Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 405

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Отгонжаргал, М.Энхбат нарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                               

            прокурор Ж.Энх-Амгалан,                                        

            ялтан Н.Отгонжаргал/цахимаар/, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

            ялтан М.Энхбатын өмгөөлөгч Д.Наранцэцэг, Б.Оюунбилэг,

            нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, О.Жанчивнямбуу нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 157А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Отгонжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Н.Отгонжаргал, М.Энхбат нарт холбогдох эрүүгийн 20738071 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Мөнхсаруулын Энхбат, 1991 оны 5 дугаар сарын 29-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаан монтажчин мэргэжилтэй, Дулааны 4 дүгээр цахилгаан станцад цахилгаан цехийн цахилгаан машины цахилгааны слесарь ажилтай, ам бүл 3, эх, эмээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 23г байр, 26 тоотод оршин суух,

2007 оны 6 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан. /РД:УШ91052931/,

2. Боржигон овгийн Нямсүрэнгийн Отгонжаргал, 1992 оны 8 дугаар сарын 23-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бульдозерийн оператер мэргэжилтэй, “Хандок” ХХК-д угсралтын бригадын ахлах ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 12 дугаар гудамж, 11 тоотод оршин суух,

2007 оны 6 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан. /РД:УД92082315/,

Н.Отгонжаргал, М.Энхбат нар нь ялтай байх хугацаандаа урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр:

- 2007 оны 6 дугаар сарын 14-нөөс15-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг авах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр” хүнсний дэлгүүрт орж, эд хөрөнгийг нь авах зорилгоор хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн худалдагч Ж.Мөнхчимэг, Б.Ууганбилэг нарыг айлган сүрдүүлж, заналхийлж довтлон хохирогч нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэж, хохирогч Ж.Мөнхчимэгийн зүүн даланд хутгалж биемахбодид нь хүнд гэмтэл, хохирогч Б.Ууганбилэгийн далны хооронд хутгалж хөнгөн гэмтэл учруулан дэлгүүрийн орлого болох 406.000 төгрөг, Б.Ууганбилэгийн “Самсунг” загварын гар утсыг дээрэмдэн авч, бусдад 522.500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2007 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харьд” хүнсний дэлгүүрт эд хөрөнгийг нь авах зорилгоор орж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн худалдагч Б.Үүрийнгэгээ болон түүнтэй хамт байсан Б.Мөнхзол нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон хутга тулган, дэлгүүрийн орлого болох 90.000 төгрөг, ахуйн бараа, хохирогч Б.Мөнхзолын “Нокиа” загварын гар утас, 11.000 төгрөг зэргийг дээрэмдэн авч бусдад 248.150 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2007 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрт эд хөрөнгийг нь авах зорилгоор орж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн худалдагч Г.Энхчимэгт амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон хутга тулган айлган сүрдүүлж, дэлгүүрийн орлого болох 102.630 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 874.280 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, бусдын биед махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Отгонжаргал, М.Энхбат нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Энхбатыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж  2008 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

“Өршөөл үзүүлэх тухай” 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт зааснаар Н.Отгонжаргалын Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хойшлуулсан хугацааг хэрэгсэхгүй болгож,

М.Энхбатыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр эд хөрөнгийг авах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэн амь биед аюултай аргаар хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд, Н.Отгонжаргалыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан 2008 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар Н.Отгонжаргалаас 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар,

2008 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар М.Энхбатаас эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 2 сарын хорих ялаар тус тус шийтгэж, “Өршөөл үзүүлэх тухай” 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар М.Энхбатад оногдуулсан 5 жил 2 сарын хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар М.Энхбатад энэ тогтоолоор оногдуулсан хорих ялаас үлдэх 2 жил 2 сарын хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 9 сарын хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хорих ялаар тогтоож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар М.Энхбатад энэ тогтоолоор оногдуулсан хорих ялаас үлдсэн 2 жил 8 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж,

Н.Отгонжаргал, М.Энхбат нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Н.Отгонжаргал, М.Энхбат тус бүрийн цагдан хоригдсон 252 хоногийг тэдгээрийн тус бүрийн эдлэх ялд оруулан тооцож, М.Энхбатад оногдуулсан хорих ялыг ял эдэлсэнд тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын бээлий 2 хос, ахуйн хэрэглээний хутга 2 ширхэг, үсний будаг 2 ширхэг, Эссэ тамхи 2 хайрцаг, саван 1 ширхэг, шампунь 2 ширхэг, гэль 1 ширхэг, гарын кист 3 ширхэг, жинсэн өмд 2 ширхэг, тэлээ 1 ширхэг, бэлтгэлийн цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хүлээн авсан, гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Н.Отгонжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Н.Отгонжаргал нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 157А тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Тус шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан хэрэгт гэм буруутай гэж үзэж хорих ял оногдуулсан. Уг хэрэг 2007 онд гарсан. Би тухайн үед 14 нас 10 сартай хүүхэд байсан. Тухайн хэрэг үйлдэгдээд бүхэл бүтэн 9 жил өнгөрсөн байхад энэ хугацаанд цагдаа, шүүхээс нэг ч удаа дуудаагүй байж 9 жил өнгөрсний дараа надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 7 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие тухайн үед хүүхэд насны гэнэн томоогүй зангаараа ийм хэрэгт холбогдсондоо одоо ч гэсэн маш их харамсаж, гэмшиж байна. Одоо миний бие бүрэн төлөвшиж, хүмүүжсэн. “Хандок” ХХК-д ахлах мэргэжилтнээр дэвшин ажиллаж байгаа бөгөөд гэмт хэрэгт холбогдоогүй. Миний ээж Наранцэцэг нь хөгжлийн бэрхшээлтэй, бие нь саажилттай хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан. Байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хүний гарт байдаг. Би ээжийгээ ганц асарч, ханддаг хүн нь бөгөөд ийм хэрэгт холбогдож ял шийтгүүлээд энд сууж байхдаа өөрийн ээждээ маш их санаа зовж байна.

Иймд миний хувийн байдал болон гэмт хэргийн нийгмийн хор аюул арилсан, тухайн хэрэг үйлдэгдээд 9 жил өнгөрсөн, хохирогч нар гомдол, саналгүй зэргийг минь харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, намайг өршөөлийн хуульд бүрэн хамруулж өгнө үү.

Тухайн хэрэг үйлдэгдэх үед буюу 2007 онд би 14 настай хэргийн үнэн мөн чанарыг ойлгох чадваргүй хүүхэд байсан. Миний үйлдсэн хэрэг нь 2009 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.2 дахь хэсэгт заасан заалтуудад бүрэн хамаарч байх тул надад холбогдох хэргийг өөрт минь илүү ашигтайгаар шийдвэрлэж “Өршөөл үзүүлэх тухай” хуульд бүрэн хамруулж, намайг өршөөж, ял шийтгэлгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Н.Отгонжаргалын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь Н.Отгонжаргал нь насанд хүрээгүй байхдаа хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтын шатанд Н.Отгонжаргалаас мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгч оролцуулаагүй. Мөн Н.Отгонжаргалын ээж болон эгчээс нь мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах  эрхийг нь сануулалгүйгээр мэдүүлэг авсан. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан М.Энхбатын өмгөөлөгч Д.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Энхбатын хувьд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гаргасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Ялтан М.Энхбатын өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Энхбатад оногдуулсан ял шийтгэл түүний гэм буруу, хувийн байдалд нь тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатын шүүх “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг шүүгдэгч нарт ашигтай байдлаар хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Отгонжаргалыг насанд хүрээгүй байхад нь хууль ёсны төлөөлөгчийг нь оролцуулахгүй байцаалт авсан боловч уг алдаагаа засаж дахин байцаалт авахдаа хууль ёсны төлөөлөгчийг нь оролцуулж байцаалт авсан. Гэрч нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд заасныг сануулж  мэдүүлэг авсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Н.Отгонжаргал, М.Энхбат нар нь ялтай байх хугацаандаа урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр:

- 2007 оны 6 дугаар сарын 14-нөөс15-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг авах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр” хүнсний дэлгүүрт орж, эд хөрөнгийг нь авах зорилгоор хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн худалдагч Ж.Мөнхчимэг, Б.Ууганбилэг нарыг айлган сүрдүүлж, заналхийлж довтлон хохирогч нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэж, хохирогч Ж.Мөнхчимэгийн зүүн даланд хутгалж биемахбодид нь хүнд гэмтэл, хохирогч Б.Ууганбилэгийн далны хооронд хутгалж хөнгөн гэмтэл учруулан дэлгүүрийн орлого болох 406.000 төгрөг, Б.Ууганбилэгийн “Самсунг” загварын гар утсыг дээрэмдэн авч, бусдад 522.500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2007 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харьд” хүнсний дэлгүүрт эд хөрөнгийг нь авах зорилгоор орж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн худалдагч Б.Үүрийнгэгээ болон түүнтэй хамт байсан Б.Мөнхзол нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон хутга тулган, дэлгүүрийн орлого болох 90.000 төгрөг, ахуйн бараа, хохирогч Б.Мөнхзолын “Нокиа” загварын гар утас, 11.000 төгрөг зэргийг дээрэмдэн авч бусдад 248.150 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2007 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрт эд хөрөнгийг нь авах зорилгоор орж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн худалдагч Г.Энхчимэгт амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон хутга тулган айлган сүрдүүлж, дэлгүүрийн орлого болох 102.630 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 874.280 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, бусдын биед махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Мөнхчимэгийн “...2007 оны 6 дугаар сарын 14-ний 23 цагийн үед 17-18 орчим насны 150-160 орчим см өндөр нуруутай ажлын цагаан бээлий өмсчихсөн дээгүүрээ улаан цамцтай цулцгар шар царайтай, махлаг халимаг үстэй нэвширсэн архи үнэртүүлсэн залуу манай дэлгүүрт орж ирээд 1 ширхэг марлборо тамхи, 1 ширхэг бохь аваад явсан. ...Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад нөгөө залуу манай дэлгүүрт орж ирээд хүнсний зүйл өрөөстэй лангуу руу хараад зогсоод байхаар нь би юу авах вэ гэхэд харж байна гэж байсан. Тэгтэл шар толгойтой жижигхэн биетэй хүүхэд дэлгүүрийн хаалгаар шагайсан чинь нөгөө дэлгүүрт зогсож байсан залуу шууд ойролцоогоор 20 орчим см урттай шаргал өнгийн модон иштэй хутга ханцуйнаасаа гаргаж бариад лангууны араар тойроод ороод ирсэн. Тэгтэл хаалгаар шагайж байсан хүүхэд дэлгүүрт орж ирээд хаалга дотроос дарсан. Тэгээд тэр 2 танихгүй хүн надтай хамт дэлгүүрт байсан Б.Ууганбилэг бид хоёрыг гэрлээ унтраа гэсэн. Б.Ууганбилэг бүгд нийтдээ унтардаг гэж хэлсэн. Би тэр үед лангууны ард байдаг хайрцагнаас хутга авсан. Тэгэхэд тэр 2 хоёулаа хутгаа хая, хаяхгүй бол ална шүү гэсэн. Б.Ууганбилэг тэгэхэд хутгаа өгчихөө гээд уйлаад байхаар нь би шидсэн. Тэгээд тэр 2 манай дэлгүүрийн тухайн өдрийн орлогоны мөнгө болох лангуун доор 3 ил шоколадны хайрцагт байсан бүх мөнгийг аваад гар утсаа өг гээд Б.Ууганбилэгээс нэхсэн. Б.Ууганбилэг эгчийнх гэхэд тэр чинь ямар хамаатай юм ална шүү гээд хутгаа далайгаад байхаар нь гар утсаа өгсөн. Тэр 2 гар утас надаас нэхээд байхаар нь эхэндээ байхгүй гэж хэлтэл дахиад хутгаа тулгаад алаад хаяна шүү гээд чичээд хэлсэн. ...Тэгээд Б.Ууганбилэгийг гар утас хайж байх хооронд нөгөө том нь болох цулцгар шap царайтай залуу миний зүүн дал руу хутгалсан. Тэгээд үгэнд та 2 орохгүй бол манай Болдоо гээд нөгөө жижигхэн хүүхэд рүү заагаад хутгаа гаргаж ирээд та хоёрыг ална шүү гэсэн. Тэгээд жижигхэн нь гэрэл гараад байна наад утсаа хаяач хурдал гээд байсан. Нөгөө том нь Б.Ууганбилэгийг миний гар утсыг хурдан ол гэж хайлгаж байгаад олохгүй болохоор нь хутгалчихаад нөгөө жижиг хүүхдийн хамт дэлгүүрээс гараад явсан. Тэгж гарахдаа жижиг нь томыгоо хоёуланг нь уу гэхэд нөгөө Ууганаа бид хоёрыг хутгалсан залуу хоёуланг нь гэж байсан. ...Манай дэлгүүрийг дээрэмдсэн хүмүүсийн жижиг нь арай өндөр биетэйгээ наад 2 чинь бид хоёрыг харчихлаа алчих, алчих гээд байсан. ...Том нь 17-18 орчим насны 155-160см орчим өндөр нуруутай махлаг цулцгар шар залуу байсан. Мөн халимаг үстэй байсан. Жижиг нь 14-15 орчим насны бор царайтай туранхайвтар улбар шар өнгөөр үсээ будсан дээгүүрээ цэнхэр өнгийн цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй хүүхэд байсан. Түүнийг Болдоо гэж дуудаж байсан. Миний биеийн байдал одоогоор хэвийн байгаа, хутгалуулж дээрэмдүүлснээс хойш миний уушиг их амархан өвддөг, хааяа хатгуулж өвддөг болсон. Миний хувьд гомдолтой байгаа. Тухайн хэрэг явдал болсноос хойш би их аймхай болсон, намайг болон дүү Б.Ууганбилэгийг дээрэмдэж хутгалсан хүмүүстэй төстэй хүн харагдахаар айгаад орой үдэш ч гадагшаа гарч ордоггүй болсон. Тухайн үед миний эмчилгээний зардал 150.000 төгрөг болсон тэрнээс хойш тогтмол эмчилгээ хийлгэж байсан тул 850.000 төгрөг, нийтдээ 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Намайг тэр 2 хүний өндөр биетэй нь хутгалсан юм. Б.Ууганбилэгийг намайг хутгалсан өндөр биетэй хүн нь гар утас хайлгаад хажууд ойролцоо нь байсан, харин жижиг биетэй нь миний хажууд "энэ үхэж байна” гээд байж байсан. Энэ үед Б.Ууганбилэг хутгалуулсан болохоор тэр өндөр биетэй нь Б.Ууганбилэгийг мөн хутгалсан гэж бодож байна...”/1-р хх-ийн 30-33, 2-р хх-ийн 75/,

хохирогч Б.Ууганбилэгийн “...2007 оны 6 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө “Өнөр” дэлгүүр дээр эгч Ж.Мөнхчимэгийн хамт ажиллаж  байтал шөнө 2 цагийн үед 165 орчим см өндөр нуруутай, малгайныхаа зүүн хойд талд гэзэгтэй улаан өнгийн биеийн тамирын цамцтай, хар үстэй 17-18 насны банди орж ирээд 80 төгрөгөөр 2 ширхэг марлборо тамхи аваад гарснаа удалгүй 10-аад миниутын дараа нөгөө банди чинь орж ирээд сахар хэдэн төгрөг вэ гэхээр нь 800 төгрөг гэсэн чинь лангууны араар орж ирэхээр  нь яах гэж байгаа юм бэ гэсэн чинь зүүн гартаа хутга гаргаж ирж бариад байж байтал, араас нь 13-14 орчим насны хар эрээн жинсэн яактай урт ургасан үстэй банди орж ирээд шууд лангууны араар ирээд мөнгө хайгаад байсан. Өндөр банди нь мөнгө олчихвол бид хоёр зүгээр явлаа гэхээр нь орлогын мөнгө өгсөн чинь гар утсаа аваад ир гэхээр нь гар утсаа өгөөд дараа нь хар цүнхэнд байсан ягаан өнгийн түрүүвчтэй мөнгийг авсан. Дараа нь Ж.Мөнхчимэг эгч бид хоёрыг арын өрөө рүү оруулаад битгий чарлаад бай, чарлах юм бол ална шүү гээд эгчийг гар утсаа өгчих гэсэн чинь эгч байхгүй гэсэн чинь эгчийн баруун бөөр лүү хутгалаад эгч уначихсан чинь намайг гараад гар утсыг нь хай гэхээр нь хайгаад байж байтал миний араас 2 далны хооронд 1 удаа хутгалсан. ...Тэр 2 хүүхэд гараад зугтсан. Тэр хоёрын том хутгалдаг нь нөгөөхийгөө Болдоо мөнгө хай гэж байгаад дараа нь олдсон уу Жижгээ гээд байсан. Томыгоо бол нэрээр нь дуудаагүй. Өндөр нь ширүүн харцтай, давхраагүй нүдтэй, улаан өнгийн ноосон бэлтгэлийн цамцныхаа цахилгааныг бүр дээш нь татчихсан, бараан өнгийн жинсэн өмдтэй, пүүзтэй байсан, толгойныхоо зүүн хойд тал дээрээ гэзэгтэй хар өнгийн үстэй, 165 орчим см өндөртэй, туранхайдуу гартаа ажлын цагаан бээлий өмссөн тэр нь шинэ байсан. Намхан бараан өнгийн алаг гэхээр жинсэн яктай, 158-160 орчим см өндөртэй, нэлээн ургасан байрын үстэй үснийхээ урд хэсэг болон шанаагаа шар өнгөөр сорлосон байсан. Жижгээ, Болдоо гэж 2 нэрээр дуудуулж  байсан. Намайг цаашаа хараад Ж.Мөнхчимэг эгчийн гар утсыг хайж байхад арай өндөр биетэй буюу дагзандаа гэзэгтэй, хүйтэн харцтай банди миний ард зогсож байсан, тэр намайг хутгалсан байх би яг хэн хутгалсныг нь харж чадаагүй ухаан алдсан. Жижиг биетэй хүүхэд нь надаас нэлээн хол зайтай байсан учраас хутгалаагүй байх гэж бодож байна...”/1-р хх-ийн 47-51/,

хохирогч Б.Мөнхзолын “...Тэгэхэд намхан нуруутай нь хутга гаргаад ирсэн. Тэр үед өндөр нуруутай нь хаалга түгжээд бас хутга гаргаад ирсэн. Тэгээд нэг нь орилбол ална шүү гэсэн. Тэр үед Б.Үүрийнгэгээ миний 2 дүү бид хоёрт битгий гар хүрээрэй, авах юм аа ав гэсэн. Тэгэхэд өөдөөс та 2 зүгээр сууж бай, бид 2 авах юмаа аваад гарлаа гэсэн. Тэгээд тэр 2 хүүхэд лангууны араас ажлын цагаан бээлий авч өмссөн, хоёулангийнх нь гарт хар иштэй том хутга харагдаж байсан. Тэр 2 хүүхэд бээлий өмсөнгүүтээ лангууны ард байсан 3 хайрцагтай мөнгийг торонд хийгээд хөргөгч дээр байсан миний “нокио” загварын гар утсыг авсан. Мөн хажууд нь байсан миний цүнхнээс 11.000 төгрөг авсан. Бас тавиур дээр байсан тамхи, асаагуур авсан. Тэгээд өндөр нь бид хоёрын гар хөл, амыг скочидсон. Тэгээд тэр 2 хүүхэд гарахдаа гадна талын хаалгыг түгжээд хаагаад гарсан. ...Өндөр нь 15-16 орчим насны 150-160 орчим см өндөр нуруутай цэнхэр өнгөөр үсээ сорлосон,  халимаг үстэй, онигор жартгар нүдтэй, цэнхэр өнгийн биеийн тамирын хослол өмссөн, 2 гартаа кист зүүсэн байсан. Намхан нь 14-15 орчим насны 140 орчим см өндөртэй, үс нь хусаад ургаж байсан бололтой нэлэнхүйд нь шар өнгөөр будсан, цагаан өнгийн кист 2 шуундаа зүүсэн, цагаан өнгийн биеийн тамирын хослол өмссөн байсан. Жижгийгээ “жижгээ” гэж дуудаж байсан. Тэр 2 хүүхэд өөрсдийгөө саяхан тэнсэн аваад гарч ирсэн гэж байсан. ...Миний алдсан гар утас бол сар гарангийн өмнө 120.000 төгрөгөөр худалдаж авсан “нокиа” загварын өнгөт дэлгэцтэй хар өнгийн гэртэй, дэлгэгддэггүй утас байсан. Миний цүнхнээс 11.000 төгрөг авсан. Б.Үүрийнгэгээ бид хоёрыг зодож бариагүй, хутга тулгаад мөн гар хөлийг скочидсон. Гомдолтой байна, алдсан эд зүйлийг минь олж өгнө үү...”/1-р хх-ийн 63-65/,

хохирогч Б.Үүрийнгэгээгийн “...намхан нуруутай хүүхэд дэлгүүрээс гараад удалгүй худалдаж авсан торондоо юм хийчихсэн орж ирээд лангуу руу ордог хаалганы хажууд ирээд зогссон. Тэр намхан нуруутай хүүхдийг дэлгүүрт орж ирээд лангууны жижиг хаалганы хажууд зогссоны дараа өндөр нуруутай нь дэлгүүрт орж ирээд дэлгүүрийн гаднах бүргэд хаалгыг хаагаад цоожилчихсон. Тэгэхэд яаж байгаа юм гээд сууж байгаад босоод иртэл намхан нь зүгээр байгаарай гээд хар иштэй хутга барьчихсан зогсож байсан. ...Өндөр нуруутай нь скоч аваад Б.Мөнхзол бид хоёрыг сууж байсан газраас  босгоод бээлий байсан тавиурын хажууд байх сандал дээр суулгаад мухарт шахан скочидсон. Намхан нуруутай нь лангуун доороос 3 жижиг цаасан хайрцагтай мөнгийг аваад торондоо хийсэн, тэгээд үүдэнд очоод дурангаар хараад байсан. Б.Мөнхзол бид хоёрыг битгий скочдооч гэхэд намхан нь “бид 2 тэгж гэнэдэхгүй хаширсан хүмүүс, баригдлаач үсрээд 2 жилийн дараа гарч ирээд та хоёрыг ална шүү” гээд байсан. Мөн саяхан тэнсэнгээр суллагдсан гээд байсан. Мөн намхан нь нуруутай нь хаалга дээр зогсч байхдаа эссэ тамхи аваарай гээд байсан. Тэгээд том нь хайрцагтай мөнгө аваад бүхэл мөнгө нь алга байна хаана хийсэн юм гээд лангууг үзээд байсан. Лангуун дээр байсан Б.Мөнхзолын гар утсыг авсан. ...Б.Мөнхзол цүнхээ ухаж үзүүлээд 10.000 төгрөг өгсөн. ...Том нь бүхэл мөнгө хайж лангуу нэгжиж байгаад бүхэл мөнгөө хийсэн газрыг маань олоод тэнд байсан бүх мөнгийг авсан. Өндөр нь лангуу дээрээс бас өндөр үнэтэй эссэ, кент гэсэн тамхинуудаас хамж авсан. Тэгээд тамхи авсныхаа дараа намайг сандал дээр суулгаад миний 2 хөлийг сандалны 2 хөлтэй хамт скочдоод Б.Мөнхзолыг зогсоогоод хөлийг нь сандлын нэг хөлтэй скочидсон. Мөн амыг минь 2 удаа тойруулж скочидсон. ...Гаръя гээд хаалга онгойлгоод өмссөн ажлын бээлийгээ тайлж торонд хийгээд хаалгаа гаднаас нь хаагаад алга болсон. ...Өндөр нь 16-17 орчим насны хар царайтай, нүд нь жартгар, нэлээн ургасан халимаг үстэй, үснийхээ 2 хажуу талыг цэнхэр өнгөөр сорлосон, 160 орчим см өндөртэй байсан. Намхан нь 14-15 орчим насны 150-155 орчим см өндөртэй, шар царайтай, нүүр нь сэвхтсэн, үс нь хусаад дөнгөж  ургаж байгаа бололтой шар өнгөөр нэлэнхүйд нь будсан байсан. Өндөр нь хар хөх өнгийн биеийн тамирын майк шортны хослолтой, жижиг нь цагаан өнгийн майк шортны хослолтой байсан. Жижгээ гэж дуудаж байсан. ...Манай дэлгүүрт учирсан 117.150 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ. ...Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...”/1-р хх-ийн 72-76, 2-р хх-ийн 78/,

хохирогч Г.Энхчимэгийн “...тэр үед хөргөгчний урьд том биетэй банди нь зогсож  байснаа гэнэт намайг чимээгүй байгаарай гээд хэлсэн. Шар толгойтой жижиг банди нь хаалга руу очоод дотор талаас нь түгжсэн. Том биетэй банди нь хутга гаргаж ирээд дуугүй байгаарай гээд ард талын хаалгыг цоожлоод эргэж ирээд бэлэн мөнгө хийдэг газраас мөнгө аваад хүмүүсийн зээлээр авч бичиг баримтаа үлдээсэн зүйлийг оролдохоор нь битгий оролд гэхэд дэлгүүрийн бүхэл мөнгөө хаана хийдэг юм бэ, тэрийгээ хэл гээд байсан. Би бүхэл мөнгө гээд байх зүйлгүй, наадах чинь өнөөдрийн орлого гэж хэлсэн. Том биетэй нь ар талын өрөө рүү орсон, жижиг биетэйгээ хутгаа гаргаад ир гэхэд тэр нь хутга гаргаад ирсэн. Наадах чинь цагдаа дуудна шүү, хөдөлгөж болохгүй шүү гэхэд нь  би та хоёрыг хүнд хэлэхгүй авах юм аа ав гэж хэлсэн. ...би дүүгээ түлхэнгүүтээ гарах гээд хөргөгчин дээгүүр харайгаад гүйсэн хаалга түлхсэн цоожтой байсан, балмагдаад сандраад ямар ч байсан гаръя гэж бодоод хаалгыг гогцоо цоожоор нь цоожилсон байсан. Сандарч байгаад арай гэж онгойлгоод гарах гэтэл шар толгойтой жижиг банди нь араас татаад тэр үед би тал биеэрээ гарч ирээд цементэн дээр унангуутаа туслаарай гэсэн, тэгтэл нэг хүүхэдтэй ах явж байснаа их гайхаад хараад байсан. Би хутгатай хүн мөнгө авчихлаа гэсэн чинь тэр ах дэлгүүр лүү шагайгаад ороогүй. Гэтэл тэр 2 банди гэр лүү ордог хаалгаар гараад миний хажуугаар өнгөрөхөөр нь нөгөө ах хойноос нь хөөгөөд жижиг хүүхдийг нь барьж аваад ирсэн. Том хүүхдийг нь өөр нэг хүүхэд барьж ирсэн. Тэгээд бариад ирэхээр нь жижиг бандийн барьж байсан уутыг үзэхэд манай дэлгүүрийн орлого байсан. Нийт 21000 орчим төгрөг, том хүүхдээс нь болохоор халааснаас нь өөрийнхөө түрүүвчид байсан мөнгийг авсан...”/1-р хх-ийн 84-86, 2-р хх-ийн 79/,

хохирогч С.Бямбасүрэнгийн “...Өнөр дэлгүүрийг түрээсээр ажиллуулдаг. ...Манай дэлгүүрээс авсан бэлэн мөнгө 406.000 төгрөг, охины  гар утасны мөнгө болох 116.500 төгрөг, мөн Б.Ууганбилэгийн эмчилгээнд зарцуулсан 300.000 төгрөг. Нийт 822.500 төгрөгийг нэхэмжилж байна...”/1-р хх-ийн 35-36, 2-р хх-ийн 76/,

хохирогч Г.Лхагваагийн “...манай дэлгүүрээс орлогын 90.000 төгрөг, 1 блок кент, эссэ тамхи, 9 ширхэг асаагуур зэрэг эд зүйл алдагдсан. 1 блок кент тамхи 1200 төгрөг, 1 блок эссэ тамхи 1200 төгрөг, 9 ширхэг асаагуур 3150 төгрөг болж байгаа. Нийт 117.150 төгрөгийн хохирол учирсан.../1-р хх-ийн 67-68/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ж.Мөнхчимэгийн биед цээжний зүүн талын хатгагдсан шарх, цээжний хөндий дэх цус алдалт, цээжний хөндийд хатгалт хийж хурсан цусыг авсан мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээн явуулах дүрэм зааврын 2.2.1-н “И”-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...”/1-р хх-ийн 43-44/ гэх 742 дугаартай Шинжээчийн дүгнэлт,

“...Б.Ууганбилэгийн биед сээрний 3 дугаар нугалмын төвшинд хатгагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...”/1-р хх-ийн 45-46/ гэх 741 дугаартай Шинжээчийн дүгнэлт,

“...Б.Энхжаргал, Н.Отгонжаргал, М.Энхбат нарын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Дээр гарын дардсууд нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй. М.Энхбат нь урьд санд МИ000210023663, МИ00021009443, 2555560 дугаараар 3 удаа, Н.Отгонжаргал нь МИ000210023656, 2555561 дугаараар 2 удаа, Б.Энхжаргал нь 2555559 дугаараар 1 удаа тус тус бүртгэгдсэн байна...” гэх 6140 дугаартай Шинжээчийн дүгнэлт/2-р хх-ийн 133-138/,

Шүүхийн сэтгэц гэм судлалын “...М.Энхбат нь сэтгэцийн өвчингүй. М.Энхбат нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан. М.Энхбат нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай...”/2-р хх-ийн 31, 32/, “...Н.Отгонжаргал нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Н.Отгонжаргал нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан. Н.Отгонжаргал нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай...”/2-р хх-ийн 34/ гэх дүгнэлтүүд,

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл/1-р хх-ийн 17-18/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл/1-р хх-ийн 19-24/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд/1-р хх-ийн 25-29, 57-60/, эд зүйлийн үнэлгээ/1-р хх-ийн 38, 66, 71, 88/, эд зүйл хураан авсан тэмдэглэл/1-р хх-ийн 81-83, 87/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/1-р хх-ийн 62/, хохирол төлбөр төлсөн баримт/1-р хх-ийн 226, 228, 2-р хх-ийн 165-167/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Ялтнуудын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, М.Энхбатын гэмт хэргийн оролцоо түүний үйлдлийн гэмт хэргийн бүрэлдэхүүн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Энхбатыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт зааснаар Н.Отгонжаргалын Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хойшлуулсан хугацааг хэрэгсэхгүй болгож,

М.Энхбатыг урьчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр эд хөрөнгийг авах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэн амь биед аюултай аргаар хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Н.Отгонжаргалыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй зөв болжээ. Анхан шатны шүүхийн хэрэгт хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Ялтан Н.Отгонжаргалын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, зүйлчлэл зөв, хэргийн бүрдэл хангагдсан, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон, шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байх тул ялтан Н.Отгонжаргалын  “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, ял шийтгэлгүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 157А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Отгонжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ОЧМАНДАХ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ц.ОЧ

 

                                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ