Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 377

 

 

 

 

Н.Наранбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор Т.Жаргалсайхан,                                        

          Шүүгдэгч Н.Наранбаатарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

          Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

         

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 888 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 9 дугаартай эсэргүүцлээр 2014 2600 04278 дугаартай Н.Наранбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Нямдоржийн Наранбаатар, 1984 оны 3 дугаар сарын 26-нд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “НРМ” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13  дугаар хороолол, 6 дугаар байрны 34 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХН84032678/,

1. Н.Наранбаатар нь “НРМ” ХХК-д тамхины борлуулагчаар ажиллах хугацаандаа 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2014 оны 5 дугаар сарын 28-ны хооронд 22 харилцагчид өгсөн барааны борлуулалтын орлого 91.402.700 төгрөгийг компанид тушаагаагүй хувьдаа завшиж  бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

2. 2014 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх бүрд” худалдааны захад үйл ажиллагаа явуулдаг иргэн Э.Лхагвад “тамхи авчирч өгнө, урьдчилгаа” мөнгө гэж хэлэн 7.000.000 төгрөгийг залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

3. 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.      

Хан-уул  дүүргийн прокурорын газраас: Н.Наранбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.5 дахь хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Учир нь:

Улсын яллагчаас Н.Наранбаатарыг “НРМ” ХХК-д тамхины борлуулагчаар ажиллах хугацаандаа 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2014 оны 5 дугаар сарын 28-ны хооронд 22 харилцагчид өгсөн барааны борлуулалтын орлого 91.402.700 төгрөгийг компанид тушаагаагүй хувьдаа завшсан гэх боловч дээрх 22 харилцагчийг нэг бүрчлэн асууж тодруулаагүйгээс гадна хэзээнээс эхлэн завших үйлдэл хийж эхэлсэн гэдгийг баримтаар тогтоогоогүй таамаглал, баримжаагаар хэрэг үйлдсэн гэж хугацааг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтад хохирогчийн байгууллагыг төлөөлөгч Ж.Сэргэлэн “...2013 оны 9 дүгээр сараас эхлэн өр авлага нь өндөр гараад нэмэгдээд эхэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-27-28/,

Гэрч Ц.Гэрэлтуяа “...Наранбаатарын нэр дээр гарсан авлагын үлдэгдэл нь 2013 оны 10 дугаар сараас эхлэн авлага нэмэгдээд 124.000.000 төгрөг болохоор нь ажлыг нь зогсоогоод авлагаа цуглуул гээд явуулсан. Энэ хугацаанд Наранбаатар авлагаа 88.638.735 төгрөг болтол буулгасан. Тэгээд авлага буугаад тодорхой хэмжээнд ирэхээр нь ажилд нь эргүүлээд гаргасан...” гэх мэдүүлэг/1-р хх-201/,

Гэрч Гэрэлтуяа “...2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс тасалбар болгоход 92.604.400 төгрөгийн хохирол учруулсан байснаас цалин 384.000 төгрөгийг хасаад 92.220.400 болсон...” гэх мэдүүлэг/1-р хх-200-201/,

“...2014 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар цалин 500.000 төгрөгийг хасч эцсийн байдлаар 91.402.700 үлдсэн...” гэх мэдүүлэг/2-р хх-18/ зэргээс үзэхэд өөр хоорондоо зөрүүтэй ба бодит хохирол нь алин болохыг баримтаар тогтоогоогүй нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл Н.Наранбаатар 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр/1-р хх-15/ борлуулалтын менежерээр ажиллаж эхэлсэн ба яг хэдий үеэс эхлэн борлуулалтын орлогыг завшсан болохыг цаг хугацааны хувьд баримтаар нотлоогүй байна.

Мөн хохирогч байгууллагын хүсэлтээр “Мэдээлэл-Аудит” гэх компаниар Аудитын дүгнэлт гаргуулсан боловч уг компани нь Аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан эрх бүхий байгууллагаас олгогдсон тухай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, тусгай зөвшөөрлийг хуулбарлан хэрэгт хавсаргаагүй байна.

Түүнчлэн “Мэдээлэл-Аудит” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 48 дугаар дүгнэлтэд “Аудитаар НББ-ын гүйлгээ бланс, ерөнхий журнал мөнгөн хөрөнгийн болон өр авлагын журналын бичилт, бараа материалын зарлагын баримт, худалдан авагчдын хооронд хийсэн тооцоонуудад тулгуурлан түүвэрлэлт, сорил хийсний үндсэн дээр шалгаж гүйцэтгэсэн болно” гэжээ. Тус байгууллагаас томилогдсон аудитор нь “НРМ” ХХК-ийн хэдээс хэдэн оны, ямар ямар санхүүгийн баримтад үзлэг шалгалт, судалгаа, шинжилгээ хийн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна.

Улмаар дүгнэлтийг тус аудитын газрын захирал гарын үсэг зурж баталгаажуулсан ба “Наранбаатарын төлбөр тооцооны товчоог” аудиторын туслахаар гаргуулсан нь Аудитын тухай хууль болон Аудитын олон улсын стандартыг тус тус зөрчжээ.

Өөрөөр хэлбэл Аудитын эрхгүй этгээдийн гаргасан тооцоог үндэслэн дүгнэлтийг гаргасан гэж үзэхээр байна. Учир нь аудитын үзлэг, шалгалт, судалгаа шинжилгээ хэрхэн хийсэн талаар дүгнэлтэд тодорхой заагаагүй ба шууд тооцоо хийсэн туслахын дүнг баталгаажуулсан мэтээр дүгнэлтийг гаргасан байна.

Мөрдөн байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоол”-оор эдийн засгийн шинжилгээ явуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахдаа “НРМ” ХХК-ийн 2014 оны 1, 2 дугаар улирлын тайлан, 2013 оны 4 дүгээр улирлын тайланг тус тус хүргүүлжээ.

Гэтэл шинжээч томилж дүгнэлт гаргахдаа 2012 оны 4 дүгээр улирал, 2013 оны 1-3 дугаар улирлын тайлан, санхүүгийн тайланг мөрдөн байцаагч ирүүлээгүй байхад ямар санхүүгийн баримтад үндэслэн “Мэдээлэл-Аудит” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Учир нь прокуророос Н.Наранбаатарыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн байгууллагад орох борлуулалтын орлогыг завшсан гэж үзсэн атлаа шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа “НРМ” ХХК-ийн 2012 оны 4 дүгээр улирал, 2013 оны 1-3 дугаар улирлын тайлан, санхүүгийн баримтыг хүргүүлээгүй нь дүгнэлт үндэслэлтэй гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Н.Наранбаатарын агуулахаас авсан бараа, тушаасан мөнгө, үлдэгдэл авлагын товчоо/2-р хх-110-250, 3, 4 дүгээр хавтас, 5-р хх-1-171/-г хэрэгт хавсаргасан ба дээрх баримтууд нь эх хувь биш, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулаагүй нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэл бүхий байна.

Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаахаар шийдвэрлэлээ. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Н.Наранбаатар нь “НРМ” ХХК-д тамхины борлуулагчаар ажиллахдаа хэзээнээс эхлэн байгууллагын хөрөнгийг завшсан эсэх, бодит хохирлын дүнг тогтоох, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах зэрэг ажиллагаануудыг байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэсний дараа хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Жаргалсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Н.Наранбаатар нь “НРМ” ХХК-д тамхины борлуулагчаар ажиллах хугацаандаа 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2014 оны 5 дугаар сарын 28-ны хооронд 22 харилцагчид өгсөн барааны борлуулалтын орлого 91.402.700 төгрөгийг компанид тушаагаагүй хувьдаа завшиж бусдад онц их хэжээний хохирол учруулсан үйлдэлд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Мэдээлэл-Аудит” ХХК-ийн 48 дугаартай дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан 095 дугаартай дүгнэлтүүдэд Н.Наранбаатарын компанид тушаах ёстой орлогыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар үлдэгдэл 60.615.580 төгрөгийн үлдэгдлээс эхлэн тооцсон бөгөөд уг 60.615.580 төгрөгөөс Н.Наранбаатарт авлага үүсээгүй бөгөөд хавтаст хэрэг авагдсан санхүүгийн баримтад тулгуурлан 22 харилцагчид өгсөн бараа болон борлуулалтын орлогын задаргааг он, сар, өдөр тус бүрээр нь гарган яллах дүгнэлтийн хавсралтад гаргаж өгсөн зэргээс дүгнэлт хийхэд Н.Наранбаатар нь 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн компанийн хөрөнгийг завших үйлдэл хийж эхэлсэн нь тогтоогдсон байна.

Иймд шүүх Н.Наранбаатарыг хэзээнээс эхлэн завших үйлдэл хийж эхэлсэн гэдгийг тогтоогоогүй, таамаглал, баримжаагаар хэрэг үйлдсэн хугацааг тооцсон гэж илтэд нэг талыг барьсан, хийсвэр дүгнэлт хийсэн байна.

2. Хэрэгт авагдсан “Мэдээлэл-Аудит” ХХК-наас санхүүгийн баримтад аудитын дүгнэлт гаргасан баримтыг эрүүгийн хэргийн нотлох баримтад үнэлэх эсэх тухай асуудалд шүүхийн шатанд хэлэлцэн шийдвэрлэгдэх үндэслэлтэй байна. Иймд шүүхээс уг аудитын компанийн дүгнэлттэй холбогдох асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

3. Мөрдөн байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоол”-оор эдийн засгийн шинжилгээ явуулахаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа “НРМ” ХХК-ийн 2014 оны 1, 2 дугаар улирлын тайлан, 2013 оны 4 дүгээр улирлын тайланг тус тус хүргүүлсэн талаар тогтоолд дурдсан нь бичиг, техникийн алдаа бөгөөд хавтаст хэргийн 195 дугаар талд шинжээч Ж.Бадамсүрэнгийн тооцоолол хийсэн хураангуй хүснэгтэд 2013, 2014 оны баримтуудад тулгуурлан гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Н.Наранбаатарын агуулахаас авсан бараа, тушаасан мөнгө үлдэгдэл авлагын тооцоо болох санхүүгийн анхан шатны баримтыг хэрэгт хавсаргахдаа мөрдөн байцаагчийн тэмдэглэл үйлдсэн бөгөөд хуулбар хувийг хэрэгт хавсаргасан нь уг баримтыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй төдийгүй шүүхийн хэлэлцүүлгийн шатанд санхүүгийн баримтыг эх хувьтай тулгалт хийх зайлшгүй явагддаг тул уг баримтыг шалгах ажиллагааг шүүхийн шатанд гүйцэтгэх боломжтой байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Н.Наранбаатарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Наранбаатарын үйлдсэн гэх гэмт хэрэг нь эрүүгийн хэрэг үү, эсхүл хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн иргэний хэрэг үү гэдгийг зөв тогтоох шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор зохих шатны байгууллагад удаа дараа гомдол гаргаж байсан. Н.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн шалгаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байхад прокурор нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болсон зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шийлжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

            Н.Наранбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нь гүйцэд биш хийгдсэн, хэргийн бүрдэл хангагдаагүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй зөв байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай прокурорын тогтоолоор “...Н.Наранбаатар нь “НРМ” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа 2014 оны 5 дугаар сарын сүүлээр иргэн Э.Лхагваас 7.000.000 төгрөгийн залилан мэхэлсэн гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт тус тус заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай...”/5-р хх-245-246/,

            2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаартай прокурорын тогтоолоор “...Н.Наранбаатар нь мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, зориуд зайлсхийсэн гэх зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт тус тус заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай...”/5-р хх-247-248/,

 

            2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 68 дугаартай прокурорын тогтоолоор “...Эрүүгийн хэргийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдсан яллагдагч Н.Наранбаатар нь холбогдох 2014 2600 04278 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай...”/5-р хх-249-250/ гэж Н.Наранбаатарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолоор “...хяналтын прокурор Х.Жанибекийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 68 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 2014 2600 04278 дугаартай хэргийг мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээн явуулсугай...”/6-р хх-2/ гэж Эрүүгийн хэргийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан хэргийг сэргээсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг сэргээгээгүй байхад прокурор яллах дүгнэлтдээ дээрх 2 зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдэн ирүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байгааг тэмдэглэж байна.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсанаас гадна Н.Наранбаатар нь “НРМ” ХХК-ийн тамхийг 22 компанид өгсөн нэрийдлээр тухайн 22 компанийг хохироосон уу, эсхүл өөрөө завшсан буюу үрэгдүүлсэн үү гэдгийг шалган тогтоох нь зүйтэй.

            Иймд шүүгчийн захирамж болон магадлалд дурдсан үндэслэлүүдээр Н.Наранбаатарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг нэг мөр бүрэн гүйцэт хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 888 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлээж, прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2016 онй 5 дугаар сарын 24-ний өдрийн 9 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай,

2. Хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт очтол Н.Наранбаатарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурьдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.ДАВААСҮРЭН

 

                                               ШҮҮГЧИД                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ