Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 426

 

Ц.Баярцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

ялтан Ц.Баярцэцэг /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баяртогтох,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч И.Ганбат, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 496 дугаар шийтгэх тогтоолыг эс зөршөөрч ялтан Ц.Баярцэцэг, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ц.Баярцэцэгт холбогдох 201525031486 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Цэндсүрэнгийн Баярцэцэг, 1986 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ноос ноолуур боловсруулах ээрэх машин баригч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 318 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХЗ86120900/,

 

Ц.Баярцэцэг нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-413 тоот гэртээ төрүүлсэн эх Л.Алтанчимэгийг онц харгис хэрцгийн аргаар буюу хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн олон тооны шарх гэмтэл учруулж, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ц.Баярцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Цэндсүрэнгийн Баярцэцэгийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар Ц.Баярцэцэгийг 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ц.Баярцэцэгт оногдуулсан 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан Ц.Баярцэцэгийн цагдан хоригдсон 190 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн амь хохирогч Л.Алтанчимэгийн өмсөж байсан улаан өнгийн ноосон цамц, шар эрээн өнгийн футболк, шаргал өнгийн нурууны бүс, хар өнгийн өмд, улаан өнгийн дотоож, саарал өнгийн өрөөсөн оймс, шүүгдэгч Ц.Баярцэцэгийн өмсөж явсан цэнхэр ноосон цамц, хар өнгийн ягаан дотортой өмд, өрөөсөн ногоон оймс, өрөөсөн хар оймс, хос ягаан оймс, хөх цэнхэр иштэй хайч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Ц.Баярцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг ээжийгээ онц харгис хэрцгий аргаар санаатай амь насыг нь хохироосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан хүнд зүйл ангиар яллаж байгаад гомдолтой байна. Манай ээж 1999 оноос хойш 2015 оны хүртэл олон жил архи уусан, аавыг бурхан болсноос хойш их сонин зантай, хачин болчихсон. 2015 оны 4 дүгээр сард намайг жирэмсэн байхад ээж над руу хутга барьж дайраад би айж цочсондоо хойшоо унаж үр зулбаж байсан. Ээж архины шил тушааж тамхи авч татна гээд явахаараа нүд ам нь хөхөрч, хувцас нь урагдсан байдалтай ирдэг байсан. Мөн архи уухаараа унаж тусан, өөрийгөө их бэртээдэг, тамхиныхаа цогонд өөрийгөө түлж байсан. Жорлонд унаж амиа алдах дөхсөн, хоёр давхараас унаж нуруугаа хугалж байсан. Анхан шатны шүүх хуралдааны дараа намайг уйлаад сууж байхад улсын яллагч надад “Чи залуу хүн байж 18 жил суугаад гараад ирнэ биз” гэж хэлсэнд маш их гомдсон. Намайг сэжигтнээр мэдүүлэг өгөхөд “...би ээжийгээ нэг удаа хайчаар хатгаснаа санаж байна. Өөр хаана нь хатгаснаа санахгүй байна” гэж худлаа бичсэн. Би  огт тийм зүйл яриагүй. Намайг 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст чирч аваачин, нэг өрөөнд оруулж, гар утас, хүзүүний ороолтыг минь булаан авч газар шидээд, дээр нь гишгисэн. Нэг буланд суулгаад “юу болсноо ярь” гэж хэлэхээр нь “Юу ярих юм бэ” гэж асуутал “Чи п… минь ээжийгээ хайчаар хатгаснаа, хаана хаана нь яаж хатгаснаа хэл” гэхэд нь “Би хатгаагүй” гэж хэлсэн. Гэтэл гаднаас нэг хүн орж ирээд “Наадхаа нааш нь аваад ир” гээд өөр өрөөнд оруулсан. Тэр өрөөнд маш олон энгийн хувцастай залуучууд байсан ба хоёр залуу нь зураг авч, бичлэг хийгээд байсан. Тэр залуучууд “Ээжийгээ хайчаар хатгасан уу, эмэгтэй хүнд гар хүрэх дургүй шүү, зүгээр хариулаад байвал тэр шорондоо ороод эргэлтээ аваад байвал чамд л өлзийтэй шүү” гээд гар далайгаад, араас цохиод байсан. Хэрэг гарсан өдөр ээж бид хоёр огт муудалцаагүй. Гэтэл энэ талаар надаас огт асуугаагүй. Миний хэл ярианы баялаг муу, өөрийгөө бусдад ойлгуулж чаддаггүй, бусдын ярьж байгааг сонсдоггүй, цочролд орсон зэрэг нөхцөл байдлуудыг минь ойлгоно уу. Угаалгын өрөөнд миний гарын хээ олдоогүй нь намайг гэм буруугүй болохыг нотолж байна. Иймд эдгээр зүйлсийг шалгуулах хүсэлтэй байна” гэв.

 

Ялтан Ц.Баярцэцэгийн өмгөөлөгч Н.Намжилцогт гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Л.Алтанчимэг нь согтуугаар төрсөн охин Ц.Баярцэцэг рүү хайч барьж дайрч газар унаган хоолой дээр нь өвдгөөрөө дарж алахаар завдах үед Ц.Баярцэцэг нь уг үйлдлийг нь зогсоох зорилгоор хохирогчийг цааш нь түлхэж унагасан байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Ц.Баярцэцэгээс “Ээжийгээ нэг удаа хайчаар хутгалсан” гэсэн мэдүүлгийг хүчээр авсан байдаг. Дээрх мэдүүлгийн улмаас яллагдагч Ц.Баярцэцэгт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар буруу зүйлчилсэн байна. Мөн Ц.Баярцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Эхийгээ хайчаар хатгаагүй, эхтэйгээ дээр доороо орж ноцолдоогүй” гэж мэдүүлсээр ирсэн. Талийгаач архи уусан үедээ байнга охин Ц.Баярцэцэгтээ агсам тавьж, зодож, хулгай хийсэн гэж гүтгэж, цагдаад дуудлага өгч “Манай охин намайг зодчихлоо” гэж хэлдэг байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Ц.Баярцэцэг нь эхийнхээ байнгын дарамт, зүй бус үйлдлээс болж сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаад энэ гэмт хэргийг үйлдсэн байх магадлалтай. Ц.Баярцэцэг нь “Би эхийгээ хайчаар хатгаагүй” гэж хэлээд байгаагаас үзэхэд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаад, өөрийгөө удирдах чадваргүй болж гэмт хэрэг үйлдсэн байх. Хэрвээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаагүй, тайван байдалтай байсан бол эхийгээ тийм олон удаа хатгахгүй байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баяртогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Баярцэцэг нь манай ганц эмэгтэй дүү. Бид эхээс дөрвүүлээ. Миний эх архи уухаараа агсам тавьдаг байсан нь үнэн. Гэхдээ миний эх, дүү 2 бие биеэ үзэн ядах хэмжээний маргаан, уур амьсгал манай гэрт үүсээгүй. Тиймээс дүүгийн минь сэтгэл санаа тухайн үед гэнэт цочроод гэмт хэрэг үйлдсэн байх. Бидний хувьд төрсөн эхийгээ шороонд булчихаад, 30 хүрээгүй дүүгээ шоронд оруулмааргүй байна. Дүүтэйгээ хориход очиж уулзахад “Би эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд энэ олон жилийн хорих ялыг дийлж гарахгүй байх. Амиа хорлож магадгүй” гэж  хэлсэн. 2015 оны 3 дугаар сарын 8-ны өдөр эцэг минь нас барсан. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эхийгээ алдлаа. Та бүхэн манай гэр бүлд тохиолдсон уй гашууг харгалзан үзээд дүүд минь оногдуулсан ялыг хөнгөрүүлж, зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Миний дүүгийн ирээдүйг бодоод нийгэмших боломж олгож өгнө үү. Хэрэг гарахад миний ээжийн зүй бус, буруутай үйлдэл нөлөөлсөн байх. Миний дүү урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Гэмт хэрэг үйлдэхэд нь сэтгэл санааны дарамт нөлөөлсөн гэж үзэж байна” гэв.

 

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэдээ: “...Өмгөөлөгч “Ц.Баярцэцэгийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэж давж заалдах гомдол гаргаж байна. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Ц.Баярцэцэгийн санаа сэтгэл цочрон давчидсан эсэхийг шалгаж тогтоосон. Ц.Баярцэцэгийн зүгээс хяналтын прокурорт, Улсын Ерөнхий прокурорын орлогчид, Улсын Ерөнхий прокурорт нийт 3 удаа хүсэлт гаргаж байсан. Надад гаргасан гомдолдоо “аргагүй хамгаалалт хийсэн” мэтээр бичсэн байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хохирогчид 45 удаагийн зүсэгдсэн шарх гэмтэл болон олон тооны өөр гэмтлүүд тогтоодсноос үзэхэд Ц.Баярцэцэгийн аргагүй хамгаалалтад орсныг үгүйсгэж байгаа. Хэрвээ Ц.Баярцэцэгийн хоолой боогдож аргагүй хамгаалалт хийсэн бол дээд тал нь 3 удаа хатгахад боолт тавигдаж, цаашид хатгах шаардлагагүй болох байсан. Улсын Ерөнхий прокурорын туслахад “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэж гомдол гарсан. Үүнтэй холбогдуулан Ц.Баярцэцэгийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан эсэхийг тогтоолгохоор сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гаргуулахад “хэрэг үйлдэх үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан байх боломжтой. Ц.Баярцэцэг нь өөрийн үйлдлийг зөв удирдан жолоодох чадвартай байсан” гэсэн байдаг. Ц.Баярцэцэгийн гаргаж байгаа гомдол болон мэдүүлгүүд нь зөрүүтэй байдаг. Улсын Ерөнхий прокурорт гаргасан гомдолдоо “тухайн үед би эхтэйгээ маргалдаад хайчаар гараа зүсүүлээд гэрээсээ гарч явсан. Өглөө ахыг ирэх хүртэлх хугацаанд энэ хэргийг өөр хүн үйлдсэн байж болзошгүй” гэсэн. Гэтэл хойшлуулшгүй ажиллагаагаар хэргийн газрын үзлэг, цогцост үзлэг хийхэд гадны хүн ирсэн гэх ул мөр, шинж тэмдэг илрээгүй. Тухайн үед  Ц.Баярцэцэг нь эхтэйгээ маргалдаж, дээр доороо орон зодолдоод, хайчаар бие биеийгээ зүссэний дараа талийгаач угаалгын өрөөнд орсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Угаалгын өрөөний хаалга гаднаасаа онгойдоггүй. Намайг өглөө гэртээ ирэхэд угаалгын өрөөний хаалга гаднаасаа цоожтой байсан. Цонхоор нь харахад дотор нь талийгаач ухаангүй хэвтэж байсан тул цагдаа болон түргэн тусламж дуудсан” гэж мэдүүлсэн. Тиймээс талийгаачийг өөр хүн алсан гэх баримт байхгүй. Ц.Баярцэцэг давж заалдах гомдолдоо “угаалгын өрөөнөөс миний гарын мөр илрээгүй тул би гэм буруугүй” гэсэн байна. Угаалгын өрөөнд Ц.Баярцэцэг ороогүй. Эх нь Ц.Баярцэцэгт хайчаар хатгуулчихаад угаалгын өрөөнд ороод хаалгаа түгжээд нас барсан. Тиймээс угаалгын өрөөнөөс Ц.Баярцэцэгийн гарын мөр илрэх боломжгүй. Өмгөөлөгч “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байсан” гэж давж заалдах гомдол гаргасан байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан болох нь тогтоогдоогүй. Мөн “Ц.Баярцэцэг нь эхтэйгээ дээр доороо орж ноцолдоогүй, хоолойгоо боолгоогүй гэж удаа дараа мэдүүлсэн” гэж байна. Ц.Баярцэцэг нь эхнээсээ тус мэдүүлгийг өгч байгаад сүүлдээ хэргээ хүлээж мэдүүлсэн. Тиймээс өмгөөлөгчийг хэргийн материалтай бүрэн танилцаагүй гэж үзэж байна. Ц.Баярцэцэг нь давж заалдах гомдолдоо “Мөрдөн байцаалтын шатанд цагдаа нар намайг дарамталж, сүрдүүлж мэдүүлэг авсан” гэсэн байна. Хэрэг гарсны маргааш нь Ц.Баярцэцэг баригдаад өмгөөлөгчөө байлцуулаад мэдүүлэг өгсөн. Өмгөөлөгчийг байсаар байхад мөрдөн байцаагч нар дарамтлахгүй байх. Ц.Баярцэцэгээс анх байцаалт авснаас хойш 5 сарын хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахад прокурорт нэг ч удаа цагдаагийн албан хаагчийн айлган сүрдүүлэлт, дарамтад орсон талаар хэлж байгаагүй. 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Ц.Баярцэцэгийг яллагдагчаар татан байцаахад хэргийн талаар мэдүүлсэн.  Ц.Баярцэцэгийн хувийн байдлын хувьд хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс үзэхэд тийм ч сайн байгаагүй, талийгаачтай таарамжгүй харьцаатай байсан болох нь тогтоогдсон.

Ц.Баярцэцэг нь цагдаагийн байгууллагын ажилтнуудыг, прокурорыг ажил үүргээ гүйцэтгэснийх нь төлөө үндэслэлгүйгээр гүтгэж байна. Шүүх хуралдааны дараа улсын яллагчийн зүгээс Ц.Баярцэцэгтэй уулзаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэж хүсч байна. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачид 45  зүсэгдэл шарх, хавирганы хугарал зэрэг олон тооны гэмтэл тогтоогдсоноор онц харгис хэрцгий аргаар алсан гэж үзсэн. Талийгаач эдгээр олон тооны гэмтлийг авснаар зовж тарчлан нас барсан болох нь харагддаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр шинжээчийг оролцуулж талийгаач яаж зовж тарчилж, ямар хугацааны дараа нас барах боломжтой эсэхийг асууж тодруулсан тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн          284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад бүрэн нийцсэн байна.

 

Ц.Баярцэцэг нь архи ууж согтуурсан үедээ хувийн таарамжгүй маргааны улмаас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-413 тоот гэртээ өөрийн төрүүлсэн эх Л.Алтанчимэгийг онц харгис хэрцгийгээр хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн олон тооны буюу баруун 3 дугаар хавирганы суганы урд шугамаарх шууд хугарал, цээжний гялтангийн урагдал, баруун уушигны дээд дэлбэнгийн дотор гадаргуун өнгөц зүсэгдсэн шарх, зүүн далны дотор хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх /45 тооны/, сээрний 1, 2 дугаар нугаламын жийрэг мөгөөрсний баруун хажуу хэсгийн эмтрэл, зүүн уушигны оройн хатгагдаж зүсэгдсэн шарх болон дээрх оношийн 3 дугаар хэсэгт бичигдсэн нийт 44 хатгагдаж зүсэгдсэн 45 тооны шарх гэмтлийг учруулан санаатай алсан болох нь:

ялтан Ц.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хайлаастад Мөнхөө гэдэг хүнтэй гэрт нь хоёулаа нэг шил 750 гр, нэг шил 0.5 гр “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэгээд орой 21 цагийн үед гэртээ ирээд гал түлчихээд 2 давхарт өөрийнхөө өрөөнд унтаж байтал ээж гаднаас орж ирээд шууд хөнжил татаад “Хүүе” гэхийн завдалгүй үснээс зулгаагаад 2 давхарын шатнаас нэг давхар руу чирч буулгасан. Тэгээд үсдэж доош дарчихаад толгой руу хэд хэдэн удаа цохисон. Мөн үснээс зулгааж паар мөргүүлсэн, намайг өндийгөөд эргээд хартал ээж хаанаас ч юм нэгэн хайч гартаа барьчихсан байсан. Би хайчийг нь булааж авах гэж ноцолдож, дээр доороо орж байгаад би хайчинд гараа хатгуулаад, ээжийг нэг удаа хөл рүү нь хайчаар хатгасанаа санаж байна… Өөр хаана нь хатгасанаа санахгүй байна. Би дээшээ өрөө рүүгээ ороод куртикаа аваад доошоо буугаад ирсан чинь ээж ванны өрөөнд ороод хаалгаа дотроос нь түгжсэн байсан” гэх мэдүүлэг /хх1, х153/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2015 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цаг өнгөрч байхад ажлаас гэртээ ирэхэд манай ээж ванны өрөөнд ороод дотроосоо цоожилчихсон манай эмэгтэй дүү Ц.Баярцэцэг согтуу байсан. Би Ц.Баярцэцэгт хандаж “Чи яагаад согтуу байгаа юм бэ, ээж хаачсан юм” гэхэд “Ээж нэг шил архи аваад ванны өрөө рүү орсон” гэж хэлэхээр нь би ажилдаа яараад нохойны хоол оруулж тавьчихаад буцаад гараад явсан. Манай ажил дээр вагонаас ачаа буусан болохоор түүнийг хүлээж аваад шөнө ажиллаад 2015 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 10 цаг өнгөрч байхад ээж, дүү хоёрын утас холбогдохгүй болохоор нь яасан бол гээд санаа зовоод хүрээд ирэхэд гэрт хүн байхгүй, ванны өрөөний хаалга дотроосоо цоожтой байсан. Тэгэхээр нь би гадна талаас цонх руу шат тавиад харсан чинь манай ээж шалан дээр хэвтэж байсан. Тэгээд би сүх аваад ванны өрөөний хаалгыг хөшиж онгойлгосон. Тэгтэл ээж шалан дээр ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь би ойртолгүй шууд гарч түргэн тусламж, цагдаа дуудсан. Гэтэл цагдаа, түргэн тусламж зэрэг ирж ээжийг үзээд нас барсан байна гээд явсан. Дараа нь цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийгээд талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэг рүү аваад явсан юм.” гэх мэдүүлэг /хх1, х39/,

“...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирж нохойны хоол өгчихөөд байшиндаа орох гэтэл дотроосоо цоожтой болохоор нь Ц.Баярцэцэгийн утас руу залгаад “Хаалга онгойлго” гэсэн, тэгтэл Ц.Баярцэцэг надад хаалга тайлж өгсөн. Гэрт орсон чинь Ц.Баярцэцэг согтуу байсан. Баруун гараа цагаан өнгийн зүйлээр боочихсон байсан. Гараа яасан талаар асуухад “Юманд эсгэчихлээ” гэсэн, “Ээж хаана байгаа юм” гэсэн чинь “Ээж нэг шил архи аваад ванны өрөө рүү орчихсон” гэхээр нь би 00-ын өрөөний үүдэнд очсон чинь дотроосоо цоожтой байсан” гэх мэдүүлэг /хх1, х40/,

гэрч Г.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ц.Баярцэцэг гэрийнхэнтэйгээ таарамж муутай юм шиг байсан. Надтай уулзаж сууж байхдаа утсаар гэрийнхэнтэйгээ хэрэлдээд байдаг байсан” гэх мэдүүлэг /хх1, х48/,

гэрч А.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн орой 18 цагийн орчим байх 102-оос Алтанчимэг гэдэг хүнээс “манай охин намайг зодчихлоо” гэсэн дуудлага ирсэний дагуу цагдаа жолооч Б.Баярсүрэнгийн хамт машинт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа дээрхи Сургуулийн 24-413 тоотод очиход байшинд Алтанчимэг гэгч 50-60 орчим насны эмэгтэй согтуу “манай охин намайг зодчихлоо” гэчихсэн хоёр нүд нь хөхрөөд хавдчихсан “энийг аваад яв” гэсэн тэр үед Баярцэцэг гэртээ согтуу би зодоогүй гаднаас зодуулчихаад орж ирсэн гэж байсан” гэх мэдүүлэг /хх1, х53/,

гэрч О.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Ц.Баярцэцэг гэж хүүхэн урд өдөр нь ээжийгээ зодож танхайрсан зөрчлөөр Төмөр замын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэхэд эрүүлжүүлэгдээд Чингэлтэйн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх1, х55/,

гэрч Ц.Баттогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 10 сарын дундуур байх би Хайлаастад ээжийн хашаанаас юм ачих гээд ирсэн чинь хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь гадаа зогсож байсан чинь ээж гудамжны доороос гараад ирэхээр нь уулзсан чинь нэг нүд нь хөхөрчихсөн, шингэн үснийх нь цаанаас шинэ сорив харагдахаар нь би “та яасан юм бэ” гэсэн чинь “Баярцэцэг намайг сандлаар зодоод ийм болгочихлоо. Би Баярцэцэгтэй үнэхээр цуг байж болохгүй юм байна” гэсэн” гэх мэдүүлэг /хх1, х58/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн баруун 3 дугаар хавирганы суганы урд шугамаарх шууд хугарал, цээжний гялтангийн урагдал, баруун уушигны дээд дэлбэнгийн дотор гадаргуун өнгөц зүсэгдсэн шарх, зүүн далны дотор хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх /45/, сээрний 1, 2 дугаар нугаламын жийрэг мөгөөрсний баруун хажуу хэсгийн эмтрэл, зүүн уушигны оройн хатгагдаж зүсэгдсэн шарх болон дээрх оношийн 3 дугаар хэсэгт бичигдсэн нийт 44 хатгагдаж зүсэгдсэн шарх, 2 нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимын салст, дээд уруулын баруун хэсэг, баруун хөхний дотор дээд хэсэгт цус хуралт, зүүн бугуйн гадна хэсэгт зулгарал бүхий гэмтэл тогтоогдов. Баруун 3 дугаар хавирганы хугарлын үзүүр уушиг гэмтээж болон 45 дугаар шарх цээжний хөндийг нэвтэрч зүүн уушгийг гэмтээснээс 2 уушиг авчиж амьсгалын дутагдлаар нас баржээ. Энэ 2 гэмтэл аль нь түрүүлж үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. Аль аль нь амьд ахуйд үүсгэгдсэн, үхэлд хүргэх гэмтэл байна. 2 нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимын салст, дээд уруулын баруун хэсэг, баруун хөхний дотор дээд хэсгийн цус хуралт, зүүн бугуйн гадна хэсгийн зулгарал нь амьд үед үүсгэгдсэн байна. Шарх №1, 7, 8, 28-26 дугаартай шархнууд амьд үед үүсгэгдсэн байж болох ба бусад шархуудыг амьд болон нас барсны дараа үүсгэгдсэн аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Мөн шархнуудын үүсгэгдсэн дэс дарааллыг тогтоох боломжгүй нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Нийт 45 шархыг ажлын хэсгийн өргөн 2.5 см-с доошгүй, урт нь 9 см орчим хатгаж зүсэх багажаар үүсгэсэн байна. Шархуудыг өөрийн гараар үүсгэх боломжгүй. Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Цус нь АВО системээр OI бүлгийн харьяалалтай байна. Үтрээний арчдас наалдцад эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй байна” гэх 1925 дугаар шинжээчийн дүгнэлт /хх1, х80-82/,

“...Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамц, эрээн өнгийн футболкны баруун энгэр хэсэгт гарсан уранхай, зүүн далны хэсэгт харьцуулах шинжилгээндд ирүүлсэн хайчны 10 удаагийн үйлчлэлээр гарсан шинэ цоорсон уранхайнууд байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдний баруун урд талд, улаан өнгийн цам, эрээн өнгийн футболкны ханцуй энгэр хэсэгт идэлгээний явцад гарсан хуучин уранхай байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдний зүүн гуяны гадна хажуу хэсэгт хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхайнууд байна. Уг зүсэгдсэн уранхайнууд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн хайчны дан ирнээс гарсан байж болно.” гэх 5313 дугаар шинжээчийн дүгнэлт /хх1, х100, 101/,

“...Хохирогчийн өмсөж явсан гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ нь O/I бүлгийн харьяалалтай хүний цус байна” гэх 9704 дугаар шинжээчийн дүгнэлт /хх1, х105/,

“...Хэргийн газраас авсан гэх эд зүйлс дээрхи толбуудад цус илэрсэн. Энэ нь O/I бүлгийн харьяалалтай хүний цус байна” гэх 9701 дугаар шинжээчийн дүгнэлт /хх1, х107/,

“...Хохирогчийн гэх хумсны дээжүүд дээр цус илэрсэн. Энэ нь O/I бүлгийн харьяалалтай хүний цус байна. Бичил ул мөр илрээгүй. Сэжигтэний гэх ягаан оймс, ноосон цамцан дээр цус илэрсэн. Энэ нь O/I бүлгийн харьяалалтай хүний цус байна. Бусад хувцас, хумсны дээжүүд дээр цус болон бичил мөр илрээгүй. Хэргийн газраас авсан гэх хайч, 3 хэсэг үсний дээжүүд, усны сав, 2 ширхэг толбо, сальфетка дээрхи толбуудад цус илэрсэн. Энэ нь  O/I бүлгийн харьяалалтай хүний цус байна. Бичил мөр илрээгүй. Хэргийн газраас авсан гэх 2 ширхэг алчур дээр цус маш бага хэмжээтэй илэрсэн. Бүлгийн харьяалал болон ДНХ-ийн бүтцийг тогтоох боломжгүй. Хэргийн газраас авсан гэх 2 ширхэг хутга, 2 ширхэг алх дээр цус болон бичил мөр илрээгүй.” гэх 9703, 9705, 9706, 9707, 9759, 9883 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх1, х116/,

“...Хэргийн газраас авсан гэх дотоож, цагаан сорочкин цамц дээр цус илэрсэн. Энэ нь O/I бүлгийн харьяалалтай хүний цус байна.” гэх 9702 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, х119/,

“...Ц.Баярцэцэгийн биед баруун сарвууны алга, зүүн сарвууны 2, 3 дугаар хуруунд өнгөц зүсэгдсэн шарх, баруун бугуй, зүүн шуунд зулгаралт, баруун сарвууны 1, 2, 3 дугаар хуруунд 2 дугаар зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй, зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлээр, түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 15717 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, х131/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х5-9/, Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х10-23/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х24, 25/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х26-32/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х33/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх1, х69/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас гадна хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ц.Баярцэцэгийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Ц.Баярцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд “Цагдаагийн байгууллагын ажилтнууд дарамталж мэдүүлэг авсан” талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй, мөрдөн байцаалтын шатанд түүнийг дарамталж мэдүүлэг авсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд удаа дараагийн мэдүүлгүүдийг өмгөөлөгчийг байлцуулан авч байжээ. Мөн гэмт хэргийг үйлдэхдээ аргагүй хамгаалалтын нөхцөлд болон сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан үедээ үйлдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээр нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Иймд ялтан Ц.Баярцэцэг, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан “...Цагдаагийн газар байсан залуучууд “ээжийгээ хайчаар хатгасан уу, эмэгтэй хүнд гар хүрэх дургүй шүү, зүгээр хариулаад байвал тэр шорондоо ороод эргэлтээ аваад байвал чамд л өлзийтэй шүү” гээд гар далайгаад, араас цохиод байсан..., “ээжийгээ нэг удаа хайчаар хутгалсан” гэсэн мэдүүлгийг хүчээр авсны улмаас Ц.Баярцэцэгт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар буруу зүйлчилсэн байна” гэх давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 496 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 496 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Баярцэцэг, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                       Ц.ОЧ