Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 311/ШШ2025/00391

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Дөрвөлжин сумын ...... багт оршин суух хаягтай, Г.*******агийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******а, нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.*******а шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.*******а нь 1970 онд төрсөн. 1978-1986 он хүртэл Улиастай сумын 8 жилийн 2 дугаар сургууль төгсөж, 1986-1990 онд Архангай аймгийн БНБС-ийн бага ангийг багш мэргэжлээр сурч төгссөн 1990 оны 08 дугаар сараас Дөрвөлжин сумын 8-н жилийн суруульд бага ангийн багшаар томилогдон ажилласан. Мөн 1991 оны 02 дугаар сараас Улиастай сумын 8 жилийн 2 дугаар сургуульд бага ангийн багшаар 6 сар хүртэл ажилласан тушаалууд олдохгүй байгаа юм. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа болсон тул тус 2 сургуульд ажиллаж байсан ажилд орсон, гарсан тушаалууд архивын газарт байхгүй болно.

Иймд намайг дээрх хугаануудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.*******агийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.*******а нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Г.*******а нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1990 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын 8-н жилийн дунд сургуульд бага ангийн багшаар,

-1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улиастай хотын Хоёрдугаар 8-н жилийн сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1990 оны 6 дугаар сард нээлгэж бичилт хийлгэсэн 394942 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Улиастай хотын 2-р 8-н жилийн сургуулийн 1990, 1991 онуудын цалингийн тооцооны карт, Завхан аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаартай Багш нарын хуваарь батлах тухай тушаал, түүний хавсралт, Улиастай хотын Хоёрдугаар 8-н жилийн сургуульд ажиллаж байхдаа авахуулсан фото зураг зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч П.*******ийн өгсөн мэдүүлгийн: ...*******а 1990 оны 8 сард Завхан аймгийн Дөрвөлжин сумын 8-н жилийн сургуульд бага ангийн багшаар тэтгэмжтэй хүний оронд ирж байсан юмаа. Тэгээд 1991 оны 1, 2 сард байна уу аймаг явсан. ...тэгээд 1991 оны хавар монгол бичгийн сургалтанд хамт сууж байгаад намар 9 сараас эхлэн анхны монгол бичгийн багшаар хамт ажиллаж байсан. ...тэр үеийн сургуулийн захирал нь *******, хичээлийн эрхлэгч Дуламжав нар байсан. ... гэх хэсэг,

гэрч Б.******* өгсөн мэдүүлгийн: ...бид нар 1990 онд Архангайн багшийн их сургууль хамт төгсөөд, би Завхан аймгийн 2 дугаар 8-н жилийн сургуульд биеийн тамирын багшаар ажиллаад, *******а Дөрвөлжин сумын сургуульд бага ангийн багшаар ажиллахаар томилогдсон юм. ...1991 онд *******а манай сургуульд хүний оронд бага ангийн багшаар иржи ажилласан. Тэр үед би *******атай хамт ажиллаж байсан. ...тэгээд удаагүй эргээд Дөрвөлжин сумын сургуульд ажиллахаар явса. Одоо хүртэл ажиллаж байна... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Г.*******агийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.*******агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .......г 1990 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын 8-н жилийн дунд сургуульд бага ангийн багшаар,

-1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улиастай хотын Хоёрдугаар 8-н жилийн сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.*******агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ