Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 375

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Нямдаваад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Д.Цолмон,                                        

          Ялтан Г.Нямдаваагийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, Б.Тэнгис,

          Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 348 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Нямдаваа, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Нямдаваад холбогдох эрүүгийн 2015 2501 1606 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ганлхагвын Нямдаваа, 1988 оны 11 дүгээр сарын 21-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх 1 дүгээр гудамж, 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЖЮ88112138/,

Г.Нямдаваа нь 2015 оны 8 дугаар сарын 5-ны орой Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон зоорины орчимд хүнсний дэлгүүрийн урд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Баясгалангийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Нямдаваад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Г.Нямдавааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Г.Нямдавааг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хохирогч Д.Баясгалан нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Г.Нямдаваа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Эрүүгийн хуулийн 96.1 дэх хэсэгт заасан зүйл анги болох бусдын бие махбодид санаатай хүнд гэмтэл учруулсан гэх зүйлчлэлээр яллуулсан.

Шүүх эмнэлгийн шилжилгээний дүгнэлтэд: “...хохирогчид үүссэн гэмтэл нь баруун чамархайд үүссэн ясны хугарал хатуу хальсан дахь цус хуралт...” гэсэн гэмтэл гарсан ба газар савж унах үед үүснэ гэж гарсан.

Гэвч миний бие 2013 оноос хойш биеийн байдал эрс муудаж бөөрний дутагдлын 4 дүгээр шат гэж оношлогдон бөөр орлуулах гемодиализийн аппаратанд 6 сар орж байгаад 2014 он 10 дугаар сарын 17-ны өдөр бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Одоо 80 хувь хөдөлмөрийн чадамжгүй группт байдаг. Мөн дархлаа дарангуйлах эмийг эмчийн хяналтан дор хэрэглэж хоолны дэглэм баримталдаг.

Хэрэг болох үед хохирогч Баясгалан нь удаа дараа орилж хашгираад хүүхэд айлгаад байхаар нь түүнд иргэний үүргийн дагуу зохих хэмжээний шаардлага тавиад хоёр удаа явуулсан. Дахин ирж намайг шилэн хүзүүнээс доош дараад агсраад байхаар нь түүний хамар орчим нь нэг цохисон. Тэр үед тэнд байсан залуус болон манай эхнэр Баясгаланг “яв, боль” гэсэн шаардлага тавьхад Баясгалан манай эхнэрийг түлхэж элдэв муухайгаар хараагаад байхаар нь би зүүн шанаа орчим нь дахин нэг цохисон. Өөр ямар нэг газар нь цохиж зодсон асуудал байхгүй.

Тухайн үед хохирогчийн толгойноос цус гарсан гэх зүйл байхгүй байсан. Мөн намайг хоёр удаа цохиход ямар нэгэн хатуу зүйл, газар мөргөж унаагүй.

Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний хувьд бөөрний архаг дутагдлаас болж өөр биетэд үзүүлэх хүчний үйлчлэл хязгаарлагдмал харьцангүй бага юм. Дан гараар цохисон цохилтоос дээрх гэмтэл үүсэх үндэслэлгүй гэж бодож байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Ялтан Г.Нямдаваагийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Гомдлын үндэслэл.

1.1 Хэргийн нотлогдвол зохих асуудлууд нотлогдсон эсэх талаар.

Тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэн гомдол гаргаж байна.

Г.Нямдаваа нь хохирогчийн яг хаана цохисон, хохирогч яг хэзээ уг гэмтлийг авсан, хохирогч гэмтлийг Г.Нямдаваагийн үйлдлийн улмаас авсан эсэх талаарх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байх шаардлагатай бөгөөд дээрх нөхцөл байдлууд хангалттай нотлогдоогүй тохиолдолд Г.Нямдавааг бусдад хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Хохирогчид учирсан гэмтэл нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтээр “...суурь яснаас зулай руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн суурь хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, хамар ясны хугарал, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ...” гэж тодорхойлогдсон байдаг.

Г.Нямдаваагийн өөрийнх нь шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн мэдүүлэгт “баруун гараараа хохирогчийн нүүрний зүүн хэсэгт нэг удаа, баруун шанаа орчим нэг удаа, нийт хоёр удаа цохисон” гэж мэдүүлдэг.

Харин хохирогч 2015 оны 8 дугаар сарын 9-ний өдөр өгсөн тайлбартаа: “...би 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ажлаа тараад гэрлүүгээ алхаж байтал манай гэрийн хашааны буланд олон залуучууд зогсож байсан. Тэгээд нэг нь намайг хэл амаар доромжилсон. Тэгээд маргалдаж байтал араас хүнд юмаар толгой руу цохисон ба би шууд ухаан алдаж унасан. Тухайн үед зүгээр байхаар нь гэртээ хариад цусаа угаагаад амарсан...” гэж мэдүүлсэн байдаг. Гэхдээ тухайн үед хэрэг болсон газар байсан гэрчүүд хохирогчийг ухаан алдсан гэж огт мэдүүлээгүй бөгөөд уг ухаан алдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй юм.

Гэрч А.Эрдэнэбат “...Нямдаваа ах нөгөө залууг нэг удаа нүүр лүү нь гараараа цохисон, тэгээд маргалдаж байхад гэрийнхэн нь ирсэн..., гэрч Лхагвадорж “...шанаа руу нь гараараа нэг удаа цохисон, машиндаа суулгах гэж байхад бид нар луу орилоод “алнаа” гээд орилоод байсан. Тэгтэл Улаанаа ах дахиад тэр залууг цохисон...”, гэрч Ч.Гантөмөр “...Нямдаваа хоёр удаа, эхлээд хамар луу нь цохиж цус гаргасан, дараа нь ахиж нүүр лүү нь нэг удаа цохисон. Газар унахыг хараагүй...” гэж тус тус мэдүүлжээ.

Эдгээр мэдүүлгээс Г.Нямдаваа нь хохирогчийн нүүр лүү цохисон гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд хэрэв нүүр лүү цохисон тохиолдолд шинжээч эмчийн мэдүүлгээр баруун чамархай болон дагзанд шууд үйлчлээгүй учир уг цохилтоос дагзны суурь ясны цууралт гэх гэмтэл үүсэх боломжгүй юм.

Мөн шинжээчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “хохирогч тэгш гадаргуу дээр савж унаж унах үед гэмтэл үүссэн болохыг үгүйсгэхгүй” гэсэн хариултыг өгч байсан нь хэргийн нөхцөл байдлыг бүр эргэлзээтэй болгож байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэхгүй мөн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл болж байна.

б/ Хохирогчид гэмтэл учирсан талаарх нөхцөл байдал.

Г.Нямдаваа хохирогчтой муудалцаж түүнийг цохисон гэх үйлдэл 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр болсон. Харин хохирогч 2015 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлж хэвтсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Шинжээчийн дүгнэлтээр “...дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой...” гэж дүгнэжээ. Хэрэг болсон гэх хугацааг хохирогчийн өгсөн мэдээллийн дагуу 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр гэж үзсэн байна. Шинжээчийн дүгнэлтэд “2015 оны 8 дугаар сарын 5-нд бусдад зодуулж гэмтсэн гэх /Үзүүлэгчийн үгээр/” гэж тэмдэглэжээ.

Тухайн гэмтэл яг хэзээ үүссэн талаарх ямар нэгэн дүгнэлт гаргаагүй бөгөөд яг ямар хугацаанаас ямар хугацааны хооронд энэхүү гэмтэл үүссэн байх боломжтой талаарх дүгнэлтийг зайлшгүй гаргах ёстой.

Өөрөөр хэлбэл уг гэмтлийг хохирогч 2015 оны 8 дугаар сарын 6-наас 9-ний өдрийн хооронд мөн түүнээс өмнө авсан байж болохоор байгаа юм. Учир нь шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ цаг хугацааг тодорхойлох боломжгүй гэж мэдүүлсэн.

Иймээс хохирогч яг хэзээ гэмтэл авсан талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих асуудал хангалттай нотлогдоогүй гэж үзэх үндэслэл байна.

Г.Нямдаваа нь хэзээ хохирогчтой муудалцсан, хохирогч хэзээ гэмтэл авсан талаарх нөхцөл байдлуудыг зайлшгүй тогтоож тухайн гэмтэл болон Г.Нямдаваагийн үйлдэлд шалтгаант холбоо байгаа эсэхийг тодорхойлох шаардлагатай.

Дээрх үндэслэлээр Г.Нямдаваа нь хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал эргэлзээтэй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байгаа бөгөөд эдгээр нөхцөл байдлыг бүрэн нотлоогүй тохиолдолд Г.Нямдавааг гэм буруутай гэж үзэх боломжгүй юм.

Энэхүү нөхцөл байдал нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэж үзэх үндэслэл болж байна.

1.2. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн талаар.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Г.Нямдаваагийн эхнэр Г.Ганболор, ээж А.Туул, аав Ш.Ганлхагва нараас мэдүүлэг авсан байдаг.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт “гэрч, хохирогч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлан өгөх бөгөөд энэ эрхээ эдлэхгүй гэвэл мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэж заасан байдаг.

Гэтэл Г.Нямдаваагийн эхнэр болох Г.Ганболороос мэдүүлэг авахдаа “ҮХ-ийн 16 дугаар зүйлийг сануулав” гэж гараар тэмдэглэсэн байх бөгөөд Үндсэн хуулийн гэж ойлгох эсэх, хэрэв Үндсэн хууль гэж ойлговол 16 дугаар зүйлийн ямар заалтыг сануулсан, Г.Ганболор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан эрхээ ойлгосон эсэх, уг эрхээ эдлэхгүй гэж зөвшөөрсөн эсэх талаарх нөхцөл байдал нотлогдохгүй байгаа бөгөөд энэхүү гэрчийн хуулиар эдлэх эрхийг төрсөн эцэг эхээс мэдүүлэг авахад мөн сануулаагүй байна.

Эдгээр мэдүүлгүүд хэргийн нөхцөл байдлыг болон хувийн байдлыг нотолж байгаа нотлох баримтууд болж хэрэгт авагдсан бөгөөд үүнийг үнэлж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

2. Гомдлын шаардлага.

Дээрх тайлбар үндэслэлүүдээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгийг явуулахад нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анзааран үзэлгүй орхигдуулсан зэрэг нөхцөд байдлуудыг харгалзан үзэж Г.Нямдаваад холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт байцаалт хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Г.Нямдаваагийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Нямдаваа болон өмгөөлөгч Б.Цэцэнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Уг гэмт хэрэг нь 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр үйлдэгдсэн гэдэг боловч хохирогч Д.Баясгалан нь 2015 оны 8 дугаар сарын 9-ний өдөр эмнэлэгт хандаж, цагдаад мэдэгдсэн байдаг. Иймд хохирогч 2015 оны 8 дугаар сарын 5-аас 9-ний хооронд хаана байсныг шалгаж тодруулах, гэрч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгах, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зөрчлийг арилгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Нямдаваа нь хохирогч Д.Баясгалангийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, ялтны үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

          Анхан шатны шүүх нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж Г.Нямдаваад холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болно...” гэж хуульчилж өгсөн байхад анхан шатны шүүхээс Г.Нямдаваад ял шийтгэл оногдуулахдаа “…анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх үндэслэлүүдээс гадна шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж…” гэсэн үндэслэлгүй, хуулийн шаардлага хангаагүй дүгнэлтийг хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

         

          Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Д.Баясгалан нь 1.047.863 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн ба ялтан Г.Нямдаваа нь 1.002.520 төгрөгийг төлсөн, 45.343 төгрөгийг төлөөгүй байна.

           Хохирогч Д.Баясгалан нь анхан шатны шүүх хуралдаанд “...5.000.000 төгрөг нэхэмжилж байна, гэм хор арилаагүй, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэнээс үзэхэд гэм хорыг арилсан гэж үзэх боломжгүй гэж үзнэ.

          Хэдийгээр хохирлын заримыг нөхөн төлсөн байгаа боловч хохирогчид учирсан гэм хорыг бүрэн арилгасан гэж дүгнэх бодит үндэслэл тогтоогдоогүй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан “...учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн...” гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, байгаагүйг дурдвал зохино.

 

          Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 348 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Нямдаваад холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Хэрэг шүүхэд очтол Г.Нямдаваад урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ