Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2016/ДШМ/004

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Ялтан *******

Ялтны өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******ийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 201605000030 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ... улсаас авсан гавъяа шагналгүй, 2004 оны 8 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 5 дугаар сарын 29-нд эдлээгүй үлдсэн 5 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2015 оны 12 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар / *******/

******* нь ялтай байдалд байх хугацаандаа 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 4-7-10 тоотод оршин суух иргэн гийн гэрт согтуурсан үедээ иргэн *******тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн харилцан маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн дээрх гэмт хэргийг үйлдээд уг хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байх хугацаандаа буюу түүнд урьд 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр авагдсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хэрэг бүртгэлтээс зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******ын *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сар баривчлах хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих хүнд ялд багтааж биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.4 дэх хэсэгт тус тус зааснаар *******т, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр өмнөх буюу Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цаг албадан ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой тэнцүүлэн тооцож, 1 сар 1 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 66 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн *******ийн эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг буцаан олгож, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, *******ийн эдлэх ялыг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцож, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 05 дугаар сарын 30-нд анхан шатны шүүх хурлаар орж 1 жил хорих ялаар шийтгүүлэн 2016 оны 3 дугаар сарын 25-нд Баянхонгор аймгийн ШШГА-ны цагдан хорих байранд хоригдоод 74 хонож байна. Ар гэрийн байдал хүнд, ээж тал харвалттай, хөл муу явж чадахгүй, ах бүтэн харвалттай хэвтэрт, дүү унаж татдаг өвчтэй манай гэрийнхэн эмнэлгийн хяналтанд байдаг. Одоо асарч хамгаалах хүнгүй хэцүү байна. Ээж, ахын минь биеийн байдал муу байгаа ар гэрийн байдлыг харгалзан үзэж шийтгүүлсэн ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Ялтан *******ийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2015 оны 12 дугаар сарын 15-нд шийтгүүлсэн хэргийнхээ албадан ажил хийлгэх ялыг эрх бүхий албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж эдлээгүй байсан. Түүний энэ болон ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: *******ийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв. 

ХЯНАВАЛ:

******* нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх үедээ буюу ялтай байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 4-7-10 тоотод оршин суух иргэн гийн гэрт согтуурсан үедээ иргэн *******тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн харилцан маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн дээрх гэмт хэргийг үйлдээд уг хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байх хугацаандаа буюу 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр авагдсан “оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хэрэг бүртгэлтээс зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч *******, гэрч *******, , нарын мэдүүлэг /хх-ийн 9-12-р тал/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн №66 тоот дүгнэлт /хх-ийн 14-р тал/, *******т 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, сэжигтэн *******оос гаргасан баталгаа /хх-ийн 23-24-р тал/, Баянхонгор аймгийн прокурорын газрын “сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай” болон “хэрэг бүртгэлтийг түдгэлзүүлэх тухай” 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №03, №09 тоот тогтоолууд, *******ийг эрэн сурвалжилсан талаарх илтгэх хуудсууд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, түүний холбогдсон гэмт хэргүүдэд оногдуулж болох ялын төрөл хэмжээний доод хэмжээгээр ял шийтгэсэн нь нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Иймд түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөх талаар гаргасан ялтан *******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцон солих талаар хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх *******ийн албадан ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 4 дэх заалтад “хорих” ял гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байгааг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...250 цагийн албадан ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой тэнцүүлэн тооцож 1 сар 1 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 1 сарын хугацаагаар хорих ялыг...” гэснийг  ““...250 цагийн албадан ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног баривчлах ялтай тэнцүүлэн тооцож 1 сар 1 хоногийн баривчлах ялын зарим хэсэг болох 1 сарын хугацаагаар баривчлах ялыг...” гэж өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                              Т.ДАВААСҮРЭН