Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 374

 

Б.Наранчимэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор М.Гэрэлбадрах,

          Ялтан Б.Наранчимэг,

          Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 8А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Наранчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2015 0107 0311 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Цагаан дээлт овгийн Баатарын Наранчимэг, 1977 оны 3 дугаар сарын 17-нд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын архитектор мэргэжилтэй, “Зам зуур” зоогийн газрын эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн 34 тоот хувийн байранд оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УГ77031708/,

 

Б.Наранчимэг нь 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны  өдрийг хүртэл Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зам зуур” зоогийн газрын хашаанд зохих зөвшөөрөлгүй, иргэдээс 151 ширхэг шуудай буюу 4.349 килограмм ховор ургамал болох хуш модны цайруулсан самрыг худалдан авч хадгалсан, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу тээвэрлэх зорилготой 28-34 БРА улсын дугаартай автомашинд ачсан гэмт хэрэгт холбогдож, байгаль орчинд их хэмжээний хохирол буюу 34.792.000 төгрөгийн бодит хохирол учруулсан, үүний нөхөн төлбөрт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтын дагуу экологи, эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 104.376.000 төгрөгийн нөхөн төлбөр төлөх гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Наранчимэгт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

  • дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Наранчимэгийг ховор ургамлын үрийг зохих зөвшөөрөлгүй худалдан авсан, хадгалсан, тээвэрлэхийг бэлтгэсний улмаас байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар Б.Наранчимэгийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Наранчимэгт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б.Наранчимэгээс ойн санд учруулсан 17.396.000 төгрөгийн шууд хохирол буюу 4.349 кг самрыг хураан авч иргэний нэхэмжлэгч Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгснийг дурдаж, 4.349 кг самрыг улсын орлого болгож, Б.Наранчимэгээс 52.188.000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж Засгийн газрын Байгаль хамгаалах санд олгож, Б.Наранчимэгийн өмчлөлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар хэсэг 34В тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004004 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай мөрдөн байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол, “Хаан” банкин дахь 5750224066 тоот төгрөгийн дансны мөнгөн гүйлгээг захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай мөрдөн байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг тус тус хүчинтэй хэвээр үлдээж гүйцэтгэх хуудасны хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн “Л.Хүрэлтогоогийн эзэмшлийн 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн “Mitsubishi Fuso” загварын 28-34 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Б.Наранчимэгээс байцаан шийтгэх ажиллагааны зардал 100.000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төвийн Төрийн банк дахь 100000142787 дугаартай дансанд шилжүүлж, Б.Наранчимэгт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Наранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд бусдаас 4.349 кг самарыг худалдан авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.

Мөн 52.188.000 төгрөгийн нөхөн төлбөр болгон гаргуулахаар шийтгэл хүлээлээ. Дээрх нөхөн төлбөр нь миний эд хөрөнгийн байдал амьжиргааны эх үүсвэрээс илтэд давсан төлбөр болсон.

Мөрдөн байцаалтын шатнаас 3 удаагийн тогтоол гарах хүртэлх хугацаанд 2015 оны 9 дүгээр сарын эхэнд “надад самар худалдан авч өгөөч” гэсэн захиалга өгсөн. Улмаар худалдан авах самрынхаа мөнгийг 3-4 удаагийн үйлдлээр миний данс руу нийтдээ 30 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн.

2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр надаар дамжуулан худалдан авсан самараа ачиж явахаар миний үйлчилгээ явуулдаг “Зам зуур” зоогийн газрын гражид ирээд байсан Улаанбаатар хотын харьяат Батбаатар, Сүрэнхорлоо нарын үйлдлийг хүн чанар гаргаж нуун дарагдуулж ирсэн. Эдгээр хүмүүсийн над руу урьдчилан шилжүүлсэн мөнгө “Хаан” банкны дансаар орж ирсэн нотлох баримт хэрэгт байгаа.

Дээрх самарыг прокуророос Мөнгөнморьт сумын татварын байцаагч Эрдэнэцэцэг зэргийн 3 хүнд хүлээлгэн өгч шүүхийн шийдвэр гартал хадгалах үүргийг хүлээлгэж гардуулан хариуцуулсан байдаг.

Гэтэл надад холбогдох хэргийг 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр анх удаа хэлэлцэхээс өмнө самарыг Мөнгөнморьтод хүлээлгэж өгсөн өдөр нь дээрх хоёр хүн Багануур дүүргээс ачиж аваад явсан. Энэ талаар хангалттай нотлох баримт байгаа. Ийм байхад яагаад дээрх самарыг Мөнгөнморьтод ачсан мэт нотлох баримт бүрдүүлсэн байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүхийн тогтоолоор иргэний нэхэмжлэгч Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгсөн гэх 4349 кг самарыг улсын орлого болгохоор зааж өгсөн нь бодит байдалд нийцээгүйгээс гадна байхгүй байсан самаранд ял шийтгэл хүлээж байгаад гомдолтой байна.

2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 8а шийтгэх тогтоол гарсны дараа өөрийн биеэр Мөнгөнморьт сум орж иргэний нэхэмжлэгч Эрдэнэцэцэг, Засаг дарга Наранцэцэг нартай уулзахад “Тэр хоёр хүн чинь өөрсдөө унаа, тэргээ бэлдэж ирээд ачаад аваад явсан шүү дээ” гэж хэлсэн бөгөөд дээрх хүмүүсийн яриаг нотлох баримт болгож утасны бичлэг хийсэн.

Шүүх хуралдаанд “самар байхгүй, Мөнгөнморьтод байхгүй” гэдгийг би урьдаас гадарлаж байсан тул энэ талаар улсын яллагчид хэлсэн боловч “энэ хэрэг тусдаа шалгагдана” гэсэн хариу өгсөн. Надад захиалга өгч самарыг худалдан авсан хоёр хүн ял шийтгэлгүй, дээр нь самараа аваад явсан, ард нь би ганцаараа хохирч үлдсэнээ ойлгож бүх зүйлийг эхнээс нь үнэн зөвөөр мэдүүлээгүйдээ гэмшиж байна.

Самарыг анх цагдаагийн газраас ирээд хураан авахад дээрх хоёр хүн хараад зогсож байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Прокурор М.Гэрэлбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Наранчимэгийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс хуулийг буруу хэрэглэж, шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Б.Наранчимэг нь өөрийн эзэмшлийн “Зам зуур” зоогийн газрын хашаанд зохих зөвшөөрөлгүй иргэдээс 4.349 килограмм ховор ургамал болох хуш модны цайруулсан самрыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэх зорилготой тээврийн хэрэгсэлд ачсан гэмт хэрэгт холбогдож, байгаль орчинд их хэмжээний хохирол буюу 17.396.000 төгрөгийн бодит хохирол учруулсан, үүний нөхөн төлбөрт 52.188.000 төгрөгийн нөхөн төлбөр төлөх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Наранчимэгийг ховор ургамлын үрийг зохих зөвшөөрөлгүй худалдан авсан, хадгалсан, тээвэрлэхийг бэлтгэсний улмаас байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар Б.Наранчимэгийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Наранчимэгт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно” гэж маш тодорхой заасан. Гэтэл шүүх Б.Наранчимэгээс 52.188.000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж Засгийн газрын Байгаль хамгаалах санд олгох нь зүйтэй гэж гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлөөгүйг дүгнэсэн атлаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал тогтвортой, бага насны хүүхдээ асрамжилдаг зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Наранчимэг холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх байдлын улмаас давж заалдах шатны шүүх ялтан Б.Наранчимэгийн гаргасан гомдлыг энэ удаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 8А дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Наранчимэгт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

            2. Хэрэг шүүхэд очтол Б.Наранчимэгт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ