг зайлшгүй шалгаж, лавлагаа авах шаардлагатай. Хэрвээ лавлагаа аваагүй бол тухайн этгээд тээврийн хэрэгсэлээ хэдэн ч газарт барьцаалах боломжтой” гэж мэдүүлэг өгсөнөөс үзэхэд “Нэт капитал” ББСБ нь лавлагаа авсан бол энэ гэмт хэрэг гарахгүй байсан. Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийг журамлан гэмт хэрэгт оролцсон байдлаар нь ялыг ялгавартайгаар оногдуулах хэрэгтэй. Хэдийгээр бүлэглэсэн хэдий ч ах нь дүүгээ гэмт хэрэгт татан оролцуулсан болох нь Д.Бат-Оргилын “дүү маань эхлээд дургүйцсэн боловч би хэцүү байгаагаа хэлж гуйснаар зөвшөөрсөн” гэх мэдүүлэг болон Д.Эрдэнэзаяагийн “би ахындаа амьдардаг. Ахын гэр бүлд мөнгөнөөс үүдсэн хэрүүл маргаан байнга үүсч байдаг тул эхлээд дургүй байсан ч ахыгаа өрөвдөөд гэмт хэрэгт оролцсон” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон...” гэв.

 

Хохирогч Худалдаа хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгч Т.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс ялтан нарын гэм буруу, үйлдсэн хэрэгт тохирсон ял оногдуулж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Дээрмийн гэмт хэгийн улмаас алдагдсан мөнгийг цагдаагийн байгууллагын шуурхай ажиллагааны ачаар бүрэн олж авсан. Нэмж нэхэмжлэх зүйлгүй. Давж заалдах гомдолыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээн шийдвэрлэнэ үү.” гэв.

 

Хохирогч “Нэт капитал финанс корпораци” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч Ж.Гунгаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Бат-Оргилын автомашины талаарх лавлагааг Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас авсан боловч мэдээлэл харагдаагүй. Одоо ч мэдээлэл харагдахгүй байгаа. Тухайн үед Д.Бат-Оргил нь манай байгууллагад автомашиныхаа хуучин гэрчилгээг авч ирээд зээл авсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч “ЭНТ финанс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Тэмүүжин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Бат-Оргил нь хуулийн дагуу манай байгууллагаас 22.000.000 төгрөгийн зээл авч, автомашинуудаа барьцаанд тавьсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр Д.Бат-Оргилын зээлсэн мөнгө нь хүүтэйгээ нийлээд 35.000.000 төгрөг болж, автомашинуудын үнэлгээнээс давсан тул автомашинуудыг манай байгууллагад шилжүүлж өгнө гэх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх манай байгууллагын хохиролд 22.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоогоор  автомашинууд манай байгууллагын грашид битүүмжлэгдсэн байгаа.” гэв.

 

Прокурор Г.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэдээ: “...Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нар нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэн уулгалан довтолж дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Мөн Д.Бат-Оргил нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс ялтан нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу, хувийн байдалд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг эдлүүлэхгүйгээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөх замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул үүнийг зөвтгүүлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Бусдын эд хөрөнгийг амь биед аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэрэг нь хэдийгээр байгууллагын эд хөрөнгийг авахаар халдаж байгаа хэдий ч түүнийг эзэмшиж, хамгаалж байгаа иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нь нэгэн зэрэг халдаж, заналхийлж довтолдгоороо өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор нийгэмд аюултай хамгийн хүнд гэмт хэрэгт тооцогддог. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний объект нь бусдын өмчлөх эрхээс гадна уг хөрөнгийг тухайн үед эзэмшиж байсан этгээдийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүчирхийлсэн довтолгоо хийж халдсан давхар объекттой байдаг.   

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхой заажээ.

Гэтэл Д.Батзориг, Д.Эрдэнэзаяа нарыг гэмт хэрэг үйлдэх үед хэргийн газар ажил үүргээ гүйцэтгэж байсан, дээрмийн халдлагад өртсөн Худалдаа хөгжлийн банкны теллер Т.Дөлгөөн, Б.Хажидсүрэн, борлуулалт мэдээллийн ажилтан Д.Мягмарцэцэн, П.Уранбаяр, хамгаалагч Д.Ням-Очир нарыг энэхүү хэрэгт хохирогчоор тогтоолгүйгээр, гэрчээр мэдүүлэг авсан төдийгөөр хязгаарлаж тэдний хохирогчийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан “...өмгөөлөгч авах, баримт сэлт гаргаж  өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бүх материалтай танилцах, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, цагаатгах буюу шийтгэх тогтоолын хувийг авах, түүнд   давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй танилцаж  тайлбар гаргах...” зэрэг хуулиар хамгаалагдсан эрхийг эдлүүлэхгүйгээр хязгаарласан нь буруу байна.

Иймд Т.Дөлгөөн, Б.Хажидсүрэн, Д.Мягмарцэцэн, П.Уранбаяр, Д.Ням-Очир нарыг хохирогчоор тогтоож, хуульд заасан эрх үүргийг нь эдлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Худалдаа хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгч Т.Мөнх-Эрдэнээс “...Шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хаалттай явуулах … тухай асуудлыг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ” гэж заасан байхад анхан шатны шүүх дээрх хүсэлттэй холбогдуулж ямар нэгэн эрхийн акт гаргаагүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын гаргасан “Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг энэ удаад хянан хэлэлцээгүй болно.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад Улсын Их хурлаас Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталж, анхан шатны шүүхийн харъяалан шийдвэрлэх хэрэг маргаан өөрчлөгдсөнтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хэрэг гарсан газрыг харьяалах Сонгинохайрхан дүүргийн шүүхээр дамжуулан тус дүүргийн Прокурорын газарт хэргийг буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                             Ц.ОЧ