Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 424

 

 

 

 

 

 

 

 

 

У.Ганхөлөг, Д.Энхбаяр, Н.Идэрчулуун,

Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Хэрлэнчимэг,

ялтан Б.Сайнжаргал, Д.Бүдбазар, тэдний өмгөөлөгч Б.Солонго,

ялтан У.Ганхөлөг, Д.Энхбаяр, Н.Идэрчулуун, тэдний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Мягмарсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолыг эс зөршөөрч ялтан Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарын өмгөөлөгч Б.Солонгын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Сайнжаргал, Д.Бүдбазар, У.Ганхөлөг, Д.Энхбаяр, Н.Идэрчулуун нарт холбогдох 201525012815 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Ууганбаярын Ганхөлөг, 1989 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа гар утас засварладаг гэх, ам бүл ганцаар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 6 дугаар гудамжны 84 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: УУ89041935/,

 

2. Боржигон овгийн Дашбаатарын Энхбаяр, 1990 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хүүхдийн 100-д байрлах “ББ” ресторанд менежер ажилтай,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт /Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын 2 дугаар гудамжны 18 тоотод оршин суух хаягтай/ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 25-65 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УХ90082271/,

 

3. Боржигон овгийн Намсрайжавын Идэрчулуун, 1991 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Кроун” ресторанд бармен ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт /Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 26 дугаар байрны 25 тоотод оршин суух бүртгэлтэй/, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 6-2-8 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УШ91022032/,

 

4. Монгол овгийн Батцэнгэлийн Сайнжаргал, 1986 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 2 дугаар байрны 52 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЧЕ86100110/,

 

5. Боржигон овгийн Дэмчигийн Бүдбазар, 1986 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 83 дугаар байрны 37 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЦЖ86090374/,

 

У.Ганхөлөг нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” пабын хажууд иргэн Б.Сайнжаргалыг ямар ч шалтгаангүйгээр Д.Энхбаяр, Н.Идэрчулуун нартай бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан,

Д.Энхбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” пабын хажууд иргэн Б.Сайнжаргалыг үл ялих зүйлээр шалтаглан У.Ганхөлөг, Н.Идэрчулуун нартай бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан догшин авирлаж танхайрсан,

Н.Идэрчулуун нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” пабын хажууд иргэн Б.Сайнжаргалыг үл ялих зүйлээр шалтаглан У.Ганхөлөг, Д.Энхбаяр нартай бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан,

Б.Сайнжаргал нь согтуугаар Д.Бүдбазартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 02 цагийн  орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” пабын хажууд У.Ганхөлөгтэй маргалдан гудамж талбайд бусдыг үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

Д.Бүдбазар нь согтуугаар Д.Сайнжаргалтай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” пабын хажууд У.Ганхөлөгтэй маргалдан гудамж талбайд бусдыг үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: У.Ганхөлөг, Д.Энхбаяр, Н.Идэрчулуун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Ганхөлөг, Д.Энхбаяр, Н.Идэрчулуун нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, Д.Бүдбазар, Б.Сайнжаргал нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар У.Ганхөлөгт 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Д.Энхбаяр, Н.Идэрчулуун нарыг тус бүрийг 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарыг тус бүр 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ганхөлөгт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, мөн шүүгдэгч Д.Энхбаяр, Н.Идэрчулуун, Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарт тус бүрт оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирүүлсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Ганхөлөгт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, мөн шүүгдэгч Д.Энхбаяр, Н.Идэрчулуун, Б.Сайнжаргал, Д.Бүрбазар нарт оногдуулсан 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарын өмгөөлөгч Б.Солонго гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан "шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй ба мөн хуулийн 286 дугаар зүйлд заасан "шүүхийн тогтоол гаргах үед шийдвэрлэвэл зохих асуудал"-ыг бүрэн тогтоож чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь тус хэрэгт Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нар гэм буруутай эсэхийг буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд нотолж чадаагүй төдийгүй улмаар шүүх хуралдааны явцад мөн нотолж чадалгүйгээр шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, хууль ёсны бус, үндэслэлгүй шийдвэр болсон юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.3 дахь хэсэгт заасан асуудлуудыг нотолж чадаагүй. Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарын үйлдэлд танхайн гэмт хэргийн сэдэлт байсан эсэхийг тогтоож чадаагүй. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон гэрчүүд Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарыг гудамжинд явж байхад нь У.Ганхөлөг баарнаас гарч ирээд араас нь удаа дараа дуудаад, улмаар тэдгээрийг зогсонгуут нь очоод үгийн зөрүүгүй Б.Сайнжаргалын нүүрэн тус газар цохисон гэж мэдүүлсээр атал Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Б.Сайнжаргалыг үгийн зөрүүгүй цохиод авангуут нь тооны харьцаа илтэд давуу хүмүүсээс найзыгаа хамгаалахад хүчин мөхөсдөнө гэдгээ Д.Бүдбазар ойлгосон байсан учир тусламж дуудахаар ойр орчимд байсан Элчин сайдын яамны цагдаад хандсан боловч ажлын байраа орхиж явж болохгүй гэж хэлсэн тул буцаж ирсэн байдаг. Б.Сайнжаргалын тухайд Ганхөлөгийг эргүүлж цохих болсон шалтгаан бол аргагүй хамгаалалт байсан. Б.Сайнжаргал мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж хохирогчоор мэдүүлэг өгөхдөө намайг зугтах гэхээр нэг нь тэвэрчихээд тэгээд бусад нь энд тэндээс цохиж өшиглөөд байсан гэж маш тодорхой мэдүүлсэн байгаа. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж заасан. Гэтэл ялтан Д.Энхбаяр, Н.Идэрчулуун, нарын гэр бүлийн хүмүүс болох Ганзул, Түмэндэлгэр нарын Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарыг буруутгасан мэдүүлэгт үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатанд ял сонсгож яллагдагчаар татсан нь алдаатай байхад шүүх уг алдааг залруулаагүй. Учир нь Б.Сайнжаргалын мэдүүлгээс харахад 2 эмэгтэй нь буюу Ганзул, Түмэндэлгэр нар өөрийг нь өшиглөж байсан талаар буюу тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон талаар тодорхой мэдүүлснээс үзэхэд дээрх хүмүүс нь тухайн хэрэгт холбогдолгүй хүмүүс бус өөрөөр хэлбэл гэрчид тавигдах хуулийн шаардлагыг хангасан хүмүүс биш юм. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.4 дэх хэсэгт "тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн ... ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаалыг заана" гэсэн байхад шүүгдэгч нарын биеийн байцаалтанд энэ талаар орхигдуулснаараа шийтгэх тогтоолын бүрдэл хангагдаагүй болно. Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж, зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2007 оны 41 дүгээр тогтоолд нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн, хүч хэрэглэсэн гэж юуг хамруулан ойлгох талаар тодорхой тайлбарласан байх бөгөөд Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарын үйлдэл нь дээрх хуулийн тайлбарт ниицэхгүй байгааг анхаарч үзнэ үү. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Ялтан Б.Сайнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би санаатайгаар гэмт хэрэг үйлдээгүй. Олон нийтийг үл хүндэтгээгүй. Хүмүүс намайг цохиж зодоод байхаар нь өөрийн мэдэлгүй орилж, бусдын цохих үйлдлээс өөрийгөө хамгаалах үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Д.Энхбаяр, Н.Идэрчулуун нарын эхнэрүүд намайг зугтах боломжгүй болгож бариад, намайг цохиод байсан тул би гарыг нь тавиулах гэж хэл амаар доромжилсон. Намайг газарт унасан байхад эхнэрүүд нь өшиглөж байсан. Миний хувьд Ганзул, Түмэндэлгэр нарыг хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлтгүй байгаа боловч гэрчийн мэдүүлэг өгч байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Ялтан Д.Бүдбазар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хэргийг үйлдэх сэдэлтгүй байсан. Би зөвхөн согтуу хүмүүсийн танхайн үйлдэлд өртсөн хохирогч. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй” гэв.

 

Ялтан У.Ганхөлөг, Д.Энхбаяр, Н.Идэрчулуун нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч У.Ганхөлөг нь шүүгдэгчээс гадна давхар хохирогчоор оролцсон. Гэхдээ хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгч нар үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлдэг. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан, зүйлчлэлд маргадаггүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарын гэм буруу тогтоогдсон. Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Ялтан У.Ганхөлөг, Д.Энхбаяр, Н.Идэрчулуун нарын өмгөөлөгч Б.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Ялтан У.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би архи ууж согтоод гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Ялтан Д.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Би тухайн үед согтоогүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Ялтан Н.Идэрчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор М.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэдээ: “...Ялтнуудын үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нар нь У.Ганхөлөгийг дуудахад очсоноор гэмт хэрэг үүссэн. Танхайн гэмт хэрэг нь урьдчилан төлөвлөгдөөгүй, тухайн үед гэнэт үүссэн байдаг онцлогтой. Өмгөөлөгч  Б.Солонго “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.3 дахь хэсэгт заасныг шалгаж тогтоогоогүй” гэж байна. Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарын үйлдэл нь гэрч Ганзул, Түмэндэлгэр нар болон ялтан У.Ганхөлөг, Н.Идэрчулуун, Д.Энхбаяр нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Гэрч Ганзул “У.Ганхөлөг явж байсан залуусыг дуудаж очоод өндөр залуугийн нүүр рүү нь гараараа түлхсэн. Гэтэл нөгөө залуу зөрүүлээд түлхээд, нүүр рүү нь цохиод Ц.Ганхөлөг газарт унахад дээрээс нь өшиглөсөн. Түмэндэлгэр бид хоёр Б.Сайнжаргалыг салгах гэхэд биднийг хэл амаар доромжилсон. Д.Бүдбазар нь У.Ганхөлөгийг унасан байхад нь өшиглөж байсан” гэж мэдүүлсэн байдаг” гэв.

 

ХЯНАВАЛ:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэхийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхдээ мөн хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-т зааснаар гомдолд дурьдсан зүйлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч нарын хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ялтан У.Ганхөлөг, Д.Энхбаяр, Н.Идэрчулуун нар нь архи ууж согтуурсан үедээ 2015 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн  6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” пабын гадна гудамж талбайд иргэн Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарыг явж байхад нь У.Ганхөлөг араас нь удаа дараа дуудаж, тэдний араас очиж ямар ч шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг зөрчин доромжилж Б.Сайнжаргалын нүүрэн тус газарт цохиж хэрүүл маргаан үүсгэсэн, улмаар Д.Энхбаяр, Н.Идэрчулуун нар нь уг зодооныг дэврээн иргэн Д.Бүдбазарыг зугтахад нь араас нь хөөж, буцан гүйн ирж хохирогч Б.Сайнжаргалыг цохих, өшиглөх зэргээр У.Ганхөлөгтэй бүлэглэн зодож түүний бие махбодид тархины доргилт, зулайн хуйхны цус хуралт, няцрал, баруун нүдний дээд зовхины няцарсан шарх, доод зовхины цус хуралт, дух хамрын хянга, баруун өвдөг, шагайн зөөлөн эдийн зулгаралт, баруун шанаа, шуу, нурууны зөөлөн эдийн няцрал, баруун гуя, дээд доод уруулын салст, буйлны цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтлийг учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

хохирогч Б.Сайнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...такси барих гээд алхаж байхад араас нэг залуу “хөөе чи” гэж хэд хэдэн удаа дуудсан. Уг залуугийн нэрийг У.Ганхөлөг гэж сүүлд нь мэдсэн. Тухайн үед нь бид хоёрыг дуудаж байна гэж ерөөсөө бодоогүй цаашаагаа алхаж байгаад дуудаад байхаар нь би эргэж хараад өөрлүүгээ заагаад “Би юу” гэж асуусан чинь “Тиймээ п… минь чи, наанаа зогсож бай” гэж хэлээд өөрөө ирсэн. Ингээд зогсож байсан чинь нөгөө залуу ирээд миний нүүр рүү гараараа түлхээд бас алгадаад зуураад авахаар нь би зууралдаж байгаад хоёулаа цугтаа газар унасан. Газар унахад найз Д.Бүдбазар намайг татаж босгосон. Тэгтэл У.Ганхөлөгийн найзууд нь цаад талд нь 4, 5 метрийн зайтай зогсож байгаад гүйлдээд ирэхээр нь бид 2 зугтсан. Тэгтэл Д.Бүдбазар нэгэнд нь баригдахаар нь би эргээд очсон чинь У.Ганхөлөг намайг барьж аваад гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Бас хажуунаас улаан цамцтай залуу миний нүүр рүү цохиод байсан. Д.Бүдбазар зугтаад л яваад байсан. Ингэж байтал миний араас нэг хүн татаж газар унагасан. Хэн гэдгийг нь хараагүй ба тал талаас өшиглөсөн. Нэг эмэгтэй зүүн хавирга руу өшиглөсөн. Ингээд бид боссон чинь У.Ганхөлөг, улаан цамцтай залуу 2 над руу дахиж дайраад нүүр рүү цохиод байсан. Би саарал цамцтай залууг гараараа тулсан чинь би чамайг салгах гэж байхад чи намайг заамдлаа гээд над руу дайраад миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгж байхад нь улаан цамцтай залуу, У.Ганхөлөг нар гүйгээд ирсэн. Ингээд дахиад гурвуулаа дайраад, би газар унаад нэг гараараа толгойгоо хаагаад нэг гараараа утсаараа цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /х15/,

хохирогч Д.Бүдбазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Такси барих гээд зам руу алхтал том биетэй залуу буюу Ганхөлөг нь “Хөөе та хоёр наашаа хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь “Яасан бэ” гэсэн чинь Б.Сайнжаргалыг У.Ганхөлөг гараа атгаж байгаад нүүр рүү нь шууд цохисон. Тэгэхээр нь Б.Сайнжаргал бариад авсан чинь зууралдаад байсан. Тэгтэл цаанаас нь цуг явж байсан 2 найз нь над руу дайрахаар нь би зугтсан ба миний араас хөөж барьж аваад улаан цамцтай нь буюу Д.Энхбаяр миний нүүр рүү гараараа хальт цохисон. Би зууралдаж байгаад мултраад цаашаа цагдаа дуудахаар гүйсэн. Зам гарч гүйгээд замын хойд талд байдаг Элчингийн цагдаад очиж зодоон болоод байгаа талаар хэлэхэд цагдаа “Пост орхиж явж болохгүй” гэсэн. Тэгээд би буцаад гүйгээд очсон чинь намжсан байдалтай, харин У.Ганхөлөг, Б.Сайнжаргал нар зууралдсан хэвээрээ байж байсан. Д.Энхбаяр, Н.Идэрчулуун нар намайг барьж авч зодох гээд дайраад байсан. Тэгэхдээ цохиогүй. 2 эмэгтэй байсны нэг нь миний хөл рүү өшиглөсөн. Хэнийг нь сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /х25/,

ялтан У.Ганхөлөгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний хажуугаар 2 залуу буюу Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нар алхаад явж байхаар нь би “Хөөе нааш ир” гэж дуудсан. Дуудахад эргээд хүрээд ирэхээр нь би өөдөөс нь очоод Б.Сайнжаргалын нүүр рүү нь гараараа түлхсэн. Гэтэл Б.Сайнжаргал шууд намайг нүүр рүү цохиод унагаасан. Д.Бүдбазарыг Д.Энхбаяр, Н.Идэрчулуун нар араас нь хөөгөөд явсан ба Д.Энхбаяр эргээд гүйж ирээд Б.Сайнжаргалын толгой, нүүр, нуруу руу нь хэд хэдэн удаа цохихоор нь би Д.Энхбаярыг боль гээд болиулсан. Муудалцах ямар нэгэн шалтгаан байхгүй. Согтуугийнхаа халуунд л хүнтэй муудалцсан байна” гэх мэдүүлэг /х57/,

ялтан Д.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...У.Ганхөлөг хажуугаар нь өнгөрсөн 2 залууг “Хөөе” гэж дуудсан. Нөгөө 2 нь өөдөөс нь ирээд У.Ганхөлөг ч гэсэн явж очоод шууд нэгийг нь нүүр рүү нь гараараа түлхсэн. Тэрийг нь Б.Сайнжаргал гэдэг юм байна лээ. Цуг явж байсныг нь Д.Бүдбазар гэдэг юм байна лээ. Б.Сайнжаргалыг У.Ганхөлөг нүүр рүү нь гараараа түлхсэн чинь Б.Сайнжаргал зөрүүлээд шууд нүүр рүү нь цохиж унагаад Д.Бүдбазар хажуунаас нь нүүр рүү нь өшиглөсөн. Н.Идэрчулуун бид 2 Д.Бүдбазарын араас хөөгөөд барьж авах гээд гүйцэхгүй эргээд хүрээд ирсэн чинь Түмэндэлгэр, Ганзул нар Б.Сайнжаргал, У.Ганхөлөг нарыг салгах гээд татаад зууралдаад байж байсан. Би Б.Сайнжаргалын гар руу нь цохиод тавиулсан чинь У.Ганхөлөг Б.Сайнжаргалын нүүр рүү нь гараараа цохисон” гэх мэдүүлэг /х63/,

 ялтан Н.Идэрчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Такси барих гээд зогсож байсан чинь У.Ганхөлөг хажуугаар явж байсан хоёр залууг “хөөе нааш ир” гэж дуудаад У.Ганхөлөг наанаас нь амдаад очсон. Тулж очоод У.Ганхөлөг нүүр рүү нь Б.Сайнжаргалын нүүр рүү гараараа түлхсэн. Би сүүлд нь тэдгээр залуусын нэрийг Б.Сайнжаргал, У.Бүдбазар гэж мэдсэн. Тэгээд Б.Сайнжаргал У.Ганхөлөгийг зөрүүлээд нүүр рүү нь гараараа цохисон. У.Ганхөлөг нэг цохиулаад л хойшоо саваад унасан ба дээрээс нь Д.Бүдбазар нэг удаа өшиглөсөн. Би болон Д.Энхбаяр, Түмэндэлгэр, Ганзул бид нар гүйгээд ирсэн чинь Д.Бүдбазар цаашаагаа зугтсан. Д.Бүдбазарын араас Д.Энхбаяр бид хоёр хөөгөөд гүйсэн. У.Ганхөлөг босч ирээд Б.Сайнжаргалтай зууралдаад үлдсэн. Д.Энхбаяр бид хоёр Д.Бүдбазарыг араас нь хөөгөөд гүйцэхгүй болохоор нь орхиод ирэхэд У.Ганхөлөгийн хамраас нь цус гарчихсан Б.Сайнжаргалтай зууралдчихсан байж байсан” гэх мэдүүлэг /х18/,

гэрч Н.Ганзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Такси барихаар зогсож байтал У.Ганхөлөг явж байсан хоёр залууг “Хөөе” гэж дуудаад өөрөө өмнөөс нь очоод өндөр залуугийн нүүр рүү гараараа түлхсэн. Тэгтэл нөгөө залуу нь буцаагаад өөрийг нь нүүр рүү нь цохиод У.Ганхөлөг газар унаад тэр залуутай хамт явж байсан залуу нь дээрээс нь өшиглөсөн. Сүүлд нь У.Ганхөлөгийн нүүр рүү нь түлхсэн залуугийн нэрийг Б.Сайнжаргал, цуг явж байсныг нь Д.Бүдбазар гэж сонссон. Бид нарыг яваад очиход Д.Бүдбазар нь зугтаад араас нь Д.Энхбаяр, Н.Идэрчулуун нар хөөсөн. Б.Сайнжаргал У.Ганхөлөг нар зууралдаад замын хажууд байсан шат руу У.Ганхөлөгийг шахаад хоолойг нь боогоод толгой руу нь цохиод байсан.” гэх мэдүүлэг /х21/,

гэрч Ч.Түмэндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Такси барих гээд зогсож байхад У.Ганхөлөг хажуугаар өнгөрсөн хоёр залууг “Хөөе” гэж дуудаад өөдөөс нь очоод нэгийг нь гараараа нүүр рүү нь түлхсэн. Нөгөө залуу нь шууд У.Ганхөлөгийг зөрүүлээд цохисон. У.Ганхөлөг жаахан бухимдалтай байсан. У.Ганхөлөг Б.Сайнжаргалын нүүр рүү гараараа түлхснээс болж зодоон болсон” гэх мэдүүлэг /х23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Сайнжаргалд тархины доргилт, зулайн хуйхны цус хуралт, няцрал, баруун нүдний дээд зовхины няцарсан шарх, доод зовхины цус хуралт, дух, хамрын хянга, баруун өвдөг, шагайн зөөлөн эдийн зулгаралт, баруун шанаа, шуу, нурууны зөөлөн эдийн няцрал, баруун гуя, дээд, доод уруулын салст, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх 1005 дугаар шинжээчийн дүгнэлт /х39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр У.Ганхөлөг, Д.Энхбаяр, Н.Идэрчулуун нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдлийн шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарыг согтуугаар, бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” пабын хажууд У.Ганхөлөгтэй маргалдан гудамж талбайд нийгмийн хэв журмыг зөрчиж танхайрсан гэж дүгнэж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарын үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан эсэхийг дүгнэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг жинхэнэ агуулгаас нь буруу ойлгож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Б.Сайнжаргалын “...такси барих гээд алхаж байхад араас нэг залуу “Хөөе чи” гэж хэд хэдэн удаа дуудсан. Тухайн үед нь бид хоёрыг дуудаж байна гэж ерөөсөө бодоогүй цаашаагаа алхаж байгаад дуудаад байхаар нь би эргэж хараад өөрлүүгээ заагаад “Би юу” гэж асуусан чинь “Тиймээ п… минь чи, наанаа зогсож бай” гэж хэлээд өөрөө ирсэн. Ингээд зогсож байсан чинь нөгөө залуу ирээд миний нүүр рүү гараараа түлхээд бас алгадаад зуураад авахаар нь би зууралдаж байгаад хоёулаа цугтаа газар унасан” гэх мэдүүлэг, Д.Бүдбазарын “...Такси барих гээд зам руу алхтал том биетэй залуу буюу У.Ганхөлөг нь “Хөөе та хоёр наашаа хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь “Яасан бэ” гэсэн чинь Б.Сайнжаргалыг У.Ганхөлөг гараа атгаж байгаад нүүр рүү нь шууд цохисон. ...би зугтсан… Элчингийн цагдаад очиж зодоон болоод байгаа талаар хэлэхэд цагдаа “Пост орхиж явж болохгүй” гэсэн” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд ялтан У.Ганхөлөг нь архи ууж согтуурсан үедээ гудамжаар зөрж өнгөрсөн Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарыг араас нь удаа дараа дуудаж, хэл амаар доромжлон, “Зодолдъё” гэж эрх чөлөөнд нь түрүүлж халдан цохисон талаар гэрч, хохирогч нар ямар нэгэн зөрүүгүй, тодорхой тогтвортой мэдүүлсэн бөгөөд үүнийг үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй ажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт           “Монгол Улсын иргэн нь …“амьд явах”, “халдашгүй, чөлөөтэй байх” үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэнэ” гэж заасан бөгөөд аливаа иргэн энэхүү эрх, эрх чөлөөгөө эдлэхэд нь хэн нэгэн хөндөнгөөс гэмт үйлдлээр саад хийн хууль бусаар халдвал уг довтолгооныг няцаах нь зүй ёсны бөгөөд хуулиар хамгаалагдсан эрх юм.

Өөрөөр хэлбэл, бусдыг дуудан өдөөн хоргоож, хэл амаар доромжлон, хэрүүл маргаан өдүүлж, хүний олноор далайлган хүч хэрэглэхээр заналхийлж нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж эхэлж хохирогчийг цохисон У.Ганхөлөгийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж зөв дүгнэсэн атлаа уг гэмт үйлдэл, довтолгооны эсрэг хийсэн Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарын хариу үйлдэлд нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал байсаар байтал анхан шатны шүүх энэ талаар дүгнэхгүйгээр, тэдний үйлдлийг “танхайрсан үйлдлийн эсрэг бүлэглэн танхайрсан” гэж хавтгайруулан үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлах талаар хуулийн шаардлагыг хангаагүй, шударга ёсонд нийцээгүй дүгнэлт хийсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иймд Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулаагүй, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарыг цагаатгахаар шийлдвэрлэлээ.

Харин ялтан Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарын өмгөөлөгч Б.Солонгын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Б.Сайнжаргал, Д.Бүдбазарт нарт холбогдолтой заалтуудыг хүчингүй болгож, “Прокуророос Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон Монгол овогт Батцэнгэлийн Сайнжаргал, Боржигон овогт Дэмчигийн Бүдбазар нарыг цагаатгасугай” гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Б.Солонгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Б.Сайнжаргал, Д.Бүдбазар нарт анхан шатны шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                       Ц.ОЧ