Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 10

 

О.Дөлгөөнд холбогдох

захиргааны зөрчлийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Зөрчил гаргагч О.Дөлгөөн

Өмгөөлөгч Д.Мэндээ

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаагийн гаргасан 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 96 дугаар шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчил гаргагч О.Дөлгөөний гаргасан давж заалдах гомдлоор О.Дөлгөөнд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Бэсүүд овогт Отгонбаатарын Дөлгөөн, 1997 оны 12 дугаар сарын 19-нд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, 19-22 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 202 дугаар байр, 1-7 тоотод оршин сууж байгаа, /регистрийн дугаар ВЮ97121914/

О.Дөлгөөн нь Монгол Ардын намаас Улсын Их хурлын 7 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Занданшатарын сонгуулийн штабаас мөнгө эд зүйл тараах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, сонгогчийн саналыг татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах буюу Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.7, 70.5.14 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн зөрчилд холбогджээ.

Анхан шатны шүүх: Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.15.1 дэх хэсэгт зааснаар О.Дөлгөөнд 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 192.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Дөлгөөнд нь торгуулийг 15 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахыг мэдэгдэж, шийтгэвэрт гомдол гаргах эрхийг дурдан шийдвэрлэжээ.

О.Дөлгөөн гаргасан давж заалдах гомдолдоо: Улсын Их хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Г.Занданшатар болон түүний сонгуулийн штабаас сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан, мөнгө өгөхөөр амласан гэх асуудлын талаар тайлбар өгсөн Ц.Хандмаа, Ё.Мөнхзаяа нар нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд мөн Б.Баттөр нь Ц.Хандмаагийн нөхөр гэдгийг миний бие аймгийн Цагдаагийн газарт өгсөн тайлбартаа мэдүүлсэн. Үүнээс үзэхэд дээрх нэр бүхий хүмүүс захиргааны зөрчлийг гэрчлэх субъект болж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11, 12, 14, 15 дугаар зүйлүүдэд захиргааны зөрчил хянан шалгах ажиллагааны төрөл буюу нотлох баримтын эх сурвалж, тэдгээрийг цуглуулах, бэхжүүлэх, шалгах арга хэлбэр, захиргааны зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны талууд, оролцогч нарыг тодорхой заасан тул энэ дагуух ажиллагаа шүүхийн өмнөх шатанд бүрэн гүйцэт хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл гомдол, мэдээлэл гаргагчаас гадна хохирогч, түүний төлөөлөгч, зөрчил гаргагч, гэрч, шинжээч нарыг эрх зүйн харилцааны субъектын хувьд ялган зааглан тогтоох, зөрчилд хамтран оролцогч этгээд нь хэн болох, тэдгээрийн тус бүрийн үйлдэл, эс үйлдэхүйг зөв ялган зааглах, мөн зөрчлийн зүйлчлэл буюу ямар зөрчилд хэн гэгч зөрчил гаргагчийг гэм буруутайд тооцуулан хариуцлага хүлээлгүүлэх зэрэг бүхий л ажиллагааг бүрэн гүйцэт шалган тогтоосон байх шаардлагатай.

Мөнгө өгсөн гэж нэр дурдагдсан Пүрэвдорж гэх хүнийг огт асуугаагүй, уг зөрчилд түүний оролцсон оролцоо, үйлдэл эс үйлдлийг шалган тогтоогоогүй байна. Сонгуулийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт энэ хуульд заасан захиргааны зөрчлийг шалгаж , хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад тухайн зөрчилд оролцогч тус бүрийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож шийдвэрлэнэ гэж заасан байна. Иймд шийтгэвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас Улсын Их хурлын 7 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Ганбатын штабын менежер Б.Цэдэвсүрэнгээс ирүүлсэн гомдлын дагуу Монгол Ардын намаас Улсын Их хурлын 7 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Занданшатарын сонгуулийн штабаас мөнгө эд зүйл тараах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, сонгогчийн саналыг татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах буюу Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.7, 70.5.14 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн эсэх талаар шалган зөрчлийн материалыг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс зөрчлийн материалд авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр О.Дөлгөөнийг Сонгуулийн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн гэж үзэн түүнд захиргааны шийтгэл ногдуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь О.Дөлгөөнд холбогдох зөрчлийн материалд авагдсан баримтуудыг харьцуулан судлан үзвэл О.Дөлгөөн нь Монгол Ардын намаас Улсын Их хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Занданшатарын сонгуулийн штабад нэр дэвшигчийн менежер, шадар туслах, ухуулагч зэрэг ажлын алийг нь гүйцэтгэж сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан, мөн Ц.Хандмаа, Б.Баттөр, Ё.Мөнхзаяа нарын тайлбарт тусгагдсан байгаа цагаан өнгийн 1884 улсын дугаартай /сери мэдэгдэхгүй/ Прадо маркийн автомашин нь Сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу аймгийн сонгуулийн хороонд бүртгүүлсэн эсэх талаар аймгийн сонгуулийн хорооноос лавлагаа авч тогтоогоогүй, О.Дөлгөөний тайлбарт тусгагдсан байгаа Пүрэвдорж /Пүүжээ/ гэгч хүн Баянхонгор аймагт нэр дэвшигч Г.Занданшатарын нэрэмжит “Хонгорын залуус”гэх нэртэй клуб ажиллуулдаг эсэх, хэрэв ажиллуулдаг бол ямар дүрэмтэйгээр хэзээнээс эхлэн үйл ажиллаагаа явуулдаг болсон,  зөрчлийн материалд хавсаргагдсан оюутнуудын яриа гэх цэнхэр өнгийн сидинд хоорондоо утсаар ярьж байгаа хоёр эмэгтэй хүний 2 удаагийн утсаар ярьсан бичлэг авагдсан байгаа хэдий ч эдгээр хоёр хүн нь хэн гэдгийг нь тогтоож үзлэг хийж баримтжуулаагүй, уг хоёр хүний ярианд дурдагдсан Голомт банкны байрны 2 дугаар давхарт н.Дашням гэх хүн байрлан үйл ажиллагаа явуулдаг эсэх, уг хоёр хүн нь хоорондоо утсаар ярьж байгаа бичлэгээс үзвэл Ардчилсан намын хүний сонгуульд явж мөнгө авах талаар хоорондоо ярилцаж байх тул О.Дөлгөөнийг Монгол Ардын намаас нэр дэвшигч Г.Занданшатарын сонгуулийн штабаас явж бусдад мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдан авсан гэдгийг хөдөлбөргүй тогтоож чадаагүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 96 тоот шийтгэвэрийг хүчингүй болгож, О.Дөлгөөнд холбогдох захиргааны зөрчлийн материалыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг  удирдлага  болгон

ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 96 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, О.Дөлгөөнд холбогдох захиргааны зөрчлийн материалыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

          ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                                   Д.ЭРДЭНЭБИЛЭГ