Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 527

 

                                                                        

 

                                                                       

 

 

 

Г.Батсайханд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ө.Алтантуяа,

Ялтан Г.Батсайханы өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Батсайхан, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Батсайханд холбогдох 201626010702 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон ОХоовогт Гунгаагийн Батсайхан, 1972 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын амны задгайд оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЧВ72090677/,

Г.Батсайхан нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгаснаас түүний эзэмшлийн дундад ази үүлдрийн нохой нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын амны задгай гэх газар гадаа гудамжинд 4 настай М.Гэндэнжамцыг хазаж, улмаар амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Батсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Батсайханыг орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэгт зааснаар Г.Батсайханыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Батсайханд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, Г.Батсайхан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, дундад ази үүлдрийн цагаан шаргал өнгийн нохойг устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Батсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Г.Батсайхан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие болсон хэргийн талаар маргаагүй бөгөөд учирсан үр дагаварт гүнээ харамсаж байна. Өөрийн зүгээс хохирогч нартай уулзаж уучлалт гуйж, арилгаж чадах хохирлыг нөхөн төлсөн. Ийм хэрэг гарсанд өөртөө харамсаж байна. …би нохойгоо санаатай сул тавьж хүн уруулаагүй. Хөдөө явсан хойгуур их хэмжээний цас орж хунгар тогтсон тул түүгээр дамжин нохой гадаа гарсан байсан. Хэрвээ байгалийн ийм зүйл болоогүй бол манай нохой гадаа гарах боломжгүй байсан. Мөн дөрөвхөн настай хүүхдийг харж хамгаалах хүнгүйгээр гудамж дамжуулан ганцааранг нь явуулаагүй бол бас л ийм зүйл болохгүй байх байсан. Гэхдээ энэ бүхэнд би бусдыг биш өөрийгөө буруутгаж сууна. Манай эхнэр Энхтуяа сарын өмнө шулуун гэдэсний хавдар авахуулсан ба бие нь сайнгүй байгаа тул асаргаа шаардлагатай байгаа. Бид ам бүл хоёулаа бөгөөд хүү, охин хоёр тусдаа гарсан болохоор гаднаас өөр асрах хүнгүй энэ байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Г.Батсайханы өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, түүний ялыг жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.Батсайхан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нараас уучлалт гуйсан болно. Эрдэнэт хүний амь тэр тусмаа өсөж яваа нялх балчир хүүгийн амь нас хохирсон нь юугаар ч нөхөшгүй бөгөөд эцэг, эхийн нэгэн адил эмгэнэн гашуудаж байгаагийн дээр өөрт нь харамсалтай байна. Уг нохойг устгаж нийгэмд аюулгүй болсон, мөн түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Оршуулгын зардал болон бусад зардлыг төлсөн. Дээрээс нь 7 сая төгрөг нэмж өгсөн. Хүний амьдрал, нэгэнт талийгаачийг босгож чадахгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Прокурор Ө.Алтантуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтны өмгөөлөгч, ялтны гаргасан гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа ялтанд хуульд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн боловч ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэл нь гэмт хэргийн улмаас учисран гэм хор арилаагүй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

                                                      ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Г.Батсайхан нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтныг /нохойг/ зохих хамгаалалтгүй байлгаснаас түүний эзэмшлийн дундад ази үүлдрийн нохой нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын амны задгай гэх газар гадаа гудамжинд 4 настай М.Гэндэнжамцыг хазаж, улмаар амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Ялтан Г.Батсайханы: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын амны задгайд хашаа барьж буугаад 2 жил гаран болж байна. Манайхыг анх нүүж ирсэн жил буюу 2014 онд манай гэрт хулгай ороод байсан учир би хүнээс дундад ази үүлдрийн 2 нохой авч тэжээсэн. Түүний өмнөхөн би кавказ үүлдрийн нэг гөлөгтэй байсан ба уг гурван нохой нь одоог хүртэл манай хашаанд байдаг юм. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг өнгөрч байхад би эхнэр Энхтуяагийн хамт Шанд руу ажлаар явахаар гарсан юм. Ингэхдээ гэрт хулгай орчихож магадгүй гэж санаад өөрийн дундад ази үүлдрийн нэг нохойгоо сул хашаандаа тавиад хашааныхаа хаалгаа гаднаас нь түлхүүрээр цоожлоод явсан юм. Тэгээд бид хоёрыг хотын төвд явж байтал 14 цаг өнгөрч байхад цагдаагаас хүн яриад “танай нохой хүн хазсан байна” гэхээр нь би шууд гэрлүүгээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай гадаа цагдаа нар ирчихсэн байсан ба манай дундад ази үүлдрийн сул тавьсан байсан цагаан алаг зүстэй нохой манай баруун талын хашааны айлын хашаан дотор орчихсон байсан. Тэр айл нь хүнгүй айл байсан ба манай нохой өөрийн хашаанаас хунгарласан цасан дээгүүр давж гараад мөн тэр айлын хашаа руу хунгарласан цасаар даваад орсон байсан. Тэгээд цагдаа нартай уулзахад “танай нохой хүүхэд хазсан, тэр хүүхэд нь эмнэлэг явсан” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн дундад ази үүлдийн нохойгоо тэр айлын хашаанаас орж авахад цээж хэсэг нь цус болсон байсан. Тэгээд нохойгоо өөрийн хашаандаа оруулаад уясан. Уг нохойд хазуулсан хүүхдийн гэр нь манай гэрийн баруун үзүүрийн хашаа юм. Харин тэдний ээжийнх нь манай урд байдаг юм...” /хх-ийн 55-56/,

хохирогч хууль ёсны төлөөлөгч М.Даваажаргалын: “...2016 оны 3 дугаар сарын 16-ны өглөө 6 цаг 40 минут гээд ажилдаа явахаар гарсан. Нөхөр бид хоёр ажилтай болохоор хүүхдүүдээ хадам эх Ичинхорлоогоор харуулж үлдээдэг байсан. Ингээд ажил дээр байж байтал 13 цаг 20 минутын орчим “хүү Гэндэнжамц нохойд хазуулчихлаа, Гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн байна” гэж ярьсан. Тэгээд би ажлаас гараад 14 цаг 20 минут гээд Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд эмч нь “танай хүүхэд найдваргүй байна, гүрээний судас нь тасарсан, элэг, сэмж нь гарчихсан байна анхны тусламж үзүүлсэн боловч найдваргүй байх, ах дүү нараа дууд, уулзуулах хүмүүсээ дууд” гэж хэлсэн. ...Хэргийн талаар сонссон нь гэвэл манай гэр байх гудамжнаас хадам ээжийн гудам хүрэх зайд нэг гудамж байдаг юм. Тэр гудамжны зүүн талын хашаа буюу хадам ээжийн гэрээс гараад гэр лүү явахад яг тэр хашааны хажуугаар гардаг юм. Тэр айлын хүмүүс ихэнхдээ хүнгүй байдаг ба хэрэг болдог өдрөөс өмнө 2-3 хоног хүнгүй байгаа бололтой харагдаж байсан ба нохой нь сул хашаагаа давж гарч ирээд яваад байсан юм. Би өглөө гарчихаад орой ирдэг болохоор тэр айлын нохой хүн рүү дайрдаг байсан эсэхийг нь би мэдээгүй. Ингээд тэр өдөр манай хүү хадам ээжийн гэрээс гараад явахыг манай хадам ах, эгч нар анзаараагүй байсан юм билээ. Тэгээд хадам ах манай хүүхдийг гадаа нохойнд хазуулж байхад нь салгасан гэж байсан. Бид шоконд орчихсон байсан болохоор энэ талаар тодорхой зүйл хоорондоо ярилцаагүй юм. Талийгаач хүү маань 2012 оны 2 дугаар сарын 2-ны өдөр төрсөн. Энэ жил 4 нас хүрч байгаа. Цэцэрлэгт явдаггүй хадам ээж дээр л байдаг хүүхэд байсан. Эрүүл саруул хүүхэд байсан төрсөн цагаасаа 4 нас хүртлээ өвчин тусч үзээгүй хүүхэд байгаа юм...” /хх-ийн 35-37/,

гэрч Ц.Мөнхбаатарын: “...Талийгаач хүү нь миний төрсөн хүү байгаа юм. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өглөө эхнэр эрт гараад явсан. ...би үлдээд 11 цагийн үед 2 хүүгээ өөрийн ээж Ичинхорлоогийнд оруулж өгсөн. Ээж сургуульд хүүхэд хүргэж өгөх гээд гараад явсан. Гэрт төрсөн ах Батмөнх, эгч Отгончимэг нар байсан ба хүүхдээ үлдээгээд явсан. Тэгээд 14 цагийн үед манай төрсөн ах Баянмөнх залгаад, “Гэндэнжамц нохойд хазуулсан байна” гэж хэлсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь “сэхээн амьдруулах” тасагт эмчлүүлж байсан ба “биеийн байдал нь маш муу байна, ах, дүү нараа дууд” гэж хэлсэн. ...юу болсон талаар асуухад хүү хашаан дотор тоглож байгаад хашаанаас гараад явчихсан байсан. Гудамжинд явж байгаад нэг хүн манай хүүг нохойд хазуулж байхыг хараад салгах гэсэн чинь нохой нь хазчихаад салахгүй байсан гэж хэлж байсан. Тэр айл 3 нохойтой, хэрэг болохоос өмнө 2 нохой нь уяатай, 1 нь хашаан дотроо сул байгаа харагдсан. ...гадуур гарахдаа нохойгоо сул тавьдаг юм шиг байсан. Би гомдолтой байна...” /xx-ийн 38/,

гэрч Н.Батбаярын: “...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байгаад бие засахаар гарсан чинь гадаа хүүхэд уйлах шиг болсон. Тэгээд чимээ гарсан зүг рүү харахад хунгарласан цасны цаад талд нь нэг нохой юм идээд байгаа юмуу гэмээр тонгойчихоод толгойгоо сэгсэрээд байгаа харагдсан юм. Тухайн үед тэр хүүхэд харагдаагүй. Тэгээд хараад байсан чинь тэр нохой хүүхэд хазсан байгаа харагдсан ба хүүхэд нь хэвтсэн байдалтай тэр нохой зуучихаад сэгсэрч байгаад, хөл нь харагдсан учир би шууд тэр зүг рүү гүйсэн. Тэгээд шууд очих гэтэл тэр хавьд цас хунгарласан байсан болохоор миний бүсэлхийгээр татсан цастай явж болохгүй шигдчихээд байхаар нь буцаж тойроод хашааны нөгөө талаар нь очих гээд явж байхад ээж өөдөөс ирж явсан. Ингээд би ээжид “та хүн дуудаарай энд нохой хүүхэд хазаад байна” гэж хэлээд шууд тэр нохой руу очиход тэр хүүхэд уйлахгүй, дуу нь гарахгүй байсан ба намайг харчихаад гараараа даллаад байсан. Нөгөө нохой нь тэр хүүхдийн бүсэлхий орчмоос нь зуучихсан, тавихгүй сэгсэрээд байхаар нь би шууд очоод чулуу шидсэн боловч салахгүй байхаар нь хашааны банз сугалж аваад тэр нохойг цохьсон. Тэгээд ээж хүн дуудаад тэр хүүхдийн хамаатан нь бололтой хүмүүс гараад ирсэн байсан ба тэр хүмүүстэй би нийлээд модоор тэр нохойг цохиж байгаад салгасан. Тэгээд түргэн, цагдаа ирсэн. Тэр нохойн энгэр хэсэг нь цус болсон байдалтай байсан. Хүүхдийн толгой нь цус болсон байсан санагдаж байна. ...Уг нохой нь цагаан шаргалдуу зүстэй дундад ази үүлдрийн нохой байсан. Би уг нохойг өмнө нь хүүхэд хазуулсан хашааны хажуу хашаанд байхыг нь харж байсан юм. Тэр айл эзэнгүй байсан ба хашаанд нь уяатай хоёр нохой байсан. Тухайн үед цасаар шуураад хашаатай нь зэрэгцэхээр цас хунгарласан байсан юм. Тэгээд түүгээр нохой даваад гараад ирсэн юм шиг байна лээ. Тэр нохойг хөөгөөд явуулахад хашааныхаа цас хунгарласан хэсгээр даваад хашаа руугаа орж байсан...” /хх-ийн 39/,

гэрч Р.Оюунцэцэгийн: “...манай хүү Батбаяр өөдөөс гүйчихсэн ирж байсан ба “хүүе юу болов” гэхэд “хүүхэд нохойд хазуулаад байна” гэхээр нь харахад уг нохойд хазуулдаг хүүхдийн хашааны урдхан талд нэг цагаан зүстэй нохой, нэг хүүхдийг хазаад газар унагаагаад газар унахаар нь хазаж нөгөө тийш нь унагаагаад хоёр тийш нь сэгсэрээд байсан. ...Тэгэхэд нэг хөгшин өвгөн хажуу хашаанаас гарч ирээд манай хүүтэй цуг тэр нохойг хоёр, гурван талаас нь нэлээн хэд цохиж авч байж салгаж авсан. Тэр хөгшин цагдаа, эмнэлэг дуудсан. Тухайн үед уг хүүхэд дээр очиход гэдэснийх нь зүүн талаас өөх гарчихсан байсан ба гүрээний орчмоос цус гарсан, нохойных нь энгэр хэсэг нь цус болчихсон байсан...” /хх-ийн 40-41/,

гэрч Ц.Батмөнхийн: “...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Мөнхбаатар 2 хүүхдээ оруулж ирээд орхиод явсан. Дүү Отгончимэг бид 2 гэрт байсан. Отгончимэг хашаанд юм хийгээд, Гэндэнжамц цуг хашаанд байсан. Би гэртээ ойр зуурын юм хийгээд байж байтал 13 цагийн орчим гадаа хүн орилох чимээ гарахаар нь гараад харсан чинь Гэндэнжамцыг нохой хазаад зуучихсан тавихгүй байгаа бололтой, Отгончимэг хүүхдийн цээжнээс бариад, нөгөө талаас нь нохой зуучихаад тавихгүй хэсэг газар чирсэн. Би сандраад модоор тэр нохойг цохиж, бас 1 залуу, 1 настай ах бид нар тэр нохойг нэлээд хэд цохиж байж салгасан. Гэндэнжамц дээр очиход гүрээний судас орчимоос нь хазсан, цус гарсан, нуруу гэдэснийх нь хажуунаас хазаад сэмж нь гарчихсан, юм хэлж чадахгүй, ухаантай байсан...” /xx-ийн 45/,

гэрч Н.Энхтуяагийн: “...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нөхөр Батсайхан бид хоёр Дорноговь аймаг явах болоод 13 цагийн орчимд гэрээсээ гарахдаа нохойгоо сул тавиад явсан. 2014 онд манай гэрт 2-3 удаа хулгай орсон болохоор нохой авч тэжээсэн. Бид хоёр гэрээсээ гараад Урт цагааны хажууд явж байтал хүн залгаад “танай нохой хүн урчихлаа” гэж хэлэхээр нь гэртээ ирсэн чинь манай дундад ази үүлдрийн цагаан алаг нохой “хүүхэд хазсан, хүүхэд нь тааруухан байна” гэж хэлсэн. Манайх тэр нохойг аваад 2 жил болж байна...” /хх-ийн 44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “…талийгаач Гэндэнжамцын биед хавсарсан гэмтэл, толгойн зүүн зулай, дагз хэсэг, хүзүүний зүүн хажуу, ар хажуу, зүүн чихний дэлбэнгийн омог, зүүн эгэмний дээд хонхор, зүүн мөрний дээд хэсэг, ар хэсэг, цээжний зүүн хажуу, хэвлийн зүүн хажуу хэсэг, нурууны доод хэсэг, зүүн шанаа, өгзөгний гадна хэсэг, зүүн, баруун гуяны гадна хэсэг, салтаа хэсгийн олон тооны хазагдаж, урагдсан шарх, хүзүүний зүүн талын гүрээний гадна хураагуур судасны тасрал, хүзүүний 5, 6 дугаар нугаламын зүүн хажуу сэртэн болон нугалмын их биеийн сэлтэрсэн хугарал, зүүн дунд чөмөгний дээд булууны зөрүүтэй ил хугарал, хэвлийн зүүн хажуу хананы нэвтэрсэн шарх, зүүн бөөрний өөхөн эд, бүдүүн гэдэсний уруудах хэсэг, чацархайн цус хуралт, бүдүүн гэдэсний уушигны угийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Талийгаач хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй…” болохыг тогтоосон 550 тоот дүгнэлт /хх-ийн 48-49/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 3-7/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14/, гэрэл зургаар нохой таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 28-34/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Г.Батсайханы гэм бурууд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан Г.Батсайхан, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

 

Ялтан Г.Батсайханы “...оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...”, өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэгийн “…тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нараас уучлалт гуйсан зэрэг байдлыг харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

Учир нь анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Г.Батсайхан орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, хэргийн нөхцөл байдал, түүнчлэн ялтны хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно” гэх энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш болохыг дурдах нь зүйтэй.

 

Нөгөөтэйгүүр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Батсайханд гомдол, саналгүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан гэж байгаа хэдий ч уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх тул энэ хэргийн гэм хор арилсан гэж үзэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүхээс дээрх байдлуудын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд ялтан Г.Батсайханд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “...шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасантай нийцжээ. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Батсайхан, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх Г.Батсайханд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсаныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасан “хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь ноцтой алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.

 

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: