Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 09

 

П.Баярсайхан, С.Мөнхчимэг нарт холбогдох

захиргааны зөрчлийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Зөрчил гаргагч нарын өмгөөлөгч Д.Уранчимэг

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаагийн гаргасан 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 97 дугаар шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчил гаргагч С.Мөнхчимэг, П.Баярсайхан нарын давж заалдах гомдлуудаар П.Баярсайхан, С.Мөнхчимэг нарт холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Гурван шарынхан овогт Пүрэвжалын Баярсайхан, 1980 оны 7 дугаар сарын 8-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүгийн нягтлан бодогч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Жаргалант сумын ХААН банкны эдийн засагч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймаг, Жаргалант сум, 4 дүгээр баг, 3-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй гэх, /регистрийн дугаар ВЗ80070817/

Монгол улсын иргэн, Хангал овогт Сандагсүрэнгийн Мөнхчимэг, 1988 оны 7 дугаар сарын 2-нд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Төрийн банкинд теллер ажилтай, ам бүл 4, аав, ээж, хүүгийн хамт Баянхонгор аймаг, Жаргалант сум, 4 дүгээр баг, 8-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй гэх, /регистрийн дугаар ВМ88070205/

П.Баярсайхан, С.Мөнхчимэг нар нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын МАН /Монгол Ардын нам/-ын ухуулагчаар ажиллаж байхдаа буюу 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын нэр төрд халдсан видео бичлэгийг айл өрхүүдэд үзүүлсэн буюу Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн зөрчилд холбогджээ.

Анхан шатны шүүх: Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.2 дахь хэсэгт зааснаар П.Баярсайхан, С.Мөнхчимэг нарт тус бүр 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Баярсайхан, С.Мөнхчимэг нар нь торгуулийг 15 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахыг мэдэгдэж, зөрчлийн материалд түр хураагдсан зөөврийн компьютерыг шийтгэвэр хүчин төгөлдөр болмогц эзэмшигч П.Баярсайханд буцаан олгож, шийтгэвэрт гомдол гаргах эрхийг нь дурдаж шийдвэрлэжээ.

С.Мөнхчимэг гаргасан давж заалдах гомдолдоо: Би 2016 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Жаргалант сумын МАН /Монгол Ардын нам/-ын сонгуулийн штаб-д шадар туслагч, ухуулагчаар ажилласан. 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр аймгийн сонгуулийн штабаас 8 ширхэг бичлэг ирсэн ба ухуулагч нарыг айлуудаар үзүүл гэж хэлсэн. Би П.Баярсайханы хамт явж 1 айлд үзүүлсэн гэхдээ П.Баярсайхан намайг айлын гадаа буулгаж өгчихөөд гарч яваад дууслаа гэхээр нь очиж авсан. Уг бичлэгийг бид хоёр зориуд өөрсдөө эмхэтгээгүй, уг бичлэгийг үзэхэд Х.Баттулгын талаар урьд өмнө нь хэлсэн ярьсан мэдээ мэдээлэл байсан. Бидний хувьд Х.Баттулгыг үндэслэлгүйгээр гүтгэсэн, доромжилсон, хуурамч мэдээ тараасан асуудал огт байхгүй, үнэхээр хуурамч мэдээ тараасан гүтгэсэн доромжилсон асуудал байна гэж үзэж байгаа бол бичлэгт авагдсан мэдээ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан эх сурвалж нь няцаагдаагүй өнөөг хүртэл мэдээллийн хэрэгсэл дээр байгаа.

Гэтэл энэ асуудлыг Цагдаагийн хэлтэст шалгаад шүүхэд шилжүүлсэн. П.Баярсайхан бид хоёрыг шүүхээс Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж 1.152.000 төгрөгийн торгууль ногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би Х.Баттулга гэдэг хүнийг гүтгэсэн, доромжилсон, хуурамч мэдээ тараасан асуудал огт байхгүй, уг бичлэгт байгаа мэдээлэл өмнө нь мэдээллийн хэрэгслэлээр цацагдсан тодорхой эх сурвалжтай мэдээлэл байсан. Миний зүгээс Х.Баттулга гэдэг хүнийг гутаан доромжлохын тулд өөрөө дээрх мэдээнүүдийг эмхэтгэн бичлэг болгоогүй, бидэнд ямар нэгэн буруу байхгүй. Түүнчлэн П.Баярсайханы тухайд бичлэгийг үзүүлсэн асуудал огт байхгүй байхад арга хэмжээ авсан нь буруу гэж үзэж байна.

Иймд бид хоёрыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй тул шийтгэвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

П.Баярсайхан гаргасан давж заалдах гомдолдоо: Би 2016 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Жаргалант сумын МАН /Монгол Ардын нам/-ын сонгуулийн штаб-д шадар туслагч, ухуулагчаар ажилласан. 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр аймгийн сонгуулийн штабаас 8 ширхэг бичлэг ирсэн ба ухуулагч нарыг айлуудаар үзүүл гэж хэлсэн. Би ухуулагч С.Мөнхчимэгийн хамт явж 2 айлд үзүүлсэн гэхдээ би тавьж өгчихөөд гарч яваад дууслаа гэхээр нь очиж авсан. Уг бичлэгийг бид хоёр зориуд өөрсдөө эмхэтгээгүй, уг бичлэгийг үзэхэд Х.Баттулгын талаар урьд өмнө нь хэлсэн ярьсан мэдээ мэдээлэл байсан. Бидний хувьд Х.Баттулгыг үндэслэлгүйгээр гүтгэсэн, доромжилсон, хуурамч мэдээ тараасан асуудал огт байхгүй, үнэхээр хуурамч мэдээ тараасан гүтгэсэн доромжилсон асуудал байна гэж үзэж байгаа бол бичлэгт авагдсан мэдээ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан эх сурвалж нь няцаагдаагүй өнөөг хүртэл мэдээллийн хэрэгсэл дээр байгаа.

Гэтэл энэ асуудлыг Цагдаагийн хэлтэст шалгаад шүүхэд шилжүүлсэн. С.Мөнхчимэг бид хоёрыг шүүхээс Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж 1.152.000 төгрөгийн торгууль ногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би Х.Баттулга гэдэг хүнийг гүтгэсэн, доромжилсон, хуурамч мэдээ тараасан асуудал огт байхгүй, уг бичлэгт байгаа мэдээлэл өмнө нь мэдээллийн хэрэгслэлээр цацагдсан тодорхой эх сурвалжтай мэдээлэл байсан. Миний зүгээс Х.Баттулга гэдэг хүнийг гутаан доромжлохын тулд өөрөө дээрх мэдээнүүдийг эмхэтгэн бичлэг болгоогүй, бидэнд ямар нэгэн буруу байхгүй. Түүнчлэн минйи тухайд бичлэгийг үзүүлсэн асуудал огт байхгүй байхад арга хэмжээ авсан нь буруу гэж үзэж байна.

Иймд бид хоёрыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй тул шийтгэвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь П.Баярсайхан, С.Мөнхчимэг нарт холбогдох захиргааны зөрчлийн материалд хавсаргагдсан Х.Баттулгын талаарх 22 минут 30 секундын нэвтрүүлгийг хэзээ, хаанаас, ямар зорилгоор эрхлэн бэлтгэн Баянхонгор аймгийн Монгол Ардын намын төв штабад ирүүлсэн эх сурвалж нь тодорхойгүй, уг нэвтрүүлэгт оролцсон нэр бүхий хүмүүсийн ярилцлага, бичлэгт дурдагдсан асуудлууд нь түүний нэр хүндийг гутаан доромжлох, гүтгэсэн мэдээлэл байсан эсэхийг нотолсон баримт зөрчлийн материалд хавсаргагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан буюу Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцогдсон эсхүл Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээсэн зэргээр тайлбарлагдах бөгөөд энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, шийдвэр байгаа эсэх нь тодорхой бус байхад П.Баярсайхан, С.Мөнхчимэг нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн шийтгэл ногдуулсан нь буруу байна.

Иймд П.Баярсайхан, С.Мөнхчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 97 дугаар шийтгэвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Зөрчлийн материалд хавсаргагдсан DELL маркийн зөөврийн компьютер дээрх Х.Баттулгын талаарх бичлэгний дуу сонсогдохгүй, 8 ширхэг сиди нь уншигдахгүй, бичлэгтэй эсэх нь мэдэгдэхгүй байгаа зэргийг дурдав.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг  удирдлага  болгон

ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 97 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, П.Баярсайхан, С.Мөнхчимэг нарт холбогдох захиргааны зөрчлийн материалыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

              ШҮҮГЧИД  Г.УЛАМБАЯР

                                         Д.ЭРДЭНЭБИЛЭГ